М.Зоригт сайд шүүхийн шийдвэр биелүүлэх гэж “УБТЗ”-ыг эргэлээ гэж үү
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
7 минут 59 секунд
М.Зоригт сайд шүүхийн шийдвэр биелүүлэх гэж “УБТЗ”-ыг эргэлээ гэж үү

М.Зоригт сайд шүүхийн шийдвэр биелүүлэх гэж “УБТЗ”-ыг эргэлээ гэж үү

Зам, тээврийн сайд М.Зоригт энэ долоо хоногийн эхэнд “УБТЗ” ХНН-ийн удирдлагууд өгсөн үүрэг даалгавар биелүүлэхгүй байгаа тул өөрийн биеэр газар дээр нь очоод асуудлыг шийдээдэхье гээд ухасхийсэн. Яадаг бол гэж харж байтал “Жемнет” компанийг “УБТЗ”-аас хөөжээ.

Үүнийгээ дүүргийн иргэний шүүхээс гаргасан шийдвэрийг биелүүлж байгаа юм гэж тус төвийн захирал Т.Ариунбаатар тайлбарлаад салбарын яамныхаа цахим самбарт “хадчихаж”. Мөн энэ барилгыг актлагдсан учраас барилгыг нь нураахаар Нийслэлийн өмчийн харилцааны газар болон Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газруудаас зохих зөвшөөрлийг авч Нийслэлийн Засаг даргын захирамжаар 15 жилийн хугацаатайгаар эзэмших газрын гэрчилгээ авсан гэдгээ энд дурьджээ.

Гэтэл бодит байдал дээр энэ бүхэн өөрөөр тайлбарлагдах аж. Тухайлбал тэрхүү акт гэгчийг “УБТЗ”-ын Удирдах газрын комисс 2009 онд гаргаж ирсэн юм билээ. Үнэхээр хүн ажиллах нөхцөлгүй, мөөгөнцрөөр дүүрсэн, хамаг цонх нь хагарчихсан балгас болчихоод байхад нь одоо хөөгдөөд байгаа “Жемнет” компанийнхан “УБТЗ”-аас огт хөрөнгө гаргуулалгүй, өөрсдийн зардлаар бүрэн бүтэн болгоод талыг нь “УБТЗ”-ынханд ашиглуулж, талд нь үйл ажиллагаагаа явуулсан байдаг. Чухам ямар байсан байрыг ямар болгож хувааж эзэмших тухай тэр акт нь “Жемнет” компани, “УБТЗ” ХНН хоорондын арван жилийн хугацаатай гэрээнд тусгагдсан аж. Гэтэл энэ акт өнөөдөр “Жемнет”-ийг “УБТЗ”-аас хөөх, ерөнхий инженер Ц.Бат-Эрдэнэ тус компанитай ашиг сонирхлын зөрчилтэй гээд түр чөлөөлөгдөх шалтаг болчихоод байгаа нь хачирхалтай.

  Харин “жинхэнэ” Ерөнхий инженер Г.Сэрээнэндорж нь ажлаа ч хүлээлгэж өгөлгүй цагдаагийнханд шалгуулаад давхиад байгаа. Зүгээр ч нэг давхиагүй, “Жаст” групптэй үгсэн хуйвалдаж түлш нийлүүлэх нэрийдлээр 4 сая 121 мянган ам.доллар завшсан, түлшээ ч нийлүүлээгүй гэх хэргээр шалгагдаж, түүнийг нь “УБТЗ” ХНН-ийг төлж буй. Мөн ирэх арванхоёрдугаар сарын 31 гэхэд “векселийн” гэх 4 сая 350 мянган ам.долларыг Төрийн банкинд төлж барагдуулах үүргийг ч бас “УБТЗ” ХНН хүлээж Монголбанктай өнгөрсөн зургадугаар сарын 8-нд тохирч гарын үсэг зуралцсан байдаг. Уг нь экс дарга нь ийм хохирол төлүүлээгүй бол УБТЗ 16 тэрбум төгрөг хэрэгтэй байлгүй яах вэ. Саяхан 16 мянган ажилчныхаа цалинг 10 хувиар нэмэхэд таван тэрбум төгрөг зарцуулсан гээд бодохоор хайран л баймаар.

Ингээд “УБТЗ” ХНН-ийн “хуучин” Ерөнхий инженер нь албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр шалгагдаж, “шинэ”-ийгээ сайдын даалгавраар түр түдгэлзүүлчихээд техник, технологи, хөдөлгөөний аюулгүй байдлын хувьд хариуцлага хүлээх тодорхой эзэнгүй байдалд хэр удахыг таашгүй. Дашрамд сануулахад, “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий инженерийн суудлыг Оросын тал авах ёстой гэдгээ удаа дараа ирүүлж, үүн дээр нь Г.Сэрээнэндоржийн асуудал хүч нэмж, үнэхээр хүлээн зөвшөөрөгдөх монгол инженерийн хувьд Ц.Бат-Эрдэнийг Москвад томилохоор Ерөнхий хороо хуралдаж гурван монгол гишүүн санал нэгтэй дэмжиж, Оросын талын гурван гишүүн татгалзаагүй боловч орос хүн томилох сонирхолтой байгаагаа илэрхийлээд “түр түдгэлзэж байна” гэсэн санал хэлсэн байдаг. Тэд яг одоо энэ суудал нээлттэй байгааг мэдмэгц шууд хүнээ томилох нь гарцаагүй. Тэгээд ч М.Зоригт сайдыг “УБТЗ” ХНН дээр барилга чөлөөх, Ц.Бат-Эрдэнийг түр түдгэлзүүлж явах үеэр тус нийгэмлэгийн нэгдүгээр орлогч А.В.Ушаков “1949 онд байгуулсан гэрээгээр УБТЗ-ын эзэмшиж буй газар нь Монголын талын оруулсан хөрөнгө оруулалт, монголчууд энэ газраа шүүхийн аргаар авч болохгүй. Олон улсын гэрээнээс дээгүүр шүүхийн шийдвэрийг илүүд үзэх гэдгээс гадна Монголын тал УБТЗ-д хийсэн хөрөнгө оруулалтаасаа Оросын талтай зөвлөлдөхгүйгээр хасаад байна гэсэн ойлголт үүснэ” гэдгийг ч сануулсан юм билээ. Харин сайд энэ талаар мэдэж байсан эсэхийг бүү мэд, ямартай ч түүнд “Жемнет”-ийг тэр байрнаас хөөх л чухал байж.

УБТЗ-ын галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалдаг бүх диспетчерүүд дөрвөн өрөөнд ажиллаж болоод байхад Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын удирдлагын төв болж 40 хүн ажиллуулахын тулд тэр барилгын буурин дээр 12 давхар барилга барих хэрэг байсан уу. Тэр төсөв нь хаана байна, яагаад хэмнэлтийн горим яриад байхад энэ барилгыг  барих гээд байдаг нь арай газрынхаа үнэ цэнэд байдаг юм биш биз.  Энэ барилгыг барихад тухайн үед улсын төсөвт 30 тэрбум төгрөг тусгуулчихсан байсан ч  Н.Алтанхуягийн Засгийн газрын үед баахан барилга царцаах асуудал яригдахад тэр давалгаанд хамрагдаж төсөвгүй болчихоод баригдаж чадаагүй юм билээ. Тэр үед Г.Сэрээнэндоржид барилга барих газар нэхсээр байсан ч хэрэв тэр үед мань дарга хүссэн газрыг нь өгсөн бол аль эрт хэрэгтэн болчих ч байсан юм билүү. Ингээд шүүхдэлцэх болж, шүүх хурал болоогүй ч зөвхөн дүгнэлт нь гэнэт хүрээд ирсэн сонин явдал болж өнгөрсөн ч тэрхүү гажигтай шийдвэр нь одоо дахин амилж “Шүүхийн шийдвэр биелүүлж байна” гээд салбарын сайд өөрөө шүүхийн шийдвэр гүйцэтгэлцэж яваа нь энэ.

Арай “Жемнет” компанийн үндсэн  үйл ажиллагааны чиглэл, түүний сео байсан Ц.Бат-Эрдэнэтэй холбоотой ашиг сонирхлын зөрчлөөс болоод, олон улсын гэрээг зөрчин “УБТЗ” ХНН-ийн эзэмшлийн газрыг “харамлаж”, Ерөнхий инженерийн суудлыг ч Оросын талд алдан, дээр нь тус нийгэмлэгийг Г.Сэрээнэндоржийн алдаа гэхэд ахдахаар найман сая гаруй ам.долларын өр зэргийг үл ажран яарч хөдөлсөн юм биш биз.

Энэ бүхний цаана хардах бас нэгэн шалтгаан бий. Юу гэвэл “Жемнет” компанийн үндсэн  үйл ажиллагаатай ч, түүний сео байсан Ц.Бат-Эрдэнэтэй ч холбоотой ашиг сонирхлын зөрчил ажиглагдаад байх шиг. Энэ нь “Мэдээлэл холбооны сүлжээ” Төрийн өмчит компани буюу “НЕТКОМ” компанитай ч холбоотой байж мэдэх юм гэсэн хардлага төрүүлэх боллоо. “Нэгэнт стратегийн энэ чухал компанийг хувьчлахгүй нь тодорхой учраас “Жемнет”-ийг хүнд байдалд оруулж монополь эрх эдлэхээр “шахаа”-нд оруулж байгаа юм биш биз. Энэ мэтчлэн “УБТЗ” ХНН дээр очиж дүүргийн шүүхийн шийдвэр биелүүлсэн Зам, тээврийн сайд М.Зоригтын зоримог алхам гэнэтийнх биш, гэтсээр хүрсэн зорилго биш байгаа гэж хардахад хүргэснээ нуух юун.

 У.Оргилмаа

Zaluu.com

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, Ажлын албаны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, Ажлын албаны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.