Зэврүүн өдрүүдэд зэвүүн хүмүүс олдож, хүйтэн өдрүүдэд хүйтэн царайтай хүмүүс олширч, цаг нь цөвүүн хүн нь зэвүүн тийм муухай цаг үе ирсэн нь үнэн.
Монгол Улсын иргэн Үндсэн хуулиар олгогдсон эрх чөлөөгөө ч эдэлж чадахгүй тийм цаг дор амьдарч байна.
Ардчилал гарч ирснээр хүн бүр эрх чөлөөтэй нийгэмд юу хийж, яаж явахаа хүнээр заалгалтгүй тааваараа амьдарч явна гэж “Эрх чөлөөг” тунхагласан ард түмэн өнөөдөр эрүүгийн гэмт хэргийн эрх чөлөөг тунхагласан бололтой.
Сүүлийн үед гэлтгүй нийгэм ширүүсч, хүний санаанд багтамгүй балмад муухай аймшигт хэрэг гарсаар байна. Хүн алж, хүрээ талах нь бараг энгийн үзэгдэл болчихоод байна. Ардчилал гарч ирснээр ард түмний амьдралд юу өөрчлөгдөв. Эрх чөлөө, эрх чөлөөтэй нийгэм гэж хашгирсаар байгаад эрэмдэг зэрэмдэг нийгэм амьдралыг бүтээсэн, алуурчин, хулгайч, дээрэмчин, залилагчдыг бэлтгэн гаргасан."Би эрх чөлөөтэй нийгэмд амьдарч байгаа тул хүн алах эрхтэй, хулгай дээрэм тонуул хийх эрхтэй" гээд хүн алж, хүрээ талж, айл гэр, албан байгууллага ухаж төнхөж байна. Бидний ирээдүй болсон энхрий үрс нь элдэв гаж зүйлд донтож, эрээвэр хураавар нийгэмд эмгэнэлтэйгээр амьдарч байна.
Гэгээн цагаан өдрөөр гэмгүй хүнийг алж, хүчиндэж, дээрэмдэж, балмадаар зодож, орон гэрийг түйвээж, эд зүйлсийг нь хулгайлах гэмт хэрэг гаарсан гэж хэлэхэд нэг их буруудахгүй болов уу. Өлөн нүдтэй, өс хонзон өвөрлөсөн муу хүмүүсийн балгаар өчнөөн хүн эрүүл мэнд, амь насаараа хохирсоор байгаа даанч эмгэнэлтэй юмаа.
Сүүлийн үед настай эмэгтэйчүүдийг, насанд хүрээгүй хүүхдүүдийг гэгээн цагаан өдрөөр дээрэмдэж эд зүйлсийг булаадаг гэмт этгээдүүдийн бүлэглэл бий болов. Тийм этгээдүүд нийгэмд ажил төрөл хийж амьдаръя гэсэн сэтгэлгүй, зүгээр л хүний эд зүйлс хулгайлж, дээрэмдэж түүнийг зарж борлуулж амьдрах хүсэл сонирхолтой хүмүүс. Хулгай дээрмийн хэрэг хийдэг этгээдүүд ихэвчлэн эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн дунд боловсролтой, өмнө нь ял шийтгэл эдэлж байсан тийм “бүтэхгүй” хүмүүс байдаг гэдэг нь цагдаагийн газрын судалгаанаас тодорхой харагддаг.
Тухайлбал, сүүлийн үед настай эмэгтэйчүүдэд хүч хэрэглэж дээрэмддэг хэрэг газар авах нь ээ.
Өнгөрсөн нэгдүгээр сард гэхэд байрны орцонд настай эмээг шатаар чирч гулдчин цүнхийг нь авч зугтаасан хэрэг гарсан.
Тодруулбал, 74 настай эмэгтэйг орцонд дээрэмдсэн гурван этгээд 1990-1995 оны залуус байсан. Тэд байрны орцонд настай хөгшин хүний цүнхийг булааж улмаар шатаар чирч биед нь хүнд гэмтэл учруулсан. Хохирогч эмээ олон сар эмнэлэгт хэвтсэн ч өнөөдрийн байдлаар биеийн байдал нь тааруу, хүний гарт орсон тийм байдалтай байна гэдгийг охин нь ярьсан байсан.
Тэгвэл өнгөрсөн дөрөвдүгээр сарын 09-нд 81 настай эмээг амыг нь дарж байгаад зодож, чихнээс нь алтан ээмгийг нь дээрэмдсэн хэрэг гарсан билээ.
Тодруулал, Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны иргэн П-г үл таних хоёр эрэгтэй хүн хоолойг нь боож, амыг нь таглан сүүжин хэлбэрийн алтан ээмэг, гар цүнхтэй бэлэн мөнгө, бичиг баримт зэрэг эд зүйлийг дээрэмдэн зугтаасан.
Уг хэргийн мөрөөр Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн эрүүгийн тасгийн алба хаагчид шуурхай ажиллан, гэмт этгээдүүдийг олж илрүүлсэн байна.
Уг хэргийг өмнө нь дээрмийн хэргээр ял шийтгэл эдэлж байсан Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд оршин суух Г, хулгайн гэмт хэргээр ял эдэлж байсан Хөвсгөл аймгийн харьяат Л нар үйлдсэн болохыг тогтоон шалгаж эхэлжээ. Дээрх этгээдүүд нь урьд өмнө өндөр настай эмэгтэйчүүдийг орон сууцны орц, лифтэнд хүч хэрэглэн зүүж яваа алт, монетон үнэт эдлэлээр хийгдсэн ээмэг, барьж яваа гар цүнх зэргийг булааж, дээрэмдсэн 12 үйлдлээ хүлээсэн байдаг.
Ийм арчаагүй, хүний үнэргүй, сэтгэлгүй, ичих нүүргүй эмзэглэх сэтгэлгүйгээр өөрийнхээ ээж шиг, эмээ шиг хүнийг зодож дээрэмдэж байгаа юм даа.
Түүнээс гадна мөн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 51 настай эмэгтэй дээрэмдэж, гар утсыг нь дээрэмдсэн залуусыг цагдаагийнхан шуурхай эрэн сурвалжилж барьсан. Мөн СХД-1 хороонд суух 51 настай эмэгтэй О-г тус дүүргийн 1 хороонд оршин суух 25 настай эрэгтэй С, 27 настай эрэгтэй А нар нь бүлэглэн зодож, ХААН, Голомт, Төрий банк, Улаанбаатар хотын банкны виза карт, цахим үнэмлэх, жолооны үнэмлэх, 80.000 төгрөгтэй цүнхийг дээрмдснийг шуурхай эрэн сурвалжилж гэмт этгээдүүдийг баривчилсан билээ.
Энэ мэтээр настай эмэгтэйчүүдийг дээрэмдэх, зодох гэмт хэрэг гарсаар байна. Уг нь хүн болсон хойн гадуур дотуур гарахдаа хүний нүдэнд өнгөтэй өөдтэй эд зүйлсээ өмсөж зүүж гарах нь хүний эрх юм баймаар. Гэтэл өлөн нүдтэй муу хүмүүсийн өгөөш болчихоод байх юм даа. Одоо тэгээд яах уу, гадуур гарахдаа хулгайч дээрэмдчидээс айж байна гээд чихээ хоосон, муу хувцсаа өмсч муухай царайтай гарах ёстой юмуу. Өнгөтэй өөдтэй эд зүйлсээсээ татгалзах уу. Ийм л аюултай нийгэмд амьдарч байна.
Үнэнийг хэлэхэд дээрэм хийж байгаа дээрэмчид залуусыг дээрэмдэж чадахгүй болохоор настай эмэгтэйчүүдийг насанд хүрээгүй багачуудыг ангуучлахаас өөрийг чадахгүй нь арчаагүй шинж юм даа.
Тиймээс гадуур гарахдаа сэрэмж болгоомжтой яваарай. Хулгайч, дээрэмчид нэгээрээ биш бүр бүлэглэж хүнийг дээрэмдэж зодож танхайрч байгаа юм шүү.
О.Сайхан
Zaluu.com