Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ: Ахиад хорин жил дуулмаар байна, өөр юу хэрэгтэй гэж...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
26 минут 5 секунд
Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ: Ахиад хорин жил дуулмаар байна, өөр юу хэрэгтэй гэж...

Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ: Ахиад хорин жил дуулмаар байна, өөр юу хэрэгтэй гэж...

Ард түмнийхээ сэтгэлд олон сайхан дуугаараа хоногшсон, Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ өдгөө Хөгжим бүжгийн коллежийн дуулаачийн тэнхимд уртын дууны багшаар ажиллаж буй. Уртын дууны гайхамшиг, уянга тансаг хоолойн цар хүрээг илтгэсэн түүний уран бүтээлийг шимтэн сонсох дуртай хүн олон бий.

-Юуны өмнө, уран бүтээлийн сонин сайхныг тань сонсмоор санагдлаa?

-Би уран бүтээлийнхээ хажуугаар багшилж, өөрийн хүүхдийг орхиод түмний хүүхдийн төлөө амьдралаа зориулах болсон. Гэхдээ уран бүтээлээ үргэлж хийнэ ээ. Морин хуурын чуулгын өдөр тутмын тоглолтоос гадна хувийн уран бүтээлдээ анхаарч байгаа. Монголын хамгийн том дуунууд бол хоёр актав, кварцтай, квинттэй дуу байдаг. Энэ дуунуудаар цомог гаргахаар бэлтгэл ажилдаа орчихсон явж байна. Гэвч миний хүсэл үүгээр ханахгүй. Гурван актав ба кварцтай дууг интернэтээс хайгаад ч олохгүй. Тиймээс би ийм дууг Н.Жанцанноровт захиалсан. Уг дуугаа бичүүлээд цомгийн ажлаа дуусгана. Бас яруу найргийн түүвэр гаргах санаатай байгаа. Өмнө нь гаргасан яруу найргийнхаа түүврийг ч мөн цомог болгох бодол бий. Энэ мэт ажлууд ар араасаа ундраад их л сонинтой явна. Гэхдээ би завгүй гэж ер хэлдэггүй юм шүү, уучлаарай. Ажлын ачаалал надад байх ёстой гэж боддог.

-Сайн уртын дуучин болох нь гэж найдвар төрүүлсэн шавь нар бий юу?

-Байлгүй яахав. Хамгийн анхны шавь маань Дорнод аймагт дуулдаг. Би өөрийнхөө шавь гэж бодоод тэрийг нэг их тоогоод байгаа юм биш. Ийм занд ч дургүй. Яг өөрийнхөө шавийг өргөмжилж, бусдын шавийг дорд үзэх нь багш хүнд байж боломгүй асуудал. Ер нь монголын эрэгтэй уртын дуучдын дотор”Түмэн эх” чуулгын Мөнхбаатар, Дорнод аймгийн хөгжимт драмын театрын Идэрбат хоёр их сайхан дуулдаг. Сайхан дуулдаг эмэгтэй дуучид цөөнгүй байгаа ч би Ширмэнтуяаг их тоодог. Миний шавь биш л дээ. Багш хүн шавийнхаа хоолойг удаан хугацаанд дуулах хэмжээнд нь хүртэл тавьж өгөх ёстой. Хэдхэн жил сайхан дуулчихаад өнгөрөх хоолойг тавина гэвэл болохгүй. Тийм учраас хэсэг хугацааны дараа шавь нараас минь сайхан дуулах хүн нэлээд гарч ирэх байх. Тухайлбал, Анхчимэг, Цэцэгдэлгэр гэх мэт миний авьяасыг өвлөж, орыг минь залгах сайн дуучид бий.

-Уртын дууны анги төгссөн чадварлаг дуучид маань нийтийн дуу руу урвах нь олширсон. Үнэхээр авьяас чадвараа харуулах хэмжээнд ажиллах бус амар хялбар аргаар мөнгө олох гэж тэмүүлснээр сурч мэдсэн бүхнээ гаргуунд нь хаялаа гэж шүүмжилдэг?

-Бидний үеийг бодвол, уртын дуу хөгжсөн. Хангалттай сайн дуучид байна гэж ойлгож болохоор. Нэгэнт уртын дууны чиглэлээр сурсан бол мэргэжилдээ үнэнч бус хандаж байна гэж хэлж болох юм. Энэ хоёр талтай ойлголт. Нийтийн болон рок поп гэх мэт жижигхэн дуунууд ямар нэгэн юм бодогдуулахгүй, хялбархан ойлгогддог болохоор хүмүүс шууд хүлээгээд авчихдаг. Уртын дуу гэдэг өөрөө том айзам аялгуутай, гүн гүнзгий утга агуулгатай учраас сонссон хүмүүс маш их зүйл бодох, учир начрыг нь хүлээж байж ойлгох тэсвэр тэвчээр шаарддаг юм. Тэгэхээр уран бүтээлчид маань өнөөгийн зах зээлээс болоод сонсогчдод хамгийн хурдан хүрэх чиглэлийг нь сонгож байгаа. Уг нь уран бүтээлийн буян, хойч ирээдүйдээ хүргэх ухааныг бодвол уртын дуугаа түлхүү дуулах хэрэгтэй.

-Нийтийн дуу дуулж явсан уран бүтээлчид маань эргээд уртын дуугаа дуулбал хэрхэх бол?

-Уртын дуу хэцүү шүү. Мэдээж, бага ч атгугай авьяас байсан болохоор л багш нь хөгжүүлж өгсөн байх. Уртын дууны багш хүний ажил өт авгалдайгаа гаргаад өөрөө үхдэг шиг хүнд ажил. Өөртөө байгаа бүх зүйлийг гаргаж, золиосолж байж шавийнхаа авьяас чадварыг хөгжүүлдэг юм. Тэгэхээр нэгэнт таван жил заалгасан бүхнээ эзэмшиж, тэр хэрээр дуулахгүй юм бол ахиад л “А”-гаас нь эхлэх шаардлагатай болдог. Амьсгааны хөг дэг, авиа зүйний эгшиг томрох, шуранхай, далайх, тойрох, өвдөглөх гэх мэт янз бүрийн зүйл байна шүү дээ. Тэр бүгд нь арилсан цагт сэргээнэ гэхэд маш хэцүү. Жижиг зүйлээр том зүйлийг үгүй хийхэд амархан гэдэг шиг л…

-Ардын урлагаар эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргаж яваа уран бүтээлч, сайхан эмэгтэйчүүдийн нэг бол та. Энэ цагийн монгол эмэгтэй хүний талаархи бодлоосоо хуваалцаач?

-Европ соёл сурах нь битгий хэл, хотжихгүй байгаа хүн дээ, би. Монгол ахуй маань энэ генээс хэзээ ч гарч чадахгүй юм шиг байна лээ. Би монгол эмэгтэй хүнийг монгол хүн шиг л байгаасай гэж үнэхээр хүсдэг. Яг өөр шигээ бай гэж хэлээгүй юм шүү. Би бол их дутагдалтай эмэгтэй. Харин монгол эмэгтэйчүүд маань яриа хөөрөө, ухаан санаа, бие бялдар, авьяас чадвар зэргээрээ монгол байгаасай гэж хүснэ.

-Урлагийн салбарт олон жил зүтгэж, өөрийн гэсэн орон зайг хэдийнэ бий болголоо. Уран бүтээлч, олны танил хүн болсноор таны амьдралд өөрчлөгдсөн зүйл их л байсан болов уу?

-Тийм ээ, би дуучин болоогүй байсан бол өдийд хэн ч биш байх биз. Жалгын хэдэн хүн л намайг таних төдий байж мэдэх юм. Гэтэл монголын болоод дэлхийн ард түмэнд танигдана гэдэг ховор боломж. Би дэлхийн 40 гаруй оронд очсон хүн. Тиймээс дуучин болсон хувь заяа, дууны тэнгэрт ихээр залбирч явдаг. Ийм сайхан авьяас, аз билэг хайрласан ээж аавдаа, энерги шингэсэн нутаг усандаа баярладаг юм.

-Хотын соёл, брэнд гэхээс илүүтэй ямар ч үед өөрийнхөөрөө байж чаддаг, эгэл зантай гэж ойр тойрныхон тань үнэлдэг юм билээ?

-Надад бол тэр нь дээр. Тоглолтод ирэхдээ хувийн жолооч, хувцас хэрэглэл барих хүн дагуулаад байх нь илүүц зүйл. Би хэзээ ч тэгж үзээгүй. Өөрөө хувцсаа барьж, барилга бариулж, үнээ сааж чадна шүү дээ. Гэтэл өмнөө байгаа бутыг хүнээр зулгаалгаж, өөрөө идэх гээд байдаг нь тийм ч сайн чанар биш гэж үздэг юм.

-Үндэсний хувцас үнэхээр сайхан зохидог болохоор энэ төрлийн цуглуулга арвин биз. Та хувцас гоёлоо хаанаас зэхдэг вэ?

-Энэ бас л миний хийх ёстой ажил. Би зарим хувцсаа өөрөө оёод өмсчихдөг. Ихэнх гоёлынхоо загварыг өөрөө гаргаж, оёдолчноор хийлгэнэ дээ. Тоглолтын болон өдөр тутмын хувцас хэрэглэлээ өөрөө хийдэг учраас хүнд даатгах шаардлагагүй шүү дээ. Тайзан дээр сайхан харагдах, үзэгчэд таатай мэдрэмж төрүүлэх нь миний үүрэг. Дээхнэ үеийн эмэгтэйчүүд өөрсдөө хувцсаа оёж өмсдөг байсан. Одоо цаг өөр болж, зах зээл хөгжөөд, оёдог хүн нь нэмэгдээд ирэхээр энэ тал дээр санаа зовохоо больсон байж мэднэ. Гэхдээ хүнд бус өөртөө найдах нь илүү шүү дээ. Хүүхдээ жаахан байхад баривчнаас эхлээд хамаг хувцсыг нь оёж өгдөг байлаа. Одоо ч гэсэн, хүүдээ оёж өгсөн дээлнүүдийг миний ач нар өмсөөд гүйж явна. Хөөрхөн харагддаг юм шүү. Хүүгийнхээ нялх багадаа өмсч байсан дээлнүүдийг нь хадгалах дуртай. Жаахан үрс маань нэмэгдэх тусам өмсөнө дөө.

-Олны танил хүн гэдэг утгаараа, гоо сайхандаа ихээхэн анхаардаг байх. Өөрийн гэсэн баримталдаг зүйл, хэрэглэдэг арга бий юу?

-Гоо сайхан минь сэтгэлийн мөн чанартай холбоотой болов уу. Би ажлын ачаалал багатай байвал сэтгэл их зовлонтой болчихдог. Ачаалал ихтэй байвал жаргалтай ч юм шиг санагддаг. Тэгэхээр нэлээд их ажилтай байсан учраас миний гоо сайхан энэ зэрэгтэй харагдаж байгаа байх. Бас уртын дууны энерги ч үүнтэй холбоотой. Газар байгаа хүнийг тэнгэртэй холбох мэт ямар сайхан энергитэй гээч. Би соёл судлалын доктарант хүн. Энэ аялгууны соёл, түүн дотор байгаа энергийг судалдаг учраас уртын дууны энергийг маш их мэдэрдэг. Би тийм айхтар өндөр үнэтэй гоо сайхны бараа, янз бүрийн бүтээгдэхүүн хэрэглэж үзээгүй. Ээж ааваас минь ийм сайхан бор арьс, тэгш зүс царай заяасанд нь баярлаж сууна. Үүн дээрээ жаахан энгэсэг түрхээд л болоо. Эрүүл саруул, элдэв өөгүй зүс царайтай байхад өөр юу хэрэгтэй гэж. Яахав, зөв хооллох нь эрүүл мэнд, гоо сайханд чухал нөлөөтэй байх гэж боддог. Үнэндээ би элдэв янзын амттанд дургүй. Монголчууд өвөл мах, зун цагаан идээ хэрэглэж сурсан эртний уламжлалтай улс. Бие бялдар нь чийрэг, ухаан санаа нь саруул, урт насалдаг нь ч үүнтэй хлбоотой. Ер нь, хүн их иддэг болчихвол юм бодох нь багасдаг шүү дээ. Манай нутагт “Дээдсийн гүнцэг” гэж ярьдаг юм. 10 төрлийн жор ордог энэ хоолны жорыг би “Модерн Номадс” сүлжээ рестораныханд зааж өгсөн. Ингэж сүүтэй гурил юмуу тараг идэж зусдаг учраас би өвөл мах бага хэрэглэж сурсан. “Нандин бужгадай” гэж нэрлэдэг бас нэг хоол бий. Одоо бараг хийхээ больсон байх л даа. Төмөр дутагдахаас сэргийлэх их чанартай хоол учраас би жорыг нь мэддэг. Өвөл хааяа хийж иднэ ээ. Энэ мэтээр монгол маягийн хоол иддэг хүн дээ, би. Хэрэв гадаад төрхөө сайхан харагдуулья гэвэл эрүүл мэндээ ч бас давхар анхаарах хэрэгтэй. Би ахиад 20 жил дуулмаар байна. Үүний тулд биеэ эрүүл байлгах үүрэг, зорилго тэнгэр бурханаас надад өгсөн. Үүргийг нь биелүүлэхгүй байвал миний “томилолт”-ыг зурж өгөхгүй байвал би яах юм бэ.

-Эмэгтэй хүний хувьд, гоёл чимэглэл сонирхдог нь лав. Сонгож цуглуулах зүйлс тань чухам ямархуу хийц загвартай байдаг юм бол оо?

-Элдэв чимэг гэхээсээ илүүтэй би өөрөөрөө гоёх дуртай энгийн л нэг эмэгтэй. Хэрэглэх гоёлынхоо хүрээнд би алт, мөнгөнөөс илүү чулууг эрхэмлэдэг. Тухайн хүний жил, ордтой зохицсон эрдэмтэй чулуу их бий. Гартаам гэхэд л саа өвнөөс сэргийлэх, пийсүү бол эмэгтэй хүний хөх өвдөхөөс хамгаалах гэх мэт янз бүрийн нөлөөтэй.

-Таны жил, ордтой зохицсон чулуу гоёлын хэрэгцээнд олон байгаа байх нь ээ?

-Надад хоёр янзын чулуу бий. Нэгийг нь өөрийнхөө жил, нөгөөг нь ордныхоо онцлогт тохируулж авсан. Яг ямар чулуунууд болохыг нь хэлмээргүй байна. Мэдээж, миний гоёлын цуглуулганд ийм чулуу орсон чимэглэл цөөнгүй бий. Нэгэнт л би тэр жил, ордонд төрсөн юм чинь шүтэж явах нь зүйн хэрэг. Алт мөнгөн эдлэлийн хувьд, тоо яривал нэлээд юм бий. Гэхдээ би хийц загвар, хэмжээ, чанарт нь зохицсон үнэтэй гоёл авдаг. Түүнээс биш өндөр үнэтэй ч юмуу аль эсвэл хямдхан байна гэж чухалчилж үздэггүй. Тухайн зүйл маань хүний сэтгэлд хэр нийцэж, хэрэглээнд хэрхэн тохирох нь чухал асуудал. Ер нь, мөнгө гэдэг бол хүний дайсан шүү. Хэдий гоё сайхан боловч хэт өндөр үнэтэй гоёл байвал би авахгүй. Би өөрийгөө айхтар үнэтэй эмэгтэй гэж боддоггүй. Харин монголын ард түмэнд жаазтай зураг шиг сайхан харагдах ёстойгоо мэднэ. Үүн шиг, эрхэмлэж явдаг чулуунууд минь өндөр үнэтэй биш байлаа ч надад тэр жаазтай зураг шиг чухал хэрэглүүр юм даа гэж боддог.

-Та нэлээд хэдэн жилийн өмнө “VIP” нэвтрүүлэгт орохдоо томоохон сургамж авсан гэж дурссан. Тэр тухайгаа сонирхуулахгүй юу?

-УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг энэ нэвтрүүлгийг хөтөлдөг байсан шүү дээ. Тухайн үед би тоглолтын үеэр тэгж их гоёл чимэглэл хэрэглэдэг байсан биш. Бараг чихэндээ ч ээмэг зүүхгүй шүү. Гэтэл нэг удаа Ч.Сайханбилэг тоглолт тарав уу, үгүй юу л намайг аваад давхичихсан. Ингээд нэвтрүүлэгт оролцсоны дараа манай гэрийн утсыг ч яаж олсон юм, нэг өвгөн надтай яриад их хатуу үг хэлж билээ. “Хүү минь, монголын буян байна даа. Чихэндээ хийчих ганц юм алга уу” гэж хэлсэн  энэ үгийг нь би насан туршдаа бодож явах болсон. Зүгээр л нэг өөрийнхөөрөө яваад байх эрхгүй, олны өмнө тааламжтай сэтгэгдэл төрүүлэх ёстой хүн болж дээ гэдгээ мэдсэн. Би ард түмний өмч учраас ямар ч үед жаазтай зураг шиг сайхан байх үүрэгтэй. Намайг өмнө нь Шарын Чимэдцэеэ гэхээсээ илүүтэй Сүхбаатарын Чимэдцэеэ гэдэг байсан. Одоо бол Морин хуурын Чимэдцэеэ гэдэг болсон доо. Тэгэхээр авьяас чадвар, бие бялдар, сэтгэл зүрхээ хүртэл ард түмэндээ зориулах хувь тохиол надад бүрэлдсэн юм шиг байна.

-Урлагийн хүн ард түмний өмч гээд стиль имижээ хүртэл эрс өөрчилж чаддаггүй байх даа?

-Тэгж болдоггүй юм байна лээ. 1994 онд байх аа, “Зүүдний говь” тоглолтын тайзан дээр улаан даашинз өмсч, үсээ задгай тавьсан юмдаг. Анх хотод орж ирээд бие даасан тоглолтоо хийсэн нь тэр. Залуу байсан болохоор ч тэр үү, хүмүүс намайг “Хөөрхөн харагдаж байна” гэж урамшуулсан ч цаанаа л нэг учир дутагдалтай санагдсан. Зарим хүн “Толгой дээрээ ядаж данхны таг шиг юм тавьчихгүй дээ” гэж ярьж байсан гэнэ лээ. Намайг үргэлж малгай өмсдөг байсан болохоор дасал болчихгүй юу. Ер н, бидэнд стиль имижээ өөрчлөх эрх байхгүй. Ямар байсан, яг тэр чигээрээ байж байгаад л дуусна шүү дээ.

-Дарьганга нутгийн бүсгүйчүүд их царайлаг, нуруулаг байдаг гэлцэнэ. Үндэсний хувцас сайхан зохидог, царай төрхийн хувьд ч сайхан байдаг нь нутаг усны тань онцлог юм болов уу?

-Би өөрийгөө онцолж хэлээгүй юм шүү. Гэхдээ би тэдний дунд багтах байх. Манай Дарьгангын хүүхнүүдийг их царайлаг гэж ярьдаг. Бургасны хүүхнүүдийг бас шооч гэлцэнэ. Энэ нь мөр холбож ярьдаг, яруу найргийн мэдрэмж сайтай гэж үнэлсэн хэрэг. Тэр нутгийн энерги бүсгүйчүүдийн гоо сайхан, бие бялдар, оюун санаа болоод цуурайлах эрхтэнд нь шингэдэг учраас онцлог их. Ардын дуу, аялгуу шигээ нутаг нутгийн энерги өөр өөр байдаг.

-Гоо сайхны мэс засал багахан ч болов хийлгэвэл зүгээр юмуу гэж бодож байв уу?

-Ингэх хэрэггүй л дээ. Хүн эцэг эхтэйгээ л адилхан байх ёстой. Өрөөнийхөө юмуу өөртөө таалагдаж байгаа хэн нэгэнтэй адилхан харагдаад байвал утгагүй шүү дээ. Тэр чинь хүний ген. Харагдах, үзэгдэх ач холбогдол нь алга болчихвол яах юм бэ. Би ээжтэйгээ нүгэлтэй адилхан хүн. Үүндээ ч туйлын баяртай явдаг. Одоо нас жаахан нэмэгдэх тусам ээжтэйгээ улам бүр адилхан болоод байна. Ээжийнхээ царай төрхийг өөрөөсөө олж харах хэрэгтэй шүү дээ, эмэгтэйчүүд. Үнэндээ би хоцрогдсон байж магадгүй. Гоо сайхны мэс заслыг огт дэмждэггүй юм, уучлаарай.

-Хүний царай төрхөнд хувь тавилан нь шингэсэн байдаг гэдэгт та итгэдэг үү?

-Царай төрхөөс гадна хүний ааш авир ч бий. Бас монгол эхийн бүүвэйн дуунд маш их ач холбогдол өгнө. Бүүвэй гэдэг бол унтуулах хэрэгсэл биш шүү дээ. Хүүхэд тайвширч, унтах нь мэдээж. Гэхдээ эх хүн үрийнхээ насны цөвийг арилтал бүүвэйлдэг. Цөв гэдэг чинь тэр хүний насанд ирэх өвчин зовлон, муу муухайг хэлж байгаа юм. Харин бага балчирт нь тэр бүхнийг арилтал бүүвэйлж чадвал энэ бүхнээс холуур өнгөрнө гэсэн үг. Мөн бүүвэй сонсч өссөн хүүхэд ухаалаг, царайлаг, өрөвч зөөлөн сэтгэлтэй хүн болдог. Одооны хүмүүст яахаас ч буцахгүй, араатанлиг байдал давамгайлаад байх шиг. Зөөлөн байх, зөв сайхан явах нь бүүвэйн аялгуутай салшгүй холбоотой. Миний ээж их сайхан бүүвэйлдэг хүн байсан. Би их олуулаа шүү дээ, 13-уулаа өссөн. Дүү нараа, дараа нь хүүхдээ бүүвэйлсээр байгаад миний бүүвэй ер тасарсангүй. Тэгээд би бүүвэйн дууны цомог гаргаж, “Хасар” Жагаад соёлынх нь өвийг залгаж өгсөндөө би их баяртай байдаг.

-Залуу байх үед тань дэлгэцийн уран бүтээлд тоглох санал ирж байсан уу?

-Ирж байсан. Яагаад ч юм бэ, кинонд тоглож чадахгүй байх гэж өөрийгөө голдог байсан. Тайзны урлаг талаас нь яривал, өнөөдөр дуулсан дуугаа маргааш нь улам сайхан засч залруулаад дуулчихаж болно. Кино урлагт нэг л алдаа гаргавал тэр чигээрээ үлдэнэ гэж бүр багаасаа боддог байсан. Залуудаа нэг л удаа кинонд тоглосон. “Буруу замаар будаа тээвэл” гэдэг нэртэй богино хэмжээний кино байсан байх. Өөр онцгой зүйл байгаагүй. Саяхан бас “Богд хаан” кинонд их хааны ээжийн дүрд тоглолоо. Арай жаахан ухаан суусан болохоор тэр. Би энэ саналыг хүндэтгэж хүлээж авсан. Богд хааны тухай олон кино олон байдаг ч социализмын хар бараан үеийг заавал оруулдаг байсан бол, энэ кинонд тийм зүйл байхгүй. Яг хувь хүн талаас нь харуулсан сайхан кино.

-Ээжийнхээ тухай дээр нэлээд дурслаа. Хамгийн их санаж явдаг захисан үг, сургааль нь юу вэ. Хүн өтлөх тусмаа ээжийнхээ сургаалийг үнэ цэнийг мэдэрдэг гэдэг шүү дээ?

-Ай даа, тэр үнэн. Хүн гэдэг чинь байгалийн амьтан хэдий ч ижийгээс л ургадаг юм. Ээжийн хэлсэн үг бүрийг биелүүлж чадахгүй байх л даа. Гэхдээ нэлээд хэдийг нь нэгтгэж, ширээний ном болгох хэрэгтэй. Миний ижий “Хүнд жаргалаа дэлгэж, зовлонгоо нууж яваарай” гэж хэлдэг байсан юм. Энэ бол тэвчээр хатуужилтай, аливаа зүйлийн өмнө битгий бөхийж бай гэсэн үг шүү дээ. “Өлссөн ч өлсөөгүй юм шиг, өвдсөн ч өвдөөгүй юм шиг явж бай” гэж бас захисан. Их айхтар үг шүү. “Эзэн хичээхгүй бол заяа хичээнэ” гэдэгчлэн хүн өөрөө л хичээх ёстой. Өөрийгөө гаргуунд хаявал хувь заяа минь алга болоод би гэдэг хүн үгүй болчихно. Энэ ч утгаараа би ээжийнхээ хэлсэн үгийг цаг ямагт санаж, түүнээс нь ургуулаад юм бичдэг.

-Таныг маш их шүтлэгтэй төдийгүй гэр орондоо хүртэл бурхан шашны эд зүйл олон тавьсан гэлцдэг?

-Хүн ер нь ямар нэгэн зүйлээс нүгэл, буяныг салгаж ойлгодог байх ёстой. Би 70 насандаа 20 настай хүний хувцас өмсч, нүүр амаа будчихаад явбал том нүгэл болно. Хэцүү биш, сайхан нүглийг нь ярьж байгаа юм шүү. Хүн нүглээс айж байх хэрэгтэй. Шүтлэгтэй хүний дэргэд би шүтлэгтэй хүн биш л дээ. Гэхдээ нүгэл, буянаа ялгаж салгаж мэднэ. Мэдээж, буян заяагаа даатгасан багш байлгүй яахав. Хүн бүрт л байдаг байх.

-Урлагийнхан бизнесийн салбарт орох нь бий. Танд энэ тухай бодсон зүйл бий юу?

-Үнэндээ тийм хүсэл алга. Ямар учиртайг нь ч би өөрөө тайлж чаддаггүй юм. Надад бизнес хийх нас, боломж байсан уу гэвэл байсан. Хүмүүс компани байгуулж, мөнгө хураагаад үр хүүхэддээ үлдээнэ гэж боддог байх. Гэтэл би тийм биш. Хүүдээ ч хэлдэг юм. “Миний хүү ээжээсээ битгий тийм зүйл хүсээрэй. Ажлаа сайн хийгээд явбал аяндаа болж бүтнэ” гэж. Ээж минь ч надад ингэж захиж сургасан.

-Тэгвэл хүүдээ өвлүүлэх зүйл тань юу вэ?

-Толгойд нь “юм” хийж, ухаан суулгаж өгөх. Манайх их олон номтой айл. Хүүдээ тэр олон зуун номоо өвлүүлж үлдээнэ. Маш чухал номнууд учраас би нэгийг нь гурваас доошгүй удаа уншсан шүү. Төрөл бүрээр нь ялгаж тэмдэглээд тавьчихсан. Үүний зэрэгцээ, би хүүдээ захиас сургамжаа сайтар хэлдэг. Боловсрол олж авна гэдэг чинь дээд сургуульд сурахын нэр биш. Зүгээр л хоолоо олж идэх чадвар, өөр юу ч биш. Миний хүү бусдыг хүндэтгэх, ажилдаа хандах хандлага, хань ижилдээ тавих хайр халамж бүхнийг дэндүү сайн эзэмшсэнд нь баярладаг юм.

Ярилцсан Р.ЦЭЦЭГ

Эх сурвалж: PHOTONEWS.MN

 

Саатуулсан жагсагчдаас ХОЁР НЬ мансууруулах бодис хэрэглэсэн байжээ
Саатуулсан жагсагчдаас ХОЁР НЬ мансууруулах бодис хэрэглэсэн байжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.