Энэ улсын бүх зөнөг мунгинаа хүнийг нэг дор цуглуулчихсан аятай манай төрийн алба гэж тун чиг тохуутай газар байх. Тэгээд л төрийн бодлого, шийдвэр гэж хөл, толгой нь олдохгүй зах замбараагүй “тэнэмэл” хэдэн цаас төдий болчихсон гэлтэй. Чоно борооноор гэгчээр энэ сиймхийгээр өчнөөн олон хууль бус үйлдэл хөшигний ард явагдаж байдгийн нэг жишээ нь Баянхонгор аймгийн Жаргалант сумын нутагт алт олборлож буй “Оргил моунт” компани. Ямар ч газарт уул уурхайн ажил явуулах эрх өвөртлөхийн тулд хамгийн түрүүнд бүрдүүлсэн байх шаардлагатай бичиг баримт нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ байдаг. Тус компанийн хувьд энэхүү бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлсэн байх магадлалтай хэмээн нутгийн иргэд, сумын ЗДТГ, ИТХ-ын төлөөлөгчид үзэж буй тул удаа дараа эсэргүүцлээ илэрхийлжээ.
Тэдний эсэргүүцлийн мөрөөр БОНХАЖЯ, Уул уурхайн яам, МХЕГ, АМГ-аас томилогдсон ажлын хэсэг хоёр ч удаа газар дээр нь очиж шалгасан боловч тодорхой, дорвитой хариу өгөхгүй байсаар өдий хүрсэн гэнэ. Харин энэ хооронд “Оргил моунт” компани Жаргалант сумын нутаг Тэгшийн ам буюу Байдраг, Мандалын голын эхэнд хөрс хуулж, алтаа олборлоод, бүр усан буугаа зоон өнөөхөө угаагаад эхэлчихэж. Гэтэл “Байдраг, Мандалын голын эхэнд алт олборлох уурхайн ажилд би байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийж өгөөгүй” гээд мэлзээд байсан холбогдох яамны ахлах шинжээчийн үг хуудуутай болохыг илтгэсэн баримт өөр нэг төрийн байгууллагын архиваас гараад ирчих нь тэр. Ингээд үзүүр нь үл мэдэгдэх зангилааны гогцоо олдсон тул энэ тухай дахин сурвалжиллаа.
Д.Далхаа: Алиных нь ч нэр дээр байгаль орчны нөлөөллийн үнэлгээ батлагдаагүй байна
Баянхонгор аймгийн Жаргалант сумын байгаль орчны улсын байцаагч Д.Далхаа гуайг “Уул уурхайн нөхөн сэргээлтийг эдийн засгийн үр ашигтайгаар хийж, хаах нь” гэсэн сэдэвт улсын зөвлөгөөнд ирээд байхад нь уулзаж ярилцлаа.
-Та сумандаа хэдэн жил байгаль орчны байцаагчаар ажиллаж байна вэ?
-18 жил ажиллаж байна.
-Энэ хооронд уул уурхайн компаниудтай чамгүй олон удаа “тулалдаж” ирсэн байх. Одоо танай суманд ямар компаниуд үйл ажиллагаа явуулж байна вэ. Тэднээс хэд нь асуудал дагуулж байгаа бол?
-Уул уурхайн компаниуд янз бүр л байдаг юм. Зарим нь хууль журмынхаа дагуу үйл ажиллагаа явуулаад, дараа нь нөхөн сэргээлтээ хийчихнэ. Зарим нь ч хэцүүхэн л байдаг. Одоогийн байдлаар манай суманд шинээр алт олборлож буй нэг л компани байгаа нь “Оргил моунт” ХХК. Тус компанийн үйл ажиллагааг манай нутаг усныхан эсэргүүцэж, нэлээд хэл амтай байгаа. Нөхөн сэргээлт хийж байгаа нь гэвэл хоёр, гурван компани бий.
-“Оргил моунт” ХХК-ийг байгаль орчны нөлөөллийн үнэлгээгүй хэрнээ хууль бусаар үйл ажиллагаа явуулж байна гэж эсэргүүцэж байгаа гэл үү. Миний бие тус компанийнхнаас энэ тухай тодруулахад “Тийм үнэлгээ байлгүй яах вэ. Өмнөх лицензтэй компани нь 2011 онд байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэсэн. Бид түүнийгээ байгаль орчны байцаагч Далхаа гуайд ч үзүүлсэн” гээд байгаа. Та тэр үнэлгээг нь харсан юм биш үү?
-Харуулсан л даа. Гэхдээ хуулбар нь. “Эх хувийг нь үзье” гэхээр үзүүлдэггүй. Тэгээд ч энэ хуулбар дээрх гарын үсэг, тамга нь маапаантай юм билээ.
Манай сумын Тэгшийн аманд 1130 га талбай бүхий MV -015651 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2010 оны есдүгээр сард МАК-д олгосон байдаг юм. Үүнийг энэ оны дөрөвдүгээр сарын 8-нд “Оргил маунт” ХХК-д бүхэлд нь шилжүүлсэн юм билээ. Гэхдээ тэр хооронд буюу 2011 онд Тэгшийн аманд анх “Жи Энд Ю гоулд” ХХК алт олборлох гэж байхад нь манай нутгийнхан эсэргүүцэж байгаад гурван шатны шүүхээр заргаа авсан юм.
Тэр үед “Урт нэртэй” хууль ид хэрэгжиж эхэлсэн байхад яалаа гэж тус компанид байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ баталж өгөх вэ дээ. Тэднийд үнэлгээ хийж өгсөн гээд байгаа “Тулга трейд” ХХК-ийн үйл ажиллагааны түүхээс харахад ч тус компани алтны томоохон шороон ордод байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх хэмжээний эрх зүйн чадамжгүй гэсэн. Тэгээд ч сая би Улаанбаатар дахь нутгийн зөвлөлийнхөө хэдэн хүнтэй БОНХАЖЯ-нд очиж, архиваас нь лавлагаа авахуулж үзлээ. Тэгэхэд МАК, “Жи Энд Ю гоулд”, “Оргил маунт” гэсэн энэ гурван компанийн алиных нь ч нэр дээр байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тайлан батлагдаагүй гэсэн хариу авсан.
-Тэгэхээр одоо яригдаад байгаа тэр үнэлгээний тайланг хэн, хэрхэн хийсэн болж таарах вэ?
-Бүү мэд. Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө гэсэн хоёр бичиг баримт дээр гарын үсэг зурсан гэх БОНХАЖЯ-ны ахлах мэргэжилтэн Б.Саран өөрөө хүртэл үүнийг гайхаад байгаа. Анх биднийг уулзахад “Би ямар ч байгаль орчны менежментийн төлөвлөгөө, нөлөөллийн үнэлгээнд гарын үсэг зураагүй” гээд гарын үсэг, тамгагүй нэг төлөвлөгөө үзүүлсэн юм. Тэгэхээр нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээнд үндэслэж байж усны дүгнэлт гаргах учиртай “Монгол-Ус” төрийн өмчит компанийнхантай уулзаад учрыг хэлж, “Та нар хуулиа зөрчсөн юм биш үү” гэтэл Б.Сарангийн гарын үсэгтэй өөр нэг хувийг нь гаргаад ирсэн. Буцаад өөр дээр нь түүнийг бариад очихоор “Наадах чинь хуурамч бичиг баримт байна” гэхээс өөр юм хэлээгүй.
Бидэнд энэ компанийг хууль бус үйл ажиллагаа явуулж байна гэж хардах шалтгаан олон байгаагийн зөвхөн нэг нь дээрх жишээ. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 8.4.8-д төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөх нутгийн иргэдийн нийтийн хурлын санал, тэмдэглэлийг үнэлгээний тайланд заавал тусгана гэж заасан. Гэтэл манай нутгийнхнаас тийм санал хэзээ ч авч байгаагүй шүү дээ. Түүнчлэн уг хуулийн 8.7-д “Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийсэн аж ахуйн нэгж нь хээрийн судалгааны анхдагч материал, үнэлгээний мэргэжилтний судалгааны ажлын дүнг эх хувиар нь хадгалах бөгөөд байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг дөрвөн хувь бэлтгэж, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, төсөл хэрэгжүүлэгч болон төсөл хэрэгжих сум, дүүргийн Засаг даргын тамгын газарт тус бүр нэг хувийг өгч, нэг хувийг өөртөө үлдээх бөгөөд тэдгээр нь адил хүчинтэй байна” гэж заасан байгаа. Гэтэл манай сумын ЗДТГ-т ч, яаман дээр ч тийм үнэлгээний тайлангийн эх хувь алга. Үнэлгээ хийсэн гэх “Тулга трейд” ХХК-ийнхантай холбоо тогтоох гэхээр хаяг, байршил нь олдохгүй юм. Уг нь хуулиараа бол төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийг нөлөөллийн үнэлгээ хийлгэсэн эсэхэд тухайн орон нутгийн байгаль хамгаалагч, байгаль орчны хяналтын улсын байцаагч, бүх шатны Засаг дарга, геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хяналт тавих бүрэн эрхтэй. Гэтэл энэ компани төрийн хараа хяналтаас гадуур үйл ажиллагаа явуулсаар байна.
-Саяхан Уул уурхайн яамны ахлах мэргэжилтний тэргүүлсэн нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй комисс тэнд очиж үйл ажиллагаатай нь танилцсан гэсэн. Ямар хариу өгсөн юм бол?
-Зунаас хойш хоёр ч удаа комисс очлоо. Тэгсэн хэрнээ үйл ажиллагааг нь зогсоо ч гэхгүй, уурхайг хүлээж авлаа ч гэхгүй яваад л өгөх юм. Уг нь Ашигт малтмалын тухай хуулийн 35.4-т “Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас томилогдсон комисс уурхайг хүлээн авсны дараа ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг уурхайг ажиллуулж эхэлнэ” гэж заасан байдаг юм. Гэтэл улсын комисс нь хүлээж аваагүй байхад тэд ажилдаа аль хэдийнэ орчихсон. Урьд нь аймгийн мэргэжлийн хяналтын байцаагч бас очиж шалгаад, “Бичиг баримтын олон зөрчилтэй байна. Аравдугаар сарын 1-ний дотор зөрчлөө арилга” гэсэн албан шаардлага өгсөн байсан. Үүнийг бас л үл тоож байна. Хэрэв үнэхээр бичиг баримт нь зөрчилгүй юм бол хуулийнхаа дагуу сумын Засаг даргатай гэрээ хэлцлээ хийгээд ажлаа явуулах ёстой шүү дээ.
Мандалын голоос ус татаж, алт угаах хоёр нуур бий болгожээ
Арчаагүй, сул дорой төрийн албатуудын аргыг олоод сурчихсан энэ мэт хэчнээн компани хуулийг уландаа гишгэж, хөдөөгийн эгэл жирийн байцаагчийн үгийг нохой хуцаж байгаа чинээ санахгүй пээдийж яваа бол. Алтыг газрын гагнаас гэдэг. Баянхонгор аймгийн Байдрагийн гол Заг, Жаргалант, Бөмбөгөр, Баацагаан, Бууцагаан гэсэн таван сумын хүн, малыг ундаалаад, Бөөн цагаан нуурт цутгадаг. 270 гаруй километр урттай энэ голын эрэгт алт олборлосноор энэхүү гагнаас үгүй болж, ус нь газрын гүн рүү шургавал Монгол орны ширгэсэн голын тоо дахин нэгээр нэмэгдэнэ. Ийм аюул Мандалын голд ч бас нүүрлээд буй гэнэ. Учир нь усны дүгнэлт гаргуулахдаа “Гадаргын ус ашиглана” гэж “боловсон” арга хэрэглэсэн тул уухайн тас Мандалын голоос ус татаж, алтаа угаах хоёр том нуур бий болгожээ. “Хоёр жилийн хугацаанд энэ хоёр нуурандаа ээлжилж алтаа угаана. Дахиад алт угаах ус Мандалын голоос татахгүй. Зөвхөн ажилчдын унд, хэрэглээний усаа л тэндээс авна. Нуурын бохирдсон усыг хөрсөнд нэвчихгүй байх талаас нь технологийн горимыг сайтар баримталсан тул голд сөргөөр нөлөөлөхгүй” хэмээн нутгийнхныг сэнхрүүлж суугаа аж.
Улсын комисс гурав дахиа очих гэнэ
Уул уурхайн яам, МХЕГ, Ашигт малтмалын газрын долоон хүний бүрэлдэхүүнтэй комисс хамгийн сүүлд Жаргалант суманд очоод ирэхдээ ямар шийдэлд хүрснийг асуух гэсэн боловч мэргэжлийн хяналтын байцаагч нь ч, яамны ахлах мэргэжилтэн нь ч тодорхой хариу хэлэхгүй, нэгэн рүүгээ бухах нь хачирхалтай. Нэг сайд солигдоход дагаад бүхэл бүтэн “арми” шинэчлэгдэж, тэр тоолонд мэдэн будилсан албатууд төрд шургалдгийн уршиг энэ. Сураг сонсох нь ээ, энэ комиссынхон Бөмбөгөр суманд алт олборлохоор зөвшөөрөл авсан компанийн уурхайг хүлээж аваад, харин Жаргалантын Тэгшийн аманд үйл ажиллагаа явуулж буй “Оргил моунт”-ынхыг “зөрчилтэй” гээд хүлээж аваагүй гэнэ. Тиймээс одоо удахгүй улсын ээлжит комисс дахиад Жаргалантыг зорихоор болжээ.
БОНХАЖЯ-ны ахлах мэргэжилтэн Б.Сарангаас энэ асуудлыг тодруулахад “Баянхонгор аймгийн Жаргалант суманд алт олборлож буй наад компанийн чинь асуудал их ээдрээтэй байгаа. Ямартай ч асуудлыг төрийн захиргааны төв байгууллага анхааралдаа авсан. Саяхан Шадар сайд болон манай БОНХАЖ-ын сайд, Уул уурхайн сайдын хамтарсан тушаал гарч, холбогдох бүх байгууллагын төлөөллийг багтаасан ажлын хэсэг тийшээ явахаар болсон. Энэ комиссын дүгнэлтэд үндэслээд уурхайн үйл ажиллагааг зогсоох уу, үргэлжлүүлэх үү гэдгийг шийдэх байх” гэлээ.
Ашигт малтмалын газрын ахлах мэргэжилтэн “Тус компанийн лицензтэй талбайн нэлээд хэсэг “Урт нэртэй” хуулийн 200 метрийн хилийн зурвастай давхцалтай байсан учраас бид уулын ажлын төлөвлөгөө баталж өгөхдөө тэр хэсгийг хассан. Тэр дагуу ажлаа хийж байгаа, эсэхийг нь мэргэжлийн хяналтынхан хянах ёстой” гэсэн юм. Харин “Оргил моунт” ХХК-ийн захирал “Бид бүх бичиг баримтаа хуулийн дагуу бүрдүүлсэн. Хэрэв үзэхийг хүсэж байгаа бол манай уурхайд очоод бичиг баримтуудтай танилцаж болно” хэмээн “даажигнах”. Юутай ч ээдэрч, орооцолдсон энэ хэргийн зангилааг тайлахаар нутгийн иргэд шүүхэд хандсан гэнэ.
Chingis.mn