Ю.Цэдэнбал агсны хөшөөнд МАН, МАХН-ын удирдлагууд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 19 секунд
Ю.Цэдэнбал агсны хөшөөнд МАН, МАХН-ын удирдлагууд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ

Ю.Цэдэнбал агсны хөшөөнд МАН, МАХН-ын удирдлагууд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ

 

 

 Монголын төрийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал агсны мэндэлсний 99 жилийн ойг тохиолдуулан Монгол Ардын намын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, Ч.Хүрэлбаатар,  Д.Хаянхярваа, Монгол Ардын Хувьсгалт намын дэд дарга, Батлах хамгаалахын сайд Ц.Цолмон, ЭМС-ны сайд Г.Шийлэгдамба болон Ю.Цэдэнбал агсны гэр бүл, хамаатан садан, жирийн иргэдийн төлөөлөл Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. Энэхүү арга хэмжээний салхийг хагалж, Монгол Ардын намын дарга М.Энхболд үг хэлсэн юм.

 

М.Энхболд:Ю.Цэдэнбал агсны мэндэлсний 100 жилийн ойг  төр, улсын хэмжээнд тэмдэглэх учиртай

 

- Монгол төрийн нэрт зүтгэлтэн, Монгол Ардын намын удирдагч, цэргийн жанжин Ю.Цэдэнбал агсны мэндэлсний 99 жилийн ойн өдөр тохиож байна. Энд хүрэлцэн ирсэн та бүхэн Цэдэнбал агсны 99 жилийн ойн мэндийг хүргэж байна. Ю.Цэдэнбал гуай 40 гаруй жилийн турш Монголын төрийг удирдаж,  манай хамгийн их цэцэглэн хөгжиж, өөрчлөгдсөн ийм цагийн удирдагч, зохион байгуулагч байсан юм. 20 зуунд Монгол хүн бичиг үсэгтэй, эрүүл болсон, монголчууд суурин соёл иргэншлийг жинхэнэ утгаар нь эзэмшиж, хот суурин газрыг байгуулж чадсан. Үйлдвэр аж ахуйн газрыг хөгжүүлж, газар тариалан хөдөө аж, ахуйн салбарт шинэ шинэ ололт амжилт гаргаж байсан энэ бүх үйл явц Ю.Цэдэнбал дарга төр улс удирдаж байсан тэр цагт гарч байсныг та, бид мэднэ ээ. Бид Ю.Цэдэнбал даргын амьдрал хийсэн бүтээснийг хойч үедээ үнэн зөвөөр нь ойлгож, мэдүүлэх ажлыг зохион байгуулах учиртай юм. Түүний амьдралын сүүлийн он жилүүд тийм ч дардан цагаан байгаагүй. Түүний хийсэн бүтээснийг үнэлж эерэгээсээ сөрөг нь илүү гэж хэлмэгдүүлж байсан цаг саяхан. Монгол Ардын нам 1997 оны 22 дугаар Их хурлаараа Ю.Цэдэнбал даргад өгсөн үнэлэлт дүгнэлт энэ бүх зүйлээ хүчингүй болгож, түүнийг Монгол Ардын намын зүгээс цагаатгаж, намын гишүүнчлэлийг нь сэргээж, одон медалийг нь эргүүлж олгох ёстой гэсэн шийдвэрийг гаргаж байсан. Ирэх жил энэ хүндтэй хүний 100 жилийн ойг тэмдэглэнэ. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нарын гишүүд санаачилан Ю.Цэдэнбал агсны мэндэлсний 100 жилийн  ойг Монголын төрийн төвшинд тэмдэглэх ёстой гэж үзсэн. Энэ шийдвэрийг энэ намрын чуулганаар хэлэлцүүлэх ажлыг УИХ дахь Монгол Ардын намын бүлэг шийдвэрлэнэ гэж бодож байгаа. Монгол Ардын нам өөрийн намыг удирдаж байсан хүний 100 жилийн ойг улсын хэмжээнд тэмдэглэх ёстой. Түүний хийсэн, бүтээсэн, байгуулсан зүйлийг хойч үедээ үнэн мөнөөр нь үзүүлэх музей дурсгалыг газрыг байгуулах ёстой гэж үзэж байгаа юм.

 

МАХН-ын дэд дарга Ц.Цолмон:Ю.Цэдэнбал Монголыг хөгжлийн шинэ зам оруулсан хүн

 

-Энэ намрын сайхан өдөр 20 зууны монголын гарамгай удирдагч, БНМАУ-ын баатар, хөдөлмөрийн баатар, маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 99 жилийн ойн хүндэтгэлд хуран цугласан та бүхний энэ өдрийн амар амгаланг эрж байна.Ю.Цэдэнбал Монголын нам төрийг 40 гаруй жил удирдсан. Энэ хугацаанд Монгол Улс хөгжлийн шинэ шатанд гарсныг та бүхэн мэдэж байгаа. Ю.Цэдэнбал даргын удирдлагын дор 1950 иад оны үед монголчууд бүгд бичиг үсэгтэн болж, ЮНЕСКО-гийн шагнал хүртсэн бол 1940 онд 750 мянга гаруй хүнтэй байсан Монгол орон 1980-иад оны дундуур хоёр сая хүн амтай болсон. Соёл урлагийн амжилтаараа дэлхийд танигдаж, Дархан, Чойбалсан, Хөтөл зэрэг шинэ хот, аж үйлдвэрийн төвүүдийг бий болгосон. 1940 онд Монгол Улсын тусгаар тогтнолыг ганцхан орон хүлээн зөвшөөрч байсан бол 1984 он гэхэд дэлхийн 94 улс оронтой дипломат харилцаа тогтоож олон улсын 60 гаруй байгууллагад гишүүнчлэлээр орсон нь Ю.Цэдэнбал даргын хүч хөдөлмөрөөр бий болсон юм. Төр нийгмийн гарамгай зүтгэлтэн Ю.Цэдэнбал Монгол Улсыг хөгжлийн шинэ замд оруулсан их үйлсийг залуу хойч үедээ таниулж мэдүүлэх, улс төрийн бодлого, үйлсийг нь өнөөдрийн өндөрлөгөөс үнэлэн дүгнэж,суралцах сургамж авах шаардлага байгаа. Монгол Ардын нам, Монгол Ардын Хувьсгалт нам, бусад улс төрийн хүчнүүд , төрийн бус байгууллагын зүтгэлтнүүд, Ю.Цэдэнбал даргын ажил үйлсийг судалж, дагаж дуурайхыг эрмэлзэж байдаг бүх хүн хамтарч ажиллаж даргынхаа нэр хүндийг цагаатгаж, өргөж мөнхжүүлэхийг та бүхнээсээ энэ хүндтэй өдөр уриалж байна.

 

Ю.Цэдэнбалын төрсөн дүү Ю.Жавзмаа:Манай ахын ойг тэмдэглэж байгаад баяртай байна

 

-Өнөөдөр манай ахын мэндэлсний 99 жилийн ойг ингэж сайхан тэмдэглэж байгаад эмээ нь маш их баярлаж байна. Бүх ойгоор нь энд ирдэг хүүхдүүд залуучууд, намын нөхдүүдэд талархаж байна. Тэнгэр хангай ч хүртэл налайгаад сайхан байна. Энд хүрэлцэн ирсэн хүмүүс ажлын амжилт, амьдралд нь сайн сайхныг хүсч байна.

 

 

Ц.Оюунтунгалаг 

 
 
- See more at: http://www.unen.mn/content/54180.shtml?alias=society#sthash.0XoDDypE.dpuf
”Нарантуул”, ”Сандэй”, ”Өгөөмөр” захууд 2 өдөр амарна
”Нарантуул”, ”Сандэй”, ”Өгөөмөр” захууд 2 өдөр амарна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.