Монголын томоохон телевизүүд жил бүрийн хавар, намарт цоо шинэ шоу нэвтрүүлэг бэлтгэн гаргаж, үзэгч олноо дэлгэцийн урд суулгаж, удирдлага атгуулдаг уламжлал тогтсон гэхэд хилсдэхгүй. Энэ хавар “Ододтой бүжиглэе” шоугаар эхэлж, “Эргэдэг гал тогоо”-гоор үргэлжлэн гэр бүлийн гишүүн бүрийг гэрийн хорионд үзэх зүйлтэй суулгаж буй телевизийн салбарынхан бусдыгаа бодвол хийх зүйлтэй, завгүй хөдөлмөрлөцгөөж байна.
Тэгвэл энэ даваа гаргаас эхлэн “Боловсрол” телевиз “Түнэр харанхуй” гэх бичиглэл бүхий тун ч учир бүтүүлэг нэгэн постерыг сошиал сувгуудаараа дамжуулан цацсан нь үзэгчдийн дунд багагүй хүлээлт үүсгээд байна.
“Хамгийн гэгээлэг сувгийн хамгийн харанхуй шоу” хэмээн тодотгоод буй тус нэвтрүүлэг ямар учиртай, юу болох талаар тус телевизийнхэн одоогоор ямар нэгэн албан ёсны тайлбар мэдээлэл өгөөгүй байгаа аж. Аугаа Ялалтын баярын өдрөөс эхлэн гарах товтой шоу нэвтрүүлэг нь ямартай ч үзэгчдийг уйдаахгүй гэдэгт итгэлтэй байна. “Карантин 14” гэх трейлерт урхидуулаад мэдээллийн урсгалд мэдэлгүй автчихсан үзэгч олон “хүний төсөөллөөс давсан супер шоу” яаж гайхшируулахыг нь харах л үлдлээ.
Телевизийн салбарын ноён оргилуудын нэгт одод гялалзан бүжих цаг дор нөгөөд нь “Түнэр харанхуй”-г мэдрүүлэхээр зэхсэн нь улс төрийн шуургатай энэ цагт түр ч атугай тархи толгойгоо сэргээн, цэнгэн хөгжих боломжийг олгох биз ээ.