К. Номинжин:Сайхан амьдрал бол эерэг сонголтын үр дүн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
41 минут 4 секунд
К. Номинжин:Сайхан амьдрал бол эерэг сонголтын үр дүн

К. Номинжин:Сайхан амьдрал бол эерэг сонголтын үр дүн

 ...Лос-Анжелес хотноо В.Тулгатын нэвтрүүлгийн зураг авалтын үеэр К.Номинжинтой уулзсан юм. Тэр богино хугацаанд бид 2-ын хооронд болсон яриа миний сонирхлыг ихэд татсан. Тэгээд Номинжинд хандаж "Чи бид хоёр ярилцлага хийвэл өнөөгийн залуус болоод хүмүүст хэрэгтэй сайхан санаануудыг бусдад хүргэх боломж байнаа" гэж санал болгосон юм. Тэрээр саналыг минь зөвшөөрч, боломжтой үедээ уулзаж, ярилцахаар тохиролцов. Өнгөрсөн  найман сард Лос-Анжелос хотод очихдоо бид уулзаж ярилцсан. Харин түүний ярилцлагыг буулгахдаа нэлээд цаг хугацаа зарцууллаа. Хэтэрхий гэгээлэг, бас бусдад "содон" санагдахаар түүний яриа, бусдад хүргэж уриалж байгаа санаануудын утга холбоосыг алдагдуулахаас эмээж байсан хэрэг. Ийм залуу хэрнээ ингэж ухаарч, өөрөө энэ ухааралдаа "эзэн" нь болж бусдад үлгэр дуурайл болж чадаж байгаа нь надад хамгийн сайхан санагдсан. Бид хоёрын яриа урлагийн амжилтаас нь илүүтэй бусдад түгээх гэгээрэл, ухаарал, амьдралын мөн чанар хийгээд эрүүл амьдрахуйн учрын тухай хөөрөлдөөн байв.

Нэг. Гүн Балданцэрэнгийн удам

 
- Бага насны дурсамжийг тань хөндвөл?
- Би өөрийгөө их азтай хүн гэж боддог л доо. Миний эмээ, ээж нар намайг багаас минь л зөв хүмүүжил, зөв үзэл бодолтой болгох гэж хичээсэн. Эмээ маань  намайг төрөхөөс гарч ирсэн өдрөөс л надтай ярьж, харьцдаг байсан гэдэг. Би нэг нас хагастайдаа бараг чөлөөтэй ярьдаг болсон гэсэн. 2 настайдаа монгол хэлээрээ чөлөөтэй ярьж, бас орос хэлээр ярьж эхэлсэн.
 
- Яагаад орос хэлээр ярьж эхэлсэн гэж? Орост байсан хэрэг үү?
- Ээж минь тэр үед Орост Казаний Их Сургуульд сурч байсан юм. Миний ээж бол нэлээд хатуу, зарчимч хүн, гэхдээ сөрөг талаасаа биш л дээ. Зодож занчаад юм уу, үгээр доромжилж биш, багаас минь "зарчим" гэдэг зүйлийг ойлгуулсан. "Бусад хүмүүст муухай ааш гаргаж болохгүй, бусдад тусалж, бусдыг хүндэлж бай, бусадтай сайхан харьцаж бай" гэхчилэн. Намайг 10, 11 нас хүртэл эмээ, ээж хоёр минь тэгж л өсгөж хүмүүжүүлсэн.
 
- Уучлаарай, чи эмээ, ээж хоёр гэж их ярилаа. Аав тань байсан уу?
-Миний төрсөн аав монгол хүн байдаг. Намайг өсгөхөд нэг нас хагастайгаас минь хойш оролцоогүй.
 
- Гэр бүлийн зөв хандлага хүүхдийг сайнаар төлөвшихөд  нөлөөлдөг гэсэн санаатай тань санал нэг байна. Магадгүй энэ нь "удам сайт" гэж монголчуудын нэрлэдэг хүндэтгэлийн илрэл байж болох?
- Манай буурай эмээ болохоор Балданцэрэн гүнгийн ганц ач охин. Гүн Балданцэрэнгийн ганц ач хүү нь миний буурай  эмээгийн үеэл дүү түүхч, академич Ш. Нацагдорж ах байсан юм. Балданцэрэн гүн гэдэг хүн маань язгууртан угсааны, олон хэлээр ярьдаг, бичгийн өндөр чадвартай, дуу хөгжим урлагт авьяастай, бас дуртай хүн байсан юм билээ. Түүхч, академич Ш. Нацагдорж ах ээжид маань бидний өвөг дээдэс гүн Балданцэрэн гуай “Эрүү цагаан болжмор” гэдэг дууг бичсэн гэж хэлсэн юм билээ.Тийм хүмүүсийн удам угсаа нь гэрийн хүмүүжлээр дамжин үе уламжилж, үргэлжилж байсан хэрэг. Нэг ёсны гени нь удамшиж байгаа хэрэг гэх үү дээ.  Монголд маань болсон хэлмэгдүүлэлтийн үеэр буурай эмээ минь маш их зовсон гэдэг. Хэлмэгдэл эхэлсэн бараг эхний шөнө аав Доржсүрэнг нь баривчилж авч яваад тэр чигтээ сураггүй. Гэтэл шүүх хуралгүйгээр маргааш өдөр нь цаазалсан байсан нь цагаатгалын үеэр мэдэгдсэн.  Тэгээд л бүх хөрөнгийг нь 2-3 дахин хураагаад, язгууртан гарлаасаа болоод нийгэмд маш ихээр гадуурхагдаж их ч зовж зүдэрсэн юм билээ. Уг нь буурай эмээ маань 15хан настайдаа төрийн яаманд бийрийн бичээч хийж байсан, 1-р дунд сургуулийн 1926 оны анхны төгсөгч байсан.
 
- Монголын түүхэнд "хар мөр" болж үлдсэн тэр цөвүүн цаг, олон ч сэхээтэн хүмүүсийн амьдрал, итгэл найдварыг нь үгүй болгосон гэдэг юм билээ?
- Тийм шүү. Удалгүй ээж нь нас барж, эмээ минь ганцаараа өнчин хоцорсон гэдэг. Их ч баян чинээлэг өссөн хэрнээ хожим нь ядуурч их зовсон болохоор маш ухаалаг, их ч хатуу болж төлөвшсөн байх. Өөрийнхөө тухай хааяа ярихдаа "Би баян айлын ганц охин байсан ч гэсэн хэзээ ч буруу эрхэлж байгаагүй. "Өсөхийн жаргалыг жаргалд бүү бод. Өглөөний нарын наранд бүү бод" гэж сургадаг байсан. Монгол хэл бичгийг төгс эзэмшсэн, их ч уран, бүх л төрлийн хөгжмийн зэмсгийг эзэмшсэн, маш сайхан дуулдаг хүн байсан. Их ч зарчимч, зөв бодолтой хүн байсан гэсэн. Тэр буурай эмээгийн маань бага охин нь миний эмээ юм.
 
- Амьдралд "хат суусан" бүсгүй хүн, хэзээ ч өөрийн үнэт чанараа алддагүй гэдэг. Тэр тусмаа өөрийн үр хүүхдүүдээ хүртэл тэгж өсгөдөг.
-Эмээ маань яг л ээжийнхээ зарчмаар хүмүүжиж өссөн. Эмээ маань болохоор  "бусдын буянд даган баясах ёстой" гэж ярьдаг, угаасаа ч тийм л хүн байлаа. Манай эмээ Саранчимэг гэдэг нэртэй. Хилийн комисст бичиг хэрэг, бичээчийн ажил хийдэг болохоор их ч аялдаг хүн байж.  Хаалгаар ороод очиход л эмээгээс минь гэрэл цацарч байгаа юм шиг нүүр дүүрэн сайхнаар инээгээд л сууж байдаг тийм их эерэг энергитэй хүн байсан. Бусад хүмүүсийн сайн сайхан яваад  баярлаж инээгээд л "үгүй, тэр найзад минь тийм сайхан зүйл тохиолджээ", "тэр тэгж сайн явна гэнээ" гээд л өөрт нь тийм их сайхан зүйл тохиолдсон юм шиг л чин сэтгэлээсээ л баярладаг. Маш их хөдөлмөрч. Хоёр охин төрүүлсний том охин нь  миний ээж. Хоёр охиноо л сайн хүн болгох гэж, сайн ээж байх гэж их ч хичээж зүтгэсэн. Миний ээж бас сайн ээж байхыг өөрийн карьер, нэр алдраас илүү чухалчилж ухамсартай сонголт хийсэн юм.
 
-Танай удам судар их гэгээлэг, сэхээтэн хүмүүс байжээ. Ээж тань ч бас тэдний сайн үргэлжлэл байсан байхаа?
- Ээжийг минь Алтанзаяа гэдэг. Багаасаа л бас мундаг хүүхэд байж. 1986 онд тухайн үед Монголдоо хамгийн шилдэгт тооцогдох Нийслэлийн 1-р 10 жилийн дунд сургуулийг "алтан медаль"- тай төгссөн. Ээж минь 5,6 настайгаасаа л биеэ дааж бүх зүйлийг өөрөө хийдэг байсан гэдэг. Дүүгээ харна, гэрийн бүх ажлаа хийнэ, өдөр бүр хоолоо хийнэ,  хичээлээ давтана, тэгээд зогсохгүй орой болгон эмээгийнхээ нурууг барьж өгдөг байж. Эмээ минь ядарч байгаа байх гэж бодсондоо шүү дээ. 1-р ангид орохдоо л энэ сургуулийг "алтан медальтай төгсөнө" гэж өөртөө зорилго тавиад, 40 улирал тасралтгүй "онц" сурсан юм билээ. Хөгжимд бас авьяастай, бас сайхан дуулна шүү дээ. Тухайн үеийн нийгэмд "урлаг хөөнө" гэдгийг бол дорд үздэг байжээ.
 
- Тэр үед ч тиймэрхүү хандлага байсан байх шүү. Харин "онц" сурдаг хүүхдүүдийг төрийн бодлогоор хэрэгтэй мэргэжлээр  гадаадад болоод дотоодод сургадаг байсан.
- Ээж минь ер нь "номын хүн" л дээ. 10-р ангиа төгсөхөд нь Болгарын консерваторт сургах тэтгэлэг ирэхэд татгалзаад,  ОХУ-д Казаний Их Сургуульд "социологч"-ийн мэргэжлээр суралцаж бас "онц" дүнтэй төгссөн гэдэг. Ээжийгээ Казаньд сурч байх үеэр би төржээ. Сонин тохиолдол шүү. 1989 онд эмээ минь бурхан болж, эмээгээ бие барснаас хойш яг 9 сарын дараа би төрсөн юм. Монголчууд маань их бэлгэдэлтэй ард түмэн шүү дээ. Хүмүүсийн үхэж төрөх хүрдэнд "эргэж төрдөг" гэж үздэг хүмүүс олон бий. Ээж минь болохоор намайг мэндлэхэд, "эмээгээ эргэж төрлөө" гэж бодсон гэдэг.
 
- Сонин тохиол байна шүү? 
- Одоо би 24 настай. Гэтэл ээж минь яг миний одоогийн насан дээр Казаний ИС-иа төгсөөд МУИС-д багшаар ажиллаж эхэлсэн байдаг юм. Тэгэхээр миний насан дээр ээж минь өөрийгөө болон гэр бүлээ бүрэн авч явах чадвартай, бас нийгэмд өөрийн гэсэн байр суурьтай болж байжээ.  МУИС-д багшилж байгаад Энэтхэг рүү аспирантурт суралцахаар явсан юм. Тэр үед би 5 настай л байсан юм уу даа.
                                            

Хоёр. Энэтхэг орон миний төлөвшилд сайнаар нөлөөлсөн

 
- Яагаад заавал Энэтхэг рүү суралцахаар сонгож явсан юм бол?
- Ээж минь Энэтхэг улс руу аспирантурт шалгалт өгөөд тэнцэж, Энэтхэг Улсын тэтгэлгээр суралцахаар явсан юм билээ. Ээж минь энэ сонголтыг хийхдээ өөрийгөө хөгжүүлэхийн зэрэгцээ намайг бас зөв сайнаар өсгөж хүмүүжүүлэх талаар бодсон байх. Би заримдаа боддог юм, "юм болгон цаанаасаа учиртай гэж". Ээжид минь Энэтхэгээс гадна зөндөө л сонголтууд байсан. Европ, Австрали эсвэл Америк руу явахаар хөөцөлдсөн бол хэзээ нэгэн цагт болох л байсан юм шиг байгаа юм. Гэтэл ээж минь шууд л Энэтхэг орныг сонгосон. Хүмүүс," Ажил хийж болдоггүй, тийм бага тэтгэлэгтэй газарлуу яах гэж явах гээд байгаа юм бэ?" гэж асуухад нь ээж "Сурах гэж явж байгаа, тэр тэтгэлэг нь хичээлээ хийгээд суухад хангалттай бол явна" гэсээр явсан гэсэн. Бид Энэтхэгт очсон нь миний нүдийг нээсэн.
 
- Магадгүй төсөөлж байгаагүй нийгэм, төсөөлөх ч аргагүй ертөнц байсан байх л даа?
 - Энэтхэгт 5 жил сурч амьдрахдаа туйлын ядуу болоод хязгааргүй баян хүмүүсийг бүгдийг нь харж байлаа. Туйлын ядуу хүмүүсийг харах маш хэцүү. Туйлын ядуу гэдгийг монголчууд маань  төсөөлөх  ч аргагүй. Яг үнэндээ өдийг хүртэл монголчууд маань "туйлын ядуу" гэдгийг үзээгүй хүмүүс шүү дээ. Тэр туйлын ядуу, хязгааргүй баян хүмүүсийн амьдралыг харьцуулахаас л амьдралын утга учрыг ухаарах эхлэл минь тавигдсан биз.  Хэрэв би тэр үед Америкт ирсэн бол энэ бүхнийг тэгж мэдэрч, ухаарах боломж олдохгүй байсан байхаа. Материаллаг хэрэглээг шүтсэн Америк оронд өссөн хүн болгоны нүд тэгж нээгдэх болов уу даа?
 
- Магадгүй юм, гэхдээ сонин харьцуулалт байна шүү? Энэтхэгийн хаана нь амьдарч байсан юм бэ?
- Өмнөд Энэтхэгийн Керала мужид. Тэр нутаг бол "Бурханы суугуул нутаг" гэж алдаршсан маш сайхан газар. Хүмүүс нь их энгийн, найрсаг, бүх л шашин зэрэгцэн оршдог газар. Би тэнд очоод католик шашны хувийн сургуульд сурч байлаа. Надад хамгийн анх англи хэлээр "А" үсэг заасан багш маань гэлэнмаа байв. Библийг сонирхож судлах боломж гарсан. Христийн сүмд ороод залбирна. Хичээлийн өмнө, дараа Христийн залбирал, Хинду залбирал хийдэг байв. Би бас 7-10 насандаа алдарт Сера, Гоманг, Жүдмэд хийд рүү Далай Багшийн айлтгалд суухаар байнга аялж, Далай багшид 2 ч удаа бараалхаж байсан. Тэр үеэс л буддын шашны утга учрыг илүү гүнзгий ойлгох болсон. "Хамаг амьтны тусын тулд" гэдэг бараг л хүн бүхний амны уншлага болосн тэр үгийн жинхэнэ утгыг ойлгож, амьдралаа тийм зорилгод нийцүүлэхийг хичээж эхэлсэн.
 
- Олон шашны сургаалиуд болон ертөнц хийгээд амьдралыг үзэх үзэл нь чиний сэтгэлд өөр өөрөөр туссан байж болох?
- Намайг багадаа уйлахдаа "ээж ээ" гэж дуудахын оронд "Бурхан минь ээ, намайг өршөө" гэж дууддаг байсан тухай ээж минь надад хожим нь хуучилж байсан. Энэтхэгт 5 жил католик сургуульд сурч байхдаа, өдөр болгон 30 минут эрхи эргүүлж Буддын маани уншиж, өглөө орой бүр сунаж мөргөдөг байв. Манай хажуу хөршүүд хинду шашинтай хүмүүс байлаа. Тэднийг мөргөлөө хийхэд нь бас дагаж сууна. Мусульман шашинтай эмэгтэйчүүдийг дагаад дал модны мөчрөөс самар унагахыг нь харж гүйнэ. Энэ бүхэн маань намайг бүх шашны талаар номноос биш, амьдралаас гаралтай өөрийн гэсэн ойлголттой болоход тусалсан юм даг. Манай байшин дандаа лалын шашинтан ихтэй газар байж таардаг, өглөө яг сайхан унтаж байхад цагаан хоолойгоор “Аллах!.....” гээд л уншиж өгнө дөө. Өдөрт өчнөөн удаа давтан мөргөл үйлдэнэ. Хүмүүсийн оюун санаагаа цэгцлэхэд гаргаж буй цаг, сахилга батыг бишрэмээр. Буддын лам нар бас хийддээ хар үүрээр номоо хурна, харанхуй болтол анги ангиараа чойр буюу ном хаялцана, дэлгүүр гуанз, зочид буудал тэр бүхнээ өөрсдөө ажиллуулж, арчилна. Гол нь сүсэгтэн олондоо бие сэтгэлээрээ үйлчиж, өглөг барьц горилох биш, харин биднийг номондоо сайн шамдаг гэж их зүйлийг өгдөг байсан. Энэ бүхэн миний нүдийг нээсэн дээ. Их ч зүйлийг харьцуулж өөрийнхөөрөө ойлгоход тус болсон.
 
-Тэгэхээр чиний хувьд шашин гэж юу вэ?
- Миний хувьд шашин бол нэг л зүйлийг олон талаас тайлбарлах гэж оролдсон сургааль, дадлагын цогц юм л даа. Байгаль орчин, ахуй соёлоос шалтгаалаад өөр өөр хэлбэр, бас түвшинд хүрсэн гэх үү дээ.  Би Кералад амьдарч байхдаа шашны хагарлыг мэдэрч байгаагүй. Биднийг өөрсдийгөө буддист гэж хэлэхээр илт биширч, хүндэлсэн харцаар хараад байдаг байсан. Тэгэхнээ харин, амьтны амь хөнөөдөггүй, амьтан идэх нь битгий хэл хорхой шавьж ч алдаггүй, тэр бүгдийг эхтэйгээ зүйрлэдэг нигүүлсэнгүй шашинтнууд, хамгийн эвлэрэнгүй энэрэнгүй гэж хүндэлсэн юм билээ. Уг нь хүн болгон шүтдэг шашныхаа номлолыг жинхэнэ утгаар нь ойлгож дагах юм бол, ав адилхан "Хайр, нинж"-ийн тухай бүгдээрээ л мэдрэх болно. Гэхдээ дийлэнх шашны сургааль, ялангуяа дэг жаяг дотор хүмүүс өөрсдийн   ухвар мөчид үзэл бодлоо шингээж амжсан байдаг учраас хоорондоо зөрчилддөг. Хүн болгон шашныхаа мөн чанарыг гүйцэд ойлгоогүй гэдгээ эхлээд хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.  Хүн болгон бурханд итгэдэггүй байж болноо, гэхдээ хүн болгон аз жаргалд, амар амгаланд итгэдэг. Хүн болгон сайн сайхан руу тэмүүлж амьдардаг.
 
- Би ч бас чиний энэ үзэлтэй санал нэг байна. Хүн болгон амар амгалан байхыг хүсдэг, гэхдээ тэр нь өөрийнх нь дотоод сэтгэлд оршиж байдаг байх?
- Би 14 настай байхдаа Зопа ринбүүчи багшийн бичсан номонд "Энэ номыг уншсан хүн хамаг амьтны тусын тулд үтэр түргэн гэтэлгэх номын багштайгаа учрах болтугай" гэсэн ерөөл тавьсныг харж, өдөр бүр залбирч эхлээд удалгүй Төгс Гэгээрсэн  Их Багштайгаа учирсан. Чин Хай багш надад Аръяабалын (тарнийн) бясалгалын аргаа уламжилж энэ олон шашин суртахууны чанад дахь үнэнийг ойлгуулсан хүн. 5 сахил сахиж, өдөрт дор хаяж 2 цаг хагас бясалгаж, чанагуух ертөнцийн тухай мэдлэгт суралцаж эхлээд 10 жил болж байна. Эмэгтэй хүн "Их Багш" байх амаргүй. Хүн бүр гэгээнтнийг нэг бол сахалтай өвгөн, эсвэл лам багшийн дүрээр төсөөлдөг. "21 Дарь Эх", "Янжилхам бурхан"-ыг үлгэр гэж боддогоо л болих хэрэгтэй.  Миний багш бол мундаг дайчин эмэгтэй. Бусдаас өргөл барьц авдаггүй. Амьдрал нь бусдын төлөө 100 хувь золиос болсон хүн. Биднийг сэрээж ухааруулахын тулд өөрөө "алиа салбадай" болохоос ч буцахгүй. Би үг, сургаалийг нь сонсдог, заасан аргаар нь бясалгадаг, түүнийхээ төлөө би сохор зоос ч өгч байгаагүй. Жинхэнэ багшийн нэг шинж энэ гэдгийг "Ламрид" бичсэн байдаг.  Чин Хай багш бүх шашныг нэгтгэсэн. Би 17 настайдаа Тайланд улс дахь олон улсын арга хэмжээний Азийн хамгийн том төвд  70 гаруй орноос 50 000 орчим авшигтан шавь нар нь Чин хай багштай цуг энх тайвны төлөө бясалгал хийхээр цуглаж байхад очиж байв. Хаашаа л харна олон янзын шашин шүтлэгтэй хүмүүс. 6 настай балчраас 60-70 настай хөгшид, Ази, Африк, Европ хүмүүс цугласан байхыг харахад дэлхий тэр чигээрээ цугласан юм шиг л сэтгэгдэл төрж байлаа. Түүнийг харж байхдаа надад "Хэрвээ хүмүүс бүгдээрээ зөв эерэг бодолтой байхыг хичээгээд эхлэх юм бол, дэлхий диваажин болох юм байна" гэж бодогдсон шүү.
 
-Г.Галбадрах: Сайхан дурсамж байна. Би тэр хүний тухай сонсож байснаас бус, тийм ч сайн мэдэхгүй л дээ.
- Тэр арга хэмжээнд Монголоос 280 орчим хүмүүс очсон. Бясалгалын завсар чөлөөгөөрөө байлгах гэж "Таван од"той зочид буудалд биднийг 7 хоног байрлуулсан юм. Гэхдээ тийм ч үнэтэй байгаагүй л дээ, хоолтойгоо нийлээд нэг хүн  300 гаруй доллар л төлсөн. Гэтэл биднийг Монголдоо буцаж ирсний дараа Чин Хай Багш маань тэр бясалгалд оролцсон хүн бүрд 57 доллар илгээсэн байсан. Түүнийгээ "Хүмүүсийн төлбөрөөс хоол, байранд зарцуулаад, үлдсэн мөнгийг оролцсон бүх хүмүүстээ тэгш хуваагаад илгээлээ" гэж тайлбарласан байсан. Тийм үнэнч, шавь нартаа асар их үлгэр дуурайлтай Багш л даа. Ээж бид 2 хариулт мөнгөө авсан чинь, манай Багшийн шавь биш аавын маань гайхах, хүндлэх 2 зэрэгцээд, Багшийг улам хүндэлдэг болсон.
 
- Заавал бусдаас ашиг горилохгүйгээр чин сэтгэлээсээ бусдад тус болж буян үйлдэнэ гэдэг сайхан хэрэг.
- Манай Чин Хай Багш Нобелийн шагнал горилж сайн үйлс бүтээдэггүй, ерөөсөө л уг хамаг амьтан, хүмүүст туслах чин сэтгэлтэй хүн. Багш маань бидэнд сургахдаа "Хэн нэгэнд туслах гэж байгаа бол чимээгүй л тусал, заавал хэнгэрэг дэлдэж бусдын анхаарлыг татах хэрэггүй" гэдэг. Тийм болохоор би Багшийгаа төгс гэгээрсэн хүн гэж л үнэлдэг. " Бусдын төлөө" гэсэн чин сэтгэл ямар байх ёстойг би Багшаасаа л харж үлгэр дуурайл авдаг. Хэрэв би сайн сайхан яваа, магадгүй зөв сайн бодолтой, бусдад сайн үлгэр дуурайлтай явж байгаа гэж үнэлэгдэх юм бол энэ бүхэн Багшийн минь л ач тус.
 

Гурав. Номинжин  гэж "хэн бэ?"

 - Багшийн ач тус гэж ямагт бодож, хайрлаж, хүндэлж байгаа тань их сайхан санагдлаа. Багш тань чиний амьдралд бас ирээдүйд их сайнаар нөлөөлжээ гэж би ойлгож байна.
 - Би 14 настай байхдаа Чин Хай Багшаасаа авшиг хүртсэн.  "Амьтны амь хөнөөхгүй". Амьтны амь хөнөөхгүй гэдэг чинь угтаа бол шууд болон шууд бус утгаар, бүх талаар амьтанд хор хөнөөл учруулахгүй гэсэн үг. "Хулгай хийхгүй", "худлаа ярихгүй" гэдэг бол бүх л шашинд байдаг нийтлэг зарчим. "Садар самуун байж болохгүй". Хэрвээ би найз залуу юм уу нөхөртэй болох юм бол өөр хүн сонирхоод, түүнийгээ "араар нь тавиад" зовоохгүй гэсэн утгатай.  "Архи тамхи, мансууруулах зүйл хэрэглэхгүй". Би өдийг хүртэл архи тамхи, мансууруулах зүйл ерөөсөө хэрэглэж үзээгүй. Хэрэглэх ч үгүй. Ийм зүйл хэрэглэнэ гэдэг чинь нийгмийн болоод амьдралын элдэв дарамтнаас богино хугацаанд өөрийн сэтгэлээ хуурч, бодит амьдралаас зугтааж байгаа муу арга. Гэхдээ энэ архи, мансууруулах бодис чинь эргээд хүмүүсийн эрүүл мэнд, амьдралыг сөнөөж байна шүү дээ. Энгийн хүний ийм таван сахил хүртэж, өдий болтол түүнийгээ л мөрдөж явна.
 
- Яагаад тийм бага насандаа сахил хүртсэн юм бол? Шалтгаан байсан уу?
- Эмээ мааань 56 настайдаа гэнэтхэн ертөнцийн мөнх бусыг үзүүллээ. Тэр үед би нилээд гүн цочролд орсон л доо. Тэр үед "амьдрал ямар ч утгагүй" юм шиг л надад санагдсан. Миний ээжийн үеэл, биологийн ухааны доктор Болд ах, эмээг бурхан болсон өдөр ирэхдээ Чин  Хай Багшийн тухай ярьж өгсөн юм. Тэгэхэд л би энэ зам бол нэгэнт бурхан болсон эмээдээ, бас өөртөө болон бусдад туслах боломж юм гэж ойлгосон хэрэг. Хүн болгон өөрийн дотоодод оршиж байгаа бурхан чанараа нээж, ухаарч бусдад тус болох учиртай гэж ойлгосон. Хүмүүс бурхныг хаа нэгтэйгээс хайгаад л байдаг, хайгаад л байдаг. Гэтэл тэр нь хүний дотоодод байж байдаг. Хэрэв үүнийг энергитэй холбож ойлгох юм бол, бурхан чанар гэдэг чинь хүний дотоодод оршиж байгаа хязгааргүй их эерэг энерги. Үүнтэйгээ холбогдож, зөв үйлсэд энэ энергийг чиглүүлж чадвал хэчнээн их ач холбогдолтой гэдгийг тайлбарлалтгүй. Ихэнхдээ хүмүүс "Айлаас эрэхээр авдраа уудал" гэдгийг мартаад бусдаас зээлдэж, эсвэл худалдаж авах, эсвэл хүнээс гуйж, залбирч авдаг. Тэр нь удаж төдөлгүй шавхагдчихна, дахиад л нэг хүн дээр очиж, нэг газар руу явж эрчим гуйна.
 
- Чиний өсч, төлөвшсөн орчин бусдынхаас шал өөр юм байна, миний бодож байгаагаар. Магадгүй энэ нь чиний хувьд өөрийгөө нээсэн боломж ч юм билүү?
- Мэдээж хүүхдэд гэр бүлийн хүмүүжил чухал л даа. Гэхдээ өсч буй орчин нь  төлөвшилд нь багагүй нөлөөлдөг юм болов уу даа гэж боддог юм. Өнөөдөр "Би хэн бэ?" гэж өөрөөсөө асуух үе гардаг. Гол зүйл нь: Би хэзээ ч өөрийгөө болон бусад хүмүүсийг мөнгө төгрөг болон нийгэмд эзэлж байгаа байр сууриар нь хэмждэггүй. Би сайн гэр бүлд өсч хүмүүжиж, сайн хүмүүстэй найзалж нөхөрлөж, сайн хүмүүсийн үг сургаалийг сонсож өссөндөө хэзээ ч харамсдаггүй. Хэрвээ би яг одоо маш их мөнгөтэй, магадгүй саятан боллоо гэж бодоход, тэр их мөнгө намайг өөрчлөхгүй.  Өөрөөр хэлбэл миний мораль өөрчлөгдөхгүй гэсэн үг. Ямар ч нөхцөлд би өөрийгөө болон бусдыг тэр их мөнгө, нэр алдрын дээр тавихгүй. Энэ чинь тийм ч чухал, бас эрхэм зүйл биш шүү дээ. Хүний мөн чанарын дэргэд.
 
- Ингэж ойлгож, өөрийн амьдралдаа ингэж хандаж байгаа хүмүүс цөөхөн дөө. Гэхдээ энэ бол маш үнэтэй эрхэм чанар юм даа.
- Миний хувьд өөртөө ойлгосон нэг зүйл нь, "хүн шуналгүй байх тусмаа мөнгөтэй болдог юм болов уу даа?" гэж бодогдох болсон. Бас "шунахгүй байх тусмаа нэр алдартай болдог " байх. Хүн гэдэг чинь угаасаа төгс төгөлдөр амьтан биш шүү дээ. Тийм болохоор багаасаа л өөрийгөө "хэн бэ?" гэдгийг таних гэж, ухаарах гэж хичээдэг байв. Хүн "гэгээрнэ" гэдэг чинь өөрийнхөө сул дорой чанарыг ил тодоор ойлгож мэдрэх, түүнийгээ давж гарах явдал юм. Үүнийгээ маш сайн анзаарч мэдэрч, тэр хэмжээгээрээ даруу төлөв байх ёстой. Үүний нөгөө талд өөрийн сайн чанаруудаа мэдэж, хүлээн зөвшөөрч, тэр хэрээрээ өөртөө итгэлтэй байх ёстой. Хүмүүс энэ ертөнцөд өөрийнхөө жинхэнэ мөн чанарыг таниагүйгээсээ болж өөрийгөө материаллаг ертөнцийн нэр алдар, мөнгө хөрөнгөөрөө хэмжиж, түүнийгээ "би" хэмээн нэрлэн онгирч, маш их сөрөг, заримдаа хэрцгий догшин, хэтэрхий хувиа бодох хандлагатай болдог юм шиг надад санагддаг юм.
 
- Тийм шүү, энэ амьдралд хүн өөрийгөө "таних", өөрийгөө "хэн бэ? " гэдгийг мэдрэх хүртлээ зөндөө хугацааг туулдаг. Бас бусдыг ойлгохыг ч тэгтлээ хүсдэггүй юм шиг. Бүгдийг л өөрийнхөөрөө байлгаж, өөрийн оюун санаагаараа хэмжих гэж оролддог бололтой.
- Намайг зарим хүмүүс анзаараад "Үгүй энэ яасан хэцүү амьдралтай хүн бэ? Идье идэх юм нь олдохгүй, уухгүй. Уухгүйгээр яаж аз жаргалтай байх юм бэ?" гэдэг. инээв Зарим найзуудаасаа "амьдрал үзээч, архи уугаач" гэдэг үг сонсож л байсан. Хүн яахаараа  оюун санаагаа самууруулаад, өөрийгөө удирдах чадваргүй болчихоод "амьдрал үзэж байна" гэж бодох ёстой гэж? Өөрсдийнх нь хэмжүүр, бодлынх нь цар хүрээнд багтахгүй бол дургүйлхэнэ. Би мэдээж нийгмээс хүнд тулгадаг утга учиртай хууль журам, хэм хэмжээг дагана л даа. Гэхдээ би гэрээсээ нүүрээ будахгүй гараад явж чадна, заавал гангалахгүйгээр хямд төсөр энгийн хувцас өмсөөд гудамжаар алхаж явж чадна. Хүмүүс заримдаа намайг ийм байдалтай байхыг хараад шоолж л байдаг, би тоохгүй.  “Хүүе ээ, тэр гутлыг нь хараачээ, пальтог нь хараач, юу өмсчихсөн юм бэ?” гээд хашгирч байсан удаа бий. Би зүгээр л энгийн байдалтай байлаа, нүүрэндээ энгэсэг тавилгүйгээр явлаа гээд  өөрийнхөөрөө л үлдэнэ. Энэ бол бусдаас дор орж байгаа хэрэг огт биш. Яагаад бид нийгэмд ийм их шахалт дарамт дор амьдрах ёстой гэж? Залуучууд байтугай ээж, аавын үеийнхэн хүртэл ийм дарамтанд байдаг гэхээр “Хэний амьдрал илүү хэцүү байна?” гэж асуумаар санагддаг.
 
- Нийгэм ийм шахалт, дарамт үзүүлж байна гэж чи бодож байгаа хэрэг үү?
-Тийм ээ. Тэр тусмаа ийм дарамт шахалт эмэгтэй хүмүүс дээр их ирж байгаа. Тэднийг үнэтэй бренд хэрэглэхийг сурталчилж шахаад байгаа чинь эцсийн дүндээ үйлдвэрлэгч корпорацуудын бодлого юм шүү дээ. Тэдний бүтээгдэхүүнүүдийг худалдаж авахаа больчихвол тэд дампуураад "хаалгаа барих" болно. Тийм болохоор л тэд байнга, залхтал реклам цацаж байгаа хэрэг. Одоо үед хүмүүс бизнес их хийж байна. Залуу хүний хувьд миний бодол бол, хүмүүс өнөө цагт зөв бизнес эрхлэх хэрэгтэй. Зөв бизнес гэдэг бол байгаль орчинд ээлтэй, хүмүүст тустай, ажилчдаа "шулдаггүй" бизнес . Хамгийн гол нь зарчим нь, бүтээгдэхүүн нь байгальд ээлтэй байх учиртай. Байгальд ээлтэй зүйл л хүнд ээлтэй байна.
 
-Гэтэл бид?
- Одоо бол хүмүүс бизнес хийхдээ дэлхий ээжийгээ тарчлаан зовоож байна. Дэлхий ээж минь уйлж байна. Дэлхий ээж минь бидэнд өгөх юмгүй болж байна. Ганц байгаа дэлхий ээжийгээ сүйтгэчихээд хүн төрөлхтөн бид хаана амьдрах вэ? Бид ухаад л байна, ухаад л байна. Энэ хэвээрээ үргэлжлээд байвал хүн төрөлхтөн устаж мөхөхөөс нааш энэ дэлхий ээж минь сэргэхгүй болох вий. Бид өөрсдөө энэ дэлхий гаригийг хайрлахгүй, өөрсдийн минь үр хүүхдүүд энэ дэлхий гариг дээр амьдрахгүй юм шиг л авирлаж байна. Хүмүүс бид дэлхий ертөнцийг өөрчлөхийг хүсвэл, өөрийгөө л эхлээд өөрчлөхөөс өөр аргагүй. Ухаан муутай хүүхэдтэй ээж хүн үр хүүхдэдээ хамгаа зориулж золиослоод, өгсөөр байгаад, үхэн үхтлээ үрээ гэсээр байгаад өнгөрдөг шиг хүн төрөлхтний мунхаглал идэх, өмсөх, унтах, тоглох гээд амьдралын бүх хэрэгцээт зүйлээр хангаж байгаа ээжийгээ тартагт нь тулгаж байна.
 
- Тийм ээ, хүмүүс байгаль дэлхийгээ хайрлахын тул өөрсдийгөө өөрчилж, бас байгаль дэлхийдээ хандах хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Энэ тань маш сайхан үг байна шүү.
- Энэ олон жил би өөрийгөө таньж, өөрийн сул талаа л өөрчлөхийг оролдож байна.  Ер нь хүн эрдэмтэн мэргэдээс сурч, өөртөө зөв бодлуудыг шингээх гэдэг нь маш хэцүү юм шиг байгаа юм. Би өөрөө өөрийнхөө дайсан нь.  Би "усан нүдтэй, цусан зүрхтэй" хүн учраас төгс төгөлдөр биш гэдгээ ямагт санаж явдаг.
 

Дөрөв. Хүн дандаа сонголттой учирч байдаг

 
- Хүн болгон төгс төгөлдөр биш л дээ? Гэхдээ үргэлж сайн сайхан зүйлийг бодож, сайн сайхан зүйл рүү тэмүүлж байх ёстой мэт?
- Хүмүүс бид өөрийн дотоод сэтгэлдээ хайрыг үүсгэх үү? сөрөг муу муухай энергийг үүсгэх үү? гэдэг сонголттой өдөр болгон учирч байдаг. Хүн өглөө сэрээд нүдээ нээх болгондоо тийм сонголтуудыг хийж байгаа. Бид амьсгалах болгондоо тийм сонголтуудыг хийж байгаа. Бид юм бодох болгондоо тийм сонголтуудыг хийж байгаа. Өөрөөр хэлбэл бүх сонголт миний гарт байгаа гэсэн үг.
 
-Тэгэхээр хүн дотоод сэтгэлдээ ямагт сайн сонголтыг хийж байх ёстой гэсэн үг үү?
- Эцсийн дүндээ бид өөрсдийн гадна тал дахь  байдалдаа тэр болгон сонголт хийж чадахгүй. Жишээ нь , мөнгө байна. Нийгэм яаж хувьсч өөрчлөгдөж байгаагаас хамаараад бидний мөнгөний байдал ч дагаж өөрчлөгддөг.  Мөнгө бол цаас. Мөнгийг сайн зүйлд ашиглаж байна уу? муу зүйлд ашиглаж байна уу? гэдгээр нь үнэ цэнэ нь ялгардаг. Зарим хүмүүс "мөнгө бол муухай зүйл, их мөнгөтэй хүмүүс бол муу хүмүүс" гэхчилэн мөнгийг дорд үздэг л дээ. Тийм биш. Хэрэв өөрөө зөв сэтгэлтэй биш бол, тийм хүмүүсийг мөнгө өөрчилдөг.
 
- Гэтэл өнөөдөр маш олон хүмүүс мөнгөнөөс хамааралтай амьдарч байгаа мэт?
- Хүмүүсийн амьдралд тийм ч их зүйл хэрэггүй л дээ. Маш үнэтэй зүйлсээр гоёод, хэдэн мянган долларын "бренд" цүнх үүрээд, хичнээн олон брендээр "тамгалуулаад" явж байхад миний үнэ цэнэ өснө гэж би бол боддоггүй. Тийм хэрэглээгээр өөрийгөө үнэлүүлээд явна гэдэг ойлголт манай монгол соёлтой нийцэхгүй. Би бас омог бардам монгол бүсгүй. Өнөөгийн Монголын нийгэм маань капитализмын материаллаг сонирхолд хэт автаж, хүмүүс бие биенийгээ унасан унаа, сууж амьдарч байгаа байшин, эдэлж буй хэрэглээгээр нь хэмжиж, үнэлдэг болж байгаа нь л хамгийн харамсалтай. Би жишээ нь, маш олон мэргэд, орчин цагийн алдартай амжилттай хүмүүсийн ертөнцийг болоод амьдралыг үзэх үзлийг сонирхож үзэхэд энэ бүхний эцэст монгол философи л байж байдаг. Бид заавал гаднаас сураад байх биш, бидний өвөг дээдсийн замнал хийгээд сургаалийг дагах юм бол манай улс орон цэцэглэн хөгжинө.
 
- Тийм шүү, санал нэг байна. Би ч бас Монголын ард түмний дунд үеэс үед ам дамжин яригдаж, хадгалагдаж ирсэн "зүйр сэцэн үг" -сийг монголчуудын философи гэж боддог юм.
-"Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр" гэдэг сургааль чинь л одоогийн дэлхий даяар яриад байгаа "секрет" чинь юм шүү дээ. Гэтэл үүнийг манай залуус маань хэт материаллаг талаас нь  өнгөцхөн ойлгоод авдаг юм шиг байгаа юм. "За би 5000 $-ын үнэтэй тасарчихсан цүнхтэй болох юм шүү" гээд мөрөөдөөд суугаад байхад л тийм цүнхтэй болчих юм шиг бодоод байдаг. Үгүй юм шүү дээ. "Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр" гэдэг үгийг, "өөрийн толгойдоо байгаа сөрөг бодлоо толгойноосоо авч хая" гэсэн үг гэж л ойлгох хэрэгтэй юм шиг надад санагддаг юм. "Дайсандаа уурлаж хорсоод, дайснаа үзэн ядах нь өөрөө дайсныхаа өмнөөс хор уугаад дайсныхаа өмнө үхэхтэй адил" гэдэг сургааль бас бий. Тэгээд бодохоор чинь бид өөртөө сэтгэлийн амар амгаланг бий болгохын төлөө бүхнээ зориулах хэрэгтэй болж байгаа биз дээ.
 
- Гэтэл бид нэг талаасаа хэтэрхий материаллаг сонирхолд автаад байна  л даа?
- Бид хэтэрхий их материаллаг сонирхолд автаад, заримдаа гадна талын байдлаасаа хэт хараат болчихдог. Гэтэл тэр нь нэг өдөр байхгүй болчихвол яах юм бэ? Амиа хорлох уу? Хэрэв хайртай хүн нь хаяад явчихвал бас л амиа хорлох уу? Таны гадна талын байдал байнга өөрчлөгдөж байхад тэр болгоноос шалтгаалж амьдарвал, бид өөрсдийгөө зүгээр л хорлож байгаа гэсэн үг. Хэрэв хэн нэгэн өөрт чинь дайсагнасны төлөө,  эргээд тэр хүндээ дайсагнах юм бол "Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр буунаа" гэсэн л үг.
 
-"Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр бууна" гэдэг зүйр үгийг ингэж өөр өнцгөөс тайлбарлаж байгааг би л лав анх удаа сонсож байна. Жишээ нь, би хэзээ ч ийм өнцгөөс  нь бодож байгаагүй.
- Хэрэв танд хэн нэгэн дайсагнасны төлөө тэр хүнд дайсагнах бус эерэг сайнаар хандвал, тэр хүнийг хайрлаж байгаадаа,  би өөрөө өөрийгөө хайрлаж байгаа хэрэг. Далай багш нэг удаа хэлсэн шүү дээ, "Хүн хувиа бодож болноо. Гэхдээ ухамсартайгаар хувиа бод" гэж. Ухамсартайгаар хувиа бодно гэдэг чинь, бусдад муу юм бодохгүйгээр өөрийн эрүүл мэнд болоод оюун санаагаа хайрлах гэсэн үг биз дээ. Өөрийн дотоод сэтгэлийн амар амгалангаа бодно гэсэн үг. Энэ чинь эргээд өөрт тань хэрэг болно.
 
Н.Номтойбаяр спортын мастер боллоо
Н.Номтойбаяр спортын мастер боллоо
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.