Таксины улс төр
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
9 минут 3 секунд
Таксины улс төр

Таксины улс төр

Такси гэдэг бол манай хэлээр хотоор давхидаг бандгар жийпнүүдээс бусад нь юм. Албан ёсны 500 гаруй, сайн дурын 50 мянга орчим такси манай хотод үйлчилдэг. Албаны судалгаанд ийм тоо байдаг. Дэгстэй. Үүнээс илүү л гэсэн үг. Гэхдээ манайхан ямар ч таксигаар үйлчлүүлээд сурчихсан. Зөвшөөрөлтэй байна уу, зөвшөөрөлгүй юу, хамаагүй. Замын хажууд зогслоо, гар өргөлөө, зогссон нь такси гэсэн үг.

Албан бус таксинуудад төр, таксины компаниуд дургүй. “...Муусайн халтуурчид” гэдэг. 2019 онд байх аа, “...Халтуурчдыг цэгцэлнэ” гэсэн хотын захиргааны ажилтнууд, такси компанийнхан баллуулах дөхсөн. Тэгээд больсон.

Харин өөрсдөө болон үйлчлүүлэгчид нь тэднийгээ “хувийн такси” хэмээн зөөллөж нэрлэдэг. Төрийн такси ч гэж юу байхав, гэхдээ л ялгачихаж байгаа юм.

За, манай таксины тоо толгой, нэр томьёоны талаарх товч мэдээлэл ингэсгээд дуусна. Такси хэн нэгнийг хүргэж өгөхөөс гадна зам зуураа үзүүлдэг маш чухал үйлчилгээтэй. Товчхон хэлэхэд, албан амины бүх такси Монголын хамгийн том мэтгэлцээний талбар, санал хүсэлтийн индэр, бас мэдээллийн төв болдог. Энэ “үйлчилгээ” нь интернет сураггүй байхаас л эхэлсэн. Одоо ч хэвээрээ л байна. Юу гэвэл, манай таксины жолооч нар дэлхий дээрх бүх сэдвээр ярьж чаддаг. Үйлчлүүлэгчдээ уйдаана гэж үгүй. Харин заримыг нь залхаадаг байж магадгүй.

Таксинд суулаа. Жолооч надаас “...Аль нутаг вэ” гэж асууна. Нутаг яриад эхэлбэл, нэг нутаг, аль эсвэл жолоочийн ахын эхнэрийн дүүгийн нөхрийн нутаг болж таарна. Явсаар хамаатан болно. Буухдаа би үнэгүй хүргүүлэх үү, хоёроос дээш дахин илүүг өгөх үү гэдэг дээрээ хүрнэ. Эсвэл замын түгжрэл энэ тэрээр яриа өднө. Замын түгжрэл бол улс төрийн сэдэв рүү шууд орох “хаалга” болдог. Ер нь л улс төр болоод явчихна даа.

Хотын дарга, УИХ-ын гишүүд, Ерөнхий сайд, тэгээд Ерөнхийлөгч гээд явна. Тэдний бодлого ерөөсөө болохгүй байна гэнэ. Тэрийгээ дуусаад дэлхийн сэдэв рүү орж байгаа юм даа. Тэгж байтал зорьсон газарт маань очно. Буулгахыг төдийлэн яарахгүй. Эхлүүлсэн яриандаа цэг тавьтал нь лав тав орчим минут суух хэрэгтэй.

Ерөөс таксины жолооч гэлтгүй манай монголчууд чинь улс төрийн маш өндөр мэдрэмжтэй. Мэдээлэл ч сайтай. Дарга нараа бүгдийг танина. Төрийн ордонд байгаа хэдийгээ ч гаргаахгүй. Удам судраар нь мэднэ. Ярина. Цөөхүүлээгийн онцлог байх л даа. Гэхдээ л улс төрийг гаргууд сонирхоно. Мэдлэгтэй ч гэж жигтэйхэн. Тэр ч бүү хэл, дэлхийн улс төр, эдийн засаг ярина. Геополитикоор ч цэц булаалдана. Энэ сэдвүүдээр таксины жолооч нар хамгийн өргөн мэдлэгтэй, бас мэдээлэлтэй.

Сүүлийн хэд хоногт монголчууд Орос, Украины дайны сэдвээр мэтгэлцэж байна. Таксинд энэ сэдэв трэнд болж байна. Ер нь Путин, Байден хоёрт ч шийдэх асуудал үлдээхгүйгээр мухарлачих шинжтэй.

Үүнийг дурдсанаар, таксины жолооч нарыг том сэдвүүдээр ярьдаг гээд буруутгаж байгаа юм биш л дээ. Монгол Улс бол иргэдийнхээ үг хэлэх эрх чөлөөг Үндсэн хуулиар хангасан. Хэн ч, юу ч ярьж болно. Бас хэвлэн нийтлэх эрхтэй. Таксины жолооч нар бол та бидний л нэг. Миний ах ч таксины жолооч. Улс төр, геополитик бас л ярьдаг нөхөр бий.

Хамгийн гол нь таксинд болдог энэ яриа, мэтгэлцээн, санал хүсэлт, мэдээлэл ажил хэрэг болох нь бага. Болдог ч үгүй л дээ. Харин мэдээлэл гэдэг утгаараа тахал шиг л тардаг. Тэр утгаараа, хор ч , хэрэг ч болно.

Тэгвэл төрийн бодлого таксинд орчихсон явж байхыг сая харлаа.

2022 оны хоёрдугаар сарын 24. Оросын цэрэг Украин руу дайрсан өдөр. Байж байтал УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг твиттерт “...Байдал хэцүүдэх нь дээ. Ачаа тээвэрлэлт, бензин шатахууны үнэ ханшид нөлөөлөх магадлал маш өндөр” гээд жиргэж байх юм. Түүнтэй зэрэгцээд УУХҮ-ийн сайд Г.Ёндон “...ОХУ, Украины нөхцөл байдлаас шалтгаалж шатахууны үнэ өсч магадгүй, буурч ч магадгүй. Буурах нөхцөл байдал нь юутай холбоотой вэ гэхээр, ОХУ-ын экспортод хориг тавина гэсэн үг. Хориг тавиад эхлэхээр бидэнд эергээр нөлөөлж магадгүй. Бид ОХУ-аас шатахуун авахдаа Сингапурын биржийн үнээр тооцож авдаг” гээд ярьчихдаг юм даа.

М.Оюунчимэг яадгийг бид мэднэ л дээ. Г.Ёндонгоо ч багцаална. Гэхдээ тэд чинь төрийн түшээд шүү дээ. Бүхэл бүтэн Байнгын хорооны дарга, бас сайд гэж байгаа юм. Тэр утгаараа, тэдний амнаас Монгол төрийн бодлого л гарах учиртай байв. Өөрөөр хэлбэл, М.Оюунчимэгийн хэлж байгааг УИХ-ын гишүүн мэдэж байж болно. Жиргэж болохгүй. Г.Ёндонгийн ярьсныг Засгийн газар бодож байж болно. Хэвлэлд ярьж болохгүй. Ийм л юм. Гэтэл мань гишүүн, сайд хоёр бол балласан. Хөөрхий, улс төрийн мэдрэмж, мэдлэг бол огт алга. Тэдэнд хэлээд, зөвлөөд өгдөг газар байдаггүй ч бололтой. Ядаж УИХ-ын Тамгын газар, ЗГХЭГ-аас иймэрхүү нөхдүүддээ зааварчилгаа өгөх хэрэгтэй юм.

Тэгтэл төр өөр бодлого бариад байдаг. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, тэр ч байтугай эрх баригч МАН-ыг харахаар дуугүй байх, байр суурь илэрхийлэхгүй байх бодлоготой байх шиг байгаа юм. Өөрсдийгөө яая гэж байж ямар нэг АН “...Путин огцор” гэчих шахсан мэдэгдэл гаргасан харагдсан. Аа бас, гуравдагч орнуудын захиалгат жагсагчид Оросын эсрэг жагсаал хийж байна гэсэн. Монгол дахь тал талын байдал, байр суурь иймэрхүү байна.

Бодит байдал бол хүнд гэхээсээ ноцтой байдал руу шилжсэн. Монгол угаасаа Орос, Украины асуудлыг үнэлж, дүгнээд байх шаардлагагүй. Харин ажиглах хэрэгтэй. Ажиглаад, энэ бүхний ард яаж амьдрах вэ гэдгээ бодох хэрэгтэй. Орост тавигдаж байгаа хориг Монголд шууд нөлөөлнө. Энэ бол хууль. Цаашид энэ дайн сунжирсан сунжраагүй дэлхийн геополитик асар өөр болно. Тэр бүхэнтэй Монгол хэрхэн зохицож амьдрах вэ гэдгээ тун ухаалаг шийдэх хэрэгтэй болж байгаа юм.

Тэр утгаараа төрд алба хашиж байгаа эдгээр хүний үг бол олон нийтийг бужигнуулах, амгалан байдлыг эвдэх л үүрэг гүйцэтгэсэн. Тэгвэл Монголыг Монгол чигээр нь үлдээх ганц л зам бий. Тэр нь дотоодын эв нэгдэл юм. Хэн дуртай нь Орос, Украины талаар ам нээх хэрэггүй. Ялангуяа төрийн өндөр албан тушаал хашиж байгаа, хашиж байсан хүмүүс амаа хамхиж байсан нь дээр.

Яг үнэндээ манай таксины жолооч нар дотоод гадаадын улс төрийн сэдвээр М.Оюунчимэг, Г.Ёндон хоёроос хамаагүй мэдрэмжтэй “буу халдаг” юм.

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны гараашуудыг буулгаж эхэлжээ
Цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны гараашуудыг буулгаж эхэлжээ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.