“Голомт”-ын Д.Баясгалангаас иргэд болгоомжлох нь аргагүй биз
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 53 секунд
“Голомт”-ын Д.Баясгалангаас иргэд болгоомжлох нь  аргагүй биз

“Голомт”-ын Д.Баясгалангаас иргэд болгоомжлох нь аргагүй биз

Ойрноос нэгэн муу ёрын мэдээ зарим цахим хуудсуудаар тэнүүчилж, иргэд гайхан алмайрах болов. Энэ нь юув гэвэл Монголын урдаа барих томоохон банкуудын нэг гэгддэг Голомт банк удахгүй дампуурах гэж буй талаарх “бор шувуухайнуудын жиргээ” ажээ. Гэхдээ ор тас хоосон цуурхал биш бололтой. Банк дамдуурах юм уу, аль нэг талд худалдагдах тоолонд монголчууд хохирч үлддэг хойно иймэрхүү таагүй мэдээ сонссон иргэд гайхшаа барих нь ч бас зүйн хэрэг биз.

Мөн саяхнаас Авлигатай тэмцэх газрынхан Голомт банкны гүйцэтгэх захирал Д.Баясгаланг шалгаж эхэлсэн тул үнэхээр тус банк но-той болчихож хэмээн уулга алдах хүн ч цөөнгүй. Иймээс зарим нь  “Голомт”-оос мөнгөө татаж авч буй сурагтай.

Д.Баясгалангийн мөрдөгч нарт дуудагдах болсон нэг гол шалтгаан нь Улсын Ерөнхий Прокурор асан Д.Дорлигжав, түүний төрсөн дүү Д.Баатар болон тэдэнтэй олон жилийн турш нөхөрлөж, хамтран зүтгэсэн Ч.Бямбаа нар нь “Алтан дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдын гомдолын дагуу шалгагдаж байгаа бөгөөд тэдгээрийн дунд үүссэн их хэмжээний мөнгө авсан, завшсан гэх маргаантай холбоотой ажээ. Тодруулбал, Т.Ганболдын гомдолд дурьдагдаж буй “Д.Дорлигжав намайг дарамтлан 4 сая ам.доллар авсан. Энэ мөнгийг төрсөн дүү Д.Баатарынх нь Голомт банкны данс руу хийлгэсэн” гээд байгаагийн цаана бас нэлээд маапаантай асуудлууд үүсээд байна. 

 

“Алтан Дорнод Монгол” компанийг анх ОХУ-ын иргэн С.В.Паушок үүсгэн байгуулж, Заамарын хамаг алтыг сорчлон  ухаж аваад, манай улсын татвараас бултаж, сүүлдээ Олон улсын арбиртын шүүхэд дуудагдахдаа манайхаас 1.5 тэрбум ам.доллар нэхэмжилж, эцэст нь манай талд  70 гаруй тэрбум төгрөгийн төлбөр тооцоотойгоор ялагдсан түүхтэй. Тэр бүү хэл хууль хяналтынхан түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байлаа. Гэтэл тэр нэг л өдөр хил даван зугтаж алга болсон юм. Энэ тухай яриаг харин түр азнаад Д.Баясгаланг яагаад Д.Дорлигжав нарын хэрэгт сэжиглэх болсон талаарх зарим нэгэн сэжүүрийг сөхөж үзэх нь зөв болов уу.

 

“Алтан Дорнод Монгол”-ын анхны эзэн С.В.Паушок нь Голомт банкны барьцаанд уул уурхайн баахан  лиценз барьцаалж үлдээгээд алга болсон байлаа. Мөн дээрх 4 сая ам.долларын баримтыг анх Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Т.Тэмүүжин өөрийн твиттер хуудсаар дамжуулан олон нийтэд ил болгосон юм. Энэхүү их хэмжээний мөнгийг Т.Ганболд нь бас “Голомт”-ын Д.Баясгалан надад мэдэгдэлгүйгээр шилжүүлсэн” гэх маягийн юм яриад яваа аж. Мань эр С.В.Паушокоос компанийг нь 18 сая ам.доллараар худалдаж авсан гэдэг. Ингэхдээ уг нь С.В.Паушокыг Голомт банктай ямар тооцоотой байсныг мэдэхийн дээдээр мэдэж байсан байж таарна. Мөн хэсэг хугацаанд Д.Дорлигжавын найз Ч.Бямбаа нь С.В.Паушокын дэргэд Монгол талыг хариуцсан дэд захиралаар нь ажиллаж, энэ хоорондоо “Алтан Дорнод Монгол”-ыг нь Т.Ганболдоос өрсөн худалдаж авах санаатай байсан нь нууц биш юм. Нөгөөтэйгүүр, С.В.Паушок нь Монголын хуулийнхнаас эрүүгийн хэргийг нь хэрэгсэхгүй болгуулж өгсөн Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавт гүнээ талархан, түүний төлөө одоо ч ханцуй дотроо залбирч яваа нь бас туйлын үнэн болов уу. Энэ мэтээс үзэхэд Д.Дорлигжав, Ч.Бямбаа, Т.Ганболд, С.В.Паушок нарын дунд Голомт банкны дансаар эргэж байсан мөнгөнөөс дур мэдээд Д.Дорлигжавын дүү рүү шилжүүлсэн гэх хэрүүлийн алим нь өдгөө учир мэдэх хүмүүст тийм ч үнэмшилтэй сонсогдохгүй байгаа байх. Гэхдээ Д.Баясгаланг давхар сэжиглэж буй нь Д.Дорлигжавын Т.Ганболдоос рекетлэн авсан гэх дээрх 4 сая ам.долларын хэрэгт  хамсаатнаар, эсвэл гэрчээр татах үндэслэл, учир шалтгаантай холбоотой биз.

Д.Баясгалангийн удирдаж байгаа “Голомт” банкны актив хөрөнгөтэй холбоотой анхаарал татсан өөр нэг зүйл гэвэл Монгол банкны хууль эрх зүйн газрын дарга Д.Аюушийн гарын үсэг бүхий шаардах бичиг юм. Энэ нь Д.Баясгалангийн мэдэлд байдаг Бодь интернэшнл компанийн Голомт банкнаас авсан 100 тэрбум төгрөгийн өрийн бичгийн тухай бөгөөд өрийн бичиг эзэмшигч нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл ногдол ашиг хуваарилах ёсгүй байтал Бодь интернэшнл нь Д.Баясгаланд ногдол ашиг хуваарилсан нь буруу гэдгийг анхааруулж, зөрчлөө арилгахыг шаардсан байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, Д.Баясгалан нь банк, компани хоёрынхоо дунд хэмжээгүй эрхэт хаан шиг аашилж, санхүүгийн эрсдэл үүсгээд сууж байдаг юм байна. Ийм хүний удирдсан банкны савалгаанаас иргэд айж болгоомжлох нь арга ч үгүй биз ээ.

 

О.Баяр

Түмэн.мн 

Хуурай, гандуу бүс нутгийн экосистемийн доройтлыг бууруулах төсөл хэрэгжиж эхэллээ
Хуурай, гандуу бүс нутгийн экосистемийн доройтлыг бууруулах төсөл хэрэгжиж эхэллээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.