Одоогоор огцруулах саналд Г.Уянга гишүүнээс гадна Ж.Энхбаяр, Б.Бат-Эрдэнэ, Л.Цог, С.Ганбаатар, Х.Болорчулуун,
Ц.Даваасүрэн, О.Баасанхүү нарын гишүүд гарын үсэг зураад байна. Хамгийн сүүлд АН-ын гишүүн Р.Амаржаргал гарын үсгээ зуржээ. Ил зурж байгаа нь Р.Амаржаргал болохоос далдаас дөгөөдөг нь АН-д бас цөөнгүй бий дуулдана. Улс орны төлөө санаа тавих биш сайд болж үзэх санаатай л ингэж байгаа гэлцэнэ. Хэрэв гарын үсэг зурсан гишүүд 19 болбол УИХ-аар Ерөнхий сайдыг огцруулах эсэхийг хэлэлцэх юм. МАН-ын гишүүд бас үүнийг дэмжиж гарын үсэг зурна гэсэн. Намрын чуулганы нээлттэй зэрэгцэн МАН энэ саналд гарын үсгээ нийтээр зурна гэв. МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа “Ийм Засгийн газар байсан ч яалаа, байгаагүй ч яалаа, би болон бид огцруулах саналд гарын үсэг зурах болно. Төрийн ажлыг ингэж явдуулдаггүй юм шүү. Огцрохоос өөр зам Ч.Сайханбилэгт үлдсэнгүй” хэмээн нэлээд ширүүхэн дуугарсан. Ерөнхий сайдыг огцруулах нь зөвхөн улс төр ч биш, бизнес ч байж болох юм. МАН-ын бүлгийн дэд даргын уурыг хүргэж ингэж хэлэхэд тулсан нь Дарханы Засаг даргын асуудлаас үүдэлтэй. Мөн МАН сануулан байж хугацаа хэлж байгаа нь зарим зүйл дээр тохиролцохыг хүсч байж болох юм.
Бие даагчид бүгд дэмжээд гарын үсэг зурчихсан. Энэ ойлгомжтой. Тэд уул уурхай, Оюу толгойн талаар үг дуугарах бүртээ эсрэг байр суурь илэрхийлж байдаг, дээр нь Засагт багтаж чадаагүй, мөн олон нийтэд таалагдахын тулд ямар нэг зүйл ярьж байх ёстой болдог. Ердөө л энэ.
Ерөнхий сайдыг огцруулах санал гаргасан хүн нь угтаа Ч.Сайханбилэгийн Засгийн газарт багтсан МҮАН-ын гишүүн. Магадгүй Г.Уянга гишүүн Засгийн газрыг унагах гарын үсэг зуруулж байгаагаа том оноо гэж үзэж байх талтай. Нэг үгээр хэлбэл улс төр хийж байгаа л хэлбэр. Ерөнхий сайдыг танхимтай нь унагачихвал сонгуулиар Оюу толгойг аварсан баатар хэмээн эх орончоо зарлан шоудах боломж.
Улс эх орны эрх ашгийг хохироосон ноцтой алдаа гаргаагүй байсан ч ямар нэг шалтаг шалтгаан олоод Засгийн газраа унагаж тоглосоор өдийг хүрлээ. Монголын улстөрчид улсаа бодохгүй зөвхөн улс төр хийхээ л бодож ирсний бодит байдал энэ. Угтаа Дубайн гэрээг үзэглэсэнд олон нийт Ч.Сайханбилэгт талархаж байлаа. Олон залуус ажилтай, амьдралтай болж, Монголын эдийн засаг ч сэргээд ирэх боломж нээгдлээ гэж харж байсан. Тэгтэл улстөрчид үүнийг эсэргүүцээд эхэлсэн. Үргэлж л ийм байлаа. Хэн нэгэн дорвитой алхам хийнэ гэхээр л өөр нэгэн эсвэл шүүмжлэгч, эсэргүүцэгч гарч ирээд улстөрждөг. Энэ нь улс орноо гэхээсээ улстөржилтөө, амин хувиа илүүд тавьснаас л болдог. Эсвэл эрх мэдэлд шунаснаас л болдог. Ингэж ээлжилж төр улсаараа тоглож өнөөдрийг хүргэв. Үеийн үед иймэрхүү улс орныг хутган үймүүлэгч, төрөөрөө тоглодог цөөврүүд байсан, одоо улам л олширч, улс төрийн гал тогоонд ороод суудаг болов.
Ард иргэд төр барьж буй улсуудын тэнэглэлд залхаж гүйцэж байна. Ингэхээр төр засгийн толгойд гаргаж байгаа хүмүүстээ өндөр шаардлага тавьж сонгох нь ямар чухлыг, яс махандаа тултал, голдоо ортол ойлголоо. Тэднийг сонгохдоо зүгээр нэг сэтгэлийн хөөрлөөр бус боловсрол, хүний ёс жудаг, ёс суртахуун, монгол эр хүн талаас нь ч шаардлага тавих хэрэгтэй юм байна. Монгол эр хүн уужуу, хүний үг даадаг, ганц удаагийн үйлдлийг өнгөрөөж чаддаг, буурь суурьтай, өс хонзон санадаггүй, ийм л байдаг. Одоо бол Монголын төр хүүхэд нохойн доог болж байна. Нусгай жаалаас эхлээд хөгшдөө хүртэл улстөржиж, төр барьж байгаа хэдэн нөхдөө өдөр шөнөгүй тоглоом наргианы бай болгож, хэлсэн үг болгон нь, ярьдаг сэдэв бүхэн нь төрд байгаа хэдийг элэглэх болж. Байтлаа урлагийн шоунд оролцож байгаа хүүхэд хүртэл улс төр ярьж, улстөрч болох тухай хэнэг ч үгүй хэлж байна. Төрд байгаа хэдийг харахаар улстөрч байна гэдэг амархан санагдаж л дээ. Мэдсээр байж алдаа гаргавал тэнэглэл гэхээс өөр яалтай билээ.
Хэн дуртай нь төрөөрөө тоглож болдог, Засгийн газраа огцруулдаг болов. Дуртай нэг нь шөнө бодож хоноод л өглөө нь энэ санаагаа хэрэгжүүлдэг боллоо. Хэрэв Засгийн газар огцрохдоо тулбал УИХ тарж, ээлжит бус сонгууль хийе. Төрөөрөө тоглодог улстөрч гэгдэх энэ нөхдөөс ингэж л салах хэрэгтэй байна. Ийм дээрээ тулахыг хүсээгүй л бол хагас жил тэсч төрөөрөө тоглохгүйхэн шиг дараагийн сонгуультай золгомоор байна. Заавал 1996-2000 оны улс төрийн хараалыг давтах хэрэггүй.
Төрийг тогтворгүй болгож, тодорхой бодлого гээд байх юмгүй, хувийн тоглолт хийдэг, дараа нь хариуцлага хүлээдэггүй бие даагчид, олон жижиг нам Монголын улс төрд илүүц гэдэг нь харагдаж байна. Цөөхөн хүн амтай Монголд улс төрийн тулхтай хоёр нам байхад л болж байгаа юм. Нэг нь эрх барьж байхад нөгөө нь хяналтаа тавиад сөрөг хүчний үүрэг гүйцэтгэхэд болчихно. МАН улс төрийн намын шаардлагыг хангана. АН хэдийгээр хүлээн зөвшөөрөгдсөн том нам ч бүхэл бүтэн институц болж чадсан МАН-ын дэргэд нам гэхэд хэцүүхэн л байна. Ард түмэн АН-ынханд итгэл хүлээлгээд сонголоо. Хэрүүлтэй айл шиг, эвлэрч өгдөггүй, хэдэн тийшээ харчихаад, ар хударгаар нь хэнтэй ч хамаагүй нийлчихсэн намаа, журмын нөхдөө, цаашлаад төр улсаа самарч явдаг нь дэндүү олон. Энэ янзаараа явбал хагарч бутрах магадлал өндөр. Өнөөдрийг хүртэл тэмцэж бий болгосон намаа эмхэтгэн цэгцлэх үү, эвдэлж хэдэн тийш бутлах уу гэдэг нь ухаалаг алхмаас л шалтгаална. Ямартай ч сайн, муу хэлүүлсэн сүүлийн хорь гаруй жил МАН, АН хоёр Монголын төрийг барьж ирсэн. Өөр гарц ч үгүй.
Тиймээс Үндсэн хууль, бусад хууль журмуудаа өөрчилж, аль болох хоёр намтай болох тал руу явуулах хэрэгтэй болж. Тэгэхгүй бол Монголын улс төрийн хямралыг гуравдагч хүчин, бие даагчид л тавьж байна. Гуравдагч хүчин, бие даагчид олонхи болохгүй, бие даан бодлогоо хэрэгжүүлж засаг барьдаггүй. Гэтэл сонгуулиар жижиг намууд, бие даагчид санал хувааснаас сүүлийн үеийн сонгуулийн үр дүнгүүд нэг нам дангаараа эрх барих боломжгүй, цөөнхтэйгөө хамтрах, үгүй бол жижиг намуудтай хамтарч Засгийн газраа байгуулахад хүрдэг. Өнөөх жижиг намууд нь засагт орон эрх барилцаж байж нэг бодлоготой байж чадахгүй, хувийн тоглолт хийж, улс орноороо тоглоод улс төр бужигнуулаад ер зүгээр суудаггүй. Ийм байхад Засгийн гадна байхдаа ямар үйлдэл хийх нь тодорхой. Ингээд л төрд шургалсан цөөврүүд болж, засаг төрөөрөө тоглосоор байна.
Д.Мөнгөндалай