Сонгуулийн сурталчилгааны 18-хан хоногийн талаас илүү нь хэдийнэ өнгөрч, яг долоо хоногийн халуун өрсөлдөөн үлдэж байна. 76 тойргийн өрсөлдөөний өнгө өөр өөр. Алинд нь ч санал өгөхөд хэцүү “сул” тойрог байхад, энэ төрд хэн нь ч байхад гэмгүй “хатуу” нэг нь ч байна. Насаараа улс төрөөр занималдсан туршлагатай хүмүүс ана мана үзэлцэх тойрог байхад идэр залуу, шинэхэн улстөрчдийн гал гаргам өрсөлдөөн ч бий. Харин УИХ-ын сонгуулийн 76 тойргийн хамгийн эхний гурав болох Архангай аймагт өрнөж буй өрсөлдөөн өвөрмөц өнгө төрхтэй аж. Тус аймгийн гурван мандатын төлөө таван нам, бие даагчдыг төлөөлөн 13 хүн өрсөлдөж байна. Бусад нэр дэвшигч, намуудыг үгүйсгэх гээгүй ч улс төрийн хоёр том хүчин гэгддэг Монгол Ардын Нам, АН-ын өрсөлдөөн Архангай гэлтгүй аль ч тойргийн өрсөлдөөний өнгийг тодорхойлох нь дамжиггүй. Энэ ч утгаараа Архангайд өрсөлдөж буй АН, Монгол Ардын Намын нэр дэвшигчдийг шинжлээ.
Монгол Ардын Намаас нэр дэвшигчдийн хамгийн “ахмад” нь 40 нас руу дөнгөж өнгийж байхад АН-ынхнаас хамгийн “залуу” нь 50 хэдийнэ гарчээ. Үндсэндээ шинэ, залуу хийгээд насаараа улс төрөөр занималдсан нөхдийн ширүүхэн өрсөлдөөн энд л болж байна. Ер нь Монгол Ардын Намынхан аль ч шатны сонгуульд шинэ, залуу хүмүүсээ илгээснийг Архангайн нэр дэвшигчдээс тод харж болохоор аж. “Эзгүйд нь үгүйлж, ирэхээр нь “иддэг” цөөхөн улстөрчийн нэг” Ерөнхий сайд асан С.Баяр нэгэн ярилцлагадаа “Одоо шинэ үе гарч ирэх ёстой. Гэхдээ “Түр зуурын шоу” хөөцөлдсөн, яагаа ч үгүй байтлаа пээдийгээд ирсэн шинэ үе биш . Шинэ мэдлэг боловсролтой, шинэ ёс суртахуунтай, шинэ эрч хүчтэй шинэ үе. Бие нь ч, нэр нь ч бүтэн тийм л шинэ үе. Цаг нь хэдийнэ болсон” гэснийг энд эшилье.
Тийм ээ, шинэ үе гарч ирэх ёстой. Энэ удаагийн сонгуулиар шинэ хүмүүс гаргаж ирцгээе. Гэхдээ дээр хэлсэнчлэн шоудаж болох зүйл бүрийг шүүрч аваад байдаггүй, хийсэн зүйлтэй, хийж яваа, гэхдээ шийдвэр гаргах түвшинд шинэ хүмүүсийг дэмжье. Архангай аймгийн гуравдугаар тойрогт нэр дэвшиж буй Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Жамъянгийн Мөнхбат 37 настай. Тэр нас залуу, төрийн эрх барих дээд байгууллагад шинэ байж мэдэх ч улс төрийн ууган, том намыг ажрахгүй авч яваа. Жамъянгийн Мөнхбат оюутан ахуй цагаасаа улс төрд орж, зохион байгуулагч, шадар туслах, реферэнтээс авахуулаад нэгэн том намын генсек хүртэл бүх л шатаар дайрч, өөрийн хүчээр өнөөгийн өндөрлөгт хүрснийг олзуурхмаар. Улс төрд “хуучин” энэ залууг УИХ-д шинэ хүн болгон гаргаж ирэхэд яагаад болохгүй гэж. Нэгдүгээр тойрогт тус намаас нэр дэвшиж буй Г.Тэмүүлэн ч шинэ хүн. 35 настай эл залуу УИХ-д шинэ байж болох ч салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн. Нас залуу ч хариуцлагатай алба хашиж ирсэн түүний “толгой”-г хэдэн “Толгой”-г эргэлтэнд оруулж, хөдөлгөхөд хэрэглэх бус, төрийн эрх барих дээд байгууллагад ашиглах цаг нь болсон. Монгол Улсын Төрийн тэргүүний шадар зөвлөхөөр ажиллаж, аймгийнхаа Засаг даргаар ажиллаж байсан Ё.Баатарбилэг залуу ч, түүнд төрийн болоод улс төрийн ажлын туршлага бий. Тэдний эсрэг зогсож буй АН-ынхныг түмэн олныг төрд төлөөлсөн туршлагаар нь “Их гурвал” хэмээн тодорхойлж болно. Р.Гончигдорж тав, Н.Батбаяр, Д.Ганхуяг нар тус бүр гурван удаа түмэн олныг төлөөлж төрд сонгогдсоныг бодвол туршлага нь илүүдэх юун. Гэхдээ 1990 оны ардчилсан хувьсгал, анхны парламентад мөртэй тэд төр түшилцэж эхлэхдээ Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн, Ё.Баатарбилэг нар шиг залуухан, шинэ байсан. Тэднээс ч залуу хүмүүс дэлхийд гайхагдсан монголын ардчиллын эхийг тавьж, анхны ардчилсан Үндсэн хуулийг баталж байсныг санаарай. Тэр нь ийм, энэ нь ийм гэж өөлж, гоочлохоос илүүтэй шинэ, хуучныг сонгох торгон мөчид тулж ирснийг анзаараарай. Хуулиар квот тогтоон юугаа ч мэдэхгүй залуусыг оруулж ирэхээс илүүтэй ирлэгдэж, хурцлагдан, цэгцэрсэн идэр залуусыг их улс төрд оруулъя л даа. Төрд итгэх итгэл өдрөөс өдөрт алсарч буй энэ үед шинэ хүмүүст найдвар өвөртлүүлэх нь алдах сонголт биш ээ. Бас түмэн олныхоо итгэлийг тасралтгүй хүртсэнийхээ хүчинд нутаг олондоо “Баастай бурхан” хэмээгдэхдээ тулсан зарим түшээ өнгөрөгч сонгуулиар юу амлаж, юу бүтээснийг эргэн санахад гэмгүй.
Дээр нь энд дурдсан залууст хэнээс ч дутахгүй, хүлээн зөвшөөрөгдсөн боловсрол, ёс суртахуун бий. Хамгийн гол нь тэдэнд хийж бүтээх ирмүүн хүсэл, эх орноо гэх чин сэтгэл бий. Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатыг үг хэлэхэд амьсгаа даран сонсож, огшоод гардаг хүн олон юм билээ. Түүний зоримог, итгэлтэй үгс үйл хэргийг нь илтгэх нь гарцаагүй. Тэдний цаг ирсэн. Залуусаа дэмжье.
О.Заяа