Улсын Нэгдүгээр төв эмнэлэг нь олон улсын стандартад нийцсэн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх чиглэлийн нарийн мэргэжлийн үзлэг, шинжилгээ, оношилгооны иж бүрэн төв болох “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг өнөөдөр буюу зургаадугаар сарын 22-ны өдөр нээж байна. Нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УНТЭ-ийн Ерөнхий захирал Т.Мөнхсайхан болон бусад албаныхан оролцлоо.
Эрүүл Мэндийг Дэмжих төв нь ард иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх тал дээр мэдлэг, мэдээлэлтэй болгох, хувь хүн, байгууллага хамт олны урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо, шинжилгээ, үйлчилгээг үзүүлэх иж бүрэн төв юм.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Улсын ууган эмнэлэг болох нэгдүгээр төв эмнэлэг 95 жилийн ойтойгоо золгож байна. Богино хугацаанд маш олон ажлыг хийж хэрэгжүүлж байгаа УНТЭ-ийн хамт олноор үнэхээр бахархаж, талархаж байна. Ковид-19 халдварт тахлын үед ч гэсэн ард иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах чиглэлд санаачилгатай ажиллаж байна. Тусгай чиг үүргийн онгоцоор ирсэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авах шаардлагатай иргэдэд мөн тусламж үйлчилгээ үзүүлж байна.
Өнөөдөр УНТЭ эрүүл мэндийн салбарын язгуур бодлого болсон хүн амыг өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх, түүнээс гадна олон улсын стандартад нийцсэн урьдчилан сэргийлэх үзлэгийн бүтцийн хүрээнд үйл ажиллагаа явуулах тусгай төв нээж байгаад маш талархалтай байна. 2018 оны нэгдүгээр сараас эхлэн эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэн иргэдэд урьдчилан сэргийлэх үзлэг явуулах шийдвэрийг ЭМДҮЗөвлөлөөс гаргасан. Үүнийг ажил хэрэг болгох нөхцөл бололцоог өнөөдөр УНТЭ иж бүрнээр нь бүрдүүлж байна. Энд тавигдсан тоног төхөөрөмжүүд бүгд шинэ, сүүлийн үеийн үзүүлэлттэй байна" гэсэн юм.
"Эрүүл мэндийг дэмжих төв амбулаторийн тусгай үйлчилгээ рүү чиглэсэн 20 орчим төрлийн оношилгоо, шинжилгээг хийнэ"
Нээлтийн үеэр УНТЭ-ийн Ерөнхий Захирал Т.Мөнхсайхан хэлэхдээ “УНТЭ нь хагас бие даасан байдал руу шилжээд хийгдэж буй томоохон ажлуудын нэг нь энэхүү Эрүүл Мэндийг дэмжих төв юм. Бид энэ төвөөрөө дамжуулан урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог цогцоор нь хийхийг зорьж, аливаа өвчлөлийг эрт илрүүлээд зогсохгүй, эмчлүүлэх, эрүүл зөв амьдрах зөвлөгөө, зааварыг өгөх үйлчилгээг үзүүлэхийг зорьж ажиллаж байна. Эрүүл мэндийн дэмжих төв нь амбулаторийн тусгай үйлчилгээ рүү чиглэсэн 20 орчим төрлийн багажийн оношилгоо, шинжилгээ, зөвхөн УНТЭ дээр хийгддэг 10 гаруй төрлийн нарийн мэргэжлийн үзлэг оношилгоог мэргэшсэн 20 орчим эмч, мэргэжилтнүүд хийж үйлчилнэ. Уг дэмжих төвийг дэмжиж ЭМЯ-аас рентген аппарат, эхо аппарат, зүрхний цахилгаан бичлэг, мэдрэлийн цахилгаан бичлэг, монитор зэрэг багаж төхөөрөмжийг өгсөн. Нэмэлтээр нарийн мэргэжлийн аппарат, тоног төхөөрөмжүүдийг манай эмнэлгээс бүрэн хангаж байна.
Эрүүл мэндийг дэмжих төвөөрөө дамжуулан урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог өнгөцхөн хийгээд орхидог гэсэн уламжлалт өрөөсгөл ойлголтыг халах, шинэ чанар, стандартад хүргэх, бодит үр дүн рүү чиглэсэн, тав тух, үйлчилгээг бүрэн хангасан байхаар төлөвлөн зохион байгуулалт хийсэн. Бид дөрвөн төрлийн тусгай багцийн үйлчилгээг гаргасан. Үйлчлүүлэгч өөрт хэрэгтэй аль ч багцийг сонгон, ажлын болон амралтын өдрүүдэд ажлын цагаар үйлчлүүлэх боломжтой. Түүнчлэн бид энэ төвийг ашиглалтад оруулснаар эмч, ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, цалин, урамшууллыг нь нэмэх боломж бүрдэж байгаа юм.” хэмээн онцоллоо.
"Эрүүл мэндийг дэмжих төв өдөрт 120-130 хүнд бүрэн үйлчилэх хүчин чадалтай"
УНТЭ-ийн “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийн дарга, анаагах ухааны доктор н.Баясгалан " УНТЭ-ийн Эрүүл мэндийг дэмжих төв нь 17 кабинетаар үзлэг хийж, есөн төрлийн лабораторийн шинжилгээ, дүрс оношилгоог хийнэ. Өдөрт 120-130 хүнд бүрэн үйлчлэх хүчин чадалтай. Дэмжих төв дээр үндсэн ажилтан дөрвөн их эмч, бусад текник, сувилахуйн баг ажиллаж байна" гэв.
ВИДЕО: