Миний энэ удаагийн зочин бол парламентын гишүүн Ц.Анандбазарын өдүүлж байсан бэлгийн дарамт, ёс бус хүчирхийллийн эсрэг ил гарч ирэн зоригтой тэмцэж буй, шүгэл үлээгч Б.Сүндэръяа.
- Сүндэръяа та ахиад л үйл явдлын баатар болчихлоо. Сэтгүүлчдийн мэдэж байгаагаар бол өмнөх Ерөнхий сайдын ОХУ-д хийсэн айлчлалын дараа сошиалд таны нэр түгэж эхэлсэн. Энэ юунаас үүдэлтэй байсан бэ гэхээр таны цахим хуудсандаа нийтэлсэн зургуудаас эхтэй. “Бүгдтэй нь танил юм байна, яагаад балетын багш хүүхэн төрийн айлчлалд явдаг юм бэ” гээд л шуугиад эхэлсэн санагдана.
- Тэгсэн.
- Нэг талаасаа бол айлчлалын хөтөлбөр дэх соёлын арга хэмжээний хүрээнд явж болно. Тэр бол байж болох асуудал. Манай сэтгүүлчид олон зорилготой л шуугиулна. Илүү сайн сонирхож мэдэх гэж, цаана нь яг юу байна гэж судлана . Ажил нь юм л даа. Тэрийг та зөв ойлгох ёстой. Сэтгүүлчид бол таны дайсан биш гэдгийг би ярилцлагынхаа эхэнд анхааруулж хэлэхийг хүсэж байна. Та бол сошиалын идэвхтэй хэрэглэгч. Залуу хүн. Энэ нийгмийн нэг эд эс. Харин яагаад улстөрчдийн тодорхой хэсэгтэй нэлээн гүнзгий гэж хэлж болохоор харилцаа үүсгэснээ тэгж зарласан юм бэ ?
- Зарласан юм бэ гэдэг нь.
- Төрийн айлчлалын бүрэлдэхүүнд багтаж явсан тухайгаа яагаад зарласан юм. Та сайдуудтай, зарим улстөрчидтэй хамт авахуулсан зурагнуудаа цахим хуудсаараа эхэлж цацсан шүү дээ.
- Тэр айлчлал болж өндөрлөөд 2019 оны 12 дугаар сарын 7-нд монголд ирсэн л дээ. 2019 оны 12 дугаар сарын 3-нд Улаанбаатараас явсан байх аа. Тэрнээс өмнө би Солонгосын айлчлалд бас явсан. Яагаад явсан юм гэхээр МҮХАҮТ-аар дамжуулж анх мэдээлэл аваад, бизнесийн салбарынхан айлчлалын бүрэлдэхүүнд багтаж явж болдог юм байна гэдгийг мэдсэн юм. Тэгээд өгөгдсөн журмынх нь дагуу очиж бүртгүүлээд айлчлалын бүрэлдэхүүнд орж явсан л даа. Дараа нь би МҮХАҮТ-ын О.Амартүвшин захиралтай очиж уулзсан. Оросын айлчлалд яаж явах вэ гээд, бүх заавар зөвөлгөөг нь аваад, тэр дагуу материалаа бүрдүүлээд явсан. Бизнесийн төлөөлөгчдийн групп дотор яагаад хувийн сургуулийн захирал, багш хүн орж болохгүй гэж.
- Болно. Болохгүй гэх шалтгаан байхгүй л дээ.
-Тийм. Маш олон бизнесмен явсан. Би энэ явдлыг хууль дүрэм, ёс журмаас гадуур явдал гэж огт бодохгүй байна л даа. Гэвч зарим хүмүүс “Энэ нэг балетчин хүүхэн яагаад айлчлалуудад яваад байгаа юм бэ” гээд над руу дайрцгаасан. Тэнд боксчин хүртэл явж л байсан байхгүй юу. Надаас ч дүү залуучууд явж л байсан. Би өөрийн сахилгагүй зангаас ч гэдэг юм уу, гэнэн цагаан зангаасаа болоод л өөрөө өөрийгөө ийм байдалд оруулсан байх. Түүнээс биш би хэн нэгэн улстөрчийг дагаж яваагүй. Яг л бичиг баримтаа ёсоор нь бүрдүүлээд л явсан. Бүх зүйл нотолгоотой байх ёстой шүү дээ. МҮХАҮТ-аар бүх бичиг баримтыг нь бүрдүүлээд л явсан. Манайх “Sunee’s balet” гээд аж ахуйн нэгжээр бүртгэгдэж явдаг байхгүй юу. Хувь хүн бол иймэрхүү арга хэмжээнд явдаггүй гэж надад хэлсэн л дээ. Би олон жил энэ ажлаа эрхэлж байгаа. Надад бас мөрөөдөл байдаг байхгүй юу. Яаж би ОХУ-ын балетын урлагтай, балетын сургуулиудтай холбогдож ажиллах вэ. Ямар шинэ боломж сургуульдаа нээх вэ гээд л янз бүрийн судалгаа хийгээд явж байдаг. Тэгээд ОХУ-д байдаг найз нартайгаа харилцаад, тэд маань бас надад туслах гээд сургуулиудыг судлаад явж байсан л даа. Би сошиалыг ажил төрөлдөө сайн хэрэглэдэг. Тэгж яваад Солонгосын нэг театртай холбогдоод харилцаа тогтоосон юм. Тэгээд тэр шугамаараа Солонгос явсан. Уулзалт маань ч боломжийн үр дүнтэй болсон учраас би урам аваад, дараа дараагийн төрийн айлчлалуудын бизнес багт орж явбал мөрөөдөлдөө дөхөхөд амжилт олох магадлалтай юм байна, гадаад харилцаагаа тэлж чадах юм байна гэж ойлгосон л доо. Тэгээд айлчлалын үеэр твиттер хуудсан дээрээ Оросод ийм ийм юм болж байна гээд зургаа тавьчихсан чинь л “Энэ хэнтэй явж байна вэ” гээд л шуугиан эхэлчихсэн байхгүй юу.
- Ерөнхий сайдын ПиАр баг буюу Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албатай маш ойр ажилладаг гэж та твиттер хуудсандаа бичиж байсан. Тэгэхээр тэнд та яг ямар үүрэг оролцоотой ажиллаж байсан юм бэ. Ордонд нэвтрэх үнэмлэхийг танд ямар шугамаар олгосон юм бол. Уучлаарай, энэ асуултыг ямар ч тэнэг сэтгүүлч танд тавина шүү дээ. Мэдээж та хариултаа бодсон байх. Би танд бодох хугацаа олгоод, ярилцлагаа нэлээн хэд хоног хойшлуулсан байгаа.
- Бодоод байх ч юу байх вэ дээ. Би үнэнээ л ярина. Өмнө нь “Улаан бал”-д орохдоо ч ярьсан шүү дээ. Хамгийн анх бол Ц.Ганзориг байна шүү дээ. Өмнөх Ерөнхий сайдын хэвлэлийн албаны даргаар ажиллаж байсан.
- Одоогийн Засгийн газрын ХМА-ны дарга ?
- Тийм. Бид хоёр өмнө нь бие биенээ таньдаг байсан юм. Тэгээд Ц.Ганзориг надад ярьсан л даа. Нэг ийм ажил байгаа юм аа, бид “Засаг цаг” гэж байнгын хөтөлбөр хийх гэж байгаа юм. Янз бүрийн ажил мэргэжлийн залуучууд хамтраад ажиллаж байна. Чи энэ ажилд оролцох боломжтой юу гэж. Би ч маш таатай хүлээж авсан. Угаасаа би энэ чиглэлийн ажлуудыг маш их сонирхдог байсан учраас өөрөө очоод уулзсан. Чи үнэхээр сонирхолтой байна уу. Уг нь 24 цагийн ажил биш л дээ. Сошиал ПиАр багт ороод ажиллавал чи өөрөө сэтгээд юу юу хийж чадах вэ гээд ярилцсан. Тэгээд ажиллахаар болсон. Хүчтэй, боловсролтой, эрч хүчтэй залуучуудтай ажиллаж үзье гээд л зориглосон. Ингээд бусад хүмүүстэй нь танилцаж эхлээд явж байсан.
- Гэхдээ тэнд байнгын ажилтай байгаагүй юм байна, тийм үү ?
- Үгүй үгүй.
- Таны үндсэн ажил буюу балетын сургуулийн үйл ажиллагаа тань хэвийн явагдаж байсан биз дээ?
- Тийм. Би өөрөө улс төрийн ажилд их сонирхолтой. Жишээ нь, Б.Бат-Эрдэнэ гишүүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байх үед сурталчилгааных нь материалуудыг тараагаад л явж байсан. Өдрийн 20 мянган төгрөгний цалинтай ажил байлаа. Манай эгч намын Хан –Уул дүүргийн нэг үүрийн даргаар ажиллаж байсан юм. Тэр эгч маань надад санал тавихаар нь багт нь ороод ажилласан.
- Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ гишүүнийг Ерөнхийлөгчид дэвшиж байх үед үү?
- Тийм. “Чи маш сайн ажилладаг юм байна” гэж хүмүүс намайг үнэлсэн. Дараа нь ямар нэг сонгуультай холбоотой ажлын үеэр намайг дууддаг болчихсон байсан. Би нэг их том ажил хийдэггүй байсан л даа. Зүгээр л үүр дээр хүмүүст тараах материалуудыг түгээх, ухуулга сурталчилгаа хийх зэрэг ажлуудыг хийж байсан. Ийм төрлийн ажлыг хүмүүс их хуурамчхан хийгээд байдаг л даа. Би бол тэгдэггүй. Чин сэтгэлээсээ хийдэг. Хүмүүст чин сэтгэлээсээ хандаж байж л сэтгэлд нь жаахан ч гэсэн хүрнэ шүү дээ. Гэхдээ ийм ажил надад маш сонирхолтой санагдсан. Хүмүүстэй танилцаж, харилцах их сонирхолтой. Би өөрөө бизнес хийдэг. Миний ажил чинь бас тийм бага зүйл биш л дээ. Өөрөө ч багшилна. Дөрвөн салбараа удирдана. Хүмүүсээ цалинжуулна гэдэг чинь амар ажил биш шүү дээ. Залуу насны эрч хүчээр бүгдийг л амжуулж явахыг хичээдэг.
- Сүнээ бага насаа хаана өнгөрөөсөн, ямар гэр бүлд төрж өссөн, ямар удам судартай хүн бэ гэдэг талаар хоёулаа ярих нь зөв байх. Энэ талаар ярьж өгөөч.
- Намайг хүмүүс “Чи хэдэн өвөөтэй, хэдэн аавтай юм бэ” гэдэг. (инээв) Үнэндээ хүн хаана, ямар удам судрыг олж төрөх вэ гэдгээ өөрөө шийдэх боломжгүй. Хүн юм чинь аав ээжээс бүрэлдсэн байж таарна. Эцэг эхийгээ хэн ч шүүдэггүй. Тэгэх эрх ч байхгүй.
- Та ээжийнхээ анхны хүүхэд үү. Таны ээж их залуухан, сайхан бүсгүй байдаг юм байна. Тэгээд таныг ууган охин байх гэж таамаглаж байна л даа?
-Тийм ээ, би ээжийнхээ анхны хүүхэд нь. Айлын том хүүхэд. Ээж аавын маань анхны амьдрал бүтэлгүйтээд тус тусын мөрийг хөөсөн байдаг. Тэгээд дараа нь дүү нарын минь аавтай учирсан. Миний дүү нарын аав сайхан хүн байдаг. Мэдээж биднийг хайраар дутаахгүй сайхан өсгөсөн. Амьдрал бол тааж тааварлахад хэцүү, нэг тогтсон журмаар явдаггүй эд юм шиг байгаа юм. Аав ээж хоёр маань нэг мэдэхэд л хоёр тийшээ болцгоож салсан. Сүүлд ээж минь бас дахиад нэг хүнтэй суусан. Гэвч салж холдохоос аргагүй байдалд орсон л доо.
- Тэгэхээр та хоёр ч хойд эцгийн нүүр үзжээ.
-Тийм.
- Сүүлд ханилсан хүн нь үл бүтэх нөхөр байсан юм аа даа. Би хэтэрхий хувийн асуудлууд руу орж байх шиг байна. Та уучлаарай.
- Болж бүтнэ л гэж бодсон, итгэсэн байх. Би бас тэгж шууд үл бүтэх нөхөр гэж хэлэхийг хүсэхгүй байна. Хэрэв тэр хүн бага залуу насандаа хүмүүст хайрлагдаж, бүтэн хайраар өссөн бол амьдралд хөл алдахгүй явах байсан байх л даа. Тэр хүнийг нийгэм нь адлаад, буланд шахаад байгаа учраас өөрөө хичнээн сайн байх гэж хичээгээд тэр нь нураад байдаг байх. Хичнээн хичээвч хүмүүс ойлгохгүй байгаа учраас тэр хүн тийм замыг сонгосон байх гэж би боддог. Мэдээж миний ээжид муу зүйл хийсэнд нь би гомддог. Хуулийн хариуцлагаа үүрэх ёстой, үүрсэн. Гэхдээ би дотроо тэр хүнд хатуу өширхөж, үргэлж буруутгаж чаддаггүй. Тэр хүний сэтгэл рүү хэн ч өнгийж харж чадахгүй. Мэдээж сэтгэл зүрх гэж байгаа шүү дээ, тэр хүнд. Тийм болохоор дотор нь юу юу болж байгааг гаднаас хэн ч мэдэх боломжгүй. Тэгэхээр би ээжийгээ ч алдсан алдаан дээр нь яллахыг ерөөсөө хүсдэггүй. Дээрээс нь хичнээн миний ээжид буруу зүйл хийсэн ч гэсэн тэр хүнийг дэвслэхийг хүсэхгүй. Одоо ч надад ингээд ярихад хэцүү байна л даа. (түүний хоолой зангиран, нулимс нь бүрхэж ирэв)
- Таныг ойлгож байна. Гэхдээ танд бага залуу насандаа аавтай чинь учирч, чамайг тээж төрүүлсэн. Ийм шийдвэрийг гаргаж чадсан, өдий хүртэл чиний дэргэд байгаа ээжийгээ хамгаалах үүрэг байсан. Тэгэхээр өөрийгөө шаналгах хэрэггүй юм.
- Ингээд бүх амьдралаа ярьчихаар энэ улангасан дайрсан муухай хүмүүс ээжийг минь бас яллачих вий гээд би айдаг байхгүй юу. Миний ээжийг зовоож, ээжийн минь нэр хүндэд халдаж, дайрч доромжилбол яанаа гэж би үргэлж шаналдаг. Энэ надад маш хэцүү байдаг.
- Таны ээж ямар мэргэжилтэй хүн бэ. Одоо хаана ажилладаг вэ?
- Манай ээж хуульч мэргэжилтэй хүн. Манай ээж аав хоёр хоёулаа хуульч. Тэгээд аав маань “Чамайг ажил хийлгэхгүй ээ. Чи хүүхдүүдээ хар” гээд мэргэжлээр нь ажиллуулаагүй. Одоо манай балетын сургуулийг хариуцаж ажилладаг. Найдвартай ар тал минь шүү дээ.
- Мэдээж Улсын баатар Дандар гуайн тухай танаас асуух ёстой. Дандар гуайн үр удмыг тойрсон асуудал гарч ирсэн. НИТХ-ын төлөөлөгч нэг эмэгтэй “Би ач нь” гэж ярьдаг. Та бас “Би ач нь” гэдэг. Тэгэхээр та өөрийнхөө амаар тэр хүнтэй удам судрын ямар холбоотой болохоо дахин нэг тайлбарлаж болох уу?
- Энэ тухай ярихаар одоо надад хэцүү санагдах болсон. Тийм том хүний үр хойч бурхан болсон хойно нь хоорондоо уралцаад байгаа ч юм шиг. Хөндлөнгөөс харахад үнэхээр таагүй. Ийм асуудлууд бол ер нь гутамшиг шүү дээ.
- Олон гэр бүлд ийм асуудлууд үүсч байсан.
- Тийм. Гэхдээ би хувьдаа бол ичиж явдаг. Гэр бүл, удам судрынхан дунд маань иймэрхүү асуудлууд үүссэн нь харамсалтай санагддаг. Би өөрийгөө ч буруутгаж байгаа. Олон зүйл дээр нэр төрийг нь сэвтүүлж байгаадаа их харамсаж, ичиж явдаг. Үүнийгээ шударгаар хэлэх ёстой. Энэ явдал анх яаж эхэлсэн юм бэ гэхээр таны хэлээд байгаа тэр Г.Гангамөрөн эгчтэй бол би нүүр нүүрээ харж, танилцаж огт үзээгүй. Манай удмын ахмадууд, Дандар баатарын төрсөн дүү нарын хүүхдүүд, төрсөн хүүгийнх нь хүүхдүүд гээд бүгдээрээ амьд сэрүүн байдаг. Манайхан чинь их өнөр өтгөн, маш олуулаа. Нийгэмд би л гарч ирээд ярьж хэлсэн, дурсгалыг нь мөнхжүүлэх зарим үйл хэргийг санаачилж хийсэн болохоос ард нь олон хүн байгаа. Бүгдээрээ маш даруухан хүмүүс байдаг. Ганцаараа би л жаахан хөдөлгөөнтэй. (инээв) Би Г.Гангамөрөн гэдэг хүний тухай хамаатан садангуудаасаа олон удаа сонсож байсан. Тэд маань яагаад ч юм эднийхэнтэй жаахан хөндий харилцаатай байдаг. Тэгээд дотроо гайхаж явдаг байсан л даа.
- Тийм үү ?
- Надаас “Энэ юу болоод байгаа юм бэ. Ийм юм яваад байна” гээд олон хүмүүс асуусан. Би үнэнээр нь л хэлдэг. Г.Гангамөрөн бол Ганбаатар гээд Дандар баатарын өргөж авсан хүүгийнх нь охин юм. Өвөө маань дахиад ч нэг охин өргөж авсан. Тэр охиных нь хүүхдүүд бий. Бид нар бүгдээрээ гэр бүлийн дотно харилцаатай. Сая Дандар баатрынхан гээд Халх голын ойгоор манайхан цугларцгаасан. Гадаад дотоодоос бүгдээрээ хүрэлцэн ирж ургийн баяраа хийсэн. Маш сайхан байсан. Би ерөөсөө хүнийг өргөмөл, ийм тийм гэж ад шоо үзэх дургүй. Нарийн учрыг нь ч мэдээгүй явсан. Гэхдээ ийм юмыг архивын баримтууд яг таг л гаргаад ирдэг юм билээ. Хууль шүүхийн байгууллагууд ч ямар ч асуудал байхгүй бүгдийг гаргаад ирдэг юм байна. Бид өөрсдөө ч нэлээн олон шүүлтүүрээр оруулж байж учир начрыг нь олж байгаа юм л даа. Уг нь бол тийм ч төөрөлдөөд байхааргүй асуудлууд. Би бол цусан төрөл нь яах аргагүй мөн л дөө. Нээрээ нэг дурсамж санаанд орж байна. Дандар баатрын тухай кино гарсан даа. “Бууны сум буцдаггүй” гээд... Яг тэр киноны нээлт дээр тухайн үеийн Ерөнхий сайдаас би намын батлах гардаж авч байлаа.
- Зээ хүүгийнх нь зээ охин гэж бичсэн байсныг уншиж байсан.
-Энэ талаар би зөндөө тайлбарласан ч тайлбарыг маань хүмүүс ойлгож уншдаггүй байхгүй юу. Хүмүүсийн зарим аливааг ерөөсөө нухацтай уншдаггүй юм шиг ээ. Дандар баатар өөрөө хоёр өргөж авсан хүүхэдтэй. Эрэгтэй, эмэгтэй. Тэгээд олон төрсөн дүү нартай хүн шүү дээ. Бас нэг хүүтэй.
- Тэр хүү нь бичиг баримтан дээрээ Дандар баатраар овоглодоггүй ч яг төрсөн хүү нь биз дээ?
- Хүү нь мөн. Маш адилхан. Саяхан тэр ах маань бурхан болчихлоо. Нэлээн олон жил хэл аман дунд амьдарсан даа. Гэхдээ үр хүүхдүүд нь байгаа. Миний хувьд бол яг төрсөн ганц охин дүүгийнх нь хүүгийн ач охин нь. Бичиг баримтан дээр өвөө маань Дандар баатраар овоглодог болохоор би зээ хүүгийнх нь зээ охин гэж явдаг. Цусан төрөл нь яах аргагүй мөн. Бичиг баримтаар бол зээ охин нь гэж явдаг. Би энийг хэдэн ч удаа шалгуулав. Хэл ам дэгдээд байхаар сайхан шалгаад тогтоодог ч юм билээ.
- Ийм үйл явдлын нэг сайн үр дагавар нь тэр хүний намтар судлалд баримтууд нэмэгдэж байгаа явдал юм.
- Тийм. Намайг сүүлдээ данжаад гаралтай, хужаа хүн болгоод явчихсан.(инээв) “Бууны сумыг буцааж болдоггүй” киноны нээлт дээр Г.Гангамөрөн эгчийг бид урьсан л даа. Хичнээн бид жаахан таагүй харилцаатай байдаг ч гэсэн урих ёстой байхгүй юу. Тэгээд нэг ахаараа дамжуулаад “Та Ганбаатар ах, Гангамөрөн эгч хоёрт урилга өгчих” гээд хүргүүлсэн. Би өөрөө бүх зохион байгуулалтыг нь хийж байсан болохоор үнэхээр зав зай муутай байсан л даа. Тэгээд нээлтийн үеэр Ерөнхий сайд үг хэлээд дууссаны дараа би очоод “Гангамөрөн эгчээ баяр хүргэе. Өвөөгийн киноны нээлт их сайхан болж байна” гээд хэлсэн чинь маш их уурласан л даа. Жаахан бухимдалтай байсан юм шиг байгаа юм. Тэгээд нээлтийн дараа цахим хуудсаараа “...намайг Дандар баатартай ямар ч хамааралгүй, ийм тийм хүн” гээд нэг пост бичсэн байсан. Бүүстлээд постоо их хүчтэй ч түгээсэн. Тэгээд л би “хүний өвөө хулгайлсан” хүн болчихсон. Иймэрхүү л хачин юм болоод өнгөрсөн юм.
- Өөрөөр бол түүнтэй нүүр тулж уулзаагүй юм уу?
- Нэг ч удаа үзээгүй. Би уулзах саналуудыг бол зөндөө тавьж байсан. Өрөөлөөр ч дамжуулж хэлж байсан. Тэгээд л орхисон доо. Миний хувьд Дандар баатар гэдэг хүний нэр алдрыг зарж идэх гээд байсан юм байхгүй шүү дээ. Халх голын 80 жилийн ой болж байсан болохоор Засгийн газрын зүгээс тодорхой ажлуудыг хийж байсан юм билээ. Тэгээд гэр бүлийг нь төлөөлүүлж хэнтэй харьцах вэ гэж судлаад манай өвөө рүү холбогдсон.
- Асгалт гуай руу ?
- Тийм. Өвөө маань өөрөө ахмад хилчин, төр улсдаа олон жил ажилласан хүн. Тэгээд манай өвөө намайг “Чи л яв. Би ийм ажил хөөцөлдөж мэдэхгүй. Одоо хөгширчихсөн хүн” гээд болдоггүй. Ингээд би бүх ажлыг гардаж аваад явсан. Засгийн газрын хөтөлбөрт нь л орсон болохоос Засгаас мөнгө аваагүй. Өөрсдөө л чардайгаад ард нь гарсан. Хувийнхаа хөрөнгө хүчээр барахгүй шүү дээ. Тийм болохоор янз бүрийн ажлууд зохион байгуулсан, спонсорууд олсон. Ингээд хөшөөг нь босгох, хүүхдүүдэд зориулж арга хэмжээнүүд зохион байгуулах, буяны ажлууд хийх гээд маш их ажилласан. Бүгдээрээ нийлээд Халх гол суманд сайхан хөшөө босгосон. Манайхан чинь хорин хэдүүлээ Халхгол суманд цугларсан шүү дээ. Сайхан дурсамжтай өдрүүдийг хамтдаа өнгөрүүлсэндээ үнэхээр баяртай байдаг.
- Дандар баатартай холбоотой энэ маргаантай асуудлуудад танай ээж яаж ханддаг вэ. Чамд юу гэж хэлдэг вэ?
- Ер нь манай гэрийнхэн нэг их юм хэлэхгүй. “Яах гэж хэл аманд орооцолддог юм бэ”, “Угаасаа л ийм хүнийг нь мэддэг байж чи эмзэглэх хэрэггүй шүү дээ” л гэж хэлдэг. Ер нь бол бүх асуудал дээр гэрийнхэн маань надад “Чи хэл ам дэгдээхээ болиод өгөөчээ” л гэдэг.
- Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхтэй өөрийг тань хувийн байдлаар холбох гээд байх юм. Хэзээ, яг ямар шалтгаанаар түүнтэй танилцаж байсан юм бэ?
- Намын даргатай бол би Солонгосын айлчлалаар явахдаа Солонгост танилцсан. Айлчлалын үеэр бизнесийнхэнтэй хийсэн “Зангиагүй уулзалт” дээр танилцаж байсан юм. Би босоод өөрийгөө танилцуулаад, ийм зорилгоор ирсэн юм. Хүүхдүүдийн төлөө та энэ ажлыг маань дэмжиж болох уу гэж шууд хэлсэн л дээ. Бүгд л тэгээд зорилгоо, асуудлуудаа ярьдаг шүү дээ. Яагаад гэхээр би асрамжийн газрын хүүхдүүдэд 7-8 жил үнэ төлбөргүй багшилж байгаа байхгүй юу. Тэгээд энэ хүүхдүүд минь том болж байгаа учраас тэдний ирээдүйн төлөө зовних өчнөөн асуудлууд гарч ирж байна. Нэгэнт олон жил дасчихсан тэр хүүхдүүдээ цаашид би яах вэ. Хувиасаа мөнгө гаргаад гадагшаа сургууль соёлд явуулах боломжгүй шүү дээ. Тийм учраас төр засаг энэ хүүхдүүдийг дэмжээд өгөөч” гэдэг санал тавьсан юм л даа. Маш олон бизнесийнхэн байсан. Ерөнхий сайд сонсоод “Энэ боломжтой. Эхний даваагаа та нар давчихсан юм чинь цааш нь тэтгэлэгт хамруулах боломж байгаа” гэж хариулсан. Ингэж л танилцаж байсан юм. Өөрөөр тэр хүнтэй тогтоосон элдвийн холбоо сүлбээ, янз бүрийн юм байхгүй. Сүүлд Ц.Ганзориг эд нартай хамтраад ажиллаж байх үед хааяа уулзалт дээр таарч байсан. Түүнээс биш зарим нэг хүмүүсийн зохиомжлоод байгаа шиг хувийн харилцаа холбоо байхгүй. Хүмүүс Оросын айлчлалд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг л намайг дагуулж явсан гэж хардаад байгаа. Гэхдээ одоо хүмүүс ойлгосон байх. Нөгөө талаас УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын өрсөлдөгчөө дарах гэж хийсэн бохир нэвтрүүлэг дээр нэг намаас нэр дэвшсэн журмын нөхөртэйгөө төдийгүй намын даргатай намайг амрагийн харилцаатай гэж ойлгуулахаар утгатай зүйлийг сошил даяар цацсан шүү дээ.
Үргэлжлэлийг http://newspress.mn/v1/p/news/18602 дарж уншина уу.