Ж.Ганбаатар: Халгайг их идвэл цус өтгөрч даралт ихсэн харвалт өгч болзошгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
11 минут 21 секунд
Ж.Ганбаатар: Халгайг их идвэл цус өтгөрч даралт ихсэн харвалт өгч болзошгүй

Ж.Ганбаатар: Халгайг их идвэл цус өтгөрч даралт ихсэн харвалт өгч болзошгүй

Монголчуудын дийлэнх хэсэг нь эмийн ургамал хоргүй, бүх төрлийн өвчнийг эдгээдэг хэмээн үздэг. Энэ нь хэр зөв ойлголт вэ. Энэ тухай ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн Байгалийн нэгдлийн химийн лабораторийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Ж. Ганбаатартай ярилцлаа.

-Хүмүүс өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд эсвэл өвчнөө намдаах гэж эм, тан уудаг. Хүн ер нь яагаад өвддөг юм бэ. Энэ тухай яриагаа эхэлье?

– Байгалийн жам ёс, амьдралын хэвшил хоёр харшин зөрчилдсөний улмаас өвчин үүсдэг. Өөрөөр хэлбэл эрүүл аж төрөх ёсыг мэдэхгүйгээс, зөв зохистой амьдарч чадаагүйгээс хүн өвчин тусдаг.

-Манай орны хувьд эмийн ургамал арвинтайд тооцогддог. Монгол орны эмийн ургамлын онцлог нь юундаа байдаг вэ?

– Монгол орны газар нутаг далайгаас алслагдсан эх газрын эрс тэс уур амьсгалтай өдөр шөнийн агаарын хэмийн ялгаа үлэмж их тул ургамал ургахад тийм ч таатай биш. Тиймээс манай оронд амьдарч буй хүн, мал, ургадаг ургамал ялгаагүй хатуу ширүүн уур амьсгалдаа зохицон амьдрах чадвартай болсон байдаг. Үүгээрээ онцлогтой. Тухайлбал, академич Д. Батсүрэнгийн дэвшүүлсэн таамгаар бол Монгол орны ургамал дахь биологийн идэвхт бодисууд бусад оронд ургадаг ургамалтай харьцуулахад илүү их исэлдсэн байдалд оршдог. Химийн найрлагын хувьд ургамалд өөрийгөө хамгаалах стрессийг даван туулахад туслах биологийн идэвхт бодисууд илүү ихээр хуримтлагдсан байх шиг байгаа юм.

-Монгол оронд хичнээн зүйл эмийн ургамал ургадаг вэ?

– Монгол орон эмийн, хүнсний, тэжээлийн, техникийн зэрэг ашигт ургамлаар баялаг. Миний уншиж судалсан мэдээллээр бол давхардсан тоогоор эмийн 600 орчим, тэжээлийн 1000 гаруй, хүнсний 200 гаруй, техникийн 200 гаруй зүйл ургамал бий гэдэг. Үүнээс эмийн ургамлыг нарийвчлан ялгавал давхардсан тоогоор витаминт 150, эфирийн тост 200, алкалоид агуулсан 280, флаванойд агуулсан 250, кумаринт 60 гаруй зүйл ургадаг гэсэн тоо бий.

-Өдгөө дэлхий дахинд тулгамдаад байгаа асуудал болох Коронавирусээс хамгаалахын тулд ямар эмийн ургамал ач тустай вэ. Энэ өвчнөөс яаж урьчилан сэргийлэх вэ гэж хүмүүс асууж байна. Энэ талаар та ямар зөвлөгөө өгөх вэ?

– Халдвараас хамгаалахын тулд юуны түрүүнд хувийн ариун цэврийг чанд сахих нь чухал. Үүнд маскаа зүүх, гараа угаах, хамраа угааж зайлах, олон хүнтэй газраар явахгүй байх хэрэгтэй. Ногоон цай, нохойн хошуу, үхрийн нүдний навч, аньсны навч, хусны навч, чацаргана, хад, нэрс, хөвөн оройт, модны шилмүүс, хусны огил мөөг зэргийг хандалж уухад харшлах зүйл байхгүй. Ургамлаа нар тусдаггүй, чийггүй газар хатааж нунтаглан хадгалах хэрэгтэй. Ханд гаргахын тулд 1 цайны халбага хатааж нунтагласан ургамал дээр 200 г буцалсан ус хийгээд 5-10 минутын дараа шүүж ууна. Ер нь хүн өдөрт 2 литр орчим ус ууж занших хэрэгтэй. Нэг зүйлийг анхааруулахад эмийн ургамлыг хаа таарсан газраас түүж хэрэглэж болохгүй. Эмийн ургамлыг зам, уул уурхайн бүс, суурин газраас зайдуу экологийн хувьд цэвэр газраас түүх шаардлагатай. Ийм газраас түүсэн ургамалд хар тугалга, хүнцэл, мөнгөн ус гэх мэт хүнд металлууд хуримтлагддаггүй.

-Эмийн ургамлыг зүй зохисгүй хэрэглэвэл мэдээж хүний биед хор нөлөө үзүүлнэ биз дээ?

– Аливаа юманд хэмжээ хязгаар гэж заавал байх ёстой. Усыг ч гэсэн хэтрүүлээд хэрэглэвэл хортой нөлөө үзүүлнэ. Эмийн ургамлыг мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч тун хэмжээг нь тааруулахгүй дураараа хэрэглэвэл өвчин эдгээх биш харин шинэ өвчин нэмэгдэж хуучин өвчин ужгирч болзошгүй юм. Сүүлийн жилүүдэд Фэйсбүүкээс харсан заавраар эмийн ургамлыг хэрэглэх тохиолдол ажиглагдаж байна. Энэ нь маш аюултай үр дагаврыг үзүүлж болно.

-Эмийн ургамлыг дур мэдэн хэрэглэснээс хүн хохирсон ямар жишээ байна. Хүмүүст сургамжтай байх болов уу?

-Манай монголчууд өргөнөөр хэрэглэдэг ургамлын талаар эрдэмтдийн хийсэн судалгаагаар олон дүгнэлт гарсан байдаг. Жишээ нь, нохойн хошуу жимсээр компот хийж болохгүй. Бас их өтгөн хандалбал цусыг өтгөрүүлдэг. Их шүүдэргэнэ ургамал онцгой хортой ургамал тул маш болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. Тун хэмжээг нь хэтрүүлвэл маш аюултай. Жирэмсэн, хөхүүл хүүхэдтэй хүн хэрэглэх нь хориотой. Цөс, бөөрний чулуутай, зүрх судасны өвчтэй, элэгний үйл ажиллагаа нь алдагдсан хүн хэрэглэж болохгүй. Мөн чихэр өвсийг цусны даралт ихдэх өвчтэй, илүүдэл жинтэй, жирэмсэн, хөхүүл хүүхэдтэй, бөөрний өвчтэй хүн хэрэглэж болохгүй. Сармисыг их хэмжээгээр идвэл дотоод цус алдалт үүсч болзошгүй. Сонгиныг түүхийгээр нь их идвэл зүрх томрох гэмтэй. Хүлэмжинд ургуулсан улаан лоолийг хэтрүүлэн идвэл элэг, бөөр гэмтээхээс гадна хальслахгүй идвэл хальс нь ходоодонд наалдан ходоодыг гэмтээнэ. Халгайг их идвэл цус өтгөрч бүлэн үүсч даралт ихсэн харвалт өгч болзошгүй. Гүзээлзгэнийг их идвэл харшил хөдөлнө. Бөөрөлзгөний жимсийг хэтрүүлэн хэрэглэвэл хүүхдийн биеийн хэм нэмэгдэн халуурч болзошгүй. Ходоодны шархтай хүний өвдөлт нэмэгдэнэ. Анар жимсийг хэтрүүлэн хэрэглэвэл шүдний паалан идэгдэнэ. Зуун настын шүүсийг хэтрүүлэн хэрэглэвэл бага аарцгийн хавийн эрхтнүүдэд цус их хэмжээгээр очих тул жирэмсэн, шамбарамтай, элэг цөсний өвчтэй хүн хэрэглэж болохгүй. Гааг их хэмжээгээр хэрэглэх нь эмэгтэй хүний үргүйдлийн шалтгаан болох магадлалтайгаас гадна цусны даралтыг огцом бууруулдаг. Түүнээс гадна уг ургамал ходоодны амсрыг хаадаг булчинг сулруулдаг тул улаан хоолойны хавдраар өвчлөх шалтгаан болдог. Ийм учраас хүмүүс аль болох гаатай бохь зажлахгүй байх нь эрүүл мэндэд тустай юм.

Эдгээрээс гадна эмийн ургамлыг эмтэй хольж хэрэглэж болохгүй. Хатаасан жимсийг заавал усаар угааж бага хэмжээтэй хэрэглэж занших хэрэгтэй. Учир нь хатаасан жимсийг үйлдвэрлэхийн тулд хүхэрлэг хий, сахар их хэмжээтэй ашигладаг. Түүнээс гадна ийм төрлийн бүтээгдэхүүн мөөгөнцөрийн бохирдолтой байдаг.

-Хэтрүүлж хэрэглэж болохгүй гэдгийг мэддэг ч ийм их хор нөлөө байдаг гэж ёстой төсөөлж байсангүй. Ингэж хордож байхаар бүр огт хэрэглэж болохгүй гэсэн зөвлөгөө өгмөөр санагдлаа?

-Хэдийгээр эмийн ургамал зөв хэрэглэвэл маш их ашиг тустай боловч буруу хэрэглэвэл аюултай үр дагаварт хүргэж болно. Ер нь эмчилгээнд орчин үеийн шинжлэх ухааны ололтыг уламжлалт эмчилгээний аргатай хослуулан хэрэглэх нь зөв юм. Эмийн ургамлаар эмчилгээний бодисыг бүрэн орлуулах боломжгүй.

Хэвшмэл 3 андуурал байдаг. Нэгдүгээрт, “Ургамлын гаралтай биологийн идэвхт бодисууд химийн аргаар гарган авсан нэгдлүүдтэй харьцуулахад хүний биед хорт нөлөө үзүүлдэггүй” гэдэг нь худлаа бөгөөд орчин үед байгаль орчин асар ихээр бохирдож буйг бид харж байгаа. Ургамал нь ус, хөрс, агаараас хортой бодисуудыг өөртөө шингээн авч байдаг. Ургамал бас өөрөө хорт бодисуудыг нийлэгжүүлж байдаг. Хоёрдугаарт, Эмийн ургамал хүний биед хоргүй.Гэхдээ ургамлыг буруу хэрэглэвэл биед хор болно. Эмийн ургамлаас биед орсон хор хүний элэг, бөөр, амьсгалын замын эрхтнээр дамжин гадагшилдаг. Ургамал бүрт гаж нөлөө гэж байдаг. Гуравдугаарт, эмийн ургамал байгалийн гаралтай тул хүний биед харшил үзүүлэх нь бага. Энэ бас худал. Хүний бие махбодоос хамааран ургамал хүний биед харшиж болно. Хамгийн тод жишээ бол шарилжны харшил юм.

-ШУА-ийн ХХТХүрээлэн дээр та нэлээд төрлийн эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Өөрийнхөө судалгааны бүтээгдэхүүнийхээ талаар товч танилцуулна уу?

-Миний бие судалгааныхаа үр дүнг ашиглан ургамлын гаралтай түүхий эд, шилмүүст модны давирхай, байгалийн эрдэст нуурын давс, зөгийн лав, эмийн ургамлын ханд, эфирийн тос зэрэг oлдоц сайтай түүхий эдийг ашиглан доорхи бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх технологийг боловсруулан хүрээлэн дээрээ үйлдвэрлэж байна. Үүнд: үе мөчний өвчнийг эдгээх зориулалт бүхий шингэн ба тосон түрхлэг хэлбэртэй “Давирхайтай тос”, “Давирхайтай сүүлний тос”, “Уруулын бальзам”, үс ургуулах, нөхөн төлжүүлэх зориулалт бүхий хүний “Үсний тэжээлийн тос” зэрэг бүтээгдхүүнүүдийг дурдаж болно. Бүтээгдэхүүнүүдийг маань ард иргэдээс гадна амралт сувиллын газрууд олноор захиалан авч хэрэглэж байна. Нэг үеэ бодвол хүмүүс мэддэг, захиалдаг болсон.

-Сүүлийн үеийн шинэ судалгаа шинжилгээний ажлынхаа тухай сонирхуулаач?

-Миний бие “Исэлдэлт ба хавдрын эсрэг үйлдэлтэй ургамлын бодисын бүтэц, байгуулалт, технологи, тэдгээрийн биологийн идэвх” зэрэг суурь судалгааны төслийн гүйцэтгэгчээр ажиллаж Үмхий жавай, Тагийн шимэрс, Санжгар цооргоно, Дэрэвгэр жиргэрүү, Буриад хонин зажлуур зэрэг ургамлуудын фитохимийн судалгааны ажил хийсэн. Мөн ОХУ-тай хамтарсан суурь судалгааны /РФФИ/ “Сэргээгдэх түүхий эд нь хавдрын эсрэг чиглэгдсэн агентуудын эх үүсвэр болох нь. Сибирь ба Монголын ургамлын бага молекулт метаболитуудын бүтцийн анализ ба чиглэгдсэн химийн хувиралт” нэртэй олон улсын төслийн удирдагчаар ажиллаж байна.

З.Цэгмид: Эрэгтэй хүүхдийг 13 нас хүрэхээс нь өмнө хөвч таслах хагалгааг хийдэг
З.Цэгмид: Эрэгтэй хүүхдийг 13 нас хүрэхээс нь өмнө хөвч таслах хагалгааг хийдэг
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.