Дарханы зам хэзээ ашиглалтад орох нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 36 секунд
Дарханы зам хэзээ ашиглалтад орох нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна

Дарханы зам хэзээ ашиглалтад орох нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалт дөрөв дэх жилтэйгээ золгох гэж байна. Төлөвлөгөө ёсоор 2019 онд ашиглалтад орох байсан ч сунжирсаар 2022 он хүртэл хойшлоод байгаа юм. УИХ-ын чуулганы хуралдааны үеэрУИХ-ын гишүүн Г.Дамдинням Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтараас Дарханы авто замын талаар тодруулав. Тэрбээр “Дөрөвдүгээр сар гарлаа. Гэтэл Дарханы авто замын ажил явахгүй байна. Өнгөрсөн нэгдүгээр сард таван гишүүний бүрэлдэхүүнтэй Дарханы авто замын ажлыг эрчимжүүлэх ажлын хэсэг Зам, тээврийн хөгжлийн яаман дээр очиж, үүрэг чиглэл өгөхөд “УИХ-тай хамтарч ажиллахгүй. Бид ажлаа хийж байгаа” гэх албан бичиг явуулаад байсан. Уг тогтоолын төсөл батлагдахгүй бол Дарханы замын ажил явахгүй. Дарханы шинээр барих хоёр эгнээ замын санхүүжилтийг нэмж байгаа. Өнгөрсөн жил жагсаалтад байсан уг асуудлыг энэ жил оруулж ирж батлуулахдаа яагаад хассан юм. Өнгөрсөн жил Европын сэргээн босголтын банкны урсгалын санхүүжилт зогсоход хариуцсан яам нь төслийн нэгжээ байгуулаагүйгээс болж замын ажил сар хагас зогссон. Улмаар санхүүжилтгүй болж гацсан” гэсэн мэдээллийг өгөв. Ийнхүү Дарханы автозамын асуудал дахиад Л.Халтар сайдын хар толгойг чиглэж байна.

Өнгөрөгч нэгдүгээр сард Засгийн газраас Дарханы авто замыг 2023 онд дуусгах чиглэл өгсөн. Ингэхдээ, "Улаанбаатар-Дархан-Уул аймаг чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажлыг 2023 оны аравдугаар сараас хэтрүүлэхгүй дуусгах үүрэг, чиглэлийг Ерөнхий сайд холбогдох албан тушаалтнуудад өгсөн. Мөн Засгийн газрын гишүүдээс бүрдсэн шинэ ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар ахлахаар болсон билээ.

Тэгвэл Дарханы замын ажил хоёрдугаар сарын 1-нд эхлэх товтой байсан ч яамдын ам ажил зөрсөн үү, эсвэл санхүүжилтийн асуудал дээр гацсан уу ямартай ч Дарханы автозамын ажил одоог хүртэл эхлээгүй байна. Энэ талаар Зам тээврийн сайд Л.Халтар “Барилгын ажил хоёрдугаар сарын 1-нд эхлэх байсан ч эхлээгүй гэж Г.Дамдинням гишүүн хэллээ. Өөрөөр хэлбэл, өвлийн сар дуусаагүй хаврын сар эхлээгүй байхад барилгын ажил эхэлнэ гэж байхгүй. Бүтээн байгуулалтын ажил гуравдугаар сарын 15-наас эхэлнэ гэж хэлж байсан. Барилгын ажлыг зөвлөх компанитай ярьж байгаад хоёрдугаар сарын 10-нд эхлүүлсэн. Техникийн ажлууд хийж байна. Газар шорооны ажлыг долоо хоногийн өмнө эхлүүлсэн. Ажлын хэсгийнхэнд долоо хоног бүр мэдээ өгөх байсан ч барилгын ажил эхлээгүй байсан учраас ямар мэдээлэл өгөх вэ дээ. Барилгын ажил жигдрээд эхлэхээр мэдээлэл хүргүүлнэ. Г.Дамдинням гишүүнд хэлэхэд гүйцэтгэгч компани болон ажилчдыг сөрөг байдлаар ярихаар хүмүүсийн урам хугарч байна. Санхүүжүүлж байгаа банкны хувьд үл ойлголцол үүсч байна” гэдэг хариултыг өгөв.

НИЙТ 90.58 КМ АВТО ЗАМЫН БАРИЛГЫН АЖИЛ ХИЙГДЭЭГҮЙ БАЙНА

Эргэн сануулахад, Засгийн газраас 2018 онд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ бүхий хатуу хучилттай авто зам болгон өргөтгөн шинэчлэх шийдвэр гарсан билээ. Энэ дагуу одоо ашиглагдаж буй хоёр эгнээ хуучин авто замыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр өргөтгөн шинэчилж, Европын сэргээн босголт хөрөнгө, оруулалтын банкны санхүүжилтээр шинээр нэмж хоёр эгнээ авто зам барьж буй юм. Нийт 204.11 км авто замыг таван багц болгон хувааж, өөр өөр компаниуд тендерт шалгарсан. Одоогийн байдлаар 1, 3, 5 дугаар багцад эхний хоёр эгнээ зам тавих ажил дуусах шатандаа орсон бол 2, 4 дүгээр багц хэсгийн гүйцэтгэгчид хүсэлт гаргасны дагуу гүйцэтгэлийн гэрээг цуцалснаар нийт 90.58 км авто замын барилгын ажил хийгдээгүй юм. Дашрамд дурдахад, уг төсөлд Үндэсний аудитын газраас өнгөрөгч оны сүүлийн дөрвөн сарын турш хяналт, шалгалт хийж, дүгнэлтээ гаргажээ.

Уг дүгнэлтэд замын чанар, стандарт тааруу байсантай холбоотой анхаарал татахуйц дүгнэлтүүд гарсан бөгөөд тодруулбал хучилтын зузаан төлөвлөснөөсөө нэг см-ээр багассан, санхүүжилтийн 20.6 сая ам.долларыг юунд зарцуулах нь тодорхойгүй, богино хугацаанд чанаргүй ажил гүйцэтгэсэн зэрэг ноцтой зөрчлүүд илэрсэн байна.

Энэ бүхнээс харахад дуусдаггүй Дарханы зам хэзээ ашиглалтад орж, ард иргэдийн санаа амарч, ажил амьдрал жигдрэх вэ, хэн үүнд хариулт өгөх вэ гэдэг нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй хэвээр.

Мери Кейт Н.Саркозийн дүүтэй гэрлэв
Мери Кейт Н.Саркозийн дүүтэй гэрлэв
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.