
Манай улс хар тамхийг тээвэрлэгч, дамжуулагч оронд тооцогддог. Тиймээс хил, гаалийн хяналт шалгалт энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсооход гол үүрэг гүйцэтгэх юм. Өдөрлөгийн үеэр цагдаа, гааль, эмнэлгийн байгууллагууд хар тамхины бодисыг илрүүлэх, шалгах тоног төхөөрөмж, донтсон хүмүүсийг эмчлэх асуудлаар олон нийтэд нээлттэй мэдээлэл өгсөн юм. Буянт-Ухаа боомтын гаалийн хувьд сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагджээ. Мансууруулах бодисыг шинжилдэг цорын ганц лаборатори гааль дээр ажиллаж байна. Хэдийгээр тийм боловч хилээр хууль бус бараа орж ирсээр байгаа нь дэлхий дахинаа өндөр нарийвчилсан технологиор гаргаж авсан хар тамхины төрлийн бодисуудыг хэрэглээнд оруулсаар байгаа нь хүндрэл учруулж буйг гаалийнхан онцоллоо. ГЕГ-ын гаалийн зөрчил шуурхай хяналтын албаны гаалийн хяналтын улсын байцаагч Б.Сүхбаатарын ярьснаар хар тамхины төрлийн хууль бус бараатай тэмцэхэд хууль эрхзүйн орчин дутмаг байгааг хэлж байлаа. Тэрээр “Хар тамхитай тэмцэх чухал үүрэг хүлээдэг гаалийн байгууллагын эрх мэдлийг нэмэх шаардлагатай байна. Хойшлуулшгүй, мөрдөн шалгах, тодорхой хэмжээгээр гүйцэтгэх ажиллагаа явуулах боломжоор хангаж өгөх хэрэгтэй. Дэлхийн гаалийн байгууллагын гишүүн 180 улс байдаг. Тэдний 81 хувь нь гааль дотроо мөрдөн шалгах, гүйцэтгэх ажиллагаа явуулдаг гаалийн цагдаа бувюу төрөлжсөн албатай. Нөгөө талаар хууль хяналтын байгууллагын харилцаа холбоо маш чухал” гэв.
Гаалийнхан он гарсаар хоёр удаагийн тохиолдлоор БНХАУ-аас мөс нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслан зогсоожээ. Дээр өгүүлсэнчлэн манай энэ төрлийн гэмт хэргийн дамжин өнгөрүүлэгч, гуравдагч зах зээлд гаргагч обьект нь болоод байгааг хил, гаалийн мэргэжилтнүүд онцолж байв.
Ялангуяа Зүүн өмнөд Азиас Монголоор дамжуулж гуравдагч орон руу гаргахыг оролдож байсан тохиолдлууд бий гэнэ. Мөн ОХУ-тай хиллэдэг суурин газруудад матар гэж нэрлэгддэг хар тамхийг гар аргаар боловсруулдаг юм байна. Энэ мансууруулах бодисын найрлагад оролцдог зарим эмийн бодисыг манай улсаас хууль бусаар гаргаж байсан тохиолдол байдаг ажээ.
Зууны мэдээ сонин
Times.mn