Наадам дөхөж , уурхайн сэдэв чимээгүй болов. Гацууртын ордыг ашиглахын эсрэг идэр есийн хүйтэнд Ноён уулынхаа төлөө амь насаа өгнө гэж өлсөж байсан эх орончдын сураг алдрав. Гэтэл УИХ Гацууртын ордыг ашиглахаар ид ярьж байна. Энэ ордыг ашиглавал Монгол орон сүйрнэ гэж Сүхбаатарын талбай дээр бөөлж байсан 200 бөөгөөс нэг нь ч дуугарсангүй. Идэр есийн хүйтнээр ингэж тэмцэж байсан хүмүүс халуун зунаар, налгар дэлгэр цагаар Гацууртыг нь яриад байхад чимээгүй болсон нь хардлага, сэрдлэгийг нийгэмд төрүүлж байна.
Харин түүний хоёр дахь том маргаан, зарга бол Оюутолгойн гүйцэтгэх захирлыг Арбитрийн шүүхэд өгнө гэсэн мэдэгдэл юм. Хэлсэндээ хүрсэн бол өгсөн байж таарна. Гэвч УИХ-ын гишүүн С.Ганбаатар дангаараа Арбитрын шүүхэд Монгол улсыг төлөөлж хандах бүрэн эрхтэй хүн мөн үү гэдэг асуудал анхаарал татна. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд "маргаан шийдвэрлэх" гэсэн бүтэн бүлэг байдаг аж. Уг бүлэгт "Энэхүү гэрээнээс үүдэлтэй буюу түүнтэй холбоотойгоор талуудын хооронд аливаа маргаан гарвал түүнийг эхний ээлжинд сайн санааны үндсэн дээр хэлэлцээ хийх замаар шийдвэрлэх..... талууд нэгдсэн шийдвэрт хүрч чадаагүй бол.... НҮБ-ын Олон улсын худалдааны эрх зүйн комиссын Арбитрын дүрмийн дагуу заавал биелүүлэх арбитрын зарчмаар шийдвэрлэнэ" гээд тодорхой заачихжээ. Өөрөөр хэлбэл НҮБ-ын дэргэдэх Арбитрын шүүхэд Оюутолгойн маргаантай асуудлаар зөвхөн талууд хандана гэж маш тодорхой заасан байн.Талууд гэдэгт нь Монгол Улсын Засгийн газар эсвэл хөрөнгө оруулагчид юм. Гэтэл С.Ганбаатар Монгол Улсын Засгийн газар ч биш, хөрөнгө оруулагч ч биш 76 гишүүний нэг, жирийн бие даагч юм. Эсвэл С.Ганбаатар өөрийгөө Монгол Улсын Засгийн газар гэж бодоод байдаг байж мэдэхээр байна.
Энэ бүхнээс дүгнэж үзвэл УИХ-ын гишүүн С.Ганбаатар олон түмний дэмжлэгийг авах, толгойг нь эргүүлэхийн тулд иймэрхүү байдлаар улс төр хийж байна. Энэ нь нэг талаасаа мэдээлэлгүй олон нийтэд таалагдаж, С.Ганбаатар эх орныхоо төлөө явдаг гэсэн ойлголтыг өгч байж болох юм. Харин гадаад талдаа, НҮБ-ын хэмжээнд Монгол Улсын нэр төрийг унагасан, хууль, гэрээгээ мэддэггүй гишүүний үйлдлүүдэд хэлж зөвлөх хүн алга гэдэг нь харагдана. Хэрэв С.Ганбаатарын зөв бол "ГААГ"-ийн шүүхээс ч, Арбитрын шүүхээс ч түүнд ямар нэгэн байдлаар хариу ирэх байх. Бас маргаан үүсгэх байх. Тийм зүйл ирэхгүй 2016 оны сонгуультай золговол С.Ганбаатар шоу хийсэн болж таарна. Тэгэхээр "ГААГ"-ийн шүүхээс ч, Арбитрийн шүүхээс ч хариу ирэхийг хүлээж С.Ганбаатараас ам асуух гэсэн хүмүүсийн тоо нэмэгдэж байна.
Т.Хулан
24 tsag.mn