Б.Батдаваа: Инфляц түр зуурын зовлон биш болчихлоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
17 минут 59 секунд
Б.Батдаваа: Инфляц түр зуурын зовлон биш болчихлоо

Б.Батдаваа: Инфляц түр зуурын зовлон биш болчихлоо

Үндэсний Статистикийн Хорооны дарга Б.Батдаваатай инфляц тойрсон асуудлаар ярилцлаа.

-Гол хэрэглээний 373 бүтээгдэхүүний дундаж үнэ 16 хувийн өсөлттэй гарлаа, хамгийн ихдээ 200 гаруй хувиар өссөн бүтээгдэхүүн ч байна-

-Инфляц 16 хувь давчихлаа. Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийг анзаарах нь ээ үүнээс ч илүү хувиар өсчихсөн юм биш үү гэх хардлага байна. Улстөр статистикт нөлөөлөөд байгаа юм биш биз гэсэн хардлагад та ямар хариу өгөх вэ?

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгдсэн мэдээллийг харахад таны хэлээд байгаа шиг хардлага анзаарагдсан л даа.Инфляц яавч16 хувь биш, өргөн хэрэглээний зарим бараа бүтээгдэхүүний үнэ дөч, тавь, зуу, хоёр зуун хувиар өсчихсөн байхад тоогоо яагаад дараад суугаа юм бэ гэсэн шүүмжлэл их ирж байна. Өнгөрсөн оны тавдугаар сараас буюу инфляц өсөхтэй зэрэгцээд иймэрхүү агуулгатай шүүмжлэл олонтоо дуулдах болсон. Улстөрийн, бүр тодруулж хэлбэл, Засгийн газарт үйлчлэх зорилгоор инфляцыг дарлаа гэж шүүмжилж байгаа.Тэгэхээр инфляцыг яаж тооцдог вэ гэдгийг тайлбарлах нь зүйтэй байх. Өнөөдөр бидний зарлаж байгаа үнийн өсөлт бол хэрэглээний сагсаар тооцсон үнийн өсөлт. Өөрөөр хэлбэл нэг, хоёрхон бүтээгдэхүүний үнийн өсөлт биш. Харин Монгол өрхийн голчилж хэрэглэдэг 373 бүтээгдэхүүний дундаж үнэ нь 16 хувийн өсөлттэй яваа гэсэн үг. Эдгээр бүтээгдэхүүн дотор үнэ нь 200 гаруй хувиар өсчихсөн бүтээгдэхүүн ч бий. Үнэ нь өндөр хувиар өссөн сүүлийн жишээ гэхэд лууван байна. Килограмм нь 4500 төгрөг даваад явчихлаа. Гэтэл жилийн өмнө мянга гаруй төгрөг байсан. Төмсний үнэ өмнөх жилийн өдийд 980 төгрөг байсан бол 6 дугаар сарын эцэст 2500 төгрөгболчихсон. Сүүлийн өдрүүдэд 3500, 4000 төгрөг давчихлаа гэсэн мэдээлэл цацагдаж байна. Ингээд харахаар төмс гэхэд бараг 200 гаруй хувь өсчихсөн байгаа биз. Энэ мэтээр анзаарахад инфляцын өсөлт бага гарчихлаа гэж хараад байж магадгүй. Гэхдээ үнэ нь өсөөгүй бүтээгдэхүүн бас бий. Автобусны тасалбар, цахилгаан, хог, утасны төлбөр гээд төлбөр нь өсөөгүй үйлчилгээ, бараанууд байна. 1, 2 дугаар гурил, сургалтын төлбөр зэрэг үнэ нь төдийлөн өсөөгүй бараа үйлчилгээ ч байна. Тэгэхээр инфляц гэдэг бол хэрэглээний сагс буюу хэрэглээний үнийн өсөлт. Цөөхөн бүтээгдэхүүний үнээр инфляцыг тооцож гаргадаггүй, голчилж хэрэглэдэг 300гаруй бүтээгдэхүүний дундаж үнээр тооцдог. Гэхдээ л 16 хувийн инфляц гэдэг бол асар өндөр тоо. Инфляцын өсөлтөөс үүдэж гарах гол эрсдэлүүдээр ярилцлагаа үргэлжлүүлье?

-Асар өндөр өсөлт гэдэгтэй санал нэг байна. Монголд энэ тоог бага гэж хэлэх нь утгагүй асуудал. Төв банкны инфляцын зорилт зургаан хувь байгаа ийм үед онцгой анхаарах учиртай тоо. Үндэсний Статистикийн Хорооноос гаргадаг ядуурлын тооцоон дээр нэг тоо бий. Өрхийн орлого өсөхгүй үед өрхийн хэрэглээний зардал 15 хувиар өсвөл нэмээд 211 мянган хүн ядуу болно гэсэн тооцоо. Өөрөөр хэлбэл ядуурлын төвшин 27.8 хувиасаа 30 хувь болж өсөх эрсдэлтэй. Бүр тодруулж хэлбэл инфляцын энэ өсөлтөөс болж ахиад 200 гаруй мянган хүн ядуу болох эрсдэлтэй нүүр тулчихсан яваа гээд ойлгочихож болно. Өдий тооны хүмүүс хувцас хоол, орон байрны зардал гэх мэт амьдралынхаа наад захын хэрэглээг хангаж чадахгүй болж байна гэсэн үг. Тэр утгаараа бодлого гаргаж буй хүн бүр инфляцыг байнга ярьдаг. Дэлхийн том улсууд инфляцыг онилж ярьдаг нь цаанаа ийм учиртай. Нийгмийн эмзэг бүлгийг улам томруулдаг, байгаа байдлыг улам дордуулдаг учраас АНУ-ын Ерөнхийлөгч, Төв банкны тэргүүн нь хүртэл “Инфляц бол бидний номер нэг дайсан, эн тэргүүний том асуудал” гээд байгаа хэрэг. Дахиад хэлэхэд инфляцын 16 хувийн өсөлт гэдэг бол тоо дарсан хэрэг огт биш, 300 бүтээгдэхүүний үнийн дундаж өсөлт гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Сүүлийн саруудад үнэ нь хамгийн өндөр хувиар өссөн бүтээгдэхүүнүүдийг нэрлээч?

-Инфляцад хамгийн өндөр нөлөө үзүүлсэн арван бүтээгдэхүүнээс нэрлэе. Эдгээр бүтээгдэхүүнүүд инфляцын 16 хувийн гуравны нэгийг эзэлж байгаа. Дизелийн түлш өнгөрсөн жил 2277 төгрөг байсан бол өнгөрсөн зургадугаар сарын эцсээр 3655 болж 60 хувиар өссөн. Лууван 1686 төгрөгөөс 4560 болж 155 хувиар өссөн бол 90 граммаар савласан гүрж ногоон цайны үнэ 1639 төгрөгөөс 3794 төгрөг болж өсөөд байна. Ургамлын тос литр нь 4400 төгрөг байсан бол одоо 8500 төгрөг болчихсон. Бид 2021 оны эмхэтгэлээ гаргасан. Тэндээс анзаарахад Монголчууд хүнсний хэрэглээндээ мах, гурил түлхүү хэрэглэж байна. Нэг хүн сард дунджаар есөн кг мах, арваад кг гурил хэрэглэж байх жишээний. Махны үнэ хоёр гурван жилийн өмнөхтэй харьцуулахад мэдрэгдэхүйц өссөн. Гурилны үнэ ч өссөн графиктай яваа. Гурилан бүтээгдэхүүн гэхэд “Атар” талх 1200 байснаа 1700 руу орчихлоо.

-Инфляц өссөнд гадаад шалтгаан мэдээж бий. Эдийн засагчид “Америкаас импортлогдсон” гэх мэт тайлбар хэлж байгаа. Нөгөө талаас нь харвал дотоод шалтгаан ч өндөр байх шиг?

-Ковидын үед инфляц хоёр хувь орчим байсан. 2021 оны дөрөв, тавдугаар сараас өсөж эхэлснийг та мэдэж байгаа. Эхэндээ бол дотоод шалтгаан их байсан. Ган, хаваржилт хүндэрсэн зэргээс шалтгаалж махны үнийн өсөлт гэх мэтээр дотоодын бүтээгдэхүүний үнэ өсөж эхэлсэн. Залгуулаад Хятадын хилийн хориг, ковидоос үүдэлтэйгээр дэлхий даяар бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбоотой инфляц эхэлснийг та мэдэж байгаа. Гэхдээ нэг зүйлийг онцлох учиртай. Бодлого гаргагчдаасаа эхлээд бид бүгдээрээ инфляцыг түр зуурынх гэж бодож байсан. Ганц бид биш дэлхийн улс орнууд тэр үеийн инфляцыг түр зуурын гэж харж байсан ч одоо огт өөр нөхцөл байдал үүсчихлээ л дээ.

-Инфляц түр зуурын асуудал биш, удаан үргэлжилж магадгүй болчихлоо гэж үү?

-Яг тийм. Өнгөрсөн жил 13.4 хувийн инфляцтай байсан. Энэ жилийн тухайд инфляц жилийн эцэст 15 орчим хувь байх нь гэсэн таамгийг Монголбанк ч, ОУВС ч хэлж байна. Дараа жилийн инфляц ахиад хоёр оронтой тоогоор хэмжигдэж магадгүй гэсэн төсөөллийг ОУВС хэлчихлээ. Инфляц түр зуурын асуудал биш болсныг эндээс харж болно. Америкийн Төв банк ч инфляц хэцүүдсэнийг ойлгоод бодлогын хүчтэй хариу арга хэмжээ авах ёстой гэсэн утгатай зүйл ярьж байна. Тэр ч утгаараа бодлогын хүүгээ өсгөөд байна л даа.

-Тэгэхээр инфляцыг аль болох өсгөхгүй хазаарлахын тулд бодлогын шуурхай арга хэмжээ л хэрэгтэй юм байна даа?

-Үндэсний Статистикийн Хороо зарчмаараа тоогоо зарлах үүрэгтэй, бодлогын зөвлөмж өгөх нь зохисгүй гэж үздэг. Хууль нь ч тийм юм. Тэгэхээр энэ асуудлыг хариуцсан байгууллага нь хариулах нь зүйтэй байх.

-Импортоор орж ирдэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ айхавтар өсөж байна. Импортын барааны инфляцад нөлөөлж байгаа хувь нь хэд бол?

-Хэрэглээний сагсан дахь 373 бүтээгдэхүүний 200 нь импортынх. Импортын барааны инфляцад нөлөөлж буй хувь 57 байна. Гэхдээ дотоодын бараа бүтээгдэхүүнүүд бас импортын орцтой гэх том шалтгаан бий. Наад захын жишээ гэхэд сав баглаа боодол байна. Цаашлуулаад яривал инфляцын суурь шалтгаанд хил гаалиас гадна нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлт шууд нөлөөлж байгаа. Мах бэлтгэлээ гэхэд тээвэрлэж түгээхийн тулд шатахуун хэрэгтэй.

-Шатахууны үнэ сая огцом нэмэгдлээ. Энэ өсөлт инфляцад нөлөөлөх том дарамт болох нь тодорхой. Яг хэдийгээр нөлөөлөл нь ирэх бол гэсэн болгоомжлол нийгэмд үүсчихлээ л дээ?

-Дундаж айлын шууд зардалд шатахууны зардлын эзлэх хувь 5.4 орчим хувь байдаг. Зуун төгрөгийнхөө зургаан төгрөгийг шатахуундаа зарцуулдаг гэсэн үг. Шууд зардалтай нь харьцуулбал бага тоо. Шууд бус гээд харахаар салбар бүр өөр. Боловсруулах үйлдвэрлэл, үйлдвэрүүдэд шатахууны зардал нийт зардлынх нь арван хувь дотор эргэлддэг. Шатахууны зардал хамгийн өндөр хувь эзэлдэг нь тээвэр логистикийн салбар. Нийт зардлынх нь гуч гаруй хувийг шатахуун түлш эзэлдэг юм. Ингээд харахаар шууд нөлөө нь бас тийм өндөр биш байгаа биз.

-Бодит статистик нь ийм ч шатахууны үнэ өслөө гэсэн мэдээ гарангуут бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ мэдэгдэхүйц өсчихдөг нь бидний бодит зовлон л доо. Ингэж өсгөчихөөд шатахууны үнэ буурсны дараа бараа, үйлчилгээний үнээ буулгадаггүй том асуудал бас бий. Үүний цаана ямар шалтгаан байна аа, ийм асуудлыг эдийн засагт юу гэж томъёолдог юм бэ?

-Яг онолоороо бол өрсөлдөөн сайтай газарт буцаад буух ёстой л доо.

-Тэгэхээр манайд жинхэнэ өрсөлдөөн алга гэсэн үг үү?

-Зах зээл төгс ажиллаж чадахгүй байгаагийн л илрэл. Яг одоо манайд ажиглагдаж байгаа нэг том алдаа шатахууны үнэ дээр ажиглагдаад байна. Шатахууны үнийг бариад байх нь урт хугацаандаа буруу гэдгийг олон судалгаанаас харж болно. Шатахууны үнийг удаан хугацаанд барьж явснаа огцом хоёр, гурван зуун төгрөгөөр нэмчихээр сэтгэл зүйн эффект маш өндөрсчихөж байгаа юм. Манай улсын тухайд шатахууны үнэ нэмэгдчихлээ гэх сургаар өндөр хүлээлт үүсэж, бараа бүтээгдэхүүний үнийг нэмж явсаар өнөөг хүрсэн гэсэн үг. Инфляц буюу үнэ тогтох үйл явц бол ерөөсөө л хүлээлт. Хүлээлт маш өндөр нөлөө үзүүлдэг. Тийм ч учраас Төв банк олон нийттэй харилцахдаа инфляцын хүлээлтийг яаж зөв удирдах вэ гэдэгт анхаарч ажилладаг. Гадны гол судалгаануудыг харахаар шатахууны ханшаа валютын ханш шиг хөдөлгө, чөлөөтэй болго гэж зөвлөдөг л дөө. Тэгчихээр хүлээлт үүсэхээ больчихдог. Бүр тодруулж хэлбэл шууд нөлөө нь үлдээд, шууд бус нөлөө нь илт багасчихдаг гэсэн судалгааны үр дүнгүүд бий. Нэг зүйлийг нэмж хэлэхэд шатахууны үнийг чөлөөтэй орхисноор эдийн засаг талаасаа илүү үр ашигтай байдал ажиглагддаг. Наад зах нь гэхэд л шатахууны хэмнэлтээ хийж, илүү дутуу зардлаа танаад эхэлдэг.

-Шатахууны үнэ дээр төр ямар оролцоотой байвал эдийн засаг талаасаа дажгүй шийдэл болох вэ?

-Зохиомлоор үнэ тогтоохгүй байх дээр л төр хяналтаа тавих ёстой гэсэн зөвлөмжийг судлаачид өгсөн байдаг. Зарим улс хилээр орж ирж буй шатахууныхаа өртгийг нийтэд нээлттэй зарлачихдаг. Ингээд нээлттэй зарлачихаар импортлогч компаниуд нь зохих хэмжээний ашиг хараад зараад явчихдаг, тэр талаарх мэдээлэл нь нийтэд ил учраас хүлээлт үүсэх гэх зовлон, бэрхшээл бага болчихож байгаа юм. Үүнийг манай Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн яамныхан маш сайн ойлгоод тэр зүг рүү явж байгаа гэж би ойлгосон. Сүүлийн зургаан сарынхаа дундаж үнээр гулсуулж үнээ тавьдаг шинэ механизм руу шилжчихсэн, зохиомлоор бариад явах нь импортлогч улсын хувьд боломжгүйг ойлгоод явж байгаа гэсэн үг. Зарим хүн сошиалд Казахстан, Орос гэх мэт өөрсдөө шатахуун үйлдвэрлэдэг улсын шатахууны үнийн зургийг тавиад “Тэнд ийм хямд байхад энд ийм үнэтэй байна” гэж байна. Нэгдүгээрт бид шатахуун үйлдвэрлэдэггүй, тэд шатахуун үйлдвэрлэдэг гэсэн маш том ялгаа бий. Үүнээс гадна тэнд шатахуун зах зээлийн үнээс хэт хямд байгаа бол Засгийн газраас нь татаас өгч байна гэсэн үг. Эмнэлэг, сургууль, цэцэрлэг барих мөнгөө шатахууны үнийн зөрүүндээ өгчихөж байна гээд ойлгочихож болно. Манайх шиг төсөвтэй, шатахуун импортлогч улсын хувьд энэ урт хугацааны шийдэл биш.

-Намар болохоор эрэлт тодорхой хэмжээнд ихэсдэг, тэрийгээ дагаад инфляц бага зэрэг өсдөг үзэгдэл бий. Энэ намар инфляц ямаршуу байх бол?

-Намрын улиралд инфляцыг бууруулахад гурил, хүнсний ногоо, мах гэх мэт дотоодын бүтээгдэхүүн мэдрэгдэхүйц нөлөө үзүүлэх байх. Махны үнэ энэ жил дажгүй байх болов уу. Өнгөрсөн өвөл, зун цаг агаар таатай байсан гэх мэт шалтгаан бий. Ноднин жилтэй харьцуулахад махны үнийн өсөлт хоёр хувь орчим байна. Ингээд хэлчихээр хүмүүс бухимдаж магадгүй л дээ. Махны үнэ 2019, 2020 онтой харьцуулахад өсөлттэй ч өнгөрсөн жилтэй харьцуулахад бага байгаа. Тэгэхээр махны нийлүүлэлт дажгүй байвал үнийн өсөлтийг бууруулахад эерэг нөлөө үзүүлнэ. Эцэст нь нэг зүйлийг онцолмоор байна. Эдийн засгийн өсөлттэй үед буюу эдийн засаг халаад инфляц үүсэж байгаа бол харьцангуй гайгүй байдаг. Учир нь аж ахуйн нэгжийн орлого нэмэгдэж, хүмүүсийн цалин өсөөд явчихдаг. Өнөөдрийн асуудлын гол хэцүү нь эдийн засаг. Эдийн засаг хэцүү үед үнэ өсөөд байгаа нь санаа зовоосон асуудал болчихлоо. Орлого өсөх боломж хомс байгаа үед үнэ өсөх нь ядуурлын төвшинг өсгөх эрсдэлтэй. Гол аюул нь энэ.

-Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт ямаршуу байв, зэсийн үнэ огцом буусан нь экспортын орлогод сөргөөр нөлөөлөх эрсдэл болох уу?

-Уул уурхайны бүтээгдэхүүний экспортын биет хэмжээ харьцангуй сэргэж эхэлж байна. Зургадугаар сард 2.4 сая тонн нүүрс экспортолсон. Хэвийн үе рүү нэлээд дөхөж ирж байна гэсэн үг. Энэ эрчээрээ явбал төсвийн тодотголд туссан 18 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөө рүү тун дөхөж очих магадлалтай. Хятад ирэх жилээс хилээ нээгээд, бүтээгдэхүүний үнэ өндөр хэвээр байвал төлбөрийн тэнцэл, ханшийн асуудлууд арилчих болов уу гэсэн хүлээлт бидэнд байсан. Гэтэл инфляцаас шалтгаалж Америкийн Төв банкнаас эхлээд бүгдээрээ бодлогоо чангаруулж, эдийн засгаа хумиад эхлэнгүүт түүхий эдийн эрэлт буурах хүлээлт үүсэж эхэллээ. Түүхий эдийн эрэлт багасахаар үнэ унах нь жам. Зэс гэхэд л 7000 руу буучихлаа. Зарим өдөр 6900 рүү ч орж байна. Зэсийг дэлхийн эдийн засгийн индикатор гэдэг. Түүхий эдийн үнэ энэ мэт унаад эхэлбэл эдийн засаг сэргэхэд сөрөг нөлөөтэй.

Эх сурвалж: Өдрийн сонин

Хулгайн гэмт хэргийн  26 дуудлага ирсний наймынх нь эзэн холбогдогчийг илрүүлжээ
Хулгайн гэмт хэргийн 26 дуудлага ирсний наймынх нь эзэн холбогдогчийг илрүүлжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.