Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт “Монгол шуудан" компанийн ажилчид ажил хаяна хэмээн зарлаж байлаа. Учир нь төрийн өмчит тус компанийн захирал Ц.Батсайханыг ажлаас хусч, оронд нь ОБЕГ-ын даргаар ажиллаж байсан Т.Дуламдоржийг томилох болсныг эсэргүүцжээ. Тэгвэл өнөөдөр ажилчид нь ажлын байрандаа сануулах ажил хаялтаа хийв. Ажилчид 10 цагийн үед тийнхүү сууж байтал гаднаас өнөөх шинээр томилогдох Т.Дуламдорж нь явж оржээ. Гэтэл ажилчид нь “Та эндээс зайл” хэмээн шууд хөөсөн байна. Төрийн өмчийн хорооноос компанийнх нь ТУЗ-д Т.Дуламдоржийг захирал болгуулахаар санал ирүүлсэн боловч ажилчид хүлээж авахгүй нь бололтой. Нөгөөтэйгүүр, Т.Дуламдорж нь Шадар сайд асан Д.Тэрбишдагвын ойрын хүн бөгөөд олон жилийн турш туслахаар нь ажиллаж байгаад Н.Алтануягийн Засгийн газар байгуулагдахад ОБЕГ-т даргаар томилогдсон юм. Т.Дуламдорж ОБЕГ-т тийм ч сайн ажиллаж байгаагүй аж. Тэрбээр урьд нь цэргийн байгууллага бүү хэл цэрэгжсэн байгууллагад ч ажиллаж байгаагүй бөгөөд тус газрыг нутаг нугын болон МАХН-ын, мэргэжлийн бус хүмүүсээр бараг дүүргэж, ашиг сонирхолын зөрчилд нэр холбогдож байжээ. Түүний “тавиул” хүмүүс одоо ч тус газарт ажиллаж байна.
Т.Дуламдорж нь Д.Тэрбишдагвынхаа төрөн ахыг өөрийн зөвлөхөөр ажиллуулж байсан юм. Түүнчлэн цагдаагийн албанаас тэтгэвэрт гарсан Энх-Амгалан гэгчийг Орхон аймгийн Онцгой байдлын дарга болгож байв. Мөн Өмнөговь аймгийн Онцгой байдлын даргаар МАХН-ын “цогтой тэмцэгч” гэгддэг Буяндэлгэрийг томилсон гэх мэтээр ОБЕГ-ыг ашиг сонирхол дагуулсан “тавиул”-уудын бөөгнөрөл болгож байжээ. Тиймээс иргэн С.Цэндбаатар гэгч нь энэ бүхнийг хуульд нийцүүлэхээр Авлигатай тэмцэх газарт хандаж байсан боловч тэгсхийгээд таг чиг өнгөрөөсөн гэдэг. Т.Дуламдоржийн иймэрхүү байдлыг “Монгол шуудан” компанийн ажилчид аль хэдийнээ мэдэх болсон тул тийнхүү эсэргүүцэж буй хэрэг ажээ.
Б.Отгонбаяр
Эх сурвалж: Tumen.mn