“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал бялуурсаар, эрх мэдлээ хэтрүүлсээр...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
8 минут 24 секунд
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал бялуурсаар, эрх мэдлээ хэтрүүлсээр...

“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал бялуурсаар, эрх мэдлээ хэтрүүлсээр...


“Эрдэнэт үйлдвэр”-ийг тойрсон асуудал сүүлийн өдрүүдэд УИХ-ын чуулган, Авлигатай тэмцэх газар хавиар яригдаж, ерөнхий захирал Ц.Даваацэрэнгийн талаархи таагүй мэдээллүүд хөвөрч байна. УИХ-ын чуулганы өнгөрсөн долоо хоногийн хуралдааны үеэр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн удирдлага Оросын талд өгөх ёстой ногдол ашгийг цаг хугацаанд нь шилжүүлээгүйн улмаас 100 гаруй сая ам.долларын өрөнд орсон тухай мэдээллийг Төрийн өмчийн хорооноос хийсэн. 

Тиймээс ч шилэн дансанд ажлаа тайлагнаагүй нь Ц.Даваацэрэнгийн огцрох хангалттай үндэслэл болох аж. “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал Ц.Даваацэрэн ажлаа аваад  тус үйлдвэрт бараа, бүтээгдэхүүн шахаж хөлждөг улстөрчдийн оролцоотой томоохон бүлэглэл ажилладгийг илрүүлж, зарласан. Улмаар үйлдвэрийн агуулахад хэдэн арван жилээр хэрэглээд дуусахгүй 00-ийн цааснаас эхлээд, үйлдвэр болон ажиллагсадын бүхий л талын олон жилийн хэрэгцээт бараа, бүтээгдэхүүн хураалгаастай байгааг хэлсэн. Бүр хэчнээн зуун мянган бэлгэвч хүртэл байна  гэдгийг зарим нэг хэвлэл онцолсон. Үйлдвэр алдагдалтай  ажиллаж байгаа учир бүсээ чангалах бодлого барихаа зарлаж, бүх цех, хэсгийг хэмнэлт гаргаж ажиллах тушаал гаргасан. 

Алдагдлыг улстөрчид, үйлдвэрийн өмнөх удирдлагууд хийсэн бол хэмнэлтийн горимыг жирийн ажилчид үүрч, илүү цагаар ажиллах, ажлын бүтээмжээ цөөн хүний хүчээр дээшлүүлэх зэргээр аахилахыг нь захирлууд, уухилахыг нь үйлдвэрийн ажилчид хөлс хүчээ урсган даван туулжээ. Ц.Даваацэрэн захирал төвийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “УИХ-ын гишүүд, сайд нараас үйлдвэрт хүн ажилд оруулах, бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх талаар над руу маш их ярьж, уулзаж байна. Тэр бүрийг би биелүүлэх боломжгүй” гэж өгүүлсэн байдаг. Энгийнээс энгийн Ц.Даваацэрэнгийн өөртөө бүрдүүлсэн сайхан төрх энэ оны тавдугаар сард гэнэт тэсэрч дэлбэрчээ.

Ерөнхий захирал Ц.Даваацэрэн 2015 оны тавдугаар сарын 01-ний өдөр 15 тоот тушаал гаргаж, Материал, техникийн хангамжийн хэлтсийн ажилтан, менежерүүдэд нэгжлэг хийсэн байна. Материал, техник хангамжийн хэлтсийн ажилтан, менежерүүдийн албан ажлын өрөө,ширээ, сейф, компьютер зэрэг эд зүйлсэд шалгалт хийхийг Хуулийн хэлтэстээ үүрэг болгож, дэмжлэг үзүүлэн ажиллахыг хэлтсийн даргад нь даалгажээ. Энэ нэгжлэг нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний амьд явах эрхэнд бүдүүлгээр халдсан  төдийгүй дээрх нэгжлэгт өртсөн хүмүүсийг хуулийн байгууллагаар гэмт хэрэгт шалгагдах явцдаа прокурор, шүүхийн шийдвэрээр нэгжүүлж, шалгуулдаг сэжигтэнүүдтэй адил төвшинд аваачсан нь тэднийг илт доромжилсон явдал болсон. 

Яагаад энэ хэлтсийн менежерүүдийг хардаж, нэгжлэг хийсэн бэ гэдгийг Эрдэнэтэд энгийн иргэн ч хэлнэ. “Эрдэнэт үйлдвэр”-т хамгийн богино хугацаанд тэрбумтны эгнээнд шилждэг хэлтэс бол Материал, техник хангамжийн хэлтсийнхэн гэнэ. Үйлдвэрт хэрэгцээгүй, олон жилээр бараа, бүтээгдэхүүн шахдаг улстөрчдийн бизнесийг энэ хэлтсийнхэн хийдэг. Тендерийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулдаг зэрэг томоохон эрх мэдэлтнүүдийн халаасны хүмүүс энд ажилладаг. 

Ц.Даваацэрэн захирал ажлаа аваад Материал, хангамжийн хэлтсийн дарга, менежерүүдийг орвонгоор нь өөрчилж, өөрийн хүмүүсээр бүрдүүлсэн. Гэсэн ч багийнхандаа итгэхгүй, хардах том шалтгаан байсан нь түүний хийсэн нэгжлэгээс харагдаж байна. Хууль зөрчиж, хүний эрхэнд бүдүүлгээр халдсан энэ ажиллагааны цаана томоохон эрх ашиг, их хэмжээний мөнгө нуугдаж байсныг үгүйсгэхгүй. Нэгжлэгийн дараа нэг ч менежерийг ажлаас халаагүй, шалгалт нэртэй энэ ажиллагааны үр дүнд ямар зөрчил, дутагдал илрүүлсэн талаар мэдээлээгүй өдий хүрчээ. Шалгалтаар нэг менежерийн шүүгээнд дөрвөөс таван компанийн тамга байсан гэсэн яриа гарсан. Үүгээр бараа, бүтээгдэхүүн шахдаг тогтолцоо үйлдвэрт одоо хүртэл байсаар байгаа, хэрэгжүүлэгч менежерүүд нь олон компанийн өмнөөс гарын үсэг зурж, тамга дардаг гэдгийг батлах шиг. Өртэй ширтэй ч энэ үйлдвэр Монголыг тэжээдэг ганц “саалийн үнээ” нь байж ирсэн. Одоогийн захирал Ц.Даваацэрэнгийн бодлогогүй үйл ажиллагаанаас үүдэж, 100 гаруй сая ам.долларын өрөнд оржээ. Өрнөөс гарахын тулд дахиад жирийн ажилчдын махыг идэх үү. 

Үйлдвэрт “Сэлэнгэ амралтын бааз”, “Уурхайчин” соёлын ордон, Хэвлэл мэдээллийн алба, Спорт цогцолбор, Эмнэлэг сувиллын алба, Технологийн сургууль зэрэг менежментийн хувьчлалаар биеийг нь даалгах боломжтой олон байгууллага бий. Эдгээр байгууллагыг хувьчлах тухай ярих нь байтугай, хүн авчирч ажилд оруулдаг, хэдхэн сарын дараа орон сууцаар хангадаг Ц.Даваацэрэн захирлын албан тушаалын дамжлага бааз болсон гэхэд хилсдэхгүй “Уурхайчин” соёлын ордны орлогч даргаар Н.Буянжаргал хэмээх МАН-ын гишүүн, Булган аймгийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга байсан хүнийг авчирч тавьсан. Ц.Даваацэрэн, Н.Буянжаргал нар нэг айлын хүргэнүүд учир өөр намын гишүүн байх нь хамаагүй орлогч дарга болж, удалгүй орон сууцаар хангагдсан. “Эрдэнэт үйлдвэр” өнгөрсөн намар “Строй Инвест” ХХК-иас авах авлагадаа 12 давхар орон сууц авсан. 

Энэ орон сууцанд үйлдвэрийн бүх цех, хэлтсийн орлогч дарга нар, АН-ын эрх барьж эхэлсэн 2012 оноос хойш томилогдсон шахааны хүмүүсийг оруулж, Монголд байтугай дэлхийд байхгүй буяны ажиллагаа явуулсан гэгддэг. Ц.Даваацэрэн захирал Бор-Өндөрийн уурхайд хамт ажиллаж байсан Н.Батдэлгэр гэдэг нөхрийг Хүний нөөцийн хэлтсийн даргаараа тавьсан нь лусын хаан аваад ирсэн мэт аашилдаг. Нуруулаг, царай зүс сайтай бол боловсрол, мэргэжлийг нь харгалзахгүйгээр олон эмэгтэйчүүдийг төв захиргаанд авч, тэдэнтэйгээ наргиж цэнгэж явааг нь үйлдвэрийнхэн гайхан шагширч байна. Орхон аймгийн АН-ын гишүүд тэтгэвэрт гарах нас нь дөхсөн ч хамаагүй олноороо үйлдвэрт орж, дарга нарын эхнэрүүд улаан гэрлээр дэвших үзэгдэл газар авчээ. Захирал, дарга нар нь гадаадад эмчилгээ хийлгээд ирлээ, туршлага судалсан нэрээр амрах үзэгдэл өмнөх захирлуудын үеэс нэмэгдсэнийг үйлдвэрийнхэн ярьдаг. 

Ц.Даваацэрэн захирал Бор-Өндөрийн уурхай, Дарханы Төмөрлөгийн үйлдвэр зэрэг багахан газрын дарга байсан хүн гэнэт улс эх орныг тэжээдэг, хоёр улсын хамтарсан дэлхийн хэмжээний үйлдвэр удирдах том эрх ашгаас илүү эрх мэдлийн бялуурлаасаа өнөөг хүртэл гараагүй аашилсаар явна. Монгол бөхийн хойморыг хоёр Мөнх гэсэн аваргууд олон жил эзэгнэсэн. Үүнтэй адил “Эрдэнэт үйлдвэр”-т Ц.Даваацэрэн, Д.Даваасамбуу гэсэн хоёр Даваа нийлж, залуу инженер техникийн ажилтнуудыг “намнах”, хямралын тусгай комисс гэсэн сүржин нэртэй ажлын хэсэг байгуулсан. Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал Д.Даваасамбуу ирэх 2016 оны УИХ-ын сонгуульд Хэнтий аймагт нэр дэвшихээр үйлдвэрийг мөнгө босгох гол газраа болгож, нэлээд их хэмжээний зүйл хуримтлуулсан гэдэг албан бус яриа ч бий. Д.Даваасамбууг “Эрдэнэт үйлдвэр”-ийг түшиглэн байгуулахаар олон жил ярьсан Зэс хайлуулах үйлдвэрийг Бор-Өндөрт байгуулах шийдвэрийг Засгийн газраар гаргуулахад хүчтэй лобби хийсэн хүн гэх  яриа ч бий. Энэ мэтээр Ц.Даваацэрэн захирлыг тойрсон хариуцлагагүй үйлдэл хөвөрсөөр байна.

Н.Алтан 
 

Эх сурвалж: www.mminfo.mn

МАХН-ын Бага хурлаас шинэ сайд нар тодорч магадгүй
МАХН-ын Бага хурлаас шинэ сайд нар тодорч магадгүй
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.