Монгол инженерүүд бензин болон цахилгаан хос хөдөлгүүр бүхий туулах чадвар сайтай “Mozo X” автомашин бүтээжээ. Манай орны бартаа ихтэй замд туулах чадвар өндөртэй, ямар ч хүнд нөхцөлд унахад тохиромжтойгоос гадна 100 км-т 6,5 л буюу бензин зарцуулалт багатай унааг монголчууддаа зориулж байна.
Mozo X автомашин нь 1.5 мотор, турбо хөдөлгүүртэй, урдаа хөтлөгчтэй бөгөөд нэмэлтээр хойд хоёр дугуй дээрээ цахилгаан мотор суулгаж өгснөөрөө давуу талтай. Хотын хөдөлгөөнд цахилгаан мотороороо 100% цахилгаан машин шиг явах бол бартаат замд бензин хөдөлгүүрээрээ ажиллах онцлогтой юм.
"Барс Моторс” ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Д.Дэмбэрэл "Энэ бол бүх эд ангидаа баталгаа өгч байгаа цорын ганц машин. Польш, Герман, Беларусийн үйлдвэрийн баталгаатай эд ангиар үйлдвэрлэсэн. Засвар үйлчилгээ нь үнэгүй. Суудал нь эргономик сайтай тул олон цагаар жолоо барихад нуруунд эвтэйхэн гэдгээрээ онцлог. МOZO X машины тестийг Дарханы зам дээр хийсэн учраас монгол орны ямар ч хүнд хэцүү замыг туулахад зохицсон унаа гэж ам бардам хэлнэ" гэв.
Тус компани өнөөдөр 500 орчим хүнийг ажлын байраар хангаж буй бөгөөд угсарч, үйлдвэрлэсэн автомашинуудаа БНСУ-д экспортлохоор ажиллаж эхэлжээ. Түүнчлэн ирэх 12 дугаар сард MOZO EVision хэмээх нэртэй автомашинаа танилцуулах аж.
Дашрамд дурдахад, манай улс жилд ойролцоогоор 500 сая ам.долларын автомашины худалдаа хийдэг бөгөөд үүний багагүй хувийг дотоодын зах зээлд шингээх бүрэн боломжтойг Барс моторсын инженер мэргэжилтнүүд ярьж байв.