Л.Пүрэвсүрэн: Хойд Солонгос руу нийт 104 үхэр ачиж явуулсан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
13 минут 4 секунд
Л.Пүрэвсүрэн: Хойд Солонгос руу нийт 104 үхэр ачиж явуулсан

Л.Пүрэвсүрэн: Хойд Солонгос руу нийт 104 үхэр ачиж явуулсан

 

-НИЙТ 10 МЯНГАН МАЛ ГАРГАХААР ТОХИРОЛЦЖЭЭ -

 

Өнгөрсөн арванхоёрдугаар сарын сүүлчээр хойд Солонгосын нисэх онгоц Дорнод аймгийн нутагт газарданолон тооны үхэр нууц байдлаар аваад буцсан гэх мэдээлэл гарсан. Үүнтэй холбогдуулан Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.

 

-Хойд солонгосууд манай улсаас олон тооны үхэр аваад буцсан гэдэг мэдээлэл гараад байна. Хэрвээ энэ үнэн бол ямар журмаар манай улс үхрээ гаргаж байгаа талаар албан ёсны мэдээлэл өгнө үү?

 

-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж жил хагасын өмнө БНАСАУ-далбан ёсны айлчлал хийсэн. Ер нь хүнсний дутагдалтай орнуудад тусламж үзүүлэх дэлхий нийтийн хөтөлбөр байдаг. Монгол Улс 2014-2015 онд дэлхийн хүнсний байгууллагын даргаар ажиллаж байгаа. Хоёр жилийн хугацаанд дэлхийн ялангуяа бүс нутгийнхаа хүнсний асуудлыг шийдэхэд үлгэр дууриалалтай ажиллах учиртай. Бүс нутгийн хамгийн гол асуудал нь БНАСАУ буюухойд Солонгос байдаг. Тухайлбал, ургац алдах, өлсгөлөн болох гэх мэт. Тиймээс манай улс өмнөх жилүүдэд ч мөн тодорхой хэмжээгээр тусламж үзүүлж ирсэн. Гадаад хэргийн яаман дээр төсвөөс тодорхой хэмжээний хөрөнгө гаргаад Олон улсын хамтын ажиллагааны санг байгуулсан байдаг. Энэ сан зөвхөн хүнсний тусламжаас гадна Мьянмар, Киргиз, Афганистан, хойд Солонгост шилжилтийн туршлагаасаа солилцох зорилготой. Сангийн боломжийн хүрээнд хойд Солонгост өнгөрсөн жил хүнсний тусламж үзүүлсэн юм. Мөн Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр зөвхөн хүнсний тусламж үзүүлэхээс гадна хойд Солонгосын хүнсний ирээдүйн асуудлаа шийдэхэд нь туслах явдал. Манай улсын хувьд өмнө нь мах нийлүүлж байсан. Тэгэхээр мах, гурилаар туслахын оронд хойд мал нийлүүлье гэж шийдсэн. БНАСАУ хойд талаараа хүйтэн сэрүүн уулархаг нутагтай. Энэ нутгаа мал аж ахуйн тусгай бүс болгох хөтөлбөр явуулж байгаа юм билээ. Тэнд нь манай улсаас мал нийлүүлье гэж шийдсэн. Ингэснээр манай улсаас мах гуйгаад байх биш өөрсдөө малаа үржүүлээд хүнснийхээ асуудлыг шийддэг байх тал дээр туслах тохиролцоо хийсэн. Үүний үндсэн дээр манай улсаас тодорхой хэмжээний мал өгөхөөр болсон. Ингээд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлээр хойд Солонгосын ачааны онгоц ирээд 104 үхэр ачиж явсан нь үнэн. Эдгээр үхрийг өгч явуулахад ХХААЯ-наас эмнэлгийн үзлэг болон тусгаарлах ажлыг хийсэн. Мөн хойд Солонгосын эмч нар газар дээр нь шалгаж үзээд аваад ниссэн.

 

-Эдгээр үхрийг тээвэрлэх зардлыг хаанаас гаргасан бэ?

 

-Олон улсын хамтын ажил-лагааны сангийн төсвөөс гаргасан. Цаашдаа ч гэсэн мал нийлүүлэх ажлыг үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ эдийн засгийн хүндрэлтэй байдлаас болоод нэг удаагийн үйл ажиллагаа болж байгаа нь энэ. Ер нь дараагийн жилүүдэд ч гэсэн хойд Солонгостой хамтарч ажиллах болно. Тухайлбал, Хөдөө аж ахуйн их сургуульд тэдний мал эмнэлгийн эмч, зоотехникчдийг сургах талаар ч ярьж байна. Манай улсын хувьд өмнө нь ингэж мал гаргаж байсан туршлага бий. Тухайлбал, Лаос улсад 1980-аад оны үед нэлээд их хэмжээний мал гаргаж байв. Энэ утгаараа тухайн улсад хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдээ сургадаг. Мөн 2000 онд хойд Солонгост тодорхой хэмжээний ямаа гаргаж байв. Монголоос ачсан ямаа, одоо хүртэл үржиж байгаа

 

-Нууц байдлаар буюу орон нутгаас ачиж үхэр явуулсан байна гэх шүүмжлэл цахим ертөнцөд хүчтэй өрнөж байна л даа.

 

-Мэдээж Улаанбаатараас мал ачиж явуулах боломжгүй шүү дээ. Тийм учраас онгоц буух боломжтой гэж үзээд Чойбалсангийн онгоцны буудлаас дээрх үхрийг ачиж явуул сан. Ингэхдээ мэдээж бүх нислэгийн зөвшөөрөл, мэргэжлийн хяналт, гааль, хил зэрэг бүх шат дамжлагаар орсон. Түүнээс нууж хаасан зүйл энд байхгүй.

 

-Хойд Солонгост манай улс ингэж мал өгч явуулах нь гадаад харилцаа талдаа сөргөөр нөлөөлөх үү. Мал ачиж явах онгоц мэдээж олон улс дамнаж манай улсад ирсэн байж таарна?

 

-Хойд Солонгос манай хөрш улс биш. Дунд нь БНХАУ бий. Тийм учраас олон улсын агаарын тээврийн норм, журмын дагуу орж ирээд буцсан. Энэ онгоцноос болоод ч юм уу манай талаас нийлүүлсэн үхэрнээс үүдэн ямар нэгэн сөрөг зүйл гарахгүй. Манай улс ингэж хойд Солонгост хүнсий асуудлаа шийдэхэд нь урт хугацааны дэмжлэг үзүүлснээрээ олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байгаа хэрэг. Ялангуяа олон улсын хүнсний байгууллагыг ахалж байгаа орны хувьд үлгэр дууриалал үзүүлэхүйц үйл явц гэж ойлгож болно.

 

-Манай улс үхрээ хэчнээн төгрөгөөр үнэлж өгсөн бэ. Хойд Солонгост ингэж хүнсний дэмжлэг үзүүлснээр эргээд манай улсад ямар эерэг үр дагавартай юм бэ?

 

-Тээвэрлэлтийн зардлыг нарийн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ нэг үхрийг 700-800 мянган төгрөгөөр үнэлж тооцсон болов уу. Ерөнхийдөө тугал, бяруу зэрэг залуу үхэр нийлүүлсэн. Үүний хариуд мэдээж манай улс БНАСАУ-тай хоёр талын харилцаагаа өргөжүүлж байна. Олон улсын тавцанд ч гэсэн хамтарч ажиллахаас гадна бүс нутагт Монгол Улсын нөлөөг нэмэгдүүлэхэд чухал ажил боллоо. Ялангуяа манай улс тогтвортой хөгжихөд гадаад таатай орчин хэрэгтэй. Монгол Улс Зүүн хойд Азийн бүсийн орон. Энэ бүсэд энх тайван, тогтвортой хөгжил байсан цагт манай улс эдийн засгаа тэлнэ, гадаадын хөрөнгө оруулалт болон гадаад худалдаагаа нэмэх сайн талтай. Энэ бол зөвхөн өнөөгийн биш, олон арван жилийн турш барьж ирсэн гадаад бодлого. Сүүлийн жилүүдэд эрчим жүүлж байгаа. Өнгөрсөн онд гэхэд л бид Улаанбаатар хотноо Япон, хойд Солонгосын хулгайлагдсан иргэдийн асуудлаар уулзалтыг хийж байлаа. Энэ уулзалтын үр дүнд хойд Солонгос, Японы хооронд нааштай яриа хэлэлцээр явж байна. Энэ нь эргээд бүс нутагт энх тайвныг бий болгоход Монгол Улсын үзүүлж байгаа томоохон дэмжлэг юм.

 

-Манай улс хойд Солонгос руу дахин мал гаргах уу. Эсвэл энэ удаагийнхаар дуусгавар болж байна уу?

 

-Ер нь хэлэлцээрийн дагуу арван мянга хүртэлх мал гаргахаар ярилцсан. Тэгэхээр энэ хүрээнд зөвхөн үхэр гэлтгүй хонь, ямаа гэх мэтээр үргэлжлэх байх. Яг одоогийн байдлаар төсвийн боломж хүрэлцээ муу байгаа учраас энэ жилдээ дахиж мал гаргаж, хүнс явуулах боломж хомс. Олон улсын байгууллагууд энд оролцож байгаа. Бидний зүгээс энэ байгууллагаар мал тээвэрлэх зардлыг даалгах талаар багагүй ярилцсан. Улс дамнуулж малаа авах учраас малын эрүүл мэнд, хорио цээр зэрэг хүндрэл гардаг. Тийм учраас Солонгосын тал санаачилга гаргаад, эхний ээлжинд өөрсдөө ирж малаа авч явсан нь энэ. Цаашдаа авах малаа онгоцоор зөөх боломжгүй байх. Тийм учраас БНХАУ, ОХУ-тай нутгаар нь дамжуулж, мал тээвэрлэх яриа хэлэлцээр хийж байна.

 

-Ер нь манай улс малынхаа махыг экспортод гаргахад чанарын шаардлага хэр хангадаг юм бэ. Жишээ нь манай улс ОХУ-руу 100 мянган тонн мах экспортлох талаар ярилцаж байгаа. Энэ хэлэлцээр ямар төвшинд байна. ОХУ-ын зүгээс манай малын махыг чанарын шаардлага хангахгүй байна гэдэг асуудал тавьсан нь үнэн үү?

 

-ОХУ-ын махны зах зээл нэлээд хязгаарлагдмал. Засгийн газраас нь квот тогтоож өгдөг гэх мэт хүндрэл бий. Уг нь Сибирийн зах зээл манай уламжлалт зах зээл байсан. Харамсалтай нь бид энэ зах зээлээ алдсан. Харин өнгөрсөн онд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин манай улсад ирсэнтэй холбоотойгоор нэлээд сайн хэлэлцээр хийж авсан юм. Одоогийн байдлаар ХХААЯ-наас мах экспортлох талаар гэрээ хэлэлцээр үргэлжилж байна. Мэдээж ОХУ бол үхрийн махны хувьд том зах зээл. Харин хонины махыг хэрэглээний онцлогоосоо хамаараад хязгаарлагдмал хэм-жээгээр хэрэглэдэг. Гэвч энэ бол Монгол Улсын хувьд хонины махны хангалттай зах зээл. Дээр нь энд нэг асуудал байгаа нь шүлхий гарлаа гэхээр л бүх нутагт гарсан мэтээр хорио цээрийн дэглэм тогтоогоод хилээ хаачихдаг. Энэ байдлыг ОХУ-ын талтай ярьж байна. Тодруулбал, дорнод бүсэд өвчин гарлаа гэхэд баруун хэсгээрээ махаа гаргаж байх асуудлыг тавьж байгаа. Мөн ОХУ-ын талд манайх санал тавьснаар тухайн улсын мэргэжилтнүүд манай улсын мах комбинатуудаар орж ажилласны үндсэн дээр манай махыг “Стандартад тохирч байна” гэж үзсэн. Үүний үндсэн дээр манайхаас мах бэлтгэж гаргах мах комбинатын тоо нэмэгдэж эхэлсэн. Энэ бол цаашлаад махны экспорт нэмэгдэнэ гэсэн үг.

 

-Төсвийн тодотголыг УИХ хэлэлцэж эхлээд байна. Танай яамны хувьд төсөв ямар байдлаар орж ирсэн бэ?

 

-Хөрөнгө оруулалт байхгүй болсон. Манай яамны өргөтгөлийн барилгын ажил дутуу үлдэж байна. Эдийн засгийн хүндрэлтэй байгаа ч Монгол Улсын гадаад бодлогод олон жилийн дараа үр дүн гарах ажлыг хасаж танаж байгаа нь харамсалтай. Жишээлбэл, Монгол судлалын сан гэж байсныг татан буулгалаа. Уг нь энэ сан Монгол Улсын ирээдүйн оршин тогтнох, соёл, хэл түүхийг дэлхий даяар түгээх зорилготой байсан юм. Өөрөөр хэлбэл, өнөөдөр хөрөнгө оруулахад 100 жилийн дараа үр дүн нь гарах ажил байв. Гэтэл төсвийн хүндрэлээс болоод татан буулгаж байгаа нь үнэхээр харамсалтай. Эдгээр санг татан буулгаж байгаа нь өнөөдөр ямар ч өөрчлөлтгүй мэт боловч олон жилийн дараа сөрөг үр дагавар гарна. Гэхдээ яахав үнэхээр улс даяар бүсээ чангалах шаардлага гарч байна. Ер нь дараа дараагийн Засгийн газар гадаад бодлогодоо онцгой анхаарах учиртай.

 

-Төрийн захиргааны албан хаагчдыг 15 хувиар цомхотгохоор болсон. Танай яамны хувьд хэчнээн хүн цомхотгол өртөхөөр байна вэ?

 

-Манай яам бол төрийн тусгай алба шүү дээ. Нэгэнтээ төрийн тусгай албанд тангаргаа өргөөд орж ирсэн хүмүүсийг халах бодлого байж болохгүй. Засгийн газраас бодлого гарсан учраас цомхотгол хийж таарна. Миний хувьд боловсон хүчний бодлого руу орохгүй. Яамны хувьд цомхотголыг хэрхэн хийх талаар зарчим гарсан. Тухайлбал, төрийн тусгай албаны шалгалтаа өгөөгүй хүмүүс байсан. Тэднийг цомхотгосон.

Эх сурвалж: Unen.mn

 

“Сахал” Д.Эрдэнэбилэг эрх баригчдад Э.Долгионоо хаяж өгч тохуурхав
“Сахал” Д.Эрдэнэбилэг эрх баригчдад Э.Долгионоо хаяж өгч тохуурхав
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.