Ж.Мөнхбат: МАН зургаан сайдын суудлаар амаа үдүүлэхгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
10 минут 19 секунд
Ж.Мөнхбат: МАН зургаан сайдын суудлаар амаа үдүүлэхгүй

Ж.Мөнхбат: МАН зургаан сайдын суудлаар амаа үдүүлэхгүй

АН-ын бүлгийн хуралдаанаар хамтарсан Засгийн газрын гэрээний биелэлтийг эргэж харах шаардлагатай байгаа талаар ярьсан. Харин үүнтэй холбоотойгоор АН  МАН-ыг хөөх нь гэх мэдээлэл багагүй нэмэр хачиртайгаар гарсан. Үүнтэй холбогдуулан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат албан ёсны тайлбар, мэдээлэл хийлээ.  АН-ын бүлгийн дарга, дэд дарга нар  болон тус намын бүлгийн гишүүдээс гадна Гүйцэтгэх зөвлөл нь хуралдаж,  хамтарсан засагт орсон намуудын гэрээний  хэрэгжилтийг дүгнэх үүрэг, даалгавар өгсөн зэрэгтэй холбоотойгоор  МАН засгаас хөөгдөх нь гэх мэт мэдээлэл их гарсан учраас ийнхүү тайлбар хийж байгаа гэдгээ МАН-ын генсек мэдээллийн эхэнд онцолсон.

МАН хамтарсан засагт байх хугацааныхаа ачааг үүрнэ

Өнөөдрийн байдлаар АН-ын зүгээс албан ёсоор МАН-ыг хөөж туусан, мэдэгдэл мэдээлэл ирүүлээгүй байгаа аж. Цаашлаад ер нь АН-ынхны яриад байгаа зүйлд хариулт өгөх үүднээс хэд хэдэн зүйлийг анхаарч ажиллаж байгаа аж. Өөрөөр хэлбэл, АН-ынхан ярихдаа МАН-ынхан ажил гацааж байна, Засгийн газрынхаа эсрэг ажиллаж,  муулж байна. “Бид хамтдаа” аяныг орон нутагт үргэлжлүүлэхдээ  хамтарч байгаа Засгийн газраа шүүмжилсэн, болж бүтэхгүй бүхнийг ярьж байна гэдэг зүйлийг бүлгийн дарга нар нь хийсэн. Эдгээр мэдээлэл худлаа гэдгийг Ж.Мөнхбат дарга  албан ёсоор мэдэгдсэн. МАН 2014 оны арванхоёрдугаар сард хамтарсан Засгийн газарт орохдоо нэг зүйлийг хэлж байсан нь “Бид хамтарлаа гээд  энэ болон өмнөх Засгийн газрын хууль бус хуудуутай, хууль зөрчсөн асуудлыг хаацайлж, хамгаалахгүй. Үнэн юмыг үнэнээр нь хэлнэ. Болохгүй бол албан ёсны шаардлагаа тавина. Харин зөвийг нь дэмжээд  ажиллана” гэсэн. Үүнийхээ дагуу  МАН хамтарсан засагт байх хугацааныхаа ачаа, хариуцлагыг үүрэлцээд явна гэлээ. Харин 2012 оны наймдугаар сард Н.Алтанхуягийн шинэчлэлийн  Засгийн газар бий болсноос огцорсон хүртэлх алдаа, хариуцлагыг МАН үүрэхгүй гэдгээ дахин санууллаа.

“Томоохон ордын асуудал АН-ын зодооноос үүдэлтэйгээр гацсан”

Өнөөдрийн нөхцөл байдлаас харахад улсын ажлыг хэн гацаагаад байгааг  бүх хүн харж байгаа. Тухайлбал, Тавантолгой, Оюутолгой. Тавантолгойг УИХ-д оруулж ирж хэлэлц гэдэг шийдвэрийг МАН-ын бүлгээс гаргаж, УИХ-ын даргын зөвлөлд саналаа хүргүүлсэн. Гэтэл харамсалтай нь энэ асуудал АН-ын фракциудын эрх ашгийн зодооноос болж гацсан байдалтай байгааг генсек онцолсон. Түүнчлэн МАН Малчдын тэтгэврийн насыг  наашлуулах, Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, Сонгуулийн шинэ хуультай холбоотой олон  санал, санаачилга гаргасан. Гэтэл  гурван сараас жил хүртэлх хугацаанд гацсан тогтоолын төслүүд УИХ-ын даргын ширээн дээр хав дараастай байгаа.  Харин бодит байдал дээр хөдөө гадаа явж байхад дээр дурдсан асуудлыг л иргэд хөндөж байна. Гэтэл УИХ дээр олонхийн дэмжлэг аваагүй асуудлыг дахин дахин оруулж ирдэг. Жишээлбэл,  маргаан дагуулсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг дахин оруулж ирэхээр ярьж байгаа аж. МАН энэ хуулийг дэмжээгүйн учир нь хууль  бусаар мөнгөжсөн цагаан захтнуудыг хамгаалж, хаацайлсан хууль  болох гээд байсан учраас энэ төрлийн заалтыг аваад хуулийг явуулъя гэсэн. Харамсалтай нь хууль бусаар хөрөнгөжсөн хүмүүсийг хаацайлсан заалтаа авч хаяхгүй гэсэн учраас хууль УИХ дээр унасан байтал дахиад оруулж ирэх асуудлыг ярьж байна.   Ямар хууль нь унаад долоо хоноогүй орж ирдэг, ямар нь бүтэн жил гацдаг юм бэ хэмээн МАН-ын генсек асууж байлаа. Нэг үгээр бол, энэ байдлаас харахад ажил хаанаа гацаад байгаа нь ойлгомжтой  байх хэмээн тэрбээр нэмж хэлсэн. Түүнээс гадна “Чингис”, “Самурай” бондын  зарцуулалт үр ашигггүй байсныг УИХ-ын дарга нь өөрөө зарласан.  Тэр бүү хэл, одоо нэмж нэг тэрбум хүртэлх ам.долларын бонд босгож, өрөө нэмэх  гэж байгаа. Товчхондоо, МАН дээр дурдсанчлан болсон бүх процессыг л  Архангай аймагт хийсэн уулзалт дээрээ ярьсан гэдгийг Ж.Мөнхбат дарга тодотгосон. Энэ мэтээр хууль бус асуудлыг бид цаашид ч ярьсаар байх болно гэдгийг дуулгасан юм.   

“Оюутолгой, Тавантолгойн асуудлаар АН-ынхны дотоод зодоон туйлдаа хүрсэн учраас  олны анхаарлыг МАН-ын зүг хандуулах гэж байна”

Сүүлийн үед АН-ын рейтинг унасан төдийгүй МАН-ын нэр хүнд тогтмол өсч байгаа учраас  нийслэл, орон нутгийн иргэдтэй уулзахад “Хүн шиг амьдарч, улс шиг хөгжинө” гэдэг амлалтын үр дүнг  нэхэж байна.  Ингээд ард түмэн амлалтыг нэхээд шахаад эхлэхээр муу муухайг Ардын намд нялзаахаар улс төрийн явуургүй тогтлолт хийж байна гэлээ.  Түүнчлэн МАН-ын генсек АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатарт хандаж, нэг үг  дайсан. Үүнийг сийрүүлбэл, “Та улс төрийн хов жив ярихдаа гарамгай юм. Хэнтийгээс Улаанбаатар, Архангайн Чулуутаас Завхан хүртэлх замыг таны “Монроуд” компани барьж байгаа. Ард түмэн энэ замыг чинь там болсон гэж ярьж байна. Бондын мөнгөөр барьж байгаа энэ замаа гарамгай сайхан бариачээ” гэлээ. АН МАН-ыг ажил гацааж байна гээд байгаа. Гэтэл хаанаа ажил гацаад байгааг  Ж.Мөнхбат дарга тодорхой тайлбарласан. Тухайлбал, Үндсэн хууль, Тавантолгой,  Улс төрийн нам, Сонгуулийн хууль гэх мэт томоохон ажлын хэсгийг дандаа АН-ын гишүүд ахалж байгаа. Харин МАН эдгээр ажлын хэсгийн гуравны нэгийг бүрдүүлж байгаа юм байна. “АН манай намын засгаас хөөнө гэж байгаа нь улс төрийн тоглолт” гэлээ. Өөрөөр хэлбэл, Тавантолгой, Оюутолгойн асуудлаар АН-ынхны дотоод зодоон туйлдаа хүрчихсэн, дотроосоо бие биенээ хэмлэх гээд байгаа үед  олны анхаарлыг МАН-ын зүгт хандуулах гэсэн алхам гэсэн юм. Ингээд мэдээллийн төгсгөлд тэрбээр янцаглахыг нь би янцаглая, үүрэхийг нь чи үүр гэдэг хачин байлаа зогсоохыг АН-аас шаардсан. Төгсгөлд нь Ж.Мөнхбат дарга сэтгүүлчдийн сонирхсон асуултад хэрхэн хариулсныг хүргэе.

-Хамтарсан гэрээний асуудлыг эргэж харна гэдэг яриа  гарахтай зэрэгцээд МАН АН-д хөөгдөхөөсөө өмнө өөрсдөө түрүүлж засгаас гарах нь  гэх юм. Ийм асуудлыг танай намынхан ярьсан уу?

-Мэдээж нам гэдэг хувийн  компани биш учраас олон  хүмүүсийн итгэл, үнэшил, үнэт  зүйлсийн нэгдэл байдаг. Энэ ч утгаараа олон л үзэл бодол байгаа. Гэхдээ МАН-д нэг зарчим байдаг. Энэ нь асуудлыг нухацтай, олуулаа ярилцаж шийдэх. Харин  дараа нь гаргасан шийдвэртээ бат зогсч чаддаг.

-АН цаашид албан ёсоор танай намтай хамтрахгүй гэдэг асуудал яривал яаж хүлээх авах вэ?

-АН-ын зүгээс албан ёсоор бидэнд  мэдээлэл ирүүлээгүй байна.  Ямар нэгэн хүсэлт, санал ирүүлээгүй байхад байр суурь илэрхийлэх эрт байна. Гэхдээ хэрвээ албан ёсоор байр сууриа илэрхийлбэл дүрэм журмынхаа  дагуу Удирдах зөвлөлөөрөө шийдээд явна. Улс орноо бодсон учраас л МАН хамтарсан засагт орсон. Тийм учраас МАН хамтарсан Засгийн газарт байх энэ хугацааныхаа ачааг АН-тай хамт үүрнэ гэж байгаа. Харин өмнөх хоёр жил гаруйн хугацаанд баахан балласныг бид үүрэлцэхгүй гэдгийг анхнаасаа хэлсэн. Одоо ч хэлнэ.

-АН-ынхан хэлэхдээ Хамтарсны үр дүн албан тушаалын томилгооноос бусдад гарсангүй” гэсэн. Харин МАН  хамтын гэрээний биелэлтийг яаж дүгнэж байгаа вэ. Ер нь  хамтарсны гол зорилго нь эдийн засгийн хүндрэлийг давах байсан шүү дээ?

-Нэг зүйлийг энд тодруулж хэлэхэд, Б.Гарамгайбаатар дарга мэдээлэл хийхдээ албан тушаалын томилгоо л хэрэгжиж байна гэсэн. МАН АН-тай хамтрахдаа  байгуулсан гэрээн дээр зургаан сайд, долоон дэд сайдтай байна гэж заасан. Энэ бол олон заалтын нэг. Хоорондоо ойлголцож, тохиролцсоны дагуу л бид сайд нараа томилоод  явсан. АН ч гэсэн сайд нараа томилсон шүү дээ. Харин Сонгуулийн хууль, Тавантолгой, Оюутолгой, өрийн тааз, эдийн засгийн хямралыг давах гэх мэт  олон асуудлаар бид албан ёсоор дүгнэлт гаргана. АН дүгнэлтээ гаргасны дараа бид албан ёсоор илэрхийлэх болно. Өнөөдрийн байдлаар манай намын зүгээс хамтарсны үр дүн сайн, муу гэж дүгнээгүй байна. 

М.Өнөржаргал

1 сая төгрөгний бэлэгтэй урамшуулал эхэллээ
1 сая төгрөгний бэлэгтэй урамшуулал эхэллээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.