Телевизийн реклам, зар сурталчилгаагаар байнга шахуу ярилцлага өгдөг бариа заслын “Сэтгэшгүй″ эмнэлэгийн ерөнхий эмч С.Хүрэлбаатар нь хүний амь нас хохироод байхад өөрийгөө хамгаалсаар байна. Хэргийг тодруулбал, өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр бүсэлхийнээс нь доош гэнэт мэдээгүй болсон 61 настай С.Даваасүрэн өвчтөн Төв аймгийн Эрдэнэсант сумаас тус эмнэлэгийн рекламанд хууртан эмчлүүлэхээр иржээ. Гэвч эрүүл саруул болох хүсэлтэй байсан настан тус эмнэлэгийн орон дээр харамсалтайгаар амьсгал хураасан байна. Түүнийг “Сэтгэшгүй″ эмнэлэгт эмчлүүлэхээр анх ирэхэд нь ховсчин С.Хүрэлбаатар ядах юмгүй таныг хоёр хоногийн дараа гэхэд л босгоод ирнэ хэмээн ихэд найрсаг хүлээн авсан байна. Харамсалтай нь талийгаач тус эмнэлэгт арав гаруй хоносны дараа бие нь муудаж, дотор бачимдаад байна хэмээн хүүхэддээ хэлжээ. Тухайн үед эмч үзлэг хийснээ “Зүгээр байна. Юундаа маяглаад байгаан нүдээ нээ” гэж загнисан тухай ээжийнхээ араас гашуудаж буй хүүхдүүд нь гомдолтойгоор ярьсан юм.
Талийгаач дөрөвдүгээр сарын 07-ны өдөр эмнэлэгийн орон дээр нас барсан байна. Тухайн өдрийн оройн 19.00 цагийн үед “Сэтгэшгүй″ эмнэлэгийн ажилчид талийгаачийн ар гэрийхэнд “Бие нь огцом муудлаа. Ер нь л өнгөрчих шиг боллоо” гэсэн дуудлага өгчээ. Ар гэрийхэн нь очиход тус эмнэлэгийн ерөнхий эмч ховсчин С.Хүрэлбаатар, талийгаачийг эмчлэгч н.Уранчимэг гэх эмч байсан гэнэ. Тэрээр С.Хүрэлбаатар эмч ар гэрийхэнд нь танай хүн 18:45 цагт өнгөрлөө гэсэн байна.
Талийгаачийн ар гэрийнхэнд танай хүн нас барсан гэж хэлчээд удалгүй “Та нарт таньж мэддэг эмч байна уу, хүчилтөрөгч, амьсгалын аппарат олдох арга байна уу?” гэсэн байна. Бүхэл бүтэн эмнэлгийн байгууллага байж “хүчилтөрөгч, амьсгалын аппарат” байна уу гэж талийгаачийн ар гэрээс гуйна гэдэг эмгэнэлтэй. Үүгээр ч зогсохгүй С.Хүрэлбаатар эмч талийгаачийг амьсгал хураачаад байхад надад бодсон юм байна гээд судсанд нь дусал залгасан гэнэ.
Ар гэрийхэн нь хэлэхдээ дусал залгасан нь С.Хүрэлбаатар өөрийгөө хамгаалах гэсэн үйлдэл гэв. Учир нь талийгаачийг яг амьсгал хураахаас нь өмнө эуфилин, аналгин, демодрол, кавинтон гэдэг тариаг бас дуслаар хийсэн гэнэ. Энэ бүх тарианыхаа хорыг гадагшлуулахаар дусал хийсэн байх хэмээн гомдолтойгоор ярьсан юм. Хамгийн дургүйцэл төрүүлмээр зүйл хайртай хүнээ алдсан ар гэрийнхээр тохуурхаж байгаа янзтай нас барчихсан байхад судас нь цохилоод байна гэсэн байгаа юм.
С.Хүрэлбаатар эмч талийгаачийн ар гэрийхэн ирэхээс өмнө 103-руу залгаж дуудлага өгсөн гэнэ. Гэвч 103-ынхан манайх хувийн эмнэлэгүүдэд очдоггүй гэсэн аж. Өөрийнх эмнэлэгт өөрт нь биеэ эмчлүүлэхээр зориод очсон өвчтөнөө амьсгал хураах үед нь ямар нэгэн арга хэмжээ авч чадахгүй бусад эмнэлэгт хандана гэдэгт байж болох асуудал гэж үү. Тийм л юм бол анхнаасаа манайх таныг эмчилж чадахгүй, чадвар дутах байх гэдгээ хэлээд улсын эмнэлэг рүү явуулахгүй. Амьсгал хураасных нь дараа 103-руу залгаж дуудлага өгч эцэст нь өөрийн буруугаа 103 ирээгүй гээд чихээд байх нь эмчийн ёс зүй биш л баймаар. Бас болоогүй хайртай хүнээ алдаад гашуудаж байгаа ар гэрийхэнд нь эмгэнэл илэрхийлээд уучлалт гуйхын оронд зүй бус харьцаж “Хохь чинь та нар. Тийм л байсан юм бол яах гэж манай эмнэлгийг зорьсон юм. Тийм л агаар, хүчилтөрөгч дутагдаад байсан юм бол ээжийгээ ууланд аваачаад хаячихгүй яасан юм. Манайх сэхээн амьдруулах эмнэлэг биш. Тиймээс манайд хүчилтөрөгчийн аппарат байх шаардлагагүй″ гэсэн байгаа юм. Тус эмнэлэгт эмчийн ёс зүй, эмчийн тангараг гээч юм байдаггүй бололтой. Хүний амь нас хохирчоод байхад хээвнэг манайх сэхээн амьдруулах тасаг биш шүүх эмнэлэгийн дүгнэлт гарахыг хүлээж байна гэж ярьж суугаа С.Хүрэлбаатар эмчид холбогдох байгууллага ямар хариуцлага хүлээлгэх бол. Чухамдаа Эрүүл мэндийн яамнаас хувийн хэвшлийн эмнэлэгт ямар журмаар зөвшөөрөл олгодог нь бас сонин. Хэдийгээр “Сэтгэшгүй″ гэх энэхүү бариа заслын эмнэлэг сэхээн амьдруулах тасаг биш ч “хүчилтөрөгч, амьсгалын аппарат” мэтийн зүйл байх шаардлагатай баймаар юм.
Эх сурвалж: Шуурхай.мн