“Hero entertainment” студийн захирал, найруулагч Б.Баатарыг нэр бүхий улстөрчдийг тагнаж, чагнасан, мөн бичлэг задалсан гэх мэдээлэл цацагдсан. Тухайн үед түүнийг нийгмээрээ үзэн ядаж, харлуулж байсан ч тэрбээр ямар нэг тайлбар өгөөгүй. Үнэн мөнийг нь тогтоолгохоор ТЕГ-т хандсан тухайгаа олон нийтийн сүлжээнд бичиж байв. Тэгвэл тус газраас болоод хууль хяналтын байгууллагаас ажлын хэсэг байгуулагдаж, удаан хугацааны туршид шалгалтын үйл ажиллагаа явуулсны дараа “хариу” нь гарчээ.
Уг гүйцэтгэх ажиллагааг тухай үеийн Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж асан Б.Хурц хийсэн гэх мэдээлэл байна. Энэ талаар Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдлээс хийсэн нийтлэлд баримтаар баталгаажуулжээ.
Үйл явдлын утсыг он цагийн дарааллаар нь хөөж үзвэл:
-2014 онд Н.Энхбаярын оролцсон нэвтрүүлгийн хасагдсан хэсгийг захиалсан УИХ-ын гишүүн хэн байв гэдэг анхаарал татаж байна.
-“2014 оны арванхоёрдугаар сарын 8. Тухайн үеийн ТЕГ-ын дарга Б.Хурц нь УИХ-ын нэгэн гишүүнтэй уулзаж, “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн талаар ярилцсан.
-2014 оны арванхоёрдугаар сарын 10-15. ТЕГ-ын дарга Б.Хурц “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт Н.Энхбаяр оролцсон дугаарын хасагдсан хэсгийг олж ирэх үүргийг тусгай мэргэжлийн албан хаагч нартаа өгчээ.
-2014 оны арванхоёрдугаар сарын 23-25. ТЕГ-ын тусгай мэргэжлийн алба хаагч нар нь “Hero entertainment” студийн ажлын байранд тусгай ажиллагаа явуулж, дээрх хасагдсан бичлэгийг хакердаж авсан.
-2015 оны нэгдүгээр сарын 6. Тусгай мэргэжлийн ажилтнууд “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хасагдсан бичлэгийг ТЕГ-ын дарга Б.Хурцад хүлээлгэж өгсөн.
-2016 оны нэгдүгээр сарын 9. “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хасагдсан бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан.
-2016 оны нэгдүгээр сарын 11. “Hero entertainment” студийн захирал, найруулагч Б.Баатар алдагдсан бичлэгийн талаар хэвлэлийн хурал хийв.
-2017 оны долдугаар сар. “Hero entertainment” студийн захирал, найруулагч Б.Баатар болон тухайн үеийн Шадар сайд У.Хүрэлсүх нар тэр жилийн баяр наадмын өмнө утсаар ярьсан.
Энэ бичлэгийг ТЕГ-ын ажилтан М гэгч нь хуулбарлаж, тус газрын дарга Б.Хурцад өгсөн.
2017 оны наймдугаар сарын 16. “Hero entertainment” студийн захирал, найруулагч Б.Баатар болон тухайн үеийн Шадар сайд У.Хүрэлсүх нарын утсаар ярьсан бичлэг олон нийтийн сүлжээнд дэлгэгдсэн” гэжээ.
Ийм нөхцөл байдал илэрч, холбогдох хууль хяналтын байгууллагаас Б.Хурцыг байцаах шаардлага бий болжээ. Түүнийг хоёр удаа байцаалтад дуудсан ч очоогүй байна. Тиймээс хуулийн дагуу албадан баривчлах нөхцөл үүссэн гэдгийг эх сурвалж тайлбарлаж байгааг Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдлийнхэн нийтлэлдээ дурджээ.
Ямартай ч үнэн мөн нь илчлэгдэж, Б.Хурцад холбогдох шүүх хурал товлогдсон байна. Түүнийг мөн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нараар С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг хүлээлгэхдээ эрүүдэн шүүсэн гэх хэргээр шүүх аж. Б.Хурцын холбогдсон эрүүдэн шүүсэн хэрэг 2021 оны хоёрдугаар сарын 17-нд прокуророос анхан шатны шүүхэд очжээ. Шүүх хурлыг энэ сарын 17-нд буюу маргааш товлосон байна.
Tumen.mn