Ердөө сар гаруй хугацааны дараа болох гэж буй Үндэсний их баяр наадмыг тойрсон элдэв яриа өнөөг хэр нь үргэлжилсээр. Наадмын нээлтийн арга хэмжээнд зориулан эрхэм Ерөнхий сайд маань алдарт дуучин Женнифер Лопез болон бусад хамтлаг дуучдыг нэг сая ам.доллараар урьж авчрах гэж буй тухай мэдээлэл олныг хэсэгтээ л бухимдуулсан.
Гэвч уг мэдээлэл нь одоог хүртэл батлагдаагүй, мөн дуучин бүсгүй Монголд ирэхээс татгалзсан сургаар хэд хэдээрээ талцан хэрэлдэж суусан иргэд маань багагүй тайвшраад байгаа. Харин наадмын зохион байгуулах ажилд хоёр тэрбум, долоон зуун сая төгрөг төсөвлөсөн нь арайхийж намжиж байсан ард иргэдийн уур бухимдлыг ахиад л асааж орхив бололтой. Дор бүртээ өөр өөрсдийн бодлыг хуваалцаж, хэвлэлийнхэн төдийгүй цахим ертөнцийнхөн хэл амаа билүүдэж эхэлсэн энэ үед УДЭТ-ын жүжигчин, СТА М.Түвшинхүү ч дуугүй суусангүй.
“Энэ жилийн үндэсний их баяр наадамд хоёр тэрбум, долоон зуун сая төгрөг төсөвлөжээ... Хэд нь хэний халаасанд орж, хэд нь үнэн бодит зүйлд зарцуулагдах бол...Үүнээс нээлтийн арга хэмжээнд найман зуу гаруй сая төгрөг зарцуулах юм байх. Урлагийн бид нар жил болгон халуун наранд тайзны баахан зузаан хувцас өмсөж жагсаад, хар хөлсөө цувуулдаг мөртлөө гар дээрээ нэг ч төгрөг авч үзээгүй дэг... Надад үүнээсээ ЗУУН САЯ ТӨГРӨГ өгчих л дөө!!! Би хэний ч санаанд ороогүй НААДМЫН НЭЭЛТ хийе!!!
ЁСТОЙ НЭГ ЧАДАХ ЮМ ЧИНЬ...” гэж дургүйцлээ илэрхийллээ.
Эх сурвалж: Photonews.mn