НАМД БАРЬЦААЛАГДСАН НЭГНИЙГ БУС БИЕ ДААГЧДЫГ ДЭМЖЬЕ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 30 секунд
НАМД БАРЬЦААЛАГДСАН НЭГНИЙГ БУС БИЕ ДААГЧДЫГ ДЭМЖЬЕ

НАМД БАРЬЦААЛАГДСАН НЭГНИЙГ БУС БИЕ ДААГЧДЫГ ДЭМЖЬЕ

Дараагийн төр барих эрхмүүдийг сонгох мөч ойртсоор байна. Тэд хэн байвал зохих вэ? АН байх уу, МАН байх уу? Нам дагасан, намд богтлуулсан, намын эрхэнд орсон, намаар удирдуулсан тэд хэрэгтэй юу? Эсвэл... Таамаг, төсөөлөл, маргаан өрнөсөөр байгаа энэ мөчид цахим орчинд бие даагчдыг дэмжих уриалга хүчээ авч байна.

Том, жижиг гэлтгүй намуудын нэр хүнд өдрөөс өдөрт унаж буй энэ мөчид эрх барих хүчнийхэн сүүлийн хүчээ шавхан хичээж байна. Тэд ард түмэнд таалагдах бүгдийг хийж, амлаж, хөнгөлж, чөлөөлж байна. Яг ийм үйл явц дөрвөн жилийн циклтэйгээр өрнөдөг.  Харин ялалт байгуулсан нам өмнөх эрх баригчдынхаа тарьсан балгийг цэвэрлэх гэсээр дараагийн сонгуультайгаа золгодог. Угаас Монголын улс төрд хамгийн сайн мөрийн хөтөлбөр боловсруулсан нь бус хамгийн их хөрөнгө зардаг нь сонгуульд ялалт байгуулсаар ирсэн гажиг тогтолцоо бий болсон. Сонгуулийн дараа төрийн эрхийг авсан нам нь сонгуульд зарцуулсан мөнгөө хэд нугалж олохын төлөө ажлын гараагаа эхлүүлж, төгсгөлд нь дараагийн сонгуульд зарцуулах хөрөнгө босгодог нууц биш.

Үүний үр дүнд 60 тэрбумаар Монгол төрийг хэрхэн арилжих тухай төлөвлөгөө боловсруулагдаж, ЖДҮХ санг хоосолж, зориулалтыг бусаар ашиглаж буй үйл явцууд өрнөсөн. Энэ бол эрх барьж МАН-ынхны бүтээсэн шинэ түүх.

Энэ түүх Ардчилсан намын сонгуульд нэр дэвшигчдээ сонгож буй үйл явцаар үргэлжилнэ.  Тэд сонгуулийн сургаар төрийн эрх барих үйл явцыг арилжаа наймааны хэрэгсэл болгохоор ханцуй шамлан ажилдаа орлоо. Зөвхөн нэр дэвших хүсалтэй байгаагаа намдаа уламжлахад 100 сая төгрөгийн дэнчинтэй. Хэрэв нэр дэвших хүсэл нь биелэх юм бол 100 сая төгрөгөө хэд нугалж дахин намдаа тушаах үүрэг хүлээж буй. Тэд төрийн эрх барихын тулд зуу зуун саяар дэнчин тавин, шунан, “арилжиж” байна. 

Нам дагасан хуйвалдааны бүлэглэл, фракцууд  ингэж л Монголын төрд хачиг шиг шигдэж, шимэгчилсээр өнөөдрийг хүрсэн.  Иймээс энэ байдалд цэг тавих эхний алхам бол аль нэг улс төрийн аль нэг хүчнээс ангид мэргэшсэн, салбар салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, хийсэн бүтээсэн туршлагатай  бие даагчдыг дэмжих уриалга гараад байгаа юм. Үгүй бол төрийн эрх барих дээд байгууллагад намынхаа аппаратыг мөнгөөр “угжсан” бизнесменүүд хийгээд бөхчүүдээр дүүрч, гунигт түүх үргэлжилнэ. Монголын улс төрд намууд 30 жил ноёрхож, хаанчиллаа. Үр дүнд нь тэд дөрөв дөрвөн жилээр солигдож,  сайд дарга болж ард түмнээр тохуурхаж бах таваа хангасаар өнөөдрийг хүрлээ.

Харин одоо олон нийт боловсролтой, мэдлэгтэй, улс төрийн тулхтай, нуруутай нэгнийг төрд төлөөллөө болгон илгээхийг хүсэж байна. Ингэхдээ намд барьцаалагдсан нэгнийг бус  бие даагчдын дэмжихээ илэрхийлж эхэллээ. Өөр сонголт ч үлдсэнгүй.

Эх сурвалж: Olloo.mn

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна
Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.