Н.Ариунболд: Хайрлах тусам хүн чинь улам л гялалзана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
11 минут 49 секунд
Н.Ариунболд: Хайрлах тусам хүн чинь улам л гялалзана

Н.Ариунболд: Хайрлах тусам хүн чинь улам л гялалзана

Монголын хошин урлагийн акулуудын нэг “Шинэ үе" продакшны уран бүтээлчид намар цагийн шоу тоглолтынхоо хөшгийг нээгээд удаагүй байгаа билээ.  Өчигдөр "Жинхэнэ Жентельмен" гэртээ байдаг инээдмийн шоу тоглолтын өмнөхөн тус продакшны захирал, жүжигчин МУГЖ Н.Ариунболд буюу Бооёотой уран бүтээлийнх нь талаар цөөн хором хөөрөлдлөө.

-Танд уншигчдынхаа өмнөөс энэ өдрийн мэндийг хүргье. "Шинэ үе" продакшн намар цагийн шоу тоглолтынхоо хөшгийг нээгээд удаагүй байна. Тоглолтын сэтгэгдлээс хуваалцвал?

-Манай “Шинэ үе” продакшн Намар цагийн нээлтээ “Жинхэнэ  жентельмен" гэртээ байдаг” энтертаймент тоглолтоороо нээсэн. Тоглолтоо 8 дахь өдрөө үзэгч түмэндээ хүргэх гэж байна. “Шинэ үе” продакшны тоглолтын тасалбар олдохгүй байна гэдэг бол манай тоглолтыг үзэх гэсэн фэнүүд болон үзэхийг зорин ирж буй үзэгчид маань хүсэн хүлээлт байсан болов уу гэж бодож байна. 

Энэ тоглолтонд үнэхээр зоригтой шийдэл гаргаж энтертаймент чиглэлийг барьж тайз, хувцас хунар гээд бүхий л зүйл дээрээ Монголын хошин урлагийн өнөөдрийн түвшинг тодорхойлох гэж оролдсон. Ур чадварын хувьд шинэ үе иймэрхүү түвшинд явж байна. Ер нь бол уран бүтээлдээ хандаж байгаа эрч хүч, эмоци ийм байна гэдгийг харуулах гэж оролдлоо. Гол нь үүнд дүн тавьж байгаа шүүгч бол үзэгчид. Муухан тоглолт бол хичнээн сайн рекламдаад хүмүүс үзсэн ч гэсэн хүн нь цөөрсөөр байгаад сүүлдээ үзэгчгүй болдог.

Хүмүүс чинь ам дамжиж бие биеэндээ хэлдэг. Тэр тоглолтыг үзээрэй үнэхээр гоё байна гэдэг. Тэгвэл өнөөдөр манай тоглолтын тасалбар өдөр болгон дуусч үзэгчид өдөр бүр нэмэгдэж байгаа нь тодорхой хэмжээнд ард түмэн, үзэгчид маань бидэнд урам өгсөн юм болов уу гэж бодож байна. Одоо ингээд бас л тоглолт эхлэх гэж байна.

-Уран бүтээлч хүн урмын үгээр тэтгэгдэж, алга ташилтыг авч байж бүтээсэн уран бүтээлээ үзэгчидэд хэр хүрч байгааг тодорхойлдог шүү дээ. Та хүүхэд байхдаа "Зуун ламын сургууль" кинонд тоглосон цагаас эхлэн өнөөг хүртэл урлагт хүчин зүтгэхдээ хамгийн сайхан кайф, урмын үгийг хэнээс авч байв?

-Уран бүтээлч хүний урмын үгийг үзэгч түмэн л өгдөг. Мэдээж аав, ээж, ахан дүүс, найз нөхөд гээд өөрийн талын бүхий л хүмүүс магтдаг, муухан байсан ч бас л урам хайрладаг. Үзэгчид бол дүнг яг онож тавьдаг. Миний хувьд бол үзэгчид маань босч ирээд алга ташиж байгаа, үзэгчид бидэнд хорогдож хөшигний цаана үлдэж байгаа. Хөшиг буучихаад байхад бидэнд алга ташаад сууж байна гэдэг хамгийн гоё агшин. Энэ бол хамгийн их урам өгдөг. Миний хувьд бол тайз, дэлгэцээр “Шинэ үе”продакшн гэдэг нэрэндээ шинэ олон залуучуудтай, шинэ олон олон хөвгүүд, охидуудыгаа ямар ч гэсэн хоолонд нь хүргэх гээд зүтгэж явж байна. Намайг өнөөдөр өдий болтол уран бүтээл хийгээд явахад хамгийн их урам зоригийг хайрласан хүмүүс бол үзэгч түмэн. Бид нар луу хараад сууж байгаа үзэгчид маань юм даа.

Дараа нь бол ижий, аав, ах дүүс, хань ижил, үр хүүхдүүд маань орно. Яагаад гэвэл тэд нар маань үргэлж л биднийг бодож яваа. Гэхдээ үзэгчид л хамгийн үнэн дүн тавьдаг.

-Танаас асуухгүй өнгөрч чадахгүй нээ. Хэвлэлийн хуудсаар сүүлийн хэдэн сар жүжигчин Г.Ундармааг хамтлагаасаа гарсан гэж шуугилаа. Таны зүгээс энэ мэдээлэлд хариу өгвөл?

-Г.Ундраа  эгч нь бол чөлөө авсан байгаа. Кинонд тоглоод сая зураг авалт нь дууссан. Киногоо удахгүй нээнэ гэсэн. Бид нарын хувьд бол чөлөөтэй байгаа өөрийн уран бүтээлээ хийгээд явж байгаа үед бол “Шинэ үе” продакшны ажил зогсож болохгүй. Г.Ундраа чөлөө аваад төслийн ажлаа хийж байна. Мөн киногоо хийж байна гээд маш олон ажлыг хийж бүтээж явна.

Харин “Шинэ үе” продакшн бол нэг хоёр хүний чөлөө авсан эсвэл хэн нэгэн байхгүй үед ажлаа хийхгүй гээд зогсох эрхгүй. Нийтдээ 35-улаа тэгэхээр энэ олон хүмүүсийн ажил, амьдрал цаашаа үргэлжлэх ёстой. Тэгэхээр бид бол цаашаа тоглож байна.

МУГЖ С.Лхагвасүрэн, СТА Р.Алтансүх буюу Аси, залуу жүжигчин  Ганбаа, Билгүүн, Отгоо, Сөрөлт гээд л бүгдээрээ л энэ тоглолтоо нийлж гаргалаа. Ямар ч байсан тоглолт бол амжилттай сайн явж байгаа.

-Олон продакшн байгуулагдах болсон. Гэхдээ өөр өөрсдийн гэсэн өнгө төрхтэй. Танай продакшны хувьд уран бүтээлээ ямар өнгө төрхтэй туурвъя гэж тодорхойлж байгаа вэ?

-Ер нь бол “Шинэ үе” продакшн уран бүтээлд хандах хандлага үзэгчдийг хий инээлгээд өнгөрчих биш. Манай тоглолтоос нэгийг бодож, хоёрыг тунгааж гараасай гэж уран бүтээлээ хийдэг. Үзүүлбэрүүдээ хийхдээ хүртэл бид нар хань ижлээ хайрлаарай, үр хүүхдээ хайрлаасай, эх орон, гэр бүлээ хайрлаарай гэдэг заавал тэнд дотор нулимстай инээд нуугдаж байдаг юм. Тийм болохоор үзэгч түмэн эндээс нэгийг бодоосой. Нээрэн л би эндээс гараад ээж дээрээ очьё, аав дээрээ очьё гэх бодлыг төрүүлэхийг зорьдог доо.

Энэ удаагийн тоглолт болох “Жинхэнэ Жентельмен гэртээ байдаг” гэдэг үг бол цаагуураа аав, чиний хажууд байгаа ханийг хэлж байгаа юм. Мөн ахыг чинь хэлж байгаа юм. Тэд нарт бол жентельмен байх зарчим гэж байдаг тэ? Тэр зарчмууд бас байгаа юм шүү тэр сайхан жентельменүүдээ хайрлаарай л гэж энэ тоглолт дээрээ бид нар дуугарч байгаа. Үзэгчид маань аав, ах, ханийгаа бид нараар хэлүүлтгүй хайрлаж байгаа байх. Гэхдээ тэд нар өшөө илүү хайрлаарай өнгө оруулаарай гэж хэлэхийг хүссэн. Аливаа зүйлийг зүлгэх тусам өнгө ороод байдаг шүү дээ.

Хайрлах тусам хүн чинь улам л гялалзана шүү дээ. Манай тоглолтыг хөдөө орон нутагт байгаа, хилийн заставд байгаад үзэж чадахгүй байгаа хүмүүс ч зөндөө бий. Гэхдээ манай тоглолтын нэрнээс нь хүртэл нээрээ л миний хань наддаа  жентельмен шүү дээ гэсэн бодол төрөөсэй, илүү их хайрлаасай гэж тоглолтын нэрнүүдээ өгдөг. Жишээлбэл, Хүргэн бэрүүд хүчтэй, Хадмууд мандтугай. Манай тоглолтын нэрнүүд дандаа нийгэмдээ бас ард иргэдтэй зориулсан жаргалтай нэрийг л өгч хайрладаг.

-Та хэр жентельмен залуу вэ?

-Би өөрийгөө бол жентельмен гэдэг нэр надаас хол байх гэж боддог. Гэхдээ бол хүнд байх зан чанарууд байгаа.  Жентельмен байх чанарууд тодорхой хувиар бий. Намайг хэр жентельмен, хэр аав бэ? гэдгийг миний үр хүүхдүүд, гэр бүл, найз нөхөд л дүн тавих байх.

-Хань нь урмын үгийг хэр хайрлаж байна?

-Уран бүтээлч, тамирчин хүний ар гэр бол цуг л тоглож, хамтдаа л барилддаг байх гэж боддог. Урмын үгийг бол байнга хэлнэ ээ. Гэхдээ заримдаа шүүмжлэлтэй үгийг хэлдэг. Уран бүтээлч бид нар үр хүүхэд, ойр дотныхоо хүмүүсээс ямархүү санагдаж байгааг асуух, ард түмнээсээ асуух хэрэгтэй.

Хүн өөрөө өөрйинхөө зүйлд цадаж болохгүй гэж би боддог юм. Уран бүтээлч хүн хэт их магтаал, хэт их бие тоох, өөрийгөө магтахад надад эвгүй санагддаг. Би өөрөө тийм байхыг хүсдэггүй. Яагаад гэвэл аав, ээж маань хоёулаа уран бүтээлч хүнээс төрсөн хүү. Тэгэхээр надад бол ухрах зам байхгүй. Надад өөр хийх ажил байхгүй. Яагаад гэвэл би өнөөдөр монголын тайз, дэлгэцийн урлагт заяагдаж, даалгавар авч ирсэн айлын хүү. Хүн эд хөрөнгөө өв залгамжилуулж үлдээлээ гэдэг шиг манай аав, ээж хоёрынхоо урлагийн замыг үргэлжлүүлэх хүн бол би өөрийгөө гэж бодоод л энэ мэргэжлийг сонгосон. Эцсээ хүртэл үүгээрээ уран бүтээлээ хийгээд явна. Надад бол завсарлага авах, ухрах бодол, зориг мохох зүйл байхгүй. Яагаад гэвэл миний ард 30 гаруй залуус гэр бүлээ аваад явж байгаа. Хэдэн дүү нартайгаа хамтран ажилладаг найзууд, үе тэнгийнхэнтэйгээ Монголын хошин урлаг гэдэг их айлд хоёргүй сэтгэлээр зүтгэж явна даа.

-Өнөөгийн залуус таны нүдээр хэрхэн харагдаж байна?

-Зарим хүмүүс бидний үед тийм байсан харин одоогийн залуус ийм болчихож гэж хэлдэг. Би болохоор тэгж өөрсдийнхөө үеийг хэт товойлгож, одоогийн залуучуудыг муугаар хэлмээргүй байгаа юм. Яагаад гэхээр бүх л залуус амьдралд хөлөө олох гэж явж байгаа бүгдээрээ л хайртай учирдаг, алдаж онодог, амжилтанд хүрдэг. Залуу насанд сурч боловсрох, мэдэж авах зүйлс маш их байдаг. Би бол Монголын залуучуудыгаа хамгийн их азтай гэж боддог юм. Яг сайхан үед ардчилалаас хойш юм бүхэн сайхан болж байгаа үед дүү нар маань сурч боловсорч, гадаад дотоод явж үзэж харах юм ихтэй болж байна. Интернэт, цахим мэдээллээр хангагдаж байна ер нь гайхалтай сайхан цаг үед төрсөн ийм залуучууд. Би бас залуучуудыгаа Пол Маккартиний үг байдаг юм. “Чиний үе ирнэ гэдэгт чи итгэ” гэдэг үгээр дүү нартаа урам өгч сэтгэлийнх нь галыг бадраамаар байна.

Ярилцсан: Х.Даваанаа

Эх сурвалж: www.dorgio.mn

 
З.Цэгмид: 20-50 насны эрчүүд дунд бэлгийн сулрал, түрүү булчирхайн үрэвсэл элбэг байна
З.Цэгмид: 20-50 насны эрчүүд дунд бэлгийн сулрал, түрүү булчирхайн үрэвсэл элбэг байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.