Тээврийн цагдаагийн албаныхан өчигдөр “Тээврийн хэрэгслийн эгнээ, зогсоолын хөдөлгөөний аюулгүй байдалд хяналт шалгалт хийж байна” гэж мэдээлснээс хэдхэн цагийн дараа Хан-Уул дүүргийн III хорооны нутаг, “Эрэл” ХХК-ийн байрны урд талын автобусны буудал дээр зам, тээврийн ноцтой осол гарлаа. Тодруулбал, Нисэх-МУБИС-“Ард” кино театр чиглэлд зорчиж явсан, “Ч7:14-009” дугаартай автобус автобусны буудлын шилэн сүүдрэвч мөргөж, нурааснаас хоёр том хүн, нэг хүүхэд бэртжээ. Осолд өртсөн иргэдийн хувьд автобус хүлээн сүүдрэвчинд сууж байсан бөгөөд хурдтай ирж буй тээврийн хэрэгслээс бултахдаа хашлага давж унан, шилэнд дарагдсан байна. Ийм хэрэг болсноос 10 гаруй минутын дараа түргэн тусламжийнхан ирж, бэртсэн иргэдийг авч явсан гэнэ. Тэндхийн хүмүүсийн хэлж буйгаар хүүхдийн биеийн байдал тун тааруу, хөдөлж, сууж чадахгүй байсан аж.
Тухайн автобусны жолооч “Хүрд гацсанаас ийм зүйл болсон” гэдэг тайлбар өгсөн ч цагдаагийн байгууллагынхан хэргийн нөхцөл шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаагаа хэллээ. Нийтийн тээврийн газрынхнаас өчигдөр 17.30 цагийн үед тодруулахад “Энэ автобус нь “Автотерминал трейд” компанийнх. Хууль хяналтын байгууллагынхан ослын шалтгааныг тодруулсны дараа мэдээлэл өгнө” гэсэн юм. Гэмтсэн иргэдийн биеийн байдлыг тодруулахаар ГССҮТ-д хандахад “Мэдээлэл өгөх боломжгүй” гэв