Тариаланчид 4987 ажиллах хүч авах хүсэлт ирүүлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 53 секунд
Тариаланчид 4987 ажиллах хүч авах хүсэлт ирүүлжээ

Тариаланчид 4987 ажиллах хүч авах хүсэлт ирүүлжээ

Ургац хураалтад иргэдийг оролцуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Тодруулбал “Ургац хураалтын бэлтгэл ажлын талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг баталсан билээ. Улмаар ургац хураалтыг технологийн хугацаанд гүйцэтгэх зорилгоор их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн оюутан, сонсогч, цэргийн алба хаагч болон бусад иргэдийг сайн дурын үндсэн дээр ургац хураалтын ажилд оролцуулах зохион байгуулалтын арга хэмжээг авч эхэлсэн. Мөн ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэлийн ажилд шаардагдах шатахууны нөөцөд анхаарч ажиллахыг тухайн үеийн УУХҮ-ийн сайд Г.Ёндонд, импортоор авч байгаа техник, тоног төхөөрөмж, бараа материалыг хилээр шуурхай нэвтрүүлэх, тээвэрлэлт хийх зам, гүүрийн эвдрэл гэмтлийг тогтоож, засварлах ажлыг ургац тээвэр эхлэхээс өмнө гүйцэтгэж ажиллахыг ЗТХ-ийн сайд асан Л.Халтар болон бусад сайд нарт даалгасан.

Энэ жилийн тухайд улаанбуудайг 362.7 мянган га-д тариалж 504.7 мянган тонныг хураах бол төмс 17.3 мянган га-д тариалж, 171.4 мянган тонныг хураах аж. Харин бусад хүнсний ногоог 12.1 мянган га-д тариалж, 153.2 мянган тонныг авахаар төлөвлөжээ. Ийм хэмжээний тариалалт хийж, ургац алдалгүй хураан авсан нөхцөлд улсын хэрэгцээний хүнсний ногооны 80 хувийг бүрдүүлэх боломжтой юм. Тосны ургамлыг 66.4 мянган га-д тариалж, 33.2 мянган тонныг хураан авна. Энэ нь улсын хэрэгцээний 40 хувийг хангах боломжийг бүрдүүлэх аж.

Ургац хураалтын явц, оюутнуудын оролцооны талаар ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнээс тодруулахад “Энэ жилийн тухайд залуусыг сайн дурын үндсэн дээр ажиллуулахаар төлөвлөж байна. Ингэхдээ илүү зохион байгуулалтад оруулж, байрлах байр сууцыг сайжруулж, сайн дураараа ажиллах оюутнуудын идэвхийг нэмэгдүүлэх тал дээр анхаарах Засгийн газрын шийдвэр гарсан. Түүнчлэн тариаланчдын хэдэн сар ургуулсан тариа будаа, хүнсний ногоог цас, бороонд хайрагдуулахгүй технологийн хугацаанд хурааж авах нь чухал учраас энэхүү ажлыг хэрэгжүүлж байна. Тариаланчдаас судалгаа авахад энэ жил нэмэлтээр 4987 ажиллах хүч авах хүсэлт ирүүлээд байгаа. Сайн дураар ажиллах залуус ажилдаа гарч эхэлсэн.

Тухайлбал, Дотоод хэргийн их сургууль, МУБИС-ийн Биеийн тамирын ангийнхан, Үндэсний биеийн тамирын дээд сургууль, ХААИС-иас өргөн бүрэлдэхүүнтэй гарсан. Зарим сургууль “нийгэмд тустай хөдөлмөр” гэдэг хичээл ордог. Энэ хичээлд зарим оюутан танхимаар суралцдаг бол нөгөө хэсэг нь дадлага хийж, кредитээ тооцуулж байна. Иймээс ургац хураалтын ажлыг нийгмийн тустай хөдөлмөр гэж үнэлээд, хичээлийн кредитийг дүйцүүлж болно. Бусад хичээлийн кредитийг дүйцүүлэхгүй. Цалинг оюутан, тариаланчид хоорондоо тохирч туслах ажилчны цалингаар цалинжина. Энэ ажилд улсаас төсөв гаргахгүй тул тариаланчид өөрсдөө цалинжуулна” гэж тайлбарлалаа. Ажиллах хугацааны тухайд 30-45 хоног буюу наймдугаар сарын сүүлчээс ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжлэх аж. ХААИС гэхэд энэ сарын 10-наас ажиллах бол мэргэжлийн ангийн оюутнууд ажилдаа аль хэдийнэ гарчээ.

Б.Дарьсүрэн

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Э.Энхмөнх: Багц хөзрийг 30 секундэд цээжлэх боломжтойг харууллаа
Э.Энхмөнх: Багц хөзрийг 30 секундэд цээжлэх боломжтойг харууллаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.