Албан тушаалтнуудын 2014 оны хөрөнгө орлогын мэдүүлэг ил болжээ. АТГ-ынхан нэгтгэн гаргасан байна. 2012 оноос хойш 239 эрх мэдэлтэн, албан тушаалтан хөрөнгөө “тоочдог” байсан бол 2014 онд 244 болж өсчээ. Эхлээд эрхэм гишүүдийн мэдүүлгийг сонирхов.
Б.НАРАНХҮҮД 27 БИЙ, Н.НОМТОЙБАЯРТ ГАНЦ Ч БАЙХГҮЙ
Монголын топ, толгой компанийн хувь эзэмшигчдийн дийлэнх УИХ-ын гишүүд гэдгийг бид мэднэ. УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, С.Ганбаатар, Г.Баярсайхан, З.Баянсэлэнгэ, Л.Цог, Н.Номтойбаяр, Я.Санжмятав, Х.Тэмүүжин нар нэг ч компанийн хувь эзэмшдэггүй юм байна. Уг нь өмнөх 2013 онд Ц.Оюунгэрэл дээрх нөхдийн дунд байжээ. Тэрээр “Коолпро” ХХК-ийн 30 хувийг эзэмшдэг болоод бусдынхаа ижил болсон байна.
Эрхэм гишүүд олон компани эзэмшинэ. Тэрбумаас арай хүрэхгүй нэгээс таван компанийн хувь эзэмших бол ердийн үзэгдэл. Тиймээс зургаагаас дээш, мөн олон тэрбумаар үнэлэгддэг дүрмийн сантай компани бүхий гишүүдийг нэрлэе. Гэхдээ энэд дурдахгүй өнгөрч болохгүй нэгэн эрхэм байна. Дундговиос сонгогдсон Б.Наранхүү 27 компани эзэмшдэг. Тэгсэн атлаа энэ олон компанийнх нь дүрмийн сан ердөө 66.2 сая төгрөг. Тэрээр өмнөх жилд нь ч ингэж мэдүүлж байжээ. Мөн эрхэм гишүүн Б.Чойжилсүрэн 27 компантай. Дүрмийн сан нь 1.5 тэрбумаар хэмжигдэнэ. Мөн Г.Батхүү 21, Д.Зоригт 15, Х.Баттулга, Д.Тэрбишдагва нар13, С.Бямбацогт 12, О.Содбилэг 11, Сумъяабазар 10, М.Энхболд, Р.Амаржаргал, Ц.Дашдорж, Д.Ганхуяг нар найм, Я.Содбаатар, Д.Бат-Эрдэнэ, М.Батчимэг, Л.Эрдэнэчимэг нар тус бүр зургаан компани эзэмшиж байна.
ТЭРБУМААС ДЭЭШ ТӨГРӨГИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШДЭГ 20 ГИШҮҮН БИЙ
Гэхдээ дээрх бол зүгээр л тоо. Хэдэн компани эзэмших нь гол биш хэдэн төгрөгийн дүрмийн сан харьяалагдаж байна гэдэг чухал. УИХ-д тэрбумаас дээш үнэлэгддэг компанитай 20 гишүүн байна. Тэднийг “АПУ” Г.Батхүү манлайлна. Түүний эзэмшлийн дүрмийн сангийн хөрөнгө 72.6 тэрбум төгрөг болжээ. Өмнөх онд мань эр 24 компанийн 46.2 тэрбум төгрөгийн хөрөнгө эзэмшдэг байв. Жилийн дотор гурван компаний “устгасан” ч хөрөнгө нь 26.4 тэрбумаар өсчээ. Удаахад нь 54.8 тэрбумын хувьцаа эзэмшдэг “Монгол шуудан” Д.Зоригт, дараа нь 54.1 тэрбумаар “MCS” Л.Энх-Амгалан бичигдэж байна. Тэдний араас 52 тэрбумаар “Бодь” М.Зоригт, 21.1 тэрбумаар Лу.Болд, 15.8 тэрбумаар Ерөнхий сайд асан Сү.Батболд, 10.6 тэрбумаар “Залуу монгол” М.Сономпил, 10.5 тэрбумаар Батлан хамгаалахын сайд асан, Говь-Алтайн Ж.Энхбаяр, 4.3 тэрбумаар “Монроуд” Б.Гарамгайбаатар жагсчээ. Түүнчлэн эрхэм гишүүн О.Содбилэг 4.3 тэрбум, Д.Тэрбишдагва 2.5 тэрбум, Ж.Батсуурь 2.0 тэрбум төгрөгийн хувьцаа эзэмшдэгээ АТГ-т мэдүүлсэн байна. Үүнээс гадна тэрбум гаруй төгрөгийн хувьцаа эзэмшдэг Д.Ганбат, С.Бямбацогт, С.Баярцогт, Н.Батцэрэг, Д.Сумъяабазар, Б.Чойжилсүрэн, Л.Эрдэнэчимэг, Д.Эрдэнэбат нарын гишүүн байна.
Ж.ЭНХБАЯР 3.5 ТЭРБУМЫГ ОЛЖ АМЖИЛТАА АХИУЛАВ
АТГ-т өгсөн мэдүүлгээс нь харвал 2013 онд өөрөө хамгийн их орлого олсон гишүүдийг Ж.Энхбаяр тэргүүлж байна. Тэрээр 3.5 тэрбумын орлоготой ажиллажээ. Ж.Энхбаяр өмнөх жилд нь бас л 3.1 тэрбумын орлоготой гэж мэдүүлж байжээ. Гэсэн ч Лу.Болд 3.3 тэрбумын орлогоороо мань эрийг давж байсан байна. Түүний араас Д.Зоригт 1.4 тэрбум, Г.Батхүү 1.3 тэрбум, С.Бямбацогт 1.1 тэрбум, М.Зоригт 943 сая, М.Сономпил 923 сая төгрөгийн орлогоороо жагсчээ. Харин 2013 онд олон тэрбумын хөрөнгөтэй “Бридж” Д.Ганхуяг 22.8 сая, “Женко” Х.Баттулга 20.6 сая, Сү.Батболд 57.3 сая, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ 35.5 сая төгрөгийн орлого олсон байна.
МАН-ЫН ДАРГА 320, ИЗНН-ЫН ДАРГА НЭГ АДУУТАЙ
Энэ парламентын тал илүү хувь нь малтай. Харин нэр бүхий 31 гишүүнд нэг ч мал байдаггүй аж. УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ хамгийн олон малтай. Түүнд 430 адуу, 400 ямаа, 60 үхэр, 3000 хонь бий. Нийт 3890 толгой малтай гэсэн үг. Тэрээр малаа 618 сая төгрөгөөр үнэлжээ. Түүний дараа сайд асан Д.Ганхуяг жагсах нь лавтай. Д.Ганхуягт 375 үхэр, 762 хонь, 368 ямаа, 52 адуу байна. Малынх нь үнэ 393.2 сая төгрөг гэж байгаа. Их хурал дахь “Мянгат малчин” нь энэ хоёр эрхэм байна. Тэдний араас 85 сая төгрөгийн үнэтэй 788 толгой малтай Г.Баярсайхан, 189.2 саяар үнэлсэн 842 малтай Су.Батболд, 453.5 сая төгрөгөөр үнэлсэн 488 толгой малтай Г.Батхүү нар орж таарна. Эрхэм гишүүд дийлэнх нь тэмээнээс бусад дөрвөн хошуу малтай ажээ. Харин Хөдөө аж ахуйн сайд асан Ш.Түвдэндорж олон гахай тоолуулсан байна. Их хуралд түүнээс өөр гахайтай хүн байхгүй. Тэрээ 427 гахай, дөрвөн адуу, хоёр хурдан удмын адуу тоолуулж, 242.8 сая төгрөгөөр үнэлсэн байна. Түүнээс гадна дандаа адуу сонирхдог гишүүд ч бий. МАН-ын дарга М.Энхболд хурдан удмын 60, “зүгээр” 260 адуутай. 320 адуугаа тэрээр 860 сая төгрөгийн үнэтэй гэж үзжээ. Мөн “Мон Уран”-ы Б.Наранхүү 107 саяын үнэтэй 109 хурдан удмын адуутай юм байна. Дашрамд ИЗНН-ын дарга С.Оюун хоёр саяар үнэлсэн хурдан удмын нэг адуутай гэж мэдүүлжээ.
Б.НАРАНХҮҮ, Н.НОМТОЙБАЯР НАР ХАМГИЙН ОЛОН МАШИНТАЙ
УИХ-д огт машингүй 14 гишүүн байна. Бодвол, төрийн унаагаар хөл дүүжлээд болоод байдаг бололтой. УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, УИХ-ын дарга асан Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл, ИЗНН-ын дарга С.Оюун, АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, Батлан хамгаалахын сайд асан Л.Болд, Ж.Энхбаяр нарт байдаггүй гэнэ. Харин тэдний дунд “Монос” Л.Эрдэнэчимэгийн нэр байна. Түүнд дугуй нь хагардаггүй, онхолддоггүй, ер нь л лут “Mercedes benz” машин бий. Маш их үнэтэй гэсэн. Тэрээр энэ машинаа мартаж орхисон уу, эсвэл АТГ-аас нуув уу. Харин бусад гишүүн машинтай. Зарим нь бүр хобби нь гэмээр цуглуулгатай байдаг ажээ. Хамгийн олон машинтай нь Н.Номтойбаяр, Б.Наранхүү нар. Н.Номтойбаярт зургаан машин байна. Lexus-570, Mercedes benz G500, Landcruiser 200, Mercedes benz, Mercedes benz G300, Mercedes benz G55 AMG тус бүр нэг байна. Энэ машинуудын үнэлгээ 951.5 сая төгрөг болжээ. Б.Наранхүүд ч бас Mercedes benz G500, Landcriuser Standart тус бүр нэг, харин Rollsroyce Phantom машин дөрөв бий гэнэ. Мөн л зургаан машинтай болж таарна. Машинуудынх нь үнэ 1.6 тэрбум төгрөг. Тэдний араас гурван машинтай Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, М.Энхболд нарын нэр бичигдэж байна.
ЭМЭГТЭЙ ГИШҮҮД МӨНГӨӨ ХАДГАЛДАГГҮЙ
Хадгаламж бол эрхэм гишүүдийн түрийвчний нэлээд хэсэг нь. УИХ-ын гишүүн Лу.Болд 19.6 тэрбум төгрөг, Б.Наранхүү 7.9 тэрбум төгрөг банкинд хадгалжээ. Араас нь Ж.Энхбаяр 2.1 тэрбум, Сү.Батболд 1.1 тэрбум, С.Дэмбэрэл 326.1 сая, М.Энхболд 303.2 сая төгрөгийн хадгаламжаараа удаалж буй. Харин УИХ-ын гишүүн Л.Цог, Я.Санжмятав, Л.Энх-Амгалан нарыг эс тооцвол бараг бүх эмэгтэй гишүүд хадгаламжгүй байна.
Сү.БАТБОЛД “АЛТАЙ КАШМЕР”-ААСАА АВЛАГАТАЙ, Г.БАТХҮҮ “ШУНХЛАЙ”-ДАА ӨРТЭЙ
Хүн л юм болсон хойно эрхэм гишүүд ч бас өр тавина. Хүнд мөнгө зээлүүлнэ. Хамгийн ланжгар тоотой авлагатай эрхмээр Б.Наранхүү тодорч байна. Тэрээр өөрийнхөө “Дүнжингарав”ХХК-аас 33.7 тэрбум төгрөг авах ёстой гэж АТГ-т мэдүүлжээ. Дараа нь Д.Зоригт бичигдэнэ. Тэрээр иргэн Д.Ганбаатар, “Эрдэнэжинс” ХХК болон өөрийнхөө эзэмшлийн “АСУ” ХХК, “Одод” ХХК-аас нийтдээ 10.4 тэрбум төгрөгийн авлагатай юм байна. Мөн Сү.Батболд “Алтай кашмер”, “Алтай холдинг”, “Скай трейдинг” ХХК-аас 1.0 тэрбум төгрөгийн авлагатай. Дээрх эрхмүүдийнх том мөнгөн дүн байх нь ойлгомжтой. Харин өөр олон гишүүн банкинд өртэй, бусдаас авах мөнгөн дүнгээ мэдүүлжээ. Харин балартлаа өр тавьсан хүн алга. Сонгууль дөхсөн, тиймээс байсан ч мэдэгдэж балрахгүй нь тодорхой биз ээ.
ХАМГИЙН БАЯН НЬ ХЭН БЭ?
АТГ-т өөрийнх нь мэдүүлсэн үнэлгээ, хөрөнгөөр нь авч үзвэл 10-аас дээш тэрбумын хөрөнгөтэй 10-аад эрхэм УИХ-д сууж байна. Бид тэдний эзэмшиж буй компанийн дүрмийн сан, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, хадгаламжийг оролцуулсан болно. Харин өр авлага, жилийн орлогыг авч үзсэнгүй. Гэхдээ зарим бизнесмэн гишүүдийн эзэмшлийн хувь хэмжээ хийгээд үнэлгээ нь тодорхой бус байв. Юутай ч АТГ-т мэдүүлснээс нь авч үзсэн хэрэг. Ингэхэд нийт 76.8 тэрбумын хөрөнгөөр УИХ-ын гишүүн Г.Батхүү энэ жилийнхийг тэргүүллээ. Түүний араас УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан 60.5 тэрбум төгрөгийн хөрөнгө мэдүүлж, дараа нь өмнөх жилүүдэд тэргүүлдэг байсан УИХ-ын гишүүн Д.Зоригт 57.3 тэрбум төгрөгийн хөрөнгө орлогоор гуравт бичигдэв. Харин тэдний араас УИХ-ын гишүүн М.Зоригт 53.1 тэрбум, Лу.Болд 43.7 тэрбум, Д.Сумъяабазар 19.4 тэрбум, Сү.Батболд 18.9 тэрбум, М.Сономпил 13.2 тэрбум, Ж.Энхбаяр 11.2 тэрбум, Б.Наранхүү 11.1 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй болсноо мэдүүлснээр 2014 оны бэл бэнчингээрээ эхний 10 байрт жагссан нь энэ.
Энэ Их хуралд сууж буй бизнесмэн гишүүдийн хөрөнгийг ч бид “тоолж” үзлээ. Хэдийгээр дээрх эрхмүүдийг гүйцэж эхний 10-т бичигдээгүй ч бас хэд хэдэн тэрбумаар хэмжигдэх хөрөнгөтэй ажээ. Үүний зэрэгцээ Монголын тэргүүн баячуудын жагсаалтад дээгүүрт бичигддэг эрхмүүд АТГ-т өгсөн мэдүүлгээрээ нэлээд араар орсон харагдана. Тухайлбал “Ажнай” Д.Бат-Эрдэнэ 5.8 тэрбум, “Женко” Х.Баттулга 1.5 тэрбумын хөрөнгтэй гэж мэдүүлсэн байх юм. Мөн “Монроуд” Б.Гарамгайбаатар 5.0 тэрбум, “Бридж” Д.Ганхуяг 2.9 тэрбум, “Хурд” Б.Чойжилсүрэн 2.1 тэрбум, “Нью прогресс” С.Бямбацогт 3.6 тэрбум, “Дорнод гурил”-ын Х.Болорчулуун 4.9 тэрбумын хөрөнгөө мэдүүлжээ.
МАН-ЫН ДАРГА ХАМГИЙН БАЯН НЬ
УИХ-д суудалтай намуудаас намын дарга болох гурван эрхэм парламентад сууж байгаа. УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд 2014 онд 308.4 сая төгрөгийн хөрөнгөтэй байсан гэдгээ мэдүүлжээ. Тэрээр хоёр орон сууц, нэг барилгатай. Энэ нь 270 саяар үнэлэгддэг. Хоёр адуу, 50 хоньтой. Малаа 12 саяар үнэлсэн. Хадагаламждаа 22.9 сая төгрөгтэй. Тэрээр “Интер” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг. Дүрмийн сандаа нэг сая төгрөгтэй. Харин УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд бас л 1.2 тэрбумаар үнэлэгдэх хоёр орон сууц, нэг барилгатай. Хоёр жийп машин нь 140 сая төгрөг болно. Хурдан удмын адуу 60, адуу 260, нийт 320 адуугаа 860 сая төгрөгөөр үнэлсэн. Үнэт эдлэлүүд нь 290 сая төгрөг болдог. Хадгаламждаа 303.2 сая төгрөгтэй. Нийт найман компанийн хувьцаа эзэмшдэг. Харин дүрмийн сангийнх нь хэмжээг бичээгүй. Тиймээс мэдэгдэж байгаа нь 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө байна. УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга С.Оюун нийтдээ 379 сая төгрөгийн хөрөнгөтэй гэж АТГ-т мэдүүлжээ. Тэрээр нэг орон сууц, бас нэг барилгатай. Түүнийгээ 224 сая төгрөгөөр үнэлсэн. Хурдан удмын нэг адуу нь 2.0 сая төгрөгийн үнэтэй. Хадгаламждаа 11.3 сая төгрөгтэй. “Мөнгөн агт” ХХК-ийн 33.3 хувийг эзэмшдэг. Тэр өртөг нь 139.2 сая төгрөг болдог.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Times.mn