Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо буюу 61 гарам орчимд өчигдөр түр зуурын аадар бороо орсны улмаас үер бууж айлын хашаа, саравч, гэр, явган хүний гүүр нурсан.
Тус газарт өчигдөр дүүргийн удирдлагууд, дүүргийн онцгой байдлын хэлтэс, аврах анги, ТҮК болон холбогдох хэлтэс, албадын нийт 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажилласан. Ажлын хэсэг тухайн газрын нөхцөл байдалд дүгнэлт хийн үерийн усанд урссан хоёр айлыг нүүлгэн шилжүүлсэн юм.
Харин өнөөдөр үер болсон газарт дүүргийн холбогдох удирдлагууд, хорооны албан хаагчид, Геодези, Усны барилга байгууламжийн газар, дүүргийн ТҮК ОНӨААТГ, Улаанбаатар шинэчлэл ХХК-ийн нийт 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна.
Тус ажлын хэсэг нэг ковш, нэг экскаватор, зургаан ачигч машин, нэг универсал трактороор тухайн газарт үүссэн лаг шавар, эвдэрч сүйдсэн хашаа, хайс, өвс, хогийг хусаж цэвэрлэн төвлөрсөн хогийн цэг рүү зөөвөрлөн ажиллаж байна.
Өнөөдөр үер болсон газрыг цэвэрлэж дууссаны дараа хөрсний ариутгал, халдваргүйтлийн ажлыг хийхээр төлөвлөж байна.