Энэ жилийн сонгуульд зөвхөн хэдэн малчин л орох бололтой юм аа даа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 8 секунд
Энэ жилийн сонгуульд зөвхөн хэдэн малчин л орох бололтой юм аа даа

Энэ жилийн сонгуульд зөвхөн хэдэн малчин л орох бололтой юм аа даа

Монголд энэ өвөл айхавтар зуд боллоо. Хаврын сар гарсан ч зуд үргэлжилж байна. Бүгд л анзаарч, халаглаж байна. Нийгмийн хандлага янз бүр. Төр засаг, эрх баригчдын зүгээс онцгой анхаарч, халамжилсан байдалтай. Зарим өдөр ч төр засгийн ордон дотор хамгаалалтын хэдэн ажилтнаас өөр хүн байхгүй юм шиг харагдах.

Хаачив гэхээр “Зуданд явсаан” л гэх. Зарим сайд, дарга нарыг хараад “Энэ нөхөр зудан дотор юу хийж яваа юм бол, муу эр дайнд хөөрнө гэгчээр” гэж зүйрлэмээр. Ер нь бол эрх баригчид, Засгийн газрын гишүүд, УИХ-ын гишүүд, яам тамгын газрынхан, ерөөсөө бүгдээрээ төрийн ажлыг хаяад, хатуухан хэлэхэд эх орноо хаяад зуд руу алга болжээ.

Харах нь ээ, оросын том том ямбий ногоон машинуудыг маниулдаж асаасан, кабин дотор нь чихцэлдэж суусан гишүүд дарга нар тэвшин дээр нь хэдэн боодол өвс аччихсан явцгааж байх. Тэгж очоод өгч байгаа юм нь нэг малчин өрхөд гурван боодол өвс, нэг шуудай тэжээл. Түүгээр хэдэн зуун малаа онд оруулж чадах уу. Ядаж 100 боодол өвс аваачаад хотонд нь буулгаж байгаа бол ойлгохсон. Иймхэн ажлын төлөө энэ олон гишүүн, сайд дарга нар Намынхаа баярыг, Ураны гэрээг мартан малчид минь, малчид минь гэцгээж байна. Монгол Улсын Засгийн газар нөөц хөрөнгө, эрсдлийн сангийн мөнгөө малчдад өгөөд дуусах нь шиг байна. Малчдын зээлийг тэглэхээр яриад, хугацааг нь сонгуулийн сурталчилгаа эхлэх өдрийг тооцон сунгалаа. Малчны зээлийг нэг жилээр сунгаж, хүүг төрөөс хариуцна гэж байгаа ч, дундын хувилбар нь бол сонгуулийн явцыг харж байгаад зургадугаар сарын дундуур дахин хуралдаад “Малчид минь сүйрлээ, аваръя” гэсэн уриатайгаар санал авахын урьд өдөр тэглэж мэдэх нь. Ийм л юм руу явж байна. Эрчим хүчний сайд нь хүртэл Амгалангийн станц дэлбэрч, хот цахилгаангүй болох аюул нүүрлээд байхад “Малчдын төлөө” гээд манаргаж яваа нь хийрхэл биш үү. Ингэтлээ малчид руу шуурч, хамаг байдгаа зарцуулж болж байгаа юм уу… Монголд малчдаас өөр асуудал байхгүй юм уу, маш олон чухал асуудал шил шилээ даран хүндэрч байна шүү дээ. Ер нь Цар тахлын онцгой хүнд үед ч нийгмийн цөм масс, гол хөдөлгөх хүч болсон эмч, эмнэлгийн ажилтнууд, багш нараа ингэж анхаарч байсан уу. Үгүй шүү дээ. Сүүлдээ зуд бизнес болох зам руугаа явчихлаа. Зудын хүнд нөхцөлд байгаа сум оронд машин өгч эхэллээ гэсэн нь хэн нэгэн том даргын далд бизнес харагдах жишээтэй. Том дарга нарын хамаарал бүхий компаниудын доллар гадагш урсгадаг бизнесийг дэмжсэн үйл хэрэг болов. Малчдын өргөн хэрэглээний бараа,

тэднийг эм бэлдмэлээр хангах, бензин шатахууны нөөцөөр хангах… гэхчлэн малчид руу урсгаж эхэлсэн хөрөнгө мөнгө бүхэн томчуудын хамаарал бүхий компаниудын бизнесийн дэмжлэг болж хувирлаа.

Үнэн хэрэг дээрээ малчин түмэнд үндсэн хоёрхон зүйл л нэн шаардлагатай байгаа. Энэ хоёроос бусдыг нь бид өөрсдөө болгоно, даван туулна гэцгээж байна. Нэгдүгээрт, өвс тэжээл зээлээр өгөөч гэж. Хоёдугаарт, хүн бүл дутаж байна л гэж байгаа. Гэхдээ эдгээр хоёр асуудлыг өөрсдийнх чинь, гэр бүл, ах дүүс дотроо шийдэх асуудал гээд хаяхад хэн нь ч бухимдаад байхааргүй юм. Гэтэл малчдын бэрхшээлийг сонгуулийн бүтэц болгосон улстөрчид зудан дээр зуд нэмэн бөөн бөөнөөрөө очицгоож байгаа нь улс орны нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна.

Бодит амьдрал дээр “Бидний зээлийг хөнгөлөөд, тэглээд өгөөч” гэсэн малчин байхгүй шүү. Тэд басчиг үндсэн ухамсартай. Монгол зангаараа “Хүнээс авсан бол заавал буцааж өгөх ёстой” гэсэн өвгөдийн философитой хүмүүс. Бодит үнэн ийм байтал улс орныг, нийслэлийг тэр чигээр нь хаячихсан баахан сайд, дарга, гишүүд нар цасан дундуур том том жиптэй, олон бараа бологч дагуулчихсан “Малчин түмэн минь сөнөх нь” хэмээн сүржигнэн давхилдаж байгаа нь үнэндээ сонгууль юм. Сонгуулийн сурталчилгаандаа орсон хэрэг юм. Энэ байдлаараа бол Их хурлын сонгуулиар зөвхөн малчид л оролцох, санал өгөх эрхтэй, бусад нь сонгуульд оролцохгүй юм шиг байна. Зудын томилолтоосоо одоо хүртэл буугаагүй, зуд гэсэн үг аманд нь уяатай, зудыг нийгэмд сэдэв хэвээр байлгаад байгаа нь сонгуулийн сурталчилгаагаа дуусгах дургүй байгаагийн тод илрэл. Энэ бол эрх баригчдын хэрээс хэтэрсэн үйлдэл, улс орны хувь заяаг өөрсдөдөө ашигтайгаар эргүүлж буй улс төрийн технологи юм.

Н.Өнөрцэцэг АН-аас УИХ-д нэр дэвших хувилбар яригдаж эхэлсэн үү
Н.Өнөрцэцэг АН-аас УИХ-д нэр дэвших хувилбар яригдаж эхэлсэн үү
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.