1.6 тэрбумаар байшин барих гэж байгаагийн учрыг С.Эрдэнэ сайд мэднэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 46 секунд
1.6 тэрбумаар байшин барих гэж байгаагийн учрыг С.Эрдэнэ сайд мэднэ

1.6 тэрбумаар байшин барих гэж байгаагийн учрыг С.Эрдэнэ сайд мэднэ

http://www.tumen.mn/upload/2015/10/22/Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,

Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Үүнтэй холбоотойгоор агентлагуудыг нэгтгэх асуудлыг хөндсөн бөгөөд хэлэлцүүлгийн шатанд “Засгийн газар төсвийн хуулиудыг боловсруулахдаа хэд хэдэн агентлаг нэгтгэх, татан буулгах, төрийн захиргааны албан тушаалтнуудын цалинг бууруулах зэрэг арга хэмжээ авахаар оруулж ирсэн нь өөрсөд рүүгээ чиглэсэн галыг түр ч болов намжаах гэсэн арга. Төсвийн үргүй зардлыг бууруулъя гэвэл угтах хаалга барих, нэг хүнд зориулж байшин барилга барьдгаа зогсоох ёстой” хэмээн гишүүд шүүмжлэв.

Тухайлбал, энэ үеэр гишүүн Ө.Энхтүвшин “Хайрхан суманд нэг хүнд зориулж 1.6 тэрбум төгрөгөөр байшин бариулах, 2900 хүний цалинг бууруулж, 1.8 тэрбум төгрөг хэмнэх хоёрын аль нь зөв сонголт вэ. Сангийн сайд аа” хэмээн асуухад Сангийн сайд Б.Болор “Архангай аймгийн Хайрхан суманд баригдаж байгаа байр. Сайд С.Эрдэнээс асуу” гэв. Түүнчлэн Үндэсний статистикийн хороог Улсын бүртгэлийн газартай нэгтгэх талаар хэлэлцэхэд гишүүн Ц.Нямдорж “Улсын бүртгэлийн газарт хүний бүртгэл мэдээллээс эхлээд олон мэдээлэл бий. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой  нарийн мэдээллүүд ч бий. Үүнийг зөвхөн саналын томъёолол гаргаад шийдэж болохгүй. Тодорхой судалгаа хийлгэж нягтлах ёстой. Ингэхгүй бол дунд нь янз бүрийн юм гарчихаж магадгүй. Санал дэмжлэг хүлээчихвэл шууд л бужигнуулна.

Тийм учраас Хууль зүйн яамныхаа харьяанд буюу Улсын бүртгэлийн газартаа төвлөрч байг” гэж хэлснийг Ц.Баярсайхан гишүүн үндэслэлтэй хэмээн үзэж, горимын саналаа татав. Улмаар гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгахад олны анхаарлын төвд байсан хоёр ч санал олонхийн унав. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Ц.Баярсайхан, Ө.Энхтүвшин нар “Цалинг бууруулах Засгийн газрын санал нь хуулийн зөрчилтэй тул дэмжих боломжгүй” хэмээн санал гаргасан нь олонхийн дэмжлэг хүлээгээгүй тул төрийн захиргааны албан тушаалтнуудын цалинг 30 хүртэл хувиар бууруулах санал дэмжлэг авсан юм. Мөн Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газрыг нэгтгэхгүй, хуучнаар нь үлдээх саналыг дээрх гишүүд гаргасан нь олонхийн дэмжлэг хүлээсэнгүй. Ингэснээр Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар хоёрыг нэгтгэн Үндэсний орлогын татварын газар байгуулах Засгийн газрын санал хэвээр үлдэв. Харин Үндэсний статистикийн хороо хуучнаараа буюу одоогийнхоороо байх санал хэвээр үлдлээ. Цалинг бууруулах тухай санал хуулийн зөрчилтэй орж ирсэн нь Засгийн газар энэ талын холбогдох хуулиуддаа өөрчлөлт оруулахаар өргөн бариагүйтэй холбоотой юм байна. Учир нь, Төрийн албаны тухай хуульд төрийн албаныхны цалинг өнөөгийн төвшнөөс нь бууруулж болохгүй гэж заасан байна. Тиймээс энэхүү заалтад өөрчлөлт оруулаагүй цагт УИХ-аас цалинг 30 хүртэл хувиар бууруулах хууль батлахад зөрчил үүсгэхээр байгаа ажээ. 

 

М.Өнөрөө

Намууд төлөвшиж байж ардчилал бэхэжнэ
Намууд төлөвшиж байж ардчилал бэхэжнэ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.