Ёс зүйн ДЕЛО: Ерөнхий сайд, ЗГХЭГ-аас хууль зөрчсөн ХЗДХ-ийн сайддаа хариуцлага тооцохыг шаардаж байна!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
7 минут 28 секунд
Ёс зүйн ДЕЛО: Ерөнхий сайд, ЗГХЭГ-аас хууль зөрчсөн ХЗДХ-ийн сайддаа хариуцлага тооцохыг шаардаж байна!

Ёс зүйн ДЕЛО: Ерөнхий сайд, ЗГХЭГ-аас хууль зөрчсөн ХЗДХ-ийн сайддаа хариуцлага тооцохыг шаардаж байна!

Өмнөх нийтлэлээрээ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг өөрийн гаргасан албан даалгавраараа дамжуулан Бүртгэлийн хуулийг зөрчин нэгэн барилгын компанийн өмчлөлийн асуудалд оролцоод байгааг шүүмжлэн бичиж байсан билээ. Мөн хил хамгаалах байгууллагын алба хаагчид тухайн компанийн эздийг Монгол Улсын хилээр нэвтэрсэн гэх штампыг хуурамчаар хийсэн байж болзошгүй асуудлыг илрүүлээд хуулиар шалгуулахаар шилжүүлсэн байтал яагаад хил хамгаалах байгууллагын алба хаагчдад хариуцлага тооцож байгаа юм бэ гэдэгт “гайхширч” холбогдох хуулийн байгууллагуудаар шалгуулах болсныг мэдээлсэн. Ерөнхий сайд болон ЗГХЭГ-т хандсан. Гэтэл өнөөдрийг хүртэл ХЗДХ-ийн сайд нэг талыг барьсан өрөөсгөл мэдээллээ хийсэн хэвээр байгаа тул тухайн ААН-ийн зүгээс УЕП, АТГ-аас гадна ЗГХЭГ, Монгол Улсын Ерөнхий сайдад хүртэл гомдол гаргасан байдаг. Үүний хариу одоо болтол таг чиг боллоо. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газар хууль зөрчсөн, албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн хэрэгжүүлсэн ХЗДХ-ийн сайдтайгаа хариуцлага тооцохгүй байна.

Товчхондоо, танай танхимын сайд удаа дараа олон нийтэд худал мэдээлэл хийж төрийн байгууллагыг гүтгээд байна. ХЗДХ-ийн сайд нь өөрөө эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах замаар илт давуу байдал бий болгож байж болзошгүй, дотоодын ААН-ийг хууль бус аргаар хясан боогдуулж, нууцаар өмчийг нь шууд булаах үр дагавар бүхий хууль бус үйлдэл хийхийг өөрийн удирдаж буй салбарын харьяа байгууллагадаа даалгасан 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1/1 дугаартай албан даалгавар гэгчийг гаргасан учраас одоогоор АТГ, УЕПГ-т холбогдох гомдлууд хүргэгдээд байгаа билээ. Тиймээс одоогийн албан тушаалд эрх эдлэх ёс зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Эс бөгөөс түүний эдэлж буй өнөөгийн эрх мэдэл хашсан эргээсээ хальсан гол байтугай болж цаашаа хаана хүрч зогсохыг таашгүйд хүрэв.

Тэрбээр өнөөдөр Арбитрын шүүх дээр хэлэлцэгдэж байгаа хэрэг рүү орж байна. Бүртгэлийн байгууллагын ажилтны үйлдэлд алдаа гарсан бол Улсын ерөнхий бүртгэгч болон шүүх байгууллага л оролцож шалгах хуультай байтал тэдгээрийн урдуур дайрч бүртгэл шүүдэг, хянадаг, бүртгэлтэй танилцдаг боллоо. Тэр ч байтугай “нотариатын үйлдлийг шалгасан Шүүх шинжилгээний байгууллагын дүгнэлтээр тухайн гарын үсэг нь тэр хүний, өмчийн эзний гарын үсэг биш байна, үүнийг хуурамчаар үйлдсэн байна” гэж тэрбээр мэдэгдсэн. Нотариатийн үйлдлийг зөвхөн Шүүх л хянадаг. Шүүх шинжилгээний байгууллага нотариатийн үйлдлийг шалгадаггүй, гагцхүү дүгнэлт гаргадаг байтал гарын үсэг шинжлээд хуурамч эсэхийг тогтоосон гэх мэдэгдлийг олон нийтэд хийгээд зогсож байх нь арай л хууль бус байлаа. Харин өөрсдийнх нь хамтарч гаргасан, хамтарсан хурлын шийдвэр дээрх гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн гарын үсэгтэй тохирохгүй, хэлцэл дээрх гарын үсгийг харьцуулан шинжлэх боломжгүй байна гэсэн байх юм. Гэхдээ бас л “но”-той. Хуулиараа дахин шинжээч томилсон дүгнэлтэд дахин шинжээч томилно гэсэн ойлголт байхгүй байтал дахин шинжээч томилж байгаад хоёр дахь дүгнэлтээ гаргуулсан нь энэ. Өөрөөр хэлбэл, харьяа байгууллага болгоноороо чадах чинээгээрээ бужигнуулж, будилуулж, тэр болгон нь хууль зөрчөөд байна.

Хамгийн харамсалтай нь эрхэм сайдын мэдэгдэл хийхдээ гартаа барьсан цаас нь хүртэл худлаа байхыг харахаар тэсэхүйеэ бэрх санагдана. Учир нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед дээрх асуудлаар ХЗДХ-ийн сайдаар Х.Нямбаатарыг ажиллаж байх үед буюу 2023 оны 5 дугаар сарын 3-ны өдөр 160 дугаар тогтоол гаргаснаас хойш Б.Энхбаяр сайдын үед буюу одоогийн байдлаар, түүний хэлсэнчлэн өнгөрсөн оны 11 дүгээр сард дахин ямар нэг тогтоол гаргаагүй байна. Энэ тогтоолыг барьчихаад 11 дүгээр сард ийм тогтоол гарсан учраас Ажлын хэсэг байгуулсан гэж худлаа яриад зогсож байх нь ёс зүйтэй хэрэг мөн үү? Өөрийгөө аврахын тулд Засгийн газрын нэрийг барих эрх түүнд бий билүү? Цаашилбал, сайд мэдэгдэлдээ “Энэ асуудал бол манай маш олон хуулийн байгууллагуудын албан тушаалтнуудын оролцоотой, цаанаа эрх бшхий хүний нөлөөтэй, зохион байгуулалттай хийгдсэн ажиллагаа” гэх ноцтой асуудлыг баттай хэлсэн.

Энэ мэдэгдлийн дараа судлаад үзэхэд бодит байдал дээр дотоодын ААН-ийнх нь зүгээс ямар нэг хуулийн байгууллагынхны хууль бус оролцоо байгаагүй бөгөөд эрүүгийн журмаар шалгуулах бүртээ өөр өөр мөрдөгч, комиссар, өөр өөр прокурорууд хяналт тавьж байжээ. Харин “Хуашинконстракшн Монгол” ХХК-ийн хувьд Улсын бүртгэлийн байгууллагаас лав хамаарал бүхий хүмүүстэй байсан нь анхаарал татав. Тухайлбал, “Хуашинконстракшн Монгол” ХХК-ийн менежер гэх Эрдэнэтуяагийн төрсөн эгч Эрдэнэчимэг нь УБЕГ-ын Хяналт шалгалтын газрын дарга, ахлах байцаагчаар ажиллаж байсан юм байна. Мөн “Хуашинконстракшн Монгол” ХХК-ийн өмгөөлөгч Э.Ганхөлөгийн эхнэр Уянга нь УБЕГ-т ажилладаг байх юм. Тэднийг эхлээд харилцан хамаарал бүхий этгээд мөн үү, “Хуашинконстракшн Монгол” ХХК-ийн бүртгэлийн ажиллагаанд оролцсон уу гэдгийг шалгах нь зүйтэй болов уу? Дээр нь шүүхээр шийдэх хуультай асуудал бүр дээр яагаад “Хуашинконстракшн Монгол” ХХК-ийнхан ХЗДХ-ийн сайдад хандаад байгаа юм бэ? Тэр ч байтугай Арбитрын шүүх дээр яваа хэргийн асуудлаар хүртэл яагаад Монголын ХЗДХ-ийн сайд руу гомдол гаргаж “зовоогоод”, “идэвхжүүлээд” байгаа юм бэ гэдгийг хүртэл шалгахаас аргагүй гайхмаар байгаа биз дээ? Иймд УЕПГ, АТГ-т хандахын зэрэгцээ хэрээс хэтэрсэн сайдаа анхаарч эрх мэдлийн хүрээ, хашлагыг нь сануулж өгөөч гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон ЗГХЭГ-т гаргасан албан бичгийн хариуг хуулийн хугацаанд нь багтааж, олон нийтэд нээлттэй өгөхийг нэхэж шаардаж байна. Бид ХЗДХ-ийн сайдаас хуулийн хүрээн дотор “багтаж” ажиллахыг хүсэж байгаа юм.

Нийтлэлч У.Оргилмаа

Baabr.mn

Мал эмнэлгийн салбарт хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Мал эмнэлгийн салбарт хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.