Оргүй бол юу гэж тэгэх вэ, “юм” байгаад л Ерөнхийлөгчийн зарлигаар тахидаг биз
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
20 минут 6 секунд
Оргүй бол юу гэж тэгэх вэ, “юм” байгаад л Ерөнхийлөгчийн зарлигаар тахидаг биз

Оргүй бол юу гэж тэгэх вэ, “юм” байгаад л Ерөнхийлөгчийн зарлигаар тахидаг биз


Энэ бол мөнхийн гэхээр маргаантай сэдэв л дээ. Дэлхийн бүхий л улс, оронд буг чөтгөрийн тухай ойлголт буй. Ийм ойлголтгүй газрыг хаанаас ч хайгаад олохгүй. Цорын ганц тохиолдолд буюу социализмын үед л харин буг чөтгөрийн тоо цөөрсөн гэдэг билээ. Устаагүй, цөөрсөн гэдэг шүү. Монголчуудын дотор буг чөтгөрөөс гадна ад тийрэн, босоо ороолон, албин бирд, шулам див гэсэн ойлголт байдаг. 

Нэг үгээр хэлбэл, эсрэг талын “баатар”-ууд юм. Нөгөө талд нь лус савдаг, эзэн гэдэг “баатар” оршино. Бид энэ удаа эзэн, лус савдгийн талаар ярилцах юм. Хэдийгээр социализмын үе ч гэлээ бидний багад лус савдаг, түүнийг хилэгнүүлж болохгүй гэсэн ойлголт байсан юм шүү. Жишээгээр ярья л даа. Манай нутагт хэн ч халдашгүй хэд хэдэн газар байв. Намаржааны үзүүрийн хэдэн тарвагыг алж болохгүй. Хар-Усны загаснаас идэж болохгүй. Бургастын бургаснаас түүж болохгүй.

Хообулагийн горхид хир оруулж болохгүй гээд л ярих. Ганц манай нутагт ч биш халхын нутаг дэвсгэр дээр ийм газар, ус, амьтан бишгүй. Танай нутагт ч байж таарна. Нийслэлийг тойрсон Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх хайрхан бүгд өөр өөрийн эзэнтэй гэдэг биз дээ. Заримыг нь бүр дүрслэн ярих бөлгөө. 

Намайг багад манай нутагт нэг их ган болов. Яагаав, нөгөө “Икар” гаригтай жил. Дэлхий “Икар”-тай мөргөлдөн сөнөх юм гэсэн яриа ид шуугиан тарьж байсан жилийн зун л даа. Дэлхий сөнөнө гээд хүлээгээд суултай биш, хэдэн мал, хүн амьтан хэцүүдэх нь ээ. Бороо хараад нэмэргүй бололтой. Ойрд борооших шинж алга. Зуслангийн уулыг тахивал яана? Гомдлын мөр үзээд алдах уу? Гомпил өвгөн л чадна гэх зэргээр томчууд ярилцаж авай. Байр байдлаас нь үзвэл их л сонин юм болох төлөвтэй. Тэр үеэс нэг юм миний балчир ухаанд хадагдсан билээ. Газрын буюу уулын эзнийг савдаг, усныхыг лус гэдэг юм байна гэх ойлголт л доо. За, тэгээд уулаа тахих юм боллоо. Маргаашийн мандах нарнаар тахина.

Ашгүй өвгөн зөвшөөрлөө. Хэнд ч энэ тухай ярьж болохгүйг хэлээд хүүхэд, багачуудыг ч гэсэн оролцуул гэсэн хэл түгэв. “Хэнд ч, хэзээ ч хэлэхгүй”-гээ амлаад бидний үеийнхэн үүрээр шахуу аавуудаа даган очив. Дандаа эрчүүд очсон байв. Тэгэх ёстой аж. Би л лав өөрийгөө бараг том эр болчихсон мэт санаж байсан гээд бод доо. Биднийг очиход хэн, хэдийд хийсэн юм бүү мэд, нэг овоо босгож орхижээ. Тахилгын гол хүн Гомпил өвгөн ч ирэв. Зуслангийн улаан уул руу нэг л бишрэнгүй харах ажээ. Угаасаа тийм хүн байсан юм уу, хэн мэдэхэв. 

Минийхээр нэг тийм сүүмийсэн нүдтэй шар өвгөн байв. Овооны хоёр талд хадан тэвш дээр их хэмжээний арц унгатуулав. Тэр нь мөн ч сүртэй байлаа. Тэгж, ингэж байтал нар ч гарах шинжтэй. Тэнгэрийн хаяа улайраад ирлээ. Гомпил өвгөн “Нөгөө юмаа аваад ир” гээд аав руу харав. Хэдийдээ төхөөрсөн юм, ёстой чөтгөр бүү мэд, цагаан даавуунд ороосон өвчүү авч ирэв. Цорой нь унжиж байсан тул өвчүү гэдгийг мэдсэн л дээ. 

Гомпил өвгөн өнөө өвчүүг авч хажуудаа тавиад овооны оройд гал түллээ. Гал асахын хамт нөгөө өвчүүгээ ч дээр нь тавив. Гал ёстой л дүрэлзэн асаж харагдана. Шад, пад дуугараад их сүртэй асдаг юм билээ. Гомпил өвгөн ч зэрэгцээд урт нарийхан судар гарган өвөр дээрээ дэлгээд нүдээ бүр тас анин уншиж гарлаа. Судраа уншиж байгаад үе үе баруун гараа өргөхөд тэнд хурагсад дагаж уухайлаад мөн ч сүртэй байлаа. Ажвал томчууд амандаа нэгийг хэлэн байв. Бодвол бороо, хур гуйж байгаа бололтой. Нар ч хөөрөөд эхэллээ. 

Гомпил өвгөн судраа эвхэж өвөртлөөд нүдээ хагас нээн овооны гал руу ширтэн хэсэг суулаа. Бүгдийн анхаарал түүн дээр туссан байсан даа. Хэсэг чимээгүй сууснаа “За, Зуслангийн уулын савдаг ирлээ. Шарга морьтой, улаан дээлтэй, цагаан сахалтай өвгөн ажээ. Маргааш бага үдэд бороо хайрлахаа хэллээ. Тэр овоог тойрчихоод явлаа” гэв. Томчууд их л сүслэн харагдана. Өвгөн босоод ч овоогоо нар зөв тойров. Бид ч дагалдлаа. Ингээд гэр гэртээ харьцгаав. Тэнд заводын гэх хориод айл зусаж байсан билээ. Тэр өдөр ч нохой гаслам халуун байлаа. 

Манайхны ноход орох газраа олж ядан зарим нь тэргэн доогуур ч шургажээ. Тэрхүү халуун өдрийг тэсэж ядан үдэв. Өглөө сэрээд гарвал мөн л халуун шатах янзтай. Тэнгэрт бүртийх ч үүл алга аа. Бид ч гайхаж орхив. Бороо ороход заавал үүл гардгийг мэддэг байсан хэрэг л дээ. Тэгж байтал айлууд аргал, түлээгээ хучих юм цуглууцгааж эхлэв. Манайхан ч дуухайлаа. Төдөлгүй тэнгэр баруун хойноос гэнэт бүрхэж, бараан хөх хурын үүл гардаг юм даа. Ёстой хачин бөгөөд санаанд багтамгүй юм шүү. Нэг харвал бороон чимээ шаагин, хөшиг мэт цайрсаар айсуй. Айлууд аргал, түлшээ ч хучив. Бид ч адилхан хучлаа. 

Ингээд бороо ч оров. Бүр үе үе цахилгаантай бороо орсон гээч. Манайхны хот айлын бидний үеийн хүүхдүүд чармай нүцгэлээд бороонд гүйж билээ. Түүн шиг сайхан мэдрэмж төрж байсан тохиолдлыг хожим нь сайн санадаггүй бөлгөө. Бороо үе үе ширүүсэж бас сааран өдөржин орсон юм. Нар жаргахаас арай өмнөхөн нөгөө бороо огт байгаагүй мэт арилж, ер бусын сайхан нар гарч, хангай дэлхий ногоорон, долоон өнгийн солонго татсаныг өдийд ч яахин мартах билээ дээ. Тэрийг би үнэхээр Гомпил өвгөний ач гэхээс өөрөөр тайлбарлаж үл чаднам. 

Маргааш нь маш сонин юм тохиолоо. Өвгөн хараахан яваагүй байсан юм. Үеийн нэгэн өвгөнийд ганц хоёр хонохоор шийдсэн юм билээ. Тэр айл нь манайхаас нэг их холгүй байлаа. Өглөөний сааль дуусах алдад хүүхдүүд гэнэт “Тарвага, тарвага” гэх нь тэр. Заасан зүг рүү нь харвал нэг цав цагаан тарвага бага зэрэг амсхийгээд гүйж байлаа. Их л хол явах шинжтэй үзэгдэнэ. Зуслангийн уул хавьцаа тарвага байхгүй л дээ. Том, багагүй л сонирхоцгоов. Сонин юм нь юу вэ гэхээр тэр хавийн ганц ч нохой түүнийг дайрах нь бүү хэл хуцсан ч үгүй. 

Яг энэ үеэр Гомпил өвгөн бидний хажууд хүрээд ирэв. Тэгээд тарвагыг харсанаа “Тэгнэ ээ, тэр. Хэт их ган болов. Амьтад хүртэл амьдрах аргаа хайж байна даа. Энэ янзаар байсан бол тарваган дотор өвчин гарах нь мэдээж. Түүнээс сэргийлэхийн тулд энэ тарвага хужирт явжээ. Хужир дутахаар тарвага өвчилдөг юм. “Хэлдэггүй хэцүү нэрт” тусдаг гээд, энэ тарвагыг үргээж болохгүй шүү. Чоно, нохой, бүргэд аль нь ч хүрэхгүй. Учир мэддэггүй хүмүүс л аюултай гэж билээ. Байгалийн зохилдлогоо гэж сонин шүү. Алсын бараа харж, чимээ авсан л бол хуцаж, боргоод сүйд болдог ноход лав түүн рүү дайраагүй билээ. Өөр тарвага байсан бол өнгөрнө л дөө. 

Томчууд хүртэл буу шийдмээ шүүрээд яах байсан бол? Гэхдээ энэ нь лус савдагтай хамаагүй байсан даг. Энэ үед их үд болж байв. Бас л борооших шинжтэй болоод ирлээ. Өвгөн “Гурван хоног бороошино. Өчигдрийнхөөс арай бага орно. Маргааш бүр бага орно. Тэгээд ган тайлагдана аа” гээд явав. Хэлсэн ёсоор болсон билээ. Энэ явдлаас хойш яагаад ч юм хангай дэлхийгээ сүслэх бодол төрснийг одоо ч санадаг юм. Харин сургуульд орсноос хойш бидний толгой “буруу тийш”-ээ эргэчихсэн билээ. Одоо бодоход шүү дээ. 

Тийм юм байтугай буг чөтгөр ч үгүйг тархиндаа шингэтэл номлуулсан даа. Бас нэг юм хэлэхээ мартчихаж. Тэр жил нөгөө дэлхийтэй мөргөлдөх байсан гариг ч зөрж орхив. Хичээл, сургууль эхлэх дөхсөн тул хүүхдээ сургуульд өгөх айлууд сумын төв рүү алхам алхмаар дөхөж байлаа. Зуслангаас намаржаа руу, түүнээс сумын төв рүү нүүдэг байсан юм. Одоогийнх шиг машинаар бус тэмээгээр нүүх болохоор замдаа хэд хоног амсхийдэг байсан юм болов уу даа. Манай заводынхон гурав тасарч нүүлээ. Манайх ороод зургаан айл Хоёр толгой гэдэг газар түр амсхийх болов. 

Хажуугаар нь Хатуугийн гол гээд уулын догшин усан их л ширүүн урсдагсан. Уулын гол мөртлөө загастайг нь яана. Тэрхүү голыг догшин гээд хүүхэд багачуудыг ойртуулдаггүй байв. Тэгээд ч бидний үеийнхэн сургуульд орох арай болоогүй, балчирдуу байснаас тийшээ нэг их зүглэдэггүйсэн. Аав, ээж хориод болох биш. Тэгтэл хажуу айлын Шараа, Бороо гэдэг хоёр хүү юм л бол тийшээ загасчилдаг болов. Бид томчуудын нүд хариулаад дагаж сонирхоно л доо. “0”-ийн утсанд зүүгээр хийсэн дэгээ бэхлээд, чийгийн улаан хорхой сүлбэн загас барьдгийг нь хардаг байв. Загас ихтэй байсан юм уу даа, тун амархан баригддагсан. 
 

Бас болоогүй ээ. Барьсан загасаа хээр шарж иднэ. Тэгж байтал Шараа өвдсөн сураг гарлаа. Биеэр нь юм туураад, хоёр хөлийнх нь үеэр өвддөг болсон гэх. Тэгж байтал бүр суугаа болж эхэлсэн юм байх. Аав гэрээр нь орж ирээд “Тэдний хүү чийг бамтсан бололтой. Ямааны шүүрхий элэг идүүлэхээс “ гээд нэг ямаа гаргав. Би элэг өгөх далимаар тэднийд орлоо. Шараа хөнжилд ороолгон хэвтжээ. Босож, элэг идэх гээд өндийхийн тулд их л хүч гарган үе үе ярвайх ажээ. Ёолж байгаа нь бас мэдэгдэв. Элэг идээд ч тус болсонгүй. Нэг эмгэн хэлжээ. 


- Наадахь чинь чийгтэйгүй ээ. Зунжин тараг уучихаад бамтаад байхдаа яахав. Жараахай хөөгөөд байна гэх чинь билээ. Лус уурлуулаа биз. Гомпил өвгөнийг авчирвал таарна. Тэр л аргалж магадгүй гэжээ. Томчууд ч шуугилдаад явчихав. Ингээд аав маань өвгөнийг авчрахаар явсаныг нь одоо эргээд санахад нүднээ тусах мэт сонин бас сайхан сэтгэгдэл төрөх авай. Аав өглөө мордоод өдрийн алдад цавьдар морь унасан, шар дээлтэй Гомпил өвгөнийг аваад ирлээ. Шууд л нөгөө айлд буугаад орчихов. Цай, хоол болсон биз жаал удаад аав гарч ирлээ. Тэгснээ ээжид ярьж байна аа. 

- Гооёо үзлээ. Хавцлын голын лус хилэгнэсэн юм байх аа. Маргааш өглөөгүүр аргадна гэж байна гэв. Гооёо өвгөн орой нь манайд морилов. Ээж, аавтай энгийн юм ярьж байснаа, Хавцлын гол их догшин шүү дээ. Би мөн ч их захисан даа. Залуус та нар ер үг авахгүй юм. Харин хожимдоогүй байж. Тэгсэн бол амь насаа ч алдана. Тэгдэггүй юм гэхнээ насаараа суугаа болно. 
Ямар сайн байхав хэмээн тамхилж суусан бүлгээ. Маргааш өглөө нь гол тахихаар явлаа. Гэрийн эрчүүд, эрэгтэй хүүхдүүд явсан санагдана. Яагаад ч юм уул, ус тахихад эмэгтэйчүүд очдоггүй юм билээ. Аав Шарааг үүрээд бусад нь дагалаа. Тэр хэдэн айлын сайн, муу бүхэнд аав оролцдогсон. Одоо бодохноо, тэр хэдэн айлын идэр ганц эр нь аав байсан юмдаг уу даа. Голын лусыг уулынхаас өөрөөр тахидаг бололтой. Овоо босгож, гал түлж, өвчүү шатаасангүй. Голын хоёр эрэгт арц уугиулав. Сан тавьсан мэт их утаа суунаглаж байсан нь их л тод санагдана. 

 

Тэгээд л нөгөө судраа уншаад Шарааг үе үе голд мөргүүлээд байв. Тэгж байснаа мөн л аав руу харснаа “За, одоо хүүг хөтлөөд голоор гатлуул” гэх нь тэр. Бид бүр гайхаж хоцров. Явж чадахгүй байсан хүн яаж гол гатлах билээ. Аав ч үгээр нь болов. Гэтэл өнөө Шараа гэнэт майжигнан босоод, аавд хөтлүүлэн гол гаталдаг байгаа. Ёстой үзээгүй юмаа өөрийн нүдээр үзэв. Шараа ч машид гайхаж байгаа бололтой харагдсан. Нэг үгээр хэлбэл, нүдэн дээр эдгэж эхлэхгүй юу. Өвгөн мөн л судраа өвөртлөөд “За, боллоо. Дахиж лусын амтан үргээв ээ. Ус авч, мал услаж болно. Бохир шанага, саваар авч болохгүй шүү” гэж билээ. Хоёр гурван орой угаалга, утлага хийгээд Шараа эдгэсэн билээ. Эмнэлэг, эмч нар яах байсан юм бол, ёстой чөтгөр бүү мэд. Тэр цагаас хойш надтай дахин ийм юм таарсангүй. Ерээд оноос л гэнэт газар, ус тахих үйл буцаад дэлгэрсэн дээ. Одоо бүр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар зарим уул, усыг тахидаг болжээ. Тийм тахилга хэд хэдийг сурвалжлах завшаан надад тохиосон юм. Тэгэх болгонд л нөгөө тахилгууд санаанд орох бөлгөө. 

Тэр жил Очирваань хайрханыг тахих ёслолыг сурвалжлав. Ер нь аймгийн наадмын дайтай цэнгэл хийсэн шүү. Ёслолыг нээж Ерөнхийлөгч үг хэлсэн. Дараа нь хуваргууд номоо уншив. Ёстой сүртэй овоо босгон, сан тавин, өвчүү шатаан номоор нь хийсэн дээ. Тахилгын дараа бөхөө барилдуулж, нум сум харван, морь уралдуулав. Айраг цагааны элбэг дэлбэгийг яана. Сайхан наадацгаалаа. Найр наадмын үед ёс юм шиг гардаг хэрүүл тэмцэл, зодоон цохион огт болоогүйг хэлмээр байна. Согтуу хөлчүү хүмүүс уг нь бишгүй л байсан даа. Тэнд очигсод нэг л сүслэнгүй байсныг ч санаж байна. Шашингүйн үзлээр тархиа зад угаалгасан мань мэтийн мунхагууд хүртэл нэг л “номхорчихсон” харагдана лээ. Хотлоороо тийм болчихоор дагадаг юм билээ. Яг л сүмд яваа юм уу театрт очсон мэт сэтгэгдэл төрж байсан юм шүү. Эндээс нэг сонин асуулт урган гардаг юм. За, яахав. Зан заншлаа бодоод Очирваанийг тахиж гэе. Тэгэхдээ чухам юуг нь тахисан юм бол? Хоосон юм тахиагүй нь мэдээж. 

Олон янзаар бодсон доо. Нэгд, бусад газар, устай адил Очирваань савдагтай байж таарна. Тийм аваас савдгийг нь тахихгүй хаачих билээ. Савдагтай бол тэр нь ямар янзын “амьтан” байж таарах вэ? Ихэнх газар усны савдаг, лус хүн дүртэй, дээр өгүүлснээр бүр шарга морьтой, улаан дээлтэй, цагаан сахалтай өвгөн мэт байдаг гэх. Хоёрт, зарим нь болохоор эвэр, туурайтай этгээд амьтан ч байдаг тухай ярих. Энэ бүхний цаана нэг л юм яригдаад байгаа биз. Тэрхүү газрын “эзэн”-ий тухай л яриаг хэлээд байна, би. За, бүгд эзэнтэй байж. Тэгэхээр бүгдийг яагаад тахидагүй билээ гэх бас нэг асуулт гардаг юм. Хамгийн сонирхолтой нь, Ерөнхийлөгч яагаад зарлиг гаргана вэ гэдэг асуулт болой. Нэг бол жинхэнэ “символик” тахилга байх. Эсвэл, огт үгүй юмыг тэгмээргүйсэн. Тэрэндээ тулбал ямар нэгэн “юм”-тай болоод л тийнхүү Ерөнхийлөгч зарлиг гарган, улс, орон нутаг хөрөнгийг нь гарган тэгдэг байх. Ирэх зун ямар билээ нэгэн хайрханыг тахих юм гэсэн. Болдогсон бол бүхий л уул, усаа нэгмөсөн нэг сайн тахимаар санагдана. Хангай дэлхий уясч биднийгээ ивээх ч юм бил үү?

Эх сурвалж: www.wikimon.mn

“ЗАГИЙН УСНЫ ХООЛОЙ”-Н ТӨСЛИЙН АЖИЛ 69.7 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА
“ЗАГИЙН УСНЫ ХООЛОЙ”-Н ТӨСЛИЙН АЖИЛ 69.7 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.