М.Энхсайхан гэдэг нөхөр чинь хэнд үйлчлээд байгаа юм бэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 9 секунд
М.Энхсайхан гэдэг нөхөр чинь хэнд үйлчлээд байгаа юм бэ

М.Энхсайхан гэдэг нөхөр чинь хэнд үйлчлээд байгаа юм бэ

Таван толгойн хөрөнгө оруулалтын гэрээ гацаанд орлоо. Энэ гэрээний ажлын хэсгийг ахалсан М.Энхсайхан сайд ажлаа муу хийж. Гэвч тэр би сайн ажилласан эд нар гүтгээд байгаа юм гэсэншүү  ярилцлагаар булж байна, хэвлэлүүдийг. УИХ-ын дарга З.Энхболд хаврын чуулганы нээлт дээр харин энэ гэрээний төсөл нь хууль зөрчсөн, Засгийн газрын хөтөлбөрөөс хол зөрсөн гэдгийг тодорхой хэлсэн. Гэлээ ч  М.Энхсайхан болон түүнийг хөгжөөн дэмжигчид “Хууль зөрчөөгүй” гэж гөжүүдлэв. Засгийн газрын хуралдаанд оруулсан нэр зүүсэн өнөөх төслийг харин УИХ-ын Тамгын газраас “Бичиг баримт бүрдэл болоогүй” гээд буцааж орхив. Ингээд хэзээ УИХ-д оруулах нь тодорхойгүй үлдлээ.

Иргэдийн хувьд Таван толгойгоос хамгийн их хүсэн хүлээж буй зүйл нь 1072 ширхэг хувьцаа. “Эрдэнэс Таван толгой” компани иргэддээ хувьцааг нь өгөх үүрэгтэй. Харамсалтай нь өнөөдөр энэ компани өрөнд баригдчихсан,  дампуурлаа  зарлах нь холгүй болоод байгаа. Иймээс “Эрдэнэс Таван толгой”-н асуудлыг хувьцаа эзэмшигчид нь шүүн хэлэлцэх цаг болжээ. Хувьцаа нь Монголын нийт иргэдийнх мөн л  юм бол ТУЗ-өөс асуух зүйлээ асууж, хэлэх үгээ хэлж л таараа. Хаана байна тэр хувьцаа чинь, хэзээ 1072-ыгоо өгөх юм гээд нэхээд л сууна.

Хувьцаа эзэмшигчид бол ард түмэн. Ард түмэн  өөрсдийн төлөөлөл болох ТУЗ-ийг байгуулсан байх учиртай. Тиймээс “Эрдэнэс Таван толгой”-н ТУЗ ард түмний өмнөөс шийдвэрээ гаргана. Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл хуульд нийцэж үү, үгүй юү гэдгийг шүүн тунгаана, асуудлаа шийднэ. Энүүгээрээ тэд бас захиран зарцуулагч болж байгаа юм. Ийм утгаар  З.Энхболд өнөөх махийтлаа зүтгэж мундаг ажилласан гээд сайрхаад байгаа М.Энхсайхан нарт уг хөрөнгө оруулалтын гэрээний төслийг нь  “Хоёр сая хувьцаа эзэмшигчээр хэлэлцүүлээд аваад ир” гэжээ.

Хувьцаа бол хамтын өмч юм л даа. Хамтын өмчөөс хулгай хийх  эрх гүйцэтгэх захирал, хөрөнгө оруулагч алинд нь ч байхгүй. 2008 оны сонгуулиас хойш өдий болтол шоудсан улс төрчдийн амнаас иргэд ерөнхийдөө ийм л зүйлийг хатуу ойлгочихоод байгаа юм. Зарим нь  мулгуу улс төрчдөөс  илүү сайн ухаарсан  байх. Тиймээс ч  2012 оны сонгуулийн өмнө  амласан ёсоор нь хувьцааг үнэгүй авахаар  971 217 иргэн бүртгүүлсэн байна лээ. Харин өндөр настан, оюутан зэрэг 766 863 хүн  “төрийн хишиг” ч билүү, эрдэнийн хувь ч билүү гоё нэртэй хишиг хүртэж, 1 120 285 хүн хувьцаа эзэмшихгүй, оронд нь бэлэн мөнгө авъя гээд бүртгүүлчихсэн байдаг. Гэвч үнэн чанартаа тэр үед Засгийн газар молиго үмхүүлсэн хэрэг. Хувьцаа тарааж чадахгүйгээ мэдэнгүүтээ оронд нь мөнгө амлаад сонгуульд санал өгүүлчихсэн. Одоо мөнгө ч байхгүй, юу ч байхгүй, өөдөөс нь хэлээ гозойлгоод сууцгааж байна.

Таван толгойн нүүрсний ордын төрд оногдсон хэсгийнх нь тусгай зөвшөөрөл “Эрдэнэс Таван толгой” компанид байгаа. Гэтэл энэ тусгай зөвшөөрлийг “Энержи ресурс”-т шилжүүлэх боломжтойгоор хөрөнгө  оруулалтын гэрээний төсөлд тусгасан нь анаарал татаж байна. Үүнийг УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх буруу алхам гэсэн байна  лээ.  “Эрдэнэс Таван толгой” компани үнэхээр иргэдийнхээ хувьцааг хариуцсан, төрийн мэдлийн хувьцаат компани мөн бол  ийм арилжаа хийх эсэх, хийвэл хувьцаа эзэмшигчийн эрх ашиг хэрхэн хөндөгдөх, эрсдэлээс яаж хамгаалах зэргийг ТУЗ дээрээ ярилцаж, бүр болдоггүйд тулвал хувьцаа  эзэмшичдээсээ асуухаас өөр замгүй болно. Ийм утгаар УИХ-ын дарга З.Энхболд дээрх үгийг хэлсэн биз.

Ер нь тэгээд УИХ-ын тогтоол, 2012-2016 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн гол санаа, зорилтоос хазайсан гэрээний төсөл гэдгийг З.Энхболд, А.Гансүх нар олон нийтэд мэдээлснээрээ ажлын хэсгийн ахлагч М.Энхсайханы эсрэг гүтгэлэг түгээсэн мэтээр өнөөх “хөгжөөн дэмжигчид” нь шуугиж байна.  Ингэхэд энэ М.Энхсайхан гэдэг нөхөр чинь хэнд үйлчлээд байгаа юм бэ?!

Б.Отгонбаяр

 

 

 

Эх сурвалж: Tumen.mn

Парламент 25 жил баримтат кино
Парламент 25 жил баримтат кино
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.