Дэлхийн улс орнууд цөмийн эрчим хүчийг чухалчилж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
8 минут 43 секунд
Дэлхийн улс орнууд цөмийн эрчим хүчийг чухалчилж байна

Дэлхийн улс орнууд цөмийн эрчим хүчийг чухалчилж байна



 

Хэнри Бэкюрэл Парис дахь лабораторидаа нэг боодол ураны давсыг шургуулган дээрх фото зургийн цаасан дээр санамсаргүйгээр тавиад үлдээчихэж л дээ. Энэ бол 1896 онд болсон явдал. Дараахан нь өнөөхөө хартал давс тавьсан хэсэг дээр хальсыг яг л гэрэлд цохиулчихсан юм шиг дүрс үлдчихсэн байж. Тэгээд яагаад ийм болов гэдгийг шалгаж тодруулах үүргийг Польшоос цагаачилж ирсэн доктoрант  Мари Кюрид өгчээ. Шинжлэх ухаанд өөрийн гэсэн тод мөртэй, Нобелийн шагналт эхнэр, нөхөр хоёр гэдгээрээ хүн төрөлхтний түүхэнд бичигдэж үлдсэн Мари Кюри, Пьер Кюри нар зарим төрлийн чулуулаг жингээ алдахгүй хэрнээ ер бусын цацрагийг тогтвортойгоор ялгаруулдагийг тогтоосон нь ийм санамсаргүй тохиолдоос эхлэлтэй. Энэ явдлаас хойш арван жилийн дараа агуу Эйнштейн өнөө чулуулаг массаа эрчим хүч болгон ялгаруулж байгаа гэсэн тайлбар хийсэн байдаг. Мари Кюри энэ үзэгдлийг цацраг идэвх гэж нэрлэсэн юм. Тэд судалгааныхаа явцад хоёр шинэ элемент нээж, нэгийг нь полони, нөгөөг нь ради гэж нэрлэжээ. Цөмийн эрчим хүчний түүхийн эхлэл нь гэвэл энэ.

Хүн төрөлхтнийн мөнхийн хэрэглээ бол эрчим хүч. Дулаан тохитой амьдрах, хоол тэжээлээ бэлдэх, машин унах, гар утас, нөүтбүкээ цэнэглэх гээд хөгжиж дэвших алхам бүрд л эрчим хүч хэрэг болдог. Жилээс жилд өсч байгаа хүн төрөлхтөнд цаг хугацаа өнгөрөх бүр эрчим хүч илүү их хэмжээгээр хэрэг болж байгаа. Дэлхийн хүн ам 2050 онд есөн тэрбум давна гэсэн тооцоо бий. Тэгвэл өнөөдрөөс бараг хоёр дахин илүү хэмжээний эрчим хүч хүн төрөлхтөнд хэрэг болно гэсэн үг. Мэдээж дэлхийд эрчим хүчний олон эх үүсвэр бий. Байгалийн хий, нүүрс, газрын тос, салхи, нар, ус, цөмийн гээд дурдвал өчнөөн л дөө. Эдгээр эх үүсвэрүүдээс эрчим хүч гаргаж авахын тулд шууд шатааж хэрэглэдэг учраас хэрэглээ нь ихсэх тусам хэмжээ нь багасахаас гадна агаар мандалд их хэмжээний нүүрсхүчлийн хий ялгаруулдаг. Сэргээгдэх эрчим хүчний хувьд нөөц нь хэзээ ч шавхагдашгүй гэдэг ч жигд ажиллаж, эрчим хүч байнга ялгаруулдаггүй гэсэн дутагдалтай тал бий. Бас жил ирэх бүр асуудал болж буй дэлхийн дулаарлаас үүдэж гол, горхи, нуурын ус ширгэж эхэлсэн гэх асуудал бий.

Хүн төрөлхтөн одоогоор эрчим хүчний бүх төрлийг хэрэглэдэг. “2014 оны Дэлхийн эрчим хүч Би Пи статистикийн тайлан”-днэгтгэснээр 2013 оны дэлхийн эрчим хүчний хэрэглээг хувьчилж гаргасан байна. Эрчим хүчний нийт хэрэглээний 33 хувийг газрын тос, 30 хувийг нүүрс, 24 хувийг байгалийн хий, 10 хувийг био эрчим хүч, 4 хувийг цөмийн эрчим хүч, 7 хувийг усан цахилгаан станц, 1 хувийг салхи, 1 хувийг газрын халуун болон биомасснаас гарган авч буй эрчим хүч, 1 хүрэхгүй хувийг нар, биотүлш эзэлж байна.

 

Сая дурдсан эх үүсвэрүүдэд ямар сул тал байгааг өмнө онцолсон. Харин одоо цөмийн эрчим хүчинд тэдэнд байхгүй ямар давуу талууд байгааг сонирхъё. Нүүрс шиг утаа гаргаж агаар бохирдуулахгүй, тэр хэрээрээ дэлхийн дулаарлын гол шалтгаан болж буй хүлэмжийн хий ялгарлыг нэмэгдүүлэхгүй, бага зардлаар тогтвортойгоор эрчим хүч гаргах боломжтой зэрэг олон давуу тал цөмийн эрчим хүчинд бий. Хүлэмжийн хий ялгарсанаас болж дэлхийн дулаарал нэмэгдэж байгаа. Сүүлийн 100 жилийн турш дэлхийн дундаж температур 0.6 хэмээр өссөн гэх баримт бий. Хэрвээ хүн төрөлхтөн агаар мандалд яг одоогийнх шигээ хэмжээний хүлэмжийн хийг ялгаруулсаар байвал энэ зууны эцсээр агаарын температур 1.5-6 хэм хүртэл нэмэгдэж магадгүй гэсэн таамаг анхаарал татаж байна. Хэрвээ ямар нэг арга хэмжээ авахгүй бол энэ үр дагавар эмгэнэлтэйгээр төгсч болзошгүй гэсэн үг. Дэлхийн дулаарлаас үүдсэн сөрөг үр дагаврууд аль хэдийнэ гараад эхэлчихсэн. Зарим нэг нүүдлийн шувуу өвөлжихөөр өмнө зүгийг зорихоо болиод удаж байгаа. Халуун бүсийн загасны зарим нэг төрөл Европт үзэгдэх болсон гэх барим тавим мэдээлэл байна. За тэгээд мөсөн уул хайлснаар энэ зууны сүүл гэхэд далайн түвшин нэг метрээр нэмэгдэж,дэлхийн бөмбөрцгийн зарим нэг арал, хуурай газрыг усанд автуулахаас эхлээд олон эрсдэл хүн төрөлхтний өмнө тулаад ирчихсэн. Тэгэхээр яг одооноос нүүрсхүчлийн хийг багасгах ямар нэг арга хэмжээ авах хэрэгтэй болсон гэсэн үг. Мэдээж жил ирэх бүр нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээнээсээ татгалзах арга хүн төрөлхтөнд байхгүй. Ингээд бодохоорнүүрсхүчлийн хий бага ялгаруулдаг цахилгаан станц үйлдвэрлэх гарц л бидний өмнө байна.

Ингэхийн тулд сэргээгдэх эрчим хүч, цөмийн эрчим хүчийг л түлхүү ашиглах шаардлага гарч ирж байгаа юм. Хүн төрөлхтөн ч цөмийн эрчим хүч ашиглахыг илүүд үзэж эхэлснийг тодорхой баримттайгаар онцолъё.

Өндөр хөгжилтэй орнууд цөмийн эрчим хүчийг хямд эрчим хүч үйлдвэрлэдэг, ажиллагааны зардал багатай гэдгээр нь жил ирэх бүр л чухалчилж байна. Наад захын жишээ гэхэд л АНУ. АНУ 100 ширхэг цөмийн реактортой бөгөөд нэмж 5-ыгбарьжбайна. ОХУ 10-ыг барьж, 14-ийг барихаар төлөвлөснөө дэлхийд зарласан. БНСУ 5-ыг барьж, зургааг төлөвлөжбайна.БНХАУ, Энэтхэг, Англи, Канадч цөмийн эрчим хүчний реакторууд барьж байна. Хөгжиж буй орнууд ч цөмийн эрчим хүчийг сонирхож байгаа. Вьетнам гэхэд л 2020 онд ашиглалтад оруулах 4 атомын цахилгаан станцынхаа хоёрыг ОХУ-ын, үлдсэн хоёрыг нь Японы тусламжтайгаар барих ажилдаа оржээ. Арабын Нэгдсэн Эмират улс 1400 МВт чадалтай дөрвөн реактор бүхий цөмийн цахилгаан станц барьж, 2020 онд ашиглалтад оруулна гэж төлөвлөж байгаа. Тус улс 20.4 тэрбум долларын өртөгтэй гэрээг БНСУ-тай байгуулаад ажилдаа ороод байгаа юм. Иордан 2020 онд эрчим хүчний анхны реактороо ажилд оруулахаар бэлтгэл ажилдаа орсон. Тэнд дэд бүтэц байгуулах ажил өрнөж байна. Түрк 1200 МВт чадалтай цөмийн эрчим хүчний реактор барихаар ОХУ-тай яриа хэлэлцээ хийж байна. Гурван цөмийн реактортай Пакистан улс 2-ыг барьж, нэмж 2-ыг барихаар төлөвлөж байна. Казахстан Улс 300-1200 МВт-ын чадал бүхий цөмийн реакторуудтай атомын цахилгаан станц барихдаа ОХУ-тай хамтрахаар 2014 онд гэрээ байгуулаад байна. Цөмийн эрчим хүчийг ашиглахаар бэлтгэж, төлөвлөж эхэлсэн улс ч өчнөөн. Жишээ дурдвал Индонез, Египет, Бангладеш байна. Нефть, байгалийн хий, нүүрсний маш их нөөцтэй орнууд ч цөмийн эрчим хүчийг чухалчилж байгаа нь өртөг багатай, хүлэмжийн хий ялгаруулдаггүй цөмийн эрчим хүч бол хамгийн зөв хувилбар гэж хүлээн зөвшөөрснийх.

Эх сурвалж: Zaluu.com

АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ НЬ 2021 ОНЫГ “ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭГ ХӨГЖҮҮЛЭХ ЖИЛ БОЛГОН” ЗАРЛАЛАА
АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ НЬ 2021 ОНЫГ “ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭГ ХӨГЖҮҮЛЭХ ЖИЛ БОЛГОН” ЗАРЛАЛАА
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.