“Анод”-ын Д.Энхтөр:20 гаруй тэрбум төгрөгийг төлж дуусгахад надад 200 мянган жил хэрэгтэй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
9 минут 52 секунд
“Анод”-ын Д.Энхтөр:20 гаруй тэрбум төгрөгийг төлж дуусгахад надад 200 мянган жил хэрэгтэй байна

“Анод”-ын Д.Энхтөр:20 гаруй тэрбум төгрөгийг төлж дуусгахад надад 200 мянган жил хэрэгтэй байна

Одоогоос 15 жилийн өмнө дампуурсан “Анод” банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Энхтөртэй ярилцлаа. Тэрбээр гадаадад ажиллаж амьдарч байгаа гэр бүлийнхэнтэйгээ уулзахыг хүсдэг ч өнөөдрийг хүртэл хилийн хориг нь цуцлагдаагүй учраас явж чадахгүй л байна гэсээр яриагаа эхлэв.

-Та хорих ангид биеэрээ ялаа эдлээд гараад ирсэн. Гэтэл яагаад өнөөдрийг хүртэл хилийн хоригтой байгаа юм бэ?

- Үндсэн хууль зөрчсөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 59 дүгээр заалт гэж нэмэлт заалт гэх зүйлийг 2020 онд хуулинд оруулж ирсэн. Энэ хуулийн заалтаар надад хилийн хориг тавьчихсан. Цагаачлах ч эрхгүй болчихсон. Би “Анод” банкийг дампууруулсан хэргээр гурван шатны шүүхээс найман жилийн хорих ялыг авч, биеэрээ эдлээд дараа нь мөнгөн төлбөр төлж барагдуулж байна. Худалч хүнд бол намайг 1998 оны үйлдлээр ялласан. Гурван хууль зөрчиж байгаа учраас би эсэргүүцэж, эрхийнхээ төлөө дуугарч, гэртээ лайв хийдэг болсон.

-Хууль зөрчиж, хуулиар ялласан гэж та хэлэх гээд байна уу?

-Над дээр хуулийг яах аргагүй буруу хэрэглэсэн юмуу даа гэж бодож харддаг. Манай улсын хууль боломжийн сайн. Гэхдээ хэрэгжүүлэхдээ хий гаргаж алдаад байдаг нь буруу. Манайд Дампуурлын тухай хууль гэж бий. Над дээр хуулийг буруу хэрэглэсэн. Гэхдээ би хуульч улстөрч хүн биш болохоор мэдэхгүй.

-Хилийн хоригоо цуцлуулахаар хүсэлт тавьсан газар бий юу?

-Би хилийн хоригоо тавиулахаар 1 жил 6 сар бичиг цаас барьж хөөцөлдөж явлаа. Ямар нэгэн хариу өгдөггүй. Намайг өвчтэй эхнэр, хоёр хүүхэд дээр минь очиход туслаач гэж аргаа бартал гуйж байна. Дээгүүр доогуур явж лоббидох гэж үзээд ч барахгүй байна. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад ч хандаж үзлээ. Өчнөөн өргөдөл өгдөг, хариу байдаггүй. Их хурлын дарга болон Ерөнхийлөгчтэй хуучны танилууд. Гэвч аргаа бараад гудамжиндаа гарлаа даа.

-Айлын хашаа байшинд харуул хийж байгаа юу?

-Тийм. Гачууртад айлын харуулын байшинд харуул хийгээд амьдарч байна. Цалин авдаг. Хоёр хүүхэд АНУ руу ээж рүүгээ яваад өгсөн. Би гэдэг хүн ганцаардаад бачимдаад байдаг боллоо. Тэднийхээ араас цаг алдалгүй явмаар байна. Их тэвчлээ. Монгол Улсад хүний эрх уландаа очсон юм байна гэдгийг өдөр бүр харж мэдэрч байгаа шүү.

-Хүний эрх зөрчигдөөд байгаа асуудлыг яаж засаж залруулах вэ. Таны эрх ноцтой зөрчигдсөн гэж үзээд өдөр бүр дуу хоолойгоо хүргэж лайв хийж байна уу?

-Мьянмарын ардчиллын төлөө тэмцэгч Ан Сан Су Чи “Танай Монголд ардчилал байхгүй. Дүр эсгээд байна” гэж хэлсэн нь ёстой үнэн шүү. НҮБ-ын суурин төлөөлөгч бидний хэргийг судалж байгаа. Авбал зохих ёстой онооноос 30-ыг л авч байгаа байхдаа. Сүүлийн 22 жилийн хугацаанд хүний эрхийн асуудлаар авах ёстой оноо 60 байсан бол одоо унаад 30 болчихлоо. Цаашдаа бүр доошоо унаад 20 руу орчихвол бослого гарах байх.

-Хоёр хүүхдийнхээ араас явах талаар их хөөцөлдөж байгаа юм байна. Ямар нэгэн гарц гаргалгаа байна уу?

-Өнөөдрийг хүртэл чимээгүй байж ирсэн. Хоёр хүүхэд яваад өгсөн болохоор араас нь явмаар санагдаад бачимдаад, гэртээ лайв хийж эхэлснээс хойш албаныхан их эергээр хүлээж авдаг болсон. ШШГЕГ дээр ажлын алба байгуулагдсан гэсэн. Хууль гаргаад Их хурлаар хэлэлцэгдэх байх гэж найдаж байгаа. Мөн Монголбанкнаас намайг дуудаж уулзсан нь итгэлийн гэрэл асаасан үйлдэл болсон шүү.

-Та хэчнээн төгрөгийн өр барагдуулахаас өнөөдрийн байдлаар хэдийг нь төлж барагдуулсан байгаа вэ?

-Би ял авсан, ялаа өөрийн биеэр эдэлсэн. Би жилд 4 сая төгрөгийн өр барагдуулж байна. Шүүхээс 20 тэрбум төгрөгийн өр барагдуулах шийдвэр гарсан. Анх ял авахад 23.5 тэрбум төгрөгийн өр байсан. Гүр-Аранз, Даваа бид гурав 71 тэрбум төгрөгийг тэнцүү хувааж өр барагдуулахаар болсон юм. Ялаа эдлээд гараад ирсэн чинь 3 тэрбум төгрөг төлөгдсөн байна билээ. Одоо тэтгэврээсээ сар болгон 300 гаруй мянган төгрөг төлдөг. Би үлдсэн өрөө 200 гаруй мянган жилийн дараа төлж дуусах юм билээ.

-Хэдэн үеэрээ ч төлөөд барахгүй нь?

-2024 онд Ардчилсан нам гараад ирж магадгүй. Тэгвэл миний өр төлбөрийг цайруулаад өршөөчихөж мэднэ шүү дээ.

-“Анод”-ын гэх тодотголтой хэрэг их ээдрээтэй процесстой. Тухайн үед та бүхэн яг юун дээр алдаад банк дампууруулсан хэргээр ял авах болов?

-Би анхныхаа лайваар гэмт хэрэгтэн биш гэдгээ хэлсэн. Дампуурна гэдэг ойлголт шал өөр. Зуд болохоор мал үхдэг биздээ. Тэрэнтэй адилхан 2008 онд санхүүгийн хямрал болсон. Санхүүгийн зуд болсон гэж ойлгож болно. Тэрний нэг нь “Анод”. Хүнд ял өгөхийн тулд субъектив шалтгаануудыг авч үзэх хэрэгтэй. Дөрвийн дөрвөн хүчин зүйл байж хүнд ял өгөх ёстой. Гэтэл манай Монголын шүүхийн систем аль хэдийнэ хоцрогдсон. Би шүүх хурал дээр амаа хаттал 2 битгий 20 шалтгаан хэлэхэд намайг сонсоо ч үгүй, шүүгчид нь ойлгооч үгүй. Би шоронгоос гарч ирээд энэ хэргийнхээ талаар судалсан. Би шоронд байхдаа шоконд орсон. Харин гарч ирээд олон улсад банкууд яаж дампуурч байсан талаар нэг бүрчлэн судалсан.

-Тухайн үед байсан улстөрчид танай банкны удирдлагуудтай нийлээд банк дампууруулж, эд хөрөнгийг нь хувьдаа завшаад та нарыг хохироогоод хэлмэгдүүлчихсэн гэж ярьдаг. Энэ үнэн үү?

-Тэр талаар яримааргүй байна. Шүүхийн инстиут буруу ажиллаж байна гэж хардаг. Юмаа огт ойлгохгүй.

-Таны гэртээ хийж байгаа лайв болон бүжиглэж байгаа бичлэгийг үзсэн хүмүүс янз бүрээр хүлээж авах юм. Үнэхээр сэтгэцийн хувьд асуудалтай болчихсон юм бишүү гэж асуух нэгэн ч байна?

-Хүний эрх, эдийн засгийн эрхийн талаар ярих хэрэгтэй болов уу. Инстиут гэж байдаг, тэр нь их муу байна. Миний хувьд дасгал хөдөлгөөн хийхийн тулд гэртээ хөгжим тавьж бүжиг хийдэг. Нэг талын биеэ халаалт гэж үзнэ. Биеэ халаахгүй бол гэмтэл авна, биеэ халаах нь жирийн үзэгдэл. Би сэтгэлзүйн сургалтад явсан. Хүн өдөрт 200 гаруй удаа инээх ёстой. Тиймээс би биеэ халааж бүжиглэхдээ би инээдэг. Энэ бол баруунд байдаг л үзэгдэл. Гэтэл намайг бүжиг хийхээр хүмүүс гайхаад элдвээр хэлж бичээд байдаг. Би тоодоггүй. Түүнээс би сэтгэцийн асуудал эмгэгтэй биш шүү. Биеэ халаасны төлөө би яахаараа эрүүл биш болчихдог юм бэ. Би хийгээгүй хэргийнхээ төлөө найман жил хорих ял эдэлж гарч ирсэн. Одоо өр төлбөрөө барагдуулаад явж байна. Хамгийн гол нь би хоёр хүү дээрээ өвчтэй эхнэр дээрээ хурдан очмоор байна. Хилийн хориг минь тавигдвал онгоцны билетээ захиалаад маргааш ч болов явчихмаар байна. Хүнд элэг бүтэн амьдрал чухал шүү.

-Одоо Гүр-Аранз, Даваа нартай холбоотой байдаг уу?

-Холбоотой. Гүр-Аранз гэртээ байгаа хааяа утсаар ярьдаг. Даваа бас хувийн юм хийгээд яваад байгаа юм билээ.

-Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдлын талаар та ямар бодолтой явна вэ?

-Би эдийн засагч биш болохоор сайн мэдэхгүй. Хөрөнгө оруулагчид нь хаана байна. Хөрөнгө оруулагчгүй улс эцсийн эцэст эдийн засгаа яаж аврах юм. Гаднаас хөрөнгө оруулагчид орж ирж байж ажлын байр хангалттай бий болно. Ажлын байр нь байгаа цагт хүмүүс мөнгөтэй болно, мөнгө нь өснө. Хүмүүс өндөр цалинтай байхад тухайн компанийн орлого хэд дахин нэмэгдэнэ биз дээ.

Дугуйн парад тодорхойгүй хугацаагаар хойшилжээ
Дугуйн парад тодорхойгүй хугацаагаар хойшилжээ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.