“Сахал”-ын цэргүүд
Монголын толгой “баян”, бүхий л бизнесийн “цаад эзэн” гэгддэг сахал хочит Д.Эрдэнэбилэгийн уяан дээр олон дэвшигч сойгджээ. Заримаас нь дурдвал Э.Долгион, Да.Ганболд, Р.Амаржаргал гээд цааш хөвөрнө. Ирэх сонгуульд Сүхбаатар дүүргээс Э.Долгион нэр дэвшихээр болжээ. Тэр “Худалдаа хөгжлийн банк”, “Монголын зэс корпораци”-ийн эзэмшлийн “Блүүмберг” телевизийг удирддаг. АН-аас нэр дэвшигчдийн урьдчилсан таамагт нэр нь тодроогүй байсан ч “шуурхай” горимоор орж ирсэн гэх мэдээлэл бий.
30 жил улс төрд байж, бүхий л дулаан сэнтийд заларч байсан Ерөнхий сайд асан Р.Амаржаргал энэ удаад мөн Сүхбаатар дүүргээс нэр дэвшиж буй. Түүнийг тойрог зурах мөчид нэр дэвшигчид дунд Э.Долгионыг оруулж ирсэн, чухал үүрэг гүйцэтгэсэн гэж намын нөхөд нь шивнэлдэх юм билээ. Магадгүй, энэ сэжмээр “Монголын зэс корпораци” буюу “Сахал” хочит эрхмийн хүн болсон гэх.
“Эрдэнэт үйлдвэр”-ийн ТУЗ-ийн дарга асан Да.Ганболд энэ удаагийн сонгуульд Хөвсгөл аймгаас нэр дэвшиж буй. Тэрбээр “Монголын зэс корпораци” “Эрдэнэт”-ийн 49 хувийг ОХУ-ын “Ростек”компаниас худалдаж авахад гар бие оролцсон. Дараахан нь Ж.Эрдэнэбатын Засгийн газар “Эрдэнэт”-ийн 49 хувийг 100 хувь төрд авах шийдвэр гаргамагц “Төр хувийн эзэмшлийг булааж авсан анхны тохиолдол боллоо” хэмээн халаглан мэдэгдэж байлаа. Хэрвээ хууль шударга үйлчилдэг бол тэр нэр дэвших нь бүү хэл шүүхийн босго элээж явах учиртай нэгэн.
Түүнчлэн Дархан-Уул аймгаас нэр дэвшиж буй “Эрдэнэс монгол”компанийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан ч тэдний нэг гэх мэдээлэл гарч байна. Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт нарын хамт Оюутолгойн гэрээг будлиантуулсан гэх хэргээрээ шүүхэд ээрэгдэж яваа ч нэр дэвшээд буй нь “том артай” гэх хардлагыг нийгэмд үүсгээд байна.
“АПУ”-гийнхан буюу АН-д жин дарагсад
“АПУ”-гийн нэрийн өмнөөс энэ удаагийн сонгуульд Б.Ганхөлөг, П.Батчимэг, Б.Түвшин нар дэвшиж байгаа. Улс төр, бизнест хамгийн их нөлөө бүхий энэ группыг бизнес талаас нь П.Батсайхан толгойлдог бол улс төр талаас нь УИХ-ын гишүүн асан Г.Батхүү агсан толгойлдог байсан. Харин энэ удаагийн сонгуулиар улс төрийн нөлөөгөө идэвхижүүлэхээр Г.Батхүү агсны том хүү Б.Ганхөлөг Өвөрхангай аймгаас, дүү П.Батчимэг нь Дорнод аймгаас, “АПУ”-гийн санхүү эрхэлсэн захирлаар ажиллаж байсан Б.Түвшин ХУД-ээс нэр дэвшиж байна.
Бусад эзэн
Өнгөрсөн долоон удаагийн сонгуулиар бизнесийн бүлэглэл төрд шургалснаар улсын хөрөнгийг хэрхэн цөлмөж, өөрсдийн бизнесдээ ашигтай хууль батлуулж болдгийг монголчууд хангалттай харсан, үзсэн. Энэ удаагийн сонгуулиар ч энэ байдал өөрчлөгдөхгүй нь бололтой. Намдаа хэн хаялгатай байна, тэр хүн гишүүн болдог тогтолцоо байсаар байгаа цагт бид улс орны хөгжил ярих хэрэг байна уу?