УИХ-ын гишүүн асан О.Батнасан “ЭТТ” ХК-д мэдэгдэхгүйгээр 18.2 сая ам.долларын нүүрс тээвэрлэх гэрээ байгуулж компаниудыг хуурчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
8 минут 48 секунд
УИХ-ын гишүүн асан О.Батнасан “ЭТТ” ХК-д мэдэгдэхгүйгээр 18.2 сая ам.долларын нүүрс тээвэрлэх гэрээ байгуулж компаниудыг хуурчээ

УИХ-ын гишүүн асан О.Батнасан “ЭТТ” ХК-д мэдэгдэхгүйгээр 18.2 сая ам.долларын нүүрс тээвэрлэх гэрээ байгуулж компаниудыг хуурчээ

УИХ-ын гишүүн асан О.Батнасан 2021 оны наймдугаар сарын 16-ны өдөр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилсон байдаг. Тавин насныхаа босгон дээр томилогдсон түүний намтар Замын цагдаад сургагч багш, “Кондитер-Улаанбаатар” компанийн захирал, тэгээд УИХ-ын гишүүн. Түүнийг энэ ажилд томилохдоо Монгол Улсын гавьяат тээвэрчин, 1988 оноос хойш төмөр замын өртнөөнүүд, Зам тээврийн яаманд мэргэжилтэн, Азийн хөгжлийн банкинд Логистикийн чадавхийг хөгжүүлэх төслийн зохицуулагч гэхчлэн энэ салбарт 30 гаруй жил тасралтгүй ажилласан “кадр” Р.Батсүхийг халж суудал гаргаж өгсөн гэж бодохоор харамсалтай. Гэвч тэрбээр 2022 оны тавдугаар сарын 23-ны өдөр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүртлээ ердөө есөн сарын хугацаанд ажиллажээ.

Мэдээж ажил хийсэн байх. Гэхдээ алдаа ч гаргасан. Үүнээс нь ганцхан жишээ дурдъя. О.Батнасан захирал ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөхөөс гурван сарын өмнө буюу 2022 оны хоёрдугаар сарын 23-нд ”Каус Австралис” ХХК-тай Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын өртөөнөөс “УБТЗ” ХНН-ийн Зүүнбаян өртөө хүртэлх төмөр замаар 600 мянган тонн нүүрс тээвэрлэх гэрээ байгуулжээ.

Яг адилхан мөртлөө 660 мянган тонн нүүрс тээвэрлэх гэрээг 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдөр “Tangshan Haigang Shengbao Mining” компанитай хийсэн байгаа юм.

Эдгээр гэрээ нь гэрээг байгуулсан өдрөөс хойш 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хүчин төгөлдөр мөрдөнө гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, гэрээний хугацаа дуусчихлаа. Гэрээнд заахдаа “гэрээгээр тохирсон ачааг тээвэрлэж дууссаны дараа гэрээг сунгах тохиолдолд, эсвэл Зүгшрүүлэх тээвэрлэлт дуусч, өдөр тутмын тээвэрлэлт эхлэх үед тээвэрлүүлэгч нь тус төмөр замаар тэргүүн ээлжинд ачаагаа тээвэрлүүлэх эрхтэй” гэхчлэн “гоё” заалт олон бий. Мөн “Тээвэрлэгчийн буруутайгаас бусад шалтгаанаар Тээвэрлүүлэгч гэрээнээсээ татгалзвал дэнчинг нь буцааж олгохгүй” гэсэн заалт ч бий. Гэтэл өнөөдрийн байдлаар дээрх хоёр компанийн 1 сая 260 мянган тонн нүүрсээс ердөө хоёр компанийн нийт 50 орчим мянган тонн нүүрсийг л тээвэрлэж өгсөн. Урьдчилгаа буюу дэнчинд дээрх хоёр компаниас тус бүр 1 сая ам.долларыг “Монголын төмөр зам” компани авчихсан.

Гэрээг уншихад бол тун бүрхэгдүү. Дээрх хоёр гэрээний дүн л гэхэд нийт тээвэрлэх ачааны хэмжээ 1 сая 260 мянган тонн буюу мөнгөн дүнгээрээ ойролцоогоор 18.2 сая ам.долларын дүнтэй. Гэтэл 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэрээ дуусч, биелэлтийг нь харахад гэрээ байгуулсан өдрөөс хойшхи 9 сарын хугацаанд ердөө 50 мянган тонн буюу 700 мянган ам.долларын ачааг нь л тээвэрлэж өгсөн байдаг. Урьдчилгаагаа яаж авав гэхээр ачааг нь тээвэрлээд төлбөрийг нь хийсэн урьдчилгаандаа хүрэнгүүт дараагийн төлбөрөө хийгээд үргэлжлүүлээд явна гэж заасан байгаа юм. Тэгэхээр 1 сая ам.долларт ойролцоогоор 70 мянган тонн ачаа тээвэрлэж өгнө гэсэн үг. Жишээ нь “Каус Австралис” ХХК-тай байгуулсан гэрээг нийт дүнгээр нь болохоор 8.7 сая ам.долларын гэрээ, үүнийхээ 1 сая ам.долларын гэрээг байгуулангуут үлдсэн ачааг тээвэрлээд энэ дүндээ хүрэнгүүт дараагийн 3 сая ам.долларыг төлж тээвэрлүүлэх гэх мэтчлэн ийм байдлаар 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 600 мянган тонн ачааг тээвэрлэж өгнө гэж гэрээлсэн байгаа юм.

Харин “Tangshan Haigang Shengbao Mining” компанитай хийсэн гэрээний дүнд 660 мянган тонн нүүрс тээвэрлэнэ гэж заасан нь үнийн дүнгээр бодож үзвэл 9.5 сая ам.доллар. Үүнийхээ урьдчилгаа 1 сая ам.долларыг гэрээ байгуулангуут өгөөд тээвэрлэлт үргэлжлээд энэ мөнгөн дүнд хүрэнгүүт дараагийн 3 сая ам.долларыг өгөөд тээвэрлүүлэх маягаар 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 660 мянган тонн ачааг тээвэрлэж өгнө гэж албаар мөнгөн дүн тавихгүйгээр хийсэн гэрээ байх юм. Түр баталсан тарифаар нэг тонн нүүрсийг нийт 416 км төмөр замаар тээвэрлэхэд ойролцоогоор 14.5 ам.доллар гэж тооцоод байгаа юм билээ.

Сонирхолтой нь эдгээр гэрээний тухайд “Эрдэнэс Тавантолгой”-н захирал асан Б.Ганхуяг “Надад мэдэгдэхгүйгээр 18.2 сая ам.долларын гэрээ хийчихээд байна” хэмээн бухимдаж нэгэн хаалттай хуралдаан дээр мэдээлсэн байдаг.

Үүнтэй ч холбоотойгоор 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр “ЭТТ компани нь Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын санхүүжилтийг хариуцаж ажилласан. Тусгай зөвшөөрлийг нь дангаараа эзэмшдэг. Засгийн газрын тогтоолоор “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн 66 хувийг “ЭТТ”-д, 34 хувийг нь “Монголын төмөр зам” ТӨХК-д эзэмшүүлсэн. Мөн энэ тогтоолоор “Монголын төмөр зам” ТӨХК-д олгочихоод байсан Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих тус зөвшөөрлийг цуцалж “Зүүнбаян төмөр зам” ХХК-д шилжүүлсэн учраас “Монголын төмөр зам” ТӨХК нь Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ачааг ачих гэрээ хэлцэл хийх боломжгүй болсон. Цаашид /уг төмөр замын суурь бүтэц ашиглалтад орох хүртэлх хугацаанд буюу ойрын гурван жилдээ бололтой/ Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар уул уурхайн бараа бүтээгдэхүүний экспорт, ачаа тээвэрлэхтэй холбоотой аливаа гэрээ, хэлцлийг зөвхөн “ЭТТ” бүрэн хариуцна” гэсэн” албан бичгийг илгээсэн юм билээ.

Одоогоор гэрээтэй тулгаж харвал О.Батнасан захирал зүтгүүр ч байхгүй, тээвэрлэх боломжгүй нөхцөлтэйгээ мэдсээр байж дотоод, гадаад хоёр компанийг хуурч, төмөр замынх нь санхүүжилтийг гаргаж, 66 хувийг нь эзэмшдэг “ЭТТ” компанид ч мэдэгдэхгүйгээр 18.2 сая ам.долларын гэрээ хийчихсэн, гэрээлсэн компаниудынхаа ажлыг хийж өгөөгүй, хийх ч боломжгүй болж таарч байна. Төрийн компани учраас хохирлыг ямар нэг аргаар барагдуулж таарна. Гэхдээ энэ нь шахмал түлш буюу медлингийг Засгийн газрын албан даалгавраар тээвэрлэх үүрэгтэй компанийн хувьд амаргүй, хувийн компаниуд шүүхдсэний дагуу мөнгөн хэлбэрээр хохирлыг барагдуулах ч хэцүү нөхцөл байдалд хүргээд байгаа аж.

Энэ бол зөвхөн нэг жишээ. Засгийн газраас томилогдсон БЭТ үүнийг нухацтай анхаарах хэрэгтэй. Нүүрсний тээврийн гэрээ зөвхөн ачааны машинаар явахгүй, гэтэл бас зөвхөн УБТЗ-аар явдаггүй юм шүү, Төрийн өмчит нэг компани нь нөгөө компанидаа хэлэлгүйгээр дотоод, гадаадын хоёр компанитай гэрээ байгуулчихаад тээвэрлэж байсан нь ямар учиртай болохыг нягтлаарай гэж зориуд анхааруулъя.

Ер нь “Монголын төмөр зам” ТӨХК-ийн үүх түүх, ямар үед удирдлагыг нь сольж, ямар болзлыг биелүүлэхгүй бол халж солиод байсан бүхэн нь цаанаа нарийн учиртай төдийгүй төрийн, төсвийн, Хөгжлийн банкны, “Эрдэнэс Тавантолгой” компаниас төмөр замын бүтээн байгуулалтад төр, засгийн шийдвэрээр төвлөрүүлж байсан хөрөнгө санхүүжилттэй холбоотой эрүүгийн хэрэгтэй ч холбоотой билээ. Бид одоо үүнийг хар цагаанаар нь, ус тосоор нь ялгаж байж Үндэсний төмөр замын ажил “цаг тооллоо” шинээр эхэлж, ажил нь өрнөх учиртай юм.

Нийтлэлч: У.Оргилмаа

Баабар.мн

УЛААНБААТАР ХОТОД ӨДӨРТӨӨ 8-10 ХЭМ ДУЛААН БАЙНА
УЛААНБААТАР ХОТОД ӨДӨРТӨӨ 8-10 ХЭМ ДУЛААН БАЙНА
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.