С.Бүжин: Уран бүтээлээ туурвихдаа үзэгчийн нүдээр харж, өөрийнхөө үзэхийг хүсдэг киногоо бүтээхийг эрмэлздэг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
13 минут 30 секунд
С.Бүжин: Уран бүтээлээ туурвихдаа үзэгчийн нүдээр харж, өөрийнхөө үзэхийг хүсдэг киногоо бүтээхийг эрмэлздэг

С.Бүжин: Уран бүтээлээ туурвихдаа үзэгчийн нүдээр харж, өөрийнхөө үзэхийг хүсдэг киногоо бүтээхийг эрмэлздэг

Монголын нэгэн сайхан аавын бодит түүх хүн бүрийн сэтгэлд хоногшсон “Сайн аав” киноны ерөнхий найруулагч, ерөнхий зохиолч С. Бүжинтэй та бүхнийг уулзуулж байна. Түүний хамгийн сүүлийн уран бүтээл “Сургуулийн сүнс” аймшгийн кино үзэгчдийн хүртээл болоод удаагүй байгаа билээ.

-Сайн байна уу? Бидний урилгыг хүлээн авж манай сайтын хамгийн анхны зочин болж байгаад тань маш их баярлалаа.

- Юун түрүүнд энэхүү нийтлэлийг уншиж байгаа уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэж байна. Анхны зочиноо болгож урьсан танай сайтын хамт олонд бас баярлалаа.

- Та өөрийгөө манай уншигчидад товчхон танилцуулаач.

- За, намайг Соёлбаатрын Бүжин гэдэг одоо 32 настай. Соёлын дээд сургуулийг компьютер графикч дизаинераар төгсөөд телевизед мэргэжлээрээ хэсэг ажиллаж байгаад КУДС-г найруулагч мэргэжлээр суралцаж төгссөн.

- Хамгийн анхны уран бүтээлийнхээ талаар ярьвал

- Их сургуулиа дөнгөж төгсөөд интернет ухаад сууж байтал “Хэн нэгэн” гээд иргэний хөрөг нэвтрүүлгээр Т. Даваасүрэн ах гарч байсан. Тэр нэвтрүүлгийн би хоёр удаа үзсэн. Хоёр дохь удаагаа үзэхэд миний сэтгэлд маш хүнд туссан. Учир нь манай гэр бүлийн түүхтэй их адилхан санагдсан. Намайг бага байхад манай гэрийнхэн цайны печень хувааж идээд, дүн өвлөөр түлээгүй, гутлаа шатааж гэрээ дулаацуулдаг тийм л айл байсан. Аав ээж хоёр маань байгаагаараа биднийг өсгөх гээд зүтгэж байсан дүр зурагтай маш адилхан санагдсан. Тэгээд би яг үүнийг л кино болгож, дэлгэцэнд мөнхлөх ёстой юм байна, Хүн байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байх ёстой юм шүү гэдгийг үзэгчидэд хүргэхээр шийдээд кино зохиолын ажилаа эхэлж байсан. Бодит хүний түүхийг дэлгэцнээ гаргах гэж байгаа учраас эхнэрээс нь зөвшөөрөл авах ёстой байх гэж бодоод Т. Даваасүрэн ахын эхнэр Амараа эгчтэй холбогдоод зөвшөөрөл аваад кино зохиол дээрээ зунжин Амараа эгчтэйгээ холбогдож ажиллаад дуусгаж байсан. Тэгээд л кино зохиолоо кино уран бүтээл болгох ажилд ханцуй шамлан орж байлаа. “Сайн аав” киног бүтээхэд миний төрсөн ах Чулуунтогтох маань хамгийн том дэмжлэг үзүүлж байсан.

- Анхныхаа уран бүтээлийг дэлгэцээр үзэхэд ямар мэдрэмж төрж байсан бэ.

- Театрт үзэгчидтэй үзэхэд үнэхээр сэтгэл хөдлөм байсан. Эргэн тойронд сууж байсан хүмүүс маш гоё хүлээж авч үзэж байсан, маш их уйлсан тэр бүгдийг харж байхад “Би үнэхээр энэ ажлын ард гарчихсан гэж үү? Миний уран бүтээлийг үзэгчид үзэж байна гэж үү” гээд итгэж өгөхгүй маш их догдолсон.

- Таны хамгийн сүүлийн уран бүтээл “Сургуулийн сүнс” МУСК хэдхэн хоногийн өмнө нээлтээ хийлээ. Энэ киноныхоо зохиол дээр та өөрөө ажиллав уу? Энэ уран бүтээлийнхээ талаар ярьвал.

- "Моролаш" инээдмийн цуврал маань 3 бүлэгтэй, бүлэг бүр нь 8 ангитай. Тэр цувралд “Сургуулийн сүнс” гээд богино хэмжээний аймшгийн хэрнээ инээдмийн төгсгөлтэй анги байдаг. Тэр зохиолоо өргөжүүлээд бүрэн хэмжээний кино болгоё, гэхдээ яг аймшгийн төрлөө барьж хийе гэж шийдээд “Red burger” Youtube сувгийг ажиллуулдаг дүүтэйгээ холбогдоод “Сургуулийн сүнс” киноныхоо зохиолыг бичиж байсан. Би өөрөө өөрийгөө хэцүү зүйлд сорих дуртай хүн байхгүй юу, (Инээв). Тийм болохоор энэ удаа яг “аймшгийн” төрөл жанарыг барьж аваад бүтээл туурвья гээд хийсэн. Зохиолын хувьд аймшгийн төрлийн уламжлалт жанарыг барьж хийсэн. Кино зураг, зохиол гээд бүх үйл явц дээрээ маш их судалгаа хийж байж бүтээсэн. Би өөрөө найруулагч хүн учраас өөрийнхөө үзэхийг хүсдэг киногоо найруулж бүтээхийг хүсдэг. Тийм болохоороо бас “Сургуулийн сүнс” киног илүүтэй дурлаж, хайрлаж хийсэн.

- Таны уран бүтээлүүдийн ихэнх нь хүүхдийн кино байна л даа. Яагаад заавал хүүхдийн киног түлхүү хийдэг вэ?

- Анх би “Сайн аав” кинон дээрээ 5 хүүхэдтэй ажилласан. Хүүхдүүдээ нэг газар байлгаад халуун дулаан гэр бүлийн уур амьсгалыг бүрдүүлэх арга барилаар ажилласан. Хүүхдүүдийг нэг газар байлгаад кино зургаа авахад жүжиглэлт нь илүү үнэн байсан. Мэргэжлийн сургууль төгссөн мэргэжлийн хүмүүс биш шүү дээ. Чиний амьдралд яг ийм зүйл тохиолдож байна, чи аавыгаа баярлуулна шүү за юу! чиний гол зорилго бол аавыгаа л баярлуулах гээд хэлээд өгөхөөр би аавыгаа ингэж баярлуулах байсаан гээд кино зурагт аягүй сайн бэлтгэлтэй ордог. Манай 5 хүүхдийн бага нь 5хан настай охин. Тулгаа ах надад хэлж байсан л даа “хүүхэд, нохой 10 дубль шүү, хэцүү шүү” гэхэд надад эсэргээрээ хүүхдүүдтэй ажиллахад илүү дөхөм санагдсан. Хүүхдүүд маань томчуудаас ч бага дубль явсан. /инээв/ “Сайн аав” киноны дараа “Залуу мөрдөгчид” бүрэн хэмжээний уран сайхны кинон дээр бас хүүхдүүдтэй ажилласан. Кино маань “Солонгос улсын Бучаны Фантастик филм фестивальд” оролцсон. Түүнээс маш их урам зориг авсан. Тэгээд л ер нь хүүхдийн уран бүтээл маш гэгээлэг, надад ээлтэй юм байна гэж бодоод ихэвчлэн хүүхэд залуучуудтай ажиллах болсон.

- "Моралаш" инээдмийн цуврал нь 3 бүлэг 24 ангитай нэлээн том төсөл байна. Уран бүтээлчид, уран бүтээлийнхээ талаар сонирхуулаач

-Моралаш киноны арын албаны ажилчид, жүжигчид гээд бүгд хүүхдүүд байсан. Найруулагч, зураглаачаас бусад нь бүгд хүүхдүүд оролцсоноороо маш сонирхолтой. Уран бүтээлч хүүхдүүдээ Про стар фильмийн дэргэдэх “Cine art” дугуйлангийнхаа төгсөгч хүүхдүүдээс сонгон шалгаруулж авсан.

- Хүүхдүүдтэй ажиллахын давуу талыг дээр дурьдсан л даа. Тэгвэл сул тал байв уу?

- Сул тал бол ихтэй (Инээв). Хүүхдүүд чинь учраа мэдэхгүй, дөнгөж урлагт хөл тавьж байгаа болохоор хэцүү зүйлс ихтэй. Дээрээс нь урлаг өөрөө их хатуу. Хатууг нь хүүхдүүдээ анхнаас хэлж заахыг хичээдэг. Тэгэхгүй бол хүүхдүүд маань гэнэт шантрах тохиолдол ихтэй. Би хамтарч ажиллаж байгаа, сургаж байгаа хүүхэд бүртээ зүрх сэтгэлээ өгчихдөг. Тэгээд хүүхдүүд маань шантраад гараад явахаар нь хойноос нь маш их шаналдаг, боддог бас тэр хүүхдийн маань үлдээсэн хоосон орон зай, тэрнээс авч байгаа мэдрэмж нь их хэцүү байдаг. Энэ л хүүхдүүдтэй ажиллахын сул тал юм даа.

- Хэрвээ та найруулагч болоогүй байсан бол ямар мэргэжилтэй байх вэ?

- Зураач л болох байсан болов уу? Одоо ч чөлөөт цагаараа зурдаг. Удахгүй өөрийнхөө бие даасан үзэсгэлэнгээ гаргана гэж боддог. Багын минь мөрөөдөл учраас мөрөөдлөө биелүүлнэ ээ.

- Бусад уран бүтээлчдээс ялгарах онцлог давуу талаа хувь хүнийхээ үүднээс юу гэж хардаг вэ?

- Бүх л уран бүтээлчид өөр өөрсдийн гэсэн онцлог давуу талтай. Миний хувьд би өөрийгөө маш их хөдөлмөрч, байнга өөрийгөө шинэ хэцүү зүйлд туршиж, сорьж байдаг хүн юм болов уу гэж боддог. Миний анхны мэргэжил компютер графикч шүүдээ тийм болохоор киноны эвлүүлэг, постер зэрэг дээр өөрөө суух ч тохиолдол гардаг. Зарим хүний хийсэн юм сэтгэлт нийцэхгүй миний хүссэн бүтээлийг гаргахгүй байвал би өөрөө гар бие оролцоод хүссэнээ хийчихдэг зантай. Хааяадаа их ядардаг ч гэлээ чадах л зүйл байвал бүх үйл явц дээрээ гар бие оролцохыг эрмэлздэг. Тэр маань миний давуу тал болдог болов уу.

- Шинэ содон бүхнийг турших хүсэлтэй гэж байсан. Саяхан аймшгийн кино гаргалаа, тэгвэл одоо ямар төрөл жанрын кино бүтээхийг хүсэж байгаа вэ?

- Дотор минь маш олон төрөл жанрын киноны санаа байна хүсэл нь ч байна. Яг нэг төрлөө бариад хийгээд байя гэхээр хурдан уйдаад сайн уран бүтээл гаргахгүй байх. Тийм болохоор олон төрөл жанр туршиж үзэж, өөрийгөө сорих хүсэлтэй, (Инээв). Одоо бол жинхэн хайрын романс, уянгын кино бүтээе гэж бодож байгаа. Манай монголд яг энэ төрөл дутагдаад байх шиг санагдаад байдаг л даа. Анхны хайр, насан туршын хайр гээд яг өөрийнхөө үзэхийг хүсэж байгаа хосуудад зориулсан хайрын тухай киног л бүтээе гэж бодож байна. Өнөөдөр манай монголын нийгэмд салалт ямар их байгаа билээ, сөрөг зүйлс ч их байна тэр бүхэнд гэрэл гэгээ нэмэх тийм кино бүтээх хүсэлтэй байгаа.

- Эрч хүч авдаг уран бүтээлч байгаа болов уу?

- Яг одоо толгойд орж ирж байгаа уран бүтээлч байдаггүй ээ. Хүүхдүүд маань л бодогдоод байна. Акдемидын суралцагч хүүхдүүдээс маань үргэлж гал асаад, урлагийн амт шимтийг мэдрээд багшаа одоо ийм зүйл хийж үзье, ингэж үзмээр байна гээд үргэлж шинийг эрэлхийлж байдгаас нь, гал цогтой харцнаас нь л урам авдаг.

- Уран бүтээлээ хийчихээд үзэж байхдаа энэ хэсэг дээр ингэчихдэг байждээ гээд харуусаж байсан үе байгаа юу?

- Уран бүтээлч бүрт л тийм үе байдаг байх. Гэхдээ би аль болох тэгж харамсахгүй байхыг хичээдэг. Учир нь би уран бүтээлүүддээ их харам хүн л дээ. Тэр бүтээлийг бүтээхэд ямар олон хүний хүч хөдөлмөр, цаг хугацаа орсонийг биеэрээ туулсан, яг тэнд нь өөрөө байсан болохоор тэгж боддоггүй. Харин алдаагаа харвал тэр үед энэнээс илүү байх арга байгаагүй шүүдээ гээд уран бүтээлчидээ, уран бүтээлээ өмөөрдөг гэх юм уу. Харин дараа нь энийгээ дахиж алдаж болохгүй засах ёстой, тэгэхийн тулд яах ёстой вэ гээд дотроо дүгнэлтээ хийгээд өөртөө сануулдаад орхидог.

- Найруулагчаар суралцаж байгаа юм уу, суралцах гэж байгаа хүүхдүүдэд зориулж зөвөлгөө өгвөл.

- Ном их уншиж үгийн баялаг ихтэй болоорой. Манай өсвөр насныхан маш бага ном уншдаг. Ирээдүйд ямар ч мэргэжилтэй болсон багаасаа ном их уншаарай. Номонд маш том ертөнц, маш их үг байдаг тэр бүрийг мэдэж мэдрээрэй л гэж хэлье. Мөн хөдөлмөрч байгаарай. Хөдөлмөрч шантрашгүй хүн үргэлж хождог шүү.

- Бидний урилгыг хүлээн авч ярилцсан таньд маш их баярлалаа. Цаашдынх нь уран бүтээлд өндрөөс өнөдр амжилт хүсье. Бас “Сургуулийн сүнс” анхны аймшгийн киногоо нээсэнд нь халуун баяр хүргэе.

- Баярлалаа. Танай сайтын хамт олонд бас амжилт хүсье.

Анкараагийн гудамжны замын хөдөлгөөнийг түр хаана
Анкараагийн гудамжны замын хөдөлгөөнийг түр хаана
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.