Ц.Нямдорж: Эрх мэдэлтэй, эрх мэдэлгүй олигархуудын бооцоо тавьдаг газар нь УИХ боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
48 минут 36 секунд
Ц.Нямдорж: Эрх мэдэлтэй, эрх мэдэлгүй олигархуудын бооцоо тавьдаг газар нь УИХ боллоо

Ц.Нямдорж: Эрх мэдэлтэй, эрх мэдэлгүй олигархуудын бооцоо тавьдаг газар нь УИХ боллоо

 

20150615092949-IMG_1203

УИХ-ын гишүүн Ц.Нямдоржтой ярилцлаа.

-УИХ-ын ажил сүүлийн үед урагшлахгүй боллоо. Сая Гацууртын ордын асуудлыг хэлэлцэх гэхэд танай намын бүлэг, ялангуяа таны эсэргүүцлээр бас гацсан сурагтай.

-Бага зэрэг холоос эхэлье. 73-ын бүлэг болж хамтарсан Засгийн газар байгуулахад хамгийн их эсэргүүцсэн хүн нь би. Төр, засаг хяналтгүй боллоо, хуйвалдаж, ханцуй доторхи наймааны аргаар шийдвэр гаргах эрсдэлтэй боллоо гэдгийг тооцож л эсэргүүцээд байсан хэрэг. Тэрнээс хойш болсон процессыг чи хар даа.

-Ямарч гэсэн хамтарч байж хийнэ гээд байсан том зорилгуудаа урагшлуулж чадаагүй байна.

-Харин ч бүгдийг нь гацаанд оруулчихлаа. Цагаан сарын битүүний өдөр Өрийн удирдлагын хууль баталсан. Хэрэг дээрээ Монголын өр цаашдаа хяналтгүйгээр нэмэгдэх үүд хаалга энэ хуулиар нээгдсэн.Улс орон өрөнд баригдаж, өтөнд идэгдлээ гэж манайхан цөөнх байхдаа бүтэн хоёр жил ярьсан. Тэгээд зургаан сайдын суудал олдонгуут тэрийгээ мартаад ой санамжгүй юмшиг сандал ширээ рүү давхиж эхэлсэн. Дараа нь хаврын чуулган эхлэх өдөр Засгийн газар Тавантолгойн гэрээг УИХ-д оруулахгүйгээр гарын үсэг зурж дараа нь Их Тэнгэрт 60 хүний хүлээн авалт хийхээр М.Энхсайхан захилга өгч бэлдүүлчихсэн байсан . З.Энхболд нь УИХ-д оруулна, Ц.Элбэгдорж тэрүүтэй хэсэг нь оруулах шаардлагагүй гэж баахан цамнасан. Эцэст нь аргагүйдээд УИХ-д оруулах болж гэрээнийхээ төслийг өг гэхэд лав л арваад хоног саатуулсан. Булхайтай юм хийчихээд тэрнээсээ ичиж эмээсэн ч биз, бас жаахан засч янзалсан ч биз. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг саяхан Оюутолгойн асуудлаар бараг Монголоос оргож зугтаж хулгай журмаар Дубайд очоод нэг юманд гарын үсэг зуруулчихлаа. Одоо бөөн хэрүүл. Гэрээ мөн л гэнэ, биш л гэнэ. Монголд ашигтай л гэнэ, алдагдалтай л гэнэ. Хэлэхгүй ярихгүй хүн ч алга, тэгсэн хэрнээ асуудлаа яг сайн мэдэж байгаа хүн нэг ч алга.

-Одоо Гацууртын ордыг ашиглах саналыг бас гацаачихлаа. Жишээ нь, яагаад энэ саналыг нь эсэргүүцээд байгаа юм бэ?

-Аливаад, тэр дундаа төрийн ажилд хууль дүрэм, дэг жаяг, хорио цээр, энэ гурван сая ард түмний эрх ашиг гэж бий. Тэр үүднээс нь асуудлыг харах хэрэгтэй. Жишээ нь, Оюутолгойн асуудлаар Дубайд зурсан бичиг баримт ямарч байж болно. Хамгийн гол нь эх орноосоо зугтаж, харьд очиж, гадныхны өмнө бөхөлзөж байх ямар шаардлагатай юм бэ. Энэ нь чинь харьяалах иргэдтэй, хамгаалах төртэй, өөрийн гэсэн газар нутагтай бие даасан тусгаар улс. Гэтэл Ерөнхий сайд нь ийм хачин юм хийгээд явж байгааг эрүүл үзэгдэл гэх үү . Гацууртын ордын тухайд УИХ-д өргөн мэдүүлье гэж тав дахь өдөр нь Засгийн газрын хуралдаанаар шийдсэн байгаа юм. Тэрийг би нэгдэхийн өглөө ажилдаа ирээд интернэтээс харсан. Тэгээд намын бүлгийн хурал дээрээ яваад орсон чинь манайхан аль уже, УИХ-д өргөн баригдаж ч амжаагүй төслийг хэлэлцэнэ, дэмжинэ гээд яриад сууж байдаг юм. Тэгээд би наад асуудлаа хойшлуул, УИХ-д ном журмынхаа дагуу орж ирсэн хойно нь, хэлэлцдэг ном дүрмээр нь хэлэлцье. Гацууртыг ухах гээд байгаа “Сентерра гоулд” гэж компани өмнө нь Бороогийн хамаг алтыг авсан, тэгээд Монголд юу үлдээсэн юм бэ, ямар гавьяа байгуулсан юм, тэрийг нь эхэлж яръя, яагаад ингэж яаралтай хэлэлцэж байгааг хэлж өг гэж байж тэр дагуу л түр хойшлох шиг боллоо. Гацууртын орд их адармаатай. Хүннүгийн үеийн дурсал, булш олноороо байдаг гэж ярьдаг. Тийм учраас монголчууд бид эцэг, эхийнхээ шарилыг ухах гэж байгаатай л адилхан болж харагдаад байгаа юм.

-Булшнаас холуур, огт хөндөхгүй гэдэг ш дээ?

-Хажууд нь байгаа юм чинь хамаарч л таарна. Дор нь юу байгааг хэн ч мэдэхгүй. Булш хөндөхгүй, холуур өнгөрнө гэдэг бол УИХ-аар шийдвэр гаргуулахын тулд худлаа хэлж хууран мэхэлж байгаа болохоос биш, тэр газрын дор юу байгааг хэн ч мэдэхгүй. Тэр булш, түүхийн дурсгал нь монголчууд бидэнд үнэн цэнэтэй болохоос, ухах гэж байгаа гаднын компанид хамаагүй. Тэгээд ч хуулийн төсөл өргөн мэдүүлдэг, түүнийг нь УИХ хэлэлцдэг дэг, шударга ёс гэж байх ёстой. Тав дахь өдөр нь Засгийн газар дөнгөж шийдсэн асуудлыгЗ.Энхболд явуул гэхээр нэг дэх өдөр нь МАН-ын бүлэг хэлэлцдэг, энэ хүн гэдийгээд суучихаар МАН бүлэг бүлх залгичихсан юмшиг шогшроод явдаг боллоо. Энэ бол төр хяналтгүй болсны илрэл. Яахаараа Тавантолгойн асуудлыг болохоор ганц хүн үг хэлж байгаад гацааж зогсоож болдог, яахаараа яг адилхан нөхцөлтэй, ижилхэн л газрын хэвлийгээ ухуулах Гацууртын төслийг болохоор тэр хүн явуул гэхээр УИХ-д бараг орж ирээгүй байхад нь намын бүлгүүд яарч сандран хэлэцдэг юм бэ. Энэ шударга ёс уу. Энэ бүхэн эцсийн дүндээ юу болж байна вэ гэхээр Монголд парламент-УИХ гэж байхгүй болж байгаагийн шинж . Монголд хууль тогтоож, Засгийн газрыг байгуулж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж, шаардлага гарвал хариуцлага тооцох эрхтэй субьект нь Засгийн газрынхаа хуулийн хэлтэс шиг ажиллах боллоо. Биднийг огцруулж чадахгүй, бид юу ч хийж болно, УИХ-д оруулаад хэдэн гишүүнийг нь багцлаад барьчихна гэсэн эрдүү бардам зан төрийн ажлыг унагаж байна . Гэтэл энэ Засгийн газрын бүрэн эрхийн хугацаагаар Монголын амьдрал дуусахгүй, цаашаа явна. Энэ гурван сая хүн цаашаа амьдраад явна, сонгуульд ялагдсаныхаа дараа хөлжсөн хөрөнгөжсөн нэг хэсэг нь гадагшаа зугтаад явдаг л даа.  Тэгж явах хүмүүс нь үлдэх хүмүүсийнхээ амьдрал, хувь заяагаар ингэж тоглож болохгүй . Өнөөдөр хууль бус юм хийж, энэ гурван сая хүний ирээдүйгээс хулгай хийж амьдарч байгаа хүмүүс маргааш сонгуульд ялагдвал нөгөөдөр нь цугаараа гадагшаа гарна. Тэр тодорхой. Явах хүнээр ачаа бүү татуул гэдэг үг байдаг даа. Энэ гурван сая хүн эх орноо орхиод гурван саяулаа явахгүй учраас л би хожим хойнын юм яриад байгаа юм. Тэгж явах хүмүүс энд үлдэж байгаа ард түмний, энэ улс орны хувь заяаг хааш нь чирээд байгаа тухай л би ярьж байна.

-Харин тэдэнд, эрх баригчдад хяналт тавь гэж л танай намыг сөрөг хүчин болгосон юм биш үү. Гэтэл танай намынхан ард түмний сонголтыг сайдын суудлаар сольчихсон ш дээ?

–Засагт орсноос хойш МАН-ын өнгө төрх гэж байхгүй болсон.  Цөөнхийн хяналт бол засаг чанга байх, төр чанга байх гол механизм юм шүү дээ. Гэтэл бид хяналтын үүргээ орхиж, АН-ынхан цөөнхийн хяналтыг халаасандаа хийчихэж байна гэдэг нь төрийг зориуд сулруулж байгаатай адилхан. Тэгээд шуналын тулам болсон хэдэн этгээд наад талдаа шударга ёс ярьж, цаагуураа улсын ажлыг хорлож, амин хувийн зугаа гаргах, далд хөрөнгийн капитал бий болгох хуйвалдаанууд л хийж байна. Ийм юмтай эвлэрэх гэж, ийм юмыг чимээгүй харна гэж би л хувьдаа УИХ-д суугаагүй . Одоо сүүлийн үед МАН-ын 25 гишүүнийг З.Энхболд удирдаж байгаа юмшиг л аяглах боллоо. Надад З.Энхболд гэдэг намын дарга байхгүй шүү.  М.Энхболд гэж нэг хүн яваа. Би тэр хүнийг л МАН-ын дарга гэж бодоод яваа. Би өөрөө УИХ-ын дарга байсан хүн. УИХ-ын дарга гэдэг чинь бүхнийг мэддэг, бүхнийг удирддаг шийддэг төрийн ганц субьект биш л дээ. Энэ 75 хүнийг зөв шийдвэр гаргахад зохион байгуулах л үүрэгтэй хүн.Гэтэл энэ хүн өнөөдөр бүхний дээр суусан юмшиг аашилж байна. Энэ ааш авирт МАН-ынхан их л хүлцэнгүй хандаж байна. Хүний эрхэнд жаргахаар өөрийн эрхэнд зов гэж үг байдаг. Цаашдаа байдаг, байдагтаа л байсан дээр. Засгийн газарт багтсан зургаан сайдын суудлаар төрийн эрх ашгийг тэр чигт нь худалдаж, цаашид амаа хамхиад сууж байна гэж зарим хүн бодож байгаа бол үүн шиг том эндүүрэл байхгүй. Энэ зургаан сайдыг Засгийн газарт ажиллах зөвшөөрлийг өгсөн МАН-ын Бага хурал, тэдний цаана байгаа 160 мянган гишүүн, гурван сая ард түмэнэнэ нам яаж аяглахыг, улсынхаа төлөө зөв шийдэл гаргахад санаа бодлоо хэрхэн уралдуулж байна вэ гэдгийг хараад сууж байгаа.

-Та санаж байгаа. Өмнөх парламентын үед АН-ынхан бүлэггүй болчихоод танай намын бүлэгт орчихсон ч юмшиг, танай намын дарга АН-ын бүлгийг удирдаад байгаа ч юмшиг улстөрийн нөхцөл байдал байсан. Өнөөдөр яг тийм өнгө төрх эргээд танай нам дээр ирсэн юм биш үү?

-Н.Энхбаярыг УИХ-ын дарга байх үед 62-ын бүлэг гэж байгуулагдсан. Энэ бүлэг 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө АН-ыг амьгүй албат болгоод Н.Энхбаяр Ерөнхийлөгчид нэр дэвшиж, АН-ыг идүүрийн нохой болгох ийм л коммунист бодлого байсан . Одоо тэрний томсгосон хувилбар л явж байна. 62-ын бүлэг маань 73-ынх болсон. Хашаанд нь АН биш, МАН амьгүй албат шиг хашуулж явна. 62-ын бүдүүн бүлэг хойноосоо олон муу зүйл дагуулсан. Одоогийнх тэр үеэс бүр хүнд нөхцөлд байна. Ялангуяа эдийн засгийн том утгаар нь яривал энэ 73-ын бүлэг бол 62-ын бүлгээс илүү аюултай. Гол олиграхиуд энэ УИХ-д орж ирээд суучихсан байна. Үүнийг 2012 оны УИХ-ын сонгуулийн дараагаас яриад л байгаа. Энэ АН-ын нөхдүүд чинь хэдэн олиграхийн халаасанд үсрээд орчихлоо, энэ АН-ын 35-ын 17, 18 нь сайд болчихлоо, нэгсайд нэг гишүүнийг халаасандаа хийхэд хүссэнээрээ шийдвэр гарах болчихлоо. Энэ чинь аюул дагуулна гэж хэлээд л байгаа.

-Хоёр том нам засагт хамтрах нь хяналт талаасаа төрд буруу байх. Харин улстөрийн хувьд өрсөлдөгчөө өөрийнхөө хашаанд хашиж чадаж байгаа нь АН-ын буруу биш, харин хашуулж байгаа танай намын буруу юм биш үү. Жишээ нь, та 62-ын бүлгийг тухайн үедээ дэмжиж л байсан байлгүй.

-Би 62-ын бүлгийг буруу гэж харж, эсэргүүцэж байсан. Тэр бүлгийг байгуулахаас өмнө АН, МАН-ын хамтын ажиллагааны гэрээ гэдэг зүйл байгуулсан юм. Тэр гэрээг байгуулахаас өмнө МАН, АН-ыг нэгтгэж, нэг нам болгох тухай асуудал нууцаар яригдаж байсан.  Би тэр ажлын хэсэгт нь сэмхэн орж, сэмхэн хоёр өгүүлбэр шургуулсан. Нэгд, парламентын засаглалд үнэнч байна, хоёрт, намын харьяалал солихгүй гэдэг хоёр өгүүлбэрийг шургуулсан. Гэрээнд гарын үсэг зурсны орой Н.Энхбаяр над руу утсаар яриад “энэ юу болчиховоо” гэхэд нь “болдог юм болдгоороо боллоо” гээд би утсаа салгаад шидчихсэн. Б.Эрдэнэсүрэнгийн өрөөнд сууж байхад Энхбаяр над руу залгаж ийм яриа болсон юм. Цаад талд нь ямар том зүйл явж байсан гэхээр нэг хүний засаглал тогтоож, нэг хүний мөнхийн хаанчлал тогтоох процесс явж байсан хэрэг.

-Одоогийн УИХ-ын дарга бол АН-ын дарга. Гэтэл Засгийн газар нь хамтарсан. Тэгэхээр УИХ нь Засгийн газраа удирдана, бас намын дарга учраас намынхаа Засгийн газрыг захирна гээд улстөрийн энэ хуваарилалт нь спикерт илүү их эрх мэдлийг хүссэн хүсээгүй бий болгоод байгаа юм биш үү?

-Хүнээсээ хамаарна л даа. Эрх мэдэлд шуналтай, эрх мэдлээр далайлгаж хууль эрх зүй, ёс суртахууныг уландаа гишигдэг хүн бол одоогийн нөхөр шиг чирээд алга болно. Жишээ нь, нэг материалтай танилцахад УИХ-ын гишүүдэд багадаа долоо хоног хэрэгтэй. Гэтэл тав дахь өдөр өргөн барьсан хуулийн төслийг нэг дэх өдөр УИХ-аар хэлэлцүүлж байна гээд бод доо. АН-ын бүлэг бол өнгөрч. Харин МАН-ын бүлэг энэ хүний дохио зангааг хуулиас дээгүүрт тавьж болохгүй дээ.

Намайг УИХ-ын дарга байхад Э.Бат-Үүл, УИХ-ын даргыг намын харьяаллаас түдгэлзүүлэх ёстой юм байна. Тэгэхгүй бол улстөрийн өнгөөр асуудалд хандаж байна гэж ярьдаг байсан. Э.Бат-Үүлийн тэгэж хэлдэг нь үнэний ортой л байж ирсэн. З.Энхболд гэж хүн 73-ын бүлгийг байгуулж авсныхаа дараа УИХ-ын дарга, Ерөнхий сайдынхаа дарга, засагт хамтарсан намуудын дарга гээд бүх юмны дээр сууж, ганцаараа эзэн мэт авирладаг боллоо. Цаана чинь чимээгүй дарангуйлагч гарч ирж байна.  

-Гацууртыг ингэж яаравчлах нь тохироо юм биш үү. Жишээ нь, УИХ-ын дарга Гацууртыг зүтгүүлж, Ерөнхий сайд нь Тавантолгойгоо зүтгүүлээд, асуудлыг зэрэгцээ явуулах гэсэн улстөрийн юмуу, бүлэглэлийн тохироо байж болох уу?

-Яг баримт байхгүй ч, тэгж хардах үндэстэй. Ингэж гэнэт хийгдсэн, нууцаар хуйвалдсаны цаана заавал сөрөг муу үр дагавартай байдаг. Тавантолгойг УИХ-д өргөн барьснаас хойш Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японд очиход нь гайхсан. Өнгөрсөн жил Японд айлчилсан. УИХ-ын дарга, Ерөнхий сайд явлаа. Өдөр шөнөгүй л Япон яваад байдаг. Яах гэж Япон яваад байна вэ гээд гайхсан чинь Тавантолгойн зарим хэсэгт японуудыг оруулж, японуудаар төмөр зам тавиулах юм гэнэ. Гэтэл хятадуудтай хамтарч ашиглана гэж УИХ-д гэрээ өргөн барьчихаад байгаа байдаг. УИХ-аар оруулж болохгүй, буруу шийдвэр гаргана гэж байсан хүн чинь Тавантолгойн асуудлаар Японд очоод яамгаад өөр юм яриад явж байдаг юм бэ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газраар хэлэлцсэн юм уу, энэ үйлдэл нь цаашид ямар байдалд хүргэхийг тооцсон уу. Бид ингэж улс гүрнүүдийг хуурсаар байгаад нүүр хийх газаргүй боллоо. Ажиглаад байхад Тавантолгойн асуудлаар өөр хэлэлцээр далдуур хийгдэж байж магадгүй. Л.Эрдэнэчимэгийн яриад байгаа, твийтр дээрээ тавиад байгаа зүйлийн цаад талд Тавантолгойн талаар дахиад бизнесийн, хувийн сонирхлын өөр зодоон явж байхыг үгүйсгэх арга байхгүй . Надад тодорхой баримт алга. Ганц мэдэж байгаа зүйл гэвэл, Тавантолгойн төслийг УИХ-д оруулж ирэхэд гацаасан гол хоёр хүн нь Х.Баттулга, А.Гансүх нар. Тавантолгойг гацааж байгаагийн цаана өмнө хийсэн төмөр замынхаа нүглийг хаах гэсэн, сэдэрч гарах вий гэсэн болгоомжлол ч байгаа. Төслийг оруулж ирснийх нь дараа УИХ-ын даргын захирамжаар байгуулсан Ажлын хэсэг ч судлах биш, эсэргүүцэх л зорилготой. Тэд наад талдаа Тавантолгойг эх орондоо ашигтайгаар ашиглана гэж яриад цаад талдаа бол бизнесийн бүлэглэлүүдийн далд хуйвалдаан, далд зохицуулалт, далд эрх ашгийн тэгшитгэл, арилжааны хар зах л явж байна.

-Х.Баттулга гишүүн, Л.Гансүх зөвлөх хоёр тийм байж. Гэхдээ үүнд нь татагдаад явах хүн УИХ-ын дарга З.Энхболд мөн үү. Яагаад тэр хоёрын үгэнд ороод яваад байна гэж бодож байна вэ. Бас өөр ашиг сонирхол байна уу?

-УИХ-ын даргын толгойлдог “Шонхор”, Х.Баттулгын толгойлдог МоАХ фракцууд нийлж Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулсан. Түүнээсээ хойш эд нар чинь салшгүй андууд болоод байгаа нь үнэн шүү дээ. Өөрөөр хэлбэл, АН-ын фракцуудын дотоод зөрчил, дотоод хуваарилалтын зодоон тэмцэл л Тавантолгойг гацааж байгаа. Фракцгүй нам болно гэж ярьсан. Тэд фракцгүй нам болж хэзээ ч чадахгүй.

-Тавантолгойн консорциумд багтсан “МCS”-д дургүй, түүнийг шахаж гаргах гэсэн бөөгнөрөл нэг талдаа гарчихаад байна уу, үгүй юү?

-2008 оноос хойш “MCS”, ба Х.Баттулгын бүлэглэлүүдийн зөрчил цагаандаа гарсан. 2007 онд Засгийн газраас зөвшөөрөл авч 267 км төмөр зам барих “MCS”-ийн эрхийг зогсоож буцааж төрд авах ажлыг Х.Баттулга хийсэн. Өөрөөр хэлбэл, эрх мэдэлтэй олигархи нь эрх мэдэлгүй олигархийнхаа бизнесийг төрийн хүчийг ашиглаж хаасан . Тэр зөрчил өдий хүртэл зогсоогүй явна. УИХ сүүлдээ эрх мэдэлтэй, эрх мэдэлгүй олигархиудын хэн нь илүү баяжих вэ гэдэг уралдаан тэмцээн болдог, бооцоо тавьдаг газар болж хувирлаа. Хоёр хар хэрээ нэгнийхээ харыг гайхав гэгчээр Засгийн газар ч гэж Засгийн газар. Үнэхээр дутуу дулимаг юм хийчихсэн юм бол ҮАБЗ-өөр ярьж, дутуу хийснээ нөхөж, буруу хийснээ зөв болгоод, хуульд нийцсэн, Монголдоо ашигтай байдлаар хийж оруулж ирэх нь яасан юм бэ. Тэгэхгүй байгаа биз дээ. Одоо байдал улам л хүндэрлээ. Японуудыг оруулна гэнэ.

-Японууд анхнаасаа байсан юм биш үү. Сүмитомо гээд?

-Сүмитомогоос өөр юм гэсэн.

-Ер нь Тавантолгой дээр бид нар л хэрэлдээд байгаа болохоос биш, Тавантолгойгоо яг монголчууд өөрсдөө мэдэж байна уу. Энэ тендерээс хасагдсан, Тавантолгойд орох гэсэн их гүрнүүдийн сонирхол, зодооныг хэдэн гишүүд талцаж хамгаалаад байна уу?

-Том гүрнүүдийн зодоон гэж сүртэй зүйл байхгүй ээ. Харин ч Тавантолгойн лиценз Монголын компанийн мэдэлд байж, монгол бизнесмэнүүд төрд буцааж өгсөн нь өнөөдөр Тавантолгойг тойрч хэрэлдэх эрхтэй болж байгаа юм. Лицензийг анхнаасаа гадаадын компани авчихсан, эвсэл лиценз эзэмшиж байсан монгол хүмүүс нь гаднынханд зарчихсан юмуу, төрд буцааж өгөөгүй бол Тавантолгойн хувь заяа харин ч монгол төрийн, монголчууд бидний мэдлийн гадуур явчих байлаа. Гэтэл бид мэдэлдээ байгаа энэ ордыг эзэн шиг нь мэдээд, хамтраад ойлголцоод ашиглаж чаддахгүй яваа нь бас үнэн. Намайг УИХ-ын дарга байхад “Энержи ресурс” гэж хамтарсан консорциум байгуулж, тэрэнднь Монголын олигархиуд бүгд багтсан байсан. Тэд ч хөдөлгөж чадаагүй. Ер нь Тавантолгойг улс төрийн тэмцлийн золиос болгосон хоёр хүн бий. Нэг нь өмнөх Ерөнхийлөгч Н.Энхбаяр, нөгөө нь одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж. Тавантолгойгоос нэг нь сая төгрөгийн хувьцаа, нөгөө нь Эх орны хишиг хүртээнэ гэсэн. Тэгээд С.Баяр Эх орны хишиг сангийн хуулийн төслийг 2008 оны хавар УИХ-д өргөн мэдүүлсэн. 2008 онд АН Эрдэнийн хувьтай, МАН Эх орны хишигтэй сонгуульд орсон. Ингэж Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд биш улстөрийн тэмцлийн арга хэрэгсэл болгосон. Гэтэл одоо Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч Тавантолгойгоос Эрдэнийн хувийг өг гэж хэлж байна уу, байхгүй.

-Тавантолгойн хувьцааг анх авсан, төрд буцааж өгсөн гэдэг дээр танай намаас Ерөнхий сайд асан Сү.Батболдын нэрийг янз бүрээр холбодог. Зарим хүн түүнийгодоо ч “Энержи ресурс”-т байгаа, хувьцаагаа өгөөгүй гэж буруутгадаг, зарим нь харин ч Тавантолгойн хувьцааг гаднынханд заралгүй байлгаж төр буцааж өгснөөрөө Сү.Батболд гавьяатай гэдэг. Энэ талаар та юу мэдэх вэ?

-Тавантолгойн ордыг 1953 онд хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон байдаг. 1990 он хүртэл 40 жил улсын мэдэлд байсан. 1990 оноос хойш нийгэм задарч, эмх замбараагүй байх үед Тавантолгойн лиценз Австралийн “BHP Billiton” гэдэг том компанид очсон юм. Тэр үед нүүрс ашиггүй болоод, ашигт малтмалын бүтээгдэхүүний үнийн уналт явагдсан. Тэгэхэд нь “BHP” лицензээ буцааж өгсөн. Буцааж өгснийх нь дараа тэр лицензийг М. Энхсайханы Засгийн газрын үед Ашигт малтмалын газрын даргаар ажиллаж байсан Жаргалсайхан гэдэг хүний дүүгийн “Mine Info” гэж компани авсан юм. Тэр компани хоёр ч том ордын лиценз авсан байдаг. Нэг нь Сүхбаатарын Цайртын орд. Нөгөө нь Тавантолгойн лиценз. Дараа нь Сү.Батболд улстөрд ороогүй, бизнес эрхэлж явахдаа Тавантолгойн лицензийг авсан байдаг. Сүүлд нь Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр хоёр элдэв юм яриад, С.Баяр шахаад Тавантолгойн лицензийг төрд авах яриа болсон. Тэр үед Сү.Батболд лицензээ төрд буцааж өгсөн.  Буцааж өгөх үед цаана нь юу болсныг би нарийн ширийн мэдэхгүй. Ямарч байсан Сү.Батболд өөрт ногдох хувиа төрд буцааж өгөөд Тавантолгойгоос гарсан. Энэ хүн сүүлд Ерөнхий сайд байхдаа Тавантолгойгоос иргэн бүрт 1072 хувьцаа эзэмшүүлэх шийдвэр гаргаж, Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах гэж “Эрдэнэс-Тавантолгой” компанийн ажлыг эхлүүлж, тендерээр их гүрнүүдийн сонирхлыг ижил тэнцүү хангасан консорциум байгуулсан. Гэхдээ манай улс өөрөө Оросын өмнө хэлсэндээ хүрээгүй гэдэг шалтгаанаар энэ консорциум цаагаа ажиллаагүй. Энэ бол улстөрийн “халуун тогоо”-нд дотор нь битгий хэл,ойрхон явсан хүн бүхний мэдэх түүх. Үүнээс илүүг би мэдэхгүй. Гай, гавьяаны тухайд ганц Сү.Батболдынхыг ч биш, бүх хүнийхийг түүх өөрөө тодруулаад, шүүгээд өгдөг юм.  

 

Хэрвээ бид заавал хэрэлдэх ёстой юм бол хувьцаа тэрэнд байсан, буцааж өгөхдөө ингэсэн л байх гэж хардаж хойшоо ухарч биш, ингэж ашиглая, тэгж ашиглах нь зөв гэж урагшаа явж хэрэлдэх хэрэгтэй. Тавантолгойг эсэргүүцээд байгаа хүмүүс одоо яах ёстой гаргалгааг нь хэлж өгөх хэрэгтэй. Мань мэтийг хоцрогдсоноор нь их дууддаг болсон байна билээ. Тэгвэл төрд орж байгаа энэ шинэ үеийн, ухаантай юм яриад байгаа хүмүүс Тавантолгойг яахыг хэлээд өгмөөр байна. Ард түмэн юугаар амьдрах, гурван сая хүнээ юугаар тэжээх вэ гэдгийг УИХ-ын даргаас эхлээд яриад өг л дөө. Хий дэмий буруу гэж дайраад хэрэггүй. Хүнээр хийлгэж болохгүй, өөрөө хийхгүй, хамтарч хийж чадахгүй, тэгсэн хэрнээ гол хэрэглэгчээ өөрөөсөө үргээнэ. Энэ хооронд гадна талд юу болж байна вэ гэхээр урд хөршид Орос, Австралийн нүүрсний квот нэмэгдээд манайх хумхын тоос болоод дуусах гэж байна.

-Танай намд ч гэсэн тендерийг гацааж байгаад дараагийн сонгуульд ялалт байгуулж Тавантолгойг өөрсдөө хөдөлгөх улс төрийн сонирхол байгаа юм биш үү?

– Засгийн газар үнэхээр хүлээж авах боломжгүй гэрээ хийсэн нь үнэн шиг байгаа юм, энэ хүмүүсийн ярьж байгааг сонсоод байхад. Тэрэн дээр нь далимдуулж, ингэж будилуулж байгаад эрх мэдэл авчихаад улс орныг дангаараа халаасандаа оруулчихна гэдэг хувийн, далд сонирхол хэн нэгэнд байхыг үгүйсгэхгүй. Ардчилсан намд ч тэр, манай намд ч мөн адил. Надад бол тийм сонирхол үнэндээ алга. Шударга явж байгаад улстөрийн амьдралаа дуусгана гэж боддог хүн, би. Энэ нь үзэл баримтлалаар 20 гаруй жил улстөрд явж байна. Миний зарчим бол үнэнээс гажихгүй л байх. Улс төрд байгаа хүнд худлын замаар явах, үнэний замаар явах гэсэн хоёр л сонголт байдаг. Би үнэний замаар явах гэж л оролдож яваа хүн.

-Гэхдээ зарим хүнтэй, тухайлбал, Х.Баттулга гишүүнтэй харилцаа тааруу юм биш үү?

-Надад Х.Баттулгатай хувь хүний хувьд ямар ч асуудал байхгүй. Улстөрчийн хувьд ч Х.Баттулга надад онцын сонирхолгүй. Би Монгол төрийн зүтгэлтэнтэй зууралдаад маргаж мэтгэлцээд яваа юм шүү дээ. Энэ УИХ-ын хуралдааны заалыг би Монгол төрийн ариун сүм гэж үздэг. Энэ сүм дотор худал хуурмаг, хулгай байж болохгүй гэж хатуу боддог. Гэтэл өөдөөс минь харж суучихаад өдөр болгон худлаа ярьдаг хүмүүс улам л олон болж байгаад би үнэхээр залхаж, эмзэглэж байна. Бүр шинэ үеийн жүжигчид гарч ирлээ. Өмнөх үеийн жүжигчид цөөрөөд ирэхээр тэднээс хэд дахин шуналтай, зальтай этгээдүүд орж ирээд ард түмнийг хууран мэхлээд байхаар яалтай ч билээ. Монголын төрийг түшиж байгаа хүн ийм балиар юм хийж болохгүй гэдэг талаас л Х.Баттулга болон бусад хүнд хандаж хэдэн юм хэлдэг. Жишээ нь, манайхан төр гэж огт эзэнгүй болгож ярьдаг. Төр хариуцлагагүй байна гэнэ. Гэтэл төр гэдэг чинь үнэндээ хэн юм. Тэр төрийн чинь эд эс нь тэр Х.Баттулга, тэр С.Ганбаатар байхгүй юу.  Төрийг хариуцлагатай байлгах үүрэгтэй хүмүүсийн төлөөлөл нь С.Баттулга бид хоёр. Төрийг эзэнгүйдүүлээд ирэхээр л хариуцлага гэж юм байхгүй болдог. Би бол эзэнтэй улс төр ярьдаг хүн. Үүгээрээ тэднээс ялгаатай. Төр чинь хариуцах эзэнтэй байж л төр шиг оршин тогтнодог юм.

-Танай нам засагт орсноор төрийн нэр хүнд улам их унаж байна, дагаад УИХ-ын үнэлэмж ч уналаа гэж байна. Тийм учраас УИХ-ыг тараая гэх гишүүн ч байна. Зарим нь МАН Засгийн газраас яаралтай гарах ёстой гэж байна. Таныхаар гарц юу вэ?

-Би МАН-ыг бүрэн төлөөлж үг хэлэх хэмжээний өндөр албан тушаалтай хүн биш л дээ. Гэхдээ ямар ч тохиолдолд сөрөг хүчнийхээ байр сууриар л дуусах ёстой байсан юм. Тэгж чадвал намд ч, төрд ч хэрэгтэй. МАН-ын уналт гэдэг чинь араасаа олон том уналт дагуулдаг бичигдээгүй хууль бий болчихсон юм. 1990 оны үед ч ийм зүйл болсон. Д.Бямбасүрэн гуайн Засгийн газрын үед картын бараатай болж бүх нийт очерт орсон. П.Жасрай гуайн Засгийн газрын үед лангуу бараагаар дүүрч байхад 1996 оны сонгууль болсон. Дахиад л алдчихсан. 2000 онд цалин тэтгэврээ тавьж чадахгүй болсон улс орныг бид нарт хүлээлгэж өгсөн. Харин бид, Сү.Батболдын Засгийн газар 2012 онд 17 хувийн өсөлттэй эдийн засагтай улсыг хүлээлгэж өгсөн. Гэтэл хоёрхон жилийн дотор АН-ынхан Монголын эдийн засгийг элгээр нь мөлхүүлж чадлаа. Би Ардын нам чанга байгаасай, хариуцлагатай байгаасай гэсэндээ л ийм юм яриад байгаа юм. Намайг ингэж ярьсны төлөө манай намын удирдлагын төвшинд байгаа хүмүүс баярлалаа гэж хэзээ ч хэлэхгүй. Гэтэл Ардын нам бол алдах эрхгүй нам. Харамсалтай нь, алдаа гаргаад явж өгөхгүй байгаа учраас мууг нь хэлэхээс өөр аргагүй алга. Цаашдын хувилбарын тухайд гэвэл энэ хоёр намын нэр хүнд шалдаа буутал унаж байна. Энэ хоёр намын рейтинг нийлээд ч 30-аас дээш гарахгүй байна. Хуучин Н.Энхбаярыг намын дарга байж бид дөрөө харшуулж улс төрд явах үед рейтинг нь 34 хувиас буудаггүй байсан. Ерөнхийлөгч Н.Багабандийн рейтинг л гэхэд 51 хувиас хэзээ ч бууж байгаагүй. Гэтэл одоогийн Ерөнхийлөгчийн рейтинг С.Ганбаатар гишүүний рейтингээс бараг гурав дахин бага байна.  Хоёр намын рейтинг нийлээд бие даагчдын рейтингийн хавьд очиж уналаа. Засагт хамтарсан намын дарга нарын хэн нь ч “топ арав”-ын жагсаалтад алга.  Ийм аюултай уналт явж байна. Сонгууль болж шинэ хүчин гараад ирнэ гэхээр Монголыг улам сайхан болгох тийм дүр зураг харагдахгүй байна. 2012 оны сонгуулиас өмнө биднийг өндийлгөхгүй шүүмжилж, энэ улсын төлөө зүтгэнэ гэж өндөгнийхөө цусыг долоож тангараглаад сууж байсан хүмүүсээс өнөөдөр УИХ-д байж л байна. Ж.Батзандан нар Төрийн ордон руу өндөг шидээд л есөн шидийн юм болж байсан. Тэд нар нь УИХ-д орж ирээд мань мэтийн толгойд буумгүй сайхан шийдвэр гаргах юм байх гэсэн, бас байхгүй. Одоо тэр С.Ганбаатарыг хар. Гаагийн шүүхэд Оюутолгойн гэрээг өгнө, өгсөн гээд бүтэн жил энийгээ ярьж явна. Би харин энэ ярилцлагаар С.Ганбаатарт нэг үг дайчихъя.

-Ямар?

-Хэрвээ Гаагийн шүүхээс Монголын талд ашигтай шийдвэр гаргуулаад миний ширээн дээр авчраад тавибал би дараагийн Ерөнхийлөгчийн сонгуульд бүх юмаа хаяад, намаасаа зөрөөд С.Ганбаатарын төлөө зүтгээд явъя.  Харамсалтай нь, хэзээ ч тэндээс Монголд ашигтай шийдвэр гарахгүй. Бүр хэзээ ч шүү. Яагаад гэвэл Оюутолгойн гэрээний 14 дүгээр зүйлийн 2-т “талууд” гэдэгт нь нэг талаас хөрөнгө оруулагч, нөгөө талаас Монголын Засгийн газрыг гээд заачихсан. Маргаан гарвал талууд Нью-Йоркийн арбитрын шүүхээр шийдвэрлүүлнэ гээд биччихсэн байгаа. Тэрийг л уншаагүй дэвж яваа нөхөр байхгүй юу. Ийм улсууд төрд давамгайлаад ирэх юм бол манай улс удахгүй яг Украин болно. Ийм улсууд УИХ-д өнгө хөг нэмж л сууна уу, гэхээс энэ улсын сайн сайхны төлөө ажил хийдэггүй юм. Би Украины асуудлыг байн, байн чуулган дээр хөндөж УИХ-ын гишүүдийг гурван өдөр харанхуй зааланд түгжээд Украины үйл явдлын тухай кино үзүүл гээд байгаа чинь л тэр. Украины хямрал арван хэдэн жилийн өмнө яг парламент дотроос нь эхэлсэн юм. Яг одоогийн манайх шиг эхэлсэн. Би тэр сайхан оронд очиж би зөндөө зүйл үзэж байсан. Киев, Одесса гээд чухал газруудаар нь явж үзсэн. Украин бол дэлхийн хамгийн гүнзгий хар хөрстэй орон. Гэтэл тэрийг ганцхан жилийн дотор яаж сүйтгэж байна вэ. Монголыг тийм болгочих вий л гэж дуугарч, өөр дээрээ лай хураагаад байгаа минь тэр. Ийм магадлалтай үйл явдал, хүмүүсийн маскийг бага, багаар нь хуулж явахгүй бол болохгүй. Чи бодоод үз. 1932 онд Гитлер засгийн эрхийг авч Германы Ерөнхийлөгч нь үхэхийнхээ өмнө Ерөнхий сайд болгох зарлигт гарын үсэг зурсан. Тэр мулгуу шийдвэр 50 сая хүний цусаар гараа угаасантай тэнцсэн дээ. Энэ чинь хүн төрөлхтөний яваад өнгөрүүлсэн түүх. Монголын урагшлах замд болохгүй , бүтэхгүй байгаа улс төрийн бүх балиар юм энэ УИХ-ын заалнаас гарч байна. Монголын амьдралаас хэтэрхий хол, Монголын нөхцөлөө мэдэхгүй, бүхнийг дайрч давшилж өөрийнхөө зоргоор шийддэг болж. Сая Э.Бат-Үүл бид хоёрын дунд том маргаан боллоо.

-Хэрүүл юм биш үү, хэвлэлүүд тэгж бичсэн байна лээ.

-Хувь хүн нь өөрөө юу гэж харах нь надад хамаагүй. Миний хувьд зарчим ярьсан, олон түмний эрх ашгийг хөндсөн том маргаан болсон. Э.Бат-Үүл 2012 оны орон нутгийн сонгуульд орохдоо “Би Улаанбаатар хотыг бараг Швейцарь болгоно. Гэр хорооллыг халуун хүйтэн ус, бохирын шугам холбоно. Хашааны газартаа хаус бариад та нар жаргана. Утаанаас чинь салгана. Олигархиудад хашааны газраа хямд битгий өгөөрэй, ганц өмч чинь газар шүү” гэсэн байх аа. Гэтэл гэр хорооллын иргэдийн газрыг гэрээнд заасан бол үл маргалдах журмаар нотариатын тэмдэг даруулаад хурааж авах асуудлыг УИХ-д оруулж ирж байгаа юм. Шүүхэд очуулахгүй гэж тэр. Энд хүний хоёр үндсэн эрхийг зөрчиж байгаа. Нэгдүгээрт, шүүхээр хэрэг маргаанаа шийдүүлэх. Хоёрдугаарт, өмчтэй байх эрхийг нь зөрчиж, хувийн өмчид нь шууд халдаж байна. Нөгөө хувийн өмч гэж яриад байсан Э.Бат-Үүл хотын дарга болчихоод иргэдийнхээ хувийн өмчийг шүүхэд гомдлоо гаргах эрхгүйгээр хурааж авах хуулийн төсөл оруулж ирээд ичих ч үгүй сууж байна. Ийм улстай юу ярих вэ, хажуугаар нь чимээгүй зөрөөд өнгөрөх үү.

-Одоо тэгээд яах вэ. Шинэ хүмүүс оруулж ирээд бүтэхгүй гэлээ.

-Арай ч бүтэхгүй гэж хэлээгүй шүү. Хамгийн гол нь төр, бизнес хоёрыг салгахгүй бол хэн ч байсан хол явахгүй . Яг нарийн ярих юм бол УИХ өнөөдөр Монголын топ мөнгөтэй хүмүүсийн наймааны зах болчихлоо.  Бизнесийг дээд зэргээр дэмжиж төрийн гадна талд байлгаад, төрд харин шуналаас хол, төрийн ажлын хашир туршлагатай, төрийн хүн оруулж ирэх үүд хаалгыг нээхгүй бол явахгүй боллоо. Хэрвээ ийм хүмүүсийг гаргах боломжийг нээхгүй гудамжны жүжигчин, эсвэл захын наймаачнаар УИХ-ыг дүүргээд байвал Монголын төр цаашаа ерөөсөө явахгүй. 

-Намууд өөрсдөө ийм хүмүүсээ нэр дэвшүүлдэггүй, мөнгөтэй хүмүүсээ дэмждэг. Мөнгөө төлсөн нь нэр дэвшдэг. Тэгэхээр яах вэ?

-Наад бодлогыг чинь л 360 градус эргүүлмээр байна. Жишээ нь, намайг Хуулийн сайд байхад манай яамны газрын дарга байсан 4-5 сайхан залуу бэлтгэгдсэн. Тэд УИХ-д орж ирвэл эд нар шиг өвчигнөөд, мөнгө харж, надад ямар ашигтай бол гэж гүйгээд байхгүй. Тийм залуус Монголд олон байгаа.

-Тэдэнд улстөрийн орон зай, мөнгө байхгүй.

-Тийм учраас намын удирдлагууд одоо эрс шийдвэр гаргах хэрэгтэй. Нэр дэвшилт, төрийн албан томилгоог төлбөрт хэлбэрээс нь чөлөөлж, чадварыг гол шалгуур болгох хэрэгтэй. Тэгэхгүй бол самраад дуусах нь.

-Энэ УИХ Сонгуулийн хуулийг өөрчилж чадах уу?

-Бараг чадахгүй дээ.

-Тэгвэл Үндсэн хуулийн өөрчлөлт бүр худлаа юу?

-Энэ хоёр хууль хоёулаа худлаа. Хамтарсан Засгийн газар байгуулснаас хойш бараг жил боллоо. Өргөн барьсан Сонгуулийн хуулийн төсөл байна уу, байхгүй. Тэгэхээр энэ чуулганд амжихгүй болсон. Намрын чуулганаар наадуул чинь систем дээрээ маргалдсаар байгаад нэгдүгээр сарын 1 болно. Тэгээд өөрчлөлт оруулах хуулийн боломжит хугацаа нь дуусна.

-Хуулийн сайд байсан хүнээс асуухад, өмнөх болон одоогийн Хууль зүйн сайд нар хуулийн салбарын шинэчлэлээр зөрчилдөж байна. Зарчим талаас нь хэн нь зөв чиглэл рүү явж байна вэ?

– Би Х.Тэмүүжинд хэлж байсан. “Миний батлуулсан манай салбарын хэдэн хууль бол Үндсэн хуулийн рааман дотор хийсэн хууль шүү. Үүнээс өөр юм хийж эхлэх бол Үндсэн хууль руу орохоос өөр аргагүй юмаа” гэж. Үгэнд ороогүй дээ. Одоо өнөөдрийг хар. Бүгд Цэц дээр очлоо, тэнд бүгд унаж байна. Х.Тэмүүжингийн гаргуулсан Монголын нөхцөлд таарахгүй юмнуудыг Д.Дорлигжав нь амьдралд жаахан ойртуулах гэж оролдоод явж байна.

-Х.Тэмүүжин гишүүн болохоор Увсын хоёр сайдын лобби л шинэчлэлийг зогсоох гээд байна гэж мэдэгдсэн?

-Энд нутаг усны харьяалал хамаагүй ээ. Асуудал Монголын амьдралд л байгаа юм. Би олон жил хэлсэн. “Та нар мексик малгай өмсчихсөн монгол хүн харагдаад байна. Энэ чинь Монгол шүү. Монголд таардаг, таардаггүй юм гэж байдаг юм” гэж. Х.Тэмүүжин бол Монголын амьдралд таарахгүй юм хийсэн. Одоо тэрэндээ бүдэрч унаж байгаа. Х.Тэмүүжин миний үгэнд ороогүй. Д.Дорлигжавтай санал солилцох зүйл байлгүй яах вэ. Гэхдээ бүгд миний зөв гэж юу байх вэ. Хууль шинэчлэгдэлгүй яах вэ, зөв. Гэхдээ Монголынхоо амьдралд тааруулж алхам алхмаар урагшлах ёстой юм. Сая жишээ нь, Цагдаагийн албаны тухай хуулийг өөрчлөхөөр орж ирлээ. Цагдаа дотор болсон энэ хачин үл ойлголцол, дайсагналыг таслах хэрэгтэй. Цагдаа бол хэн дуртай нь орж ирээд тонгочуулаад байдаг систем биш. Үсэрдэг цолтой цагдаагийн алба гэж байж болохгүй л байхгүй юу.

-Нэлээд маргаан үүсгэж мэдэх нэгэн хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өргөн барилаа. АТГ-ыг жижиг хэлтэс болгож, Прокурорын мөрдөнг сэргээх юм уу даа. Энийг та юу гэж бодож байгаа вэ?

-Би ганцхан юм хэлье. 1997 онд Засгийн газар хийж чадахгүй болохоороо намайг гуйж Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулж, 1992 оны Үндсэн хуульд тохируулан хийх ажлыг хийсэн юм. Тэрэн дотор Прокурорын мөрдөн байцаах албыг байгуулах санал оруулж батлуулсан юм. Тэр хуулийн төсөлд надтай хамт УИХ-ын Тамгын газрын орлогч дарга Нарантуяа гэж ганц хүн л ажилласан. Тэгээд шүүх, прокурор зэрэг тусгай субьектүүд албан үүрэгтэйгээ холбогдуулан гэмт хэрэг үйлдэх юм бол Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба шалгах хууль батлуулсан. Тэр хуулийг Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа хуйвалдаж байж хүчингүй болгуулсан юм. Тэр үед нь УИХ-ын чуулганд үг хэлье гэхэд З.Энхболд дарга надаар үг хэлүүлээгүй. Буруу зүйл хийснээ эд нар одоо ойлгож байгаа юм. Гэхдээ энэ хуулийн төслийг Н.Алтанхуяг өргөн мэдүүлдэг нь буруу.  Яагаад гэвэл Н.Алтанхуягийг АТГ-аас шалгаж байгаа энэ үед хүссэн ч, эс хүссэн ч сонирхлын зөрчил яригдана. Одоо тэгээд Н.Алтанхуяг хэвлэлээр нүдүүлээд эхэллээ дээ. Нэг бол “Авлигатай тэмцэнэ. Бүгдийг чинь шоронд хийнэ” гэж цамнаад байдаг. Өөрсдөө шалгагдаад ирэхээрээ харъяалсан байгууллагыг нь татан буулгадаг ийм ёс суртахуунтай байж болохгүй. Хуулийн байгууллага тэдний тоглоомын талбар биш шүү дээ.

-Гэхдээ АТГ өөрөө улстөрчдийн гар хөл болох, улстөрийн сонгуулиар өрсөлдөгчийг нь намнах “хэрэгсэл” болоод байна уу, үгүй юу?

-АТГ-ын дэд даргаар надтай адил нэртэй хүн томилогдоход би хэлсэн. “Та нар хэд хэдэн удаа улстөрийн зорилгоор хэрэг үүсгэсэн.Ц.Анандбазар, Ё.Отгонбаярын эхнэрийн хэргийг УИХ-ын сонгуулийн үеэр улстөрийн зорилгоор гаргаж ирсэн. Ингэж улстөр хийж болохгүй. Энэ чинь та нарын нэр хүндийг шороотой хутгана” гэж. Хоёрдугаарт хэрэг хийчихээд АТГ руу улстөрчид өөрсдөө давшилдаг зүйл хэзээ ч байж болохгүй. Өөрсдөө хэрэг л хийхгүй байх хэрэгтэй шүү дээ. Хулгай хийчихээд өлсч хэвтээд байх шаардлагагүй. 

-Ер нь АТГ-т одоо байгаа эрх ахадсан их биш үү. Зарим нь бол мөрдөн шалгах эрхгүй, соён гэгээрүүлэх газар болгоё гээд байгаа?

-АТГ-ын хуулийг чинь Д.Лүндээжанцан, Э.Бат-Үүл, С.Оюун нар санаачилж батлуулсан. Яг үнэнийг хэлэхэд ийм тусгай байгууллага байх хэрэггүй гэж 14 жил хэлсэн хүн нь би. 1994 онд намайг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга байхад гаднынхан ирж ийм тусгай байгууллага байгуулах саналыг тавьж байсан юм. 1994 оноос хойш 2006 онд энэ байгууллагыг байгуулах хүртэл нь 12 жил би хүчээр барьж байсан. Ийм тусгай байгууллага байх шаардлагагүй гээд. Ганц нэг албан тушаалын хэрэг мөрдөх хэрэг байгаа бол эрхийг нь прокурорт өгчих. Тэртэй тэргүй хэрэгт хяналт тавьдаг байгууллага гэсэн. Гэтэл болоогүй. Бас зөв хуулийг буруу хэрэглээд ирэхээр эргээд зовлон болдог тохиолдол байна шүү дээ. АТГ энэ алдаандаа дүгнэлт хийх хэрэгтэй. Нэг зүйл байна. Жирийн нэг хүний хэргийг манай аль ч байгууллага шалгаад шийдээд болдог. Өөрөөр хэлбэл одоогийн хуулийн орчин болж байна гэсэн үг. Харин албан тушаалтнуудын хэрэг дээр очихоор сөхрөөд л эхэлдэг. Сөхрүүлдэг газар нь прокурор, шүүх. Энэ хэдэн цагдаа нар чинь гэмт хэргийг илрүүлэх гээд оролддог юм шүү дээ. Тэгээд арай гэж үнэн мөнийг нь олж боогоод өгөхөөр прокурор хэрэгсэхгүй болгочихдог юм. Прокурорын шатыг даваад очихоор шүүх нь хэрэгсэхгүй болгочихдог. Асуудал ганцхан АТГ-таа байгаа юм биш. Улстөрчид хулгай хийчихээд АТГ руу дайрч байгаа бол үүн шиг муухай зүйл үгүй. Хуулийн байгууллага дууд

Улаанбаатарт бороо, цас орохгүй 20 градус дулаан
Улаанбаатарт бороо, цас орохгүй 20 градус дулаан
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.