Иргэн таны “цэвэр” дуу хоолой байх нь миний туйлын зорилго
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
9 минут 20 секунд
Иргэн таны “цэвэр” дуу хоолой байх нь миний туйлын зорилго

Иргэн таны “цэвэр” дуу хоолой байх нь миний туйлын зорилго

kjiooio 

Сонгогч танаа…

            Сайн байна уу? Эрхэм хүндэт таны энэ өдрийн амгаланг айлтгая.

УИХ-ын сонгуулийн 59-р тойрогт Сүхбаатар дүүргийн 1-6-р хороо, Багануур дүүргийн 2,4-р хороо багтаж байгаа билээ.

Улаанбаатар хотынхоо уугуул дүүрэгт улс орныхоо төлөө мэдлэг боловсрол, сэтгэл зүрхээ зориулан, иргэн таны жинхэнэ төлөөлөл болон төрийн жолоо атгалцахаар зориг шулуудан УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшиж байгаадаа баяртай байна.

Сүхбаатар дүүргийн 1-6-р хороонд улс орны уураг тархи болж явсан ууган сэхээтнүүд, удам дамжсан удаах үеийн манлайлагчид, шинэ цагийн шилдэг залуус оршин суудаг билээ. Ардчиллын анхдагчид ч энэ л дүүрэг, хороодоос гаралтай. Гэвч бидний хүсэн хүлээсэн ардчилал нэр төдий үзэгдэл болж, жирийн иргэн биднээс нүүр буруулах боллоо. Сүүлийн жилүүдэд иргэн бид Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадалгүй, нам эвсэл бүлэглэлүүдийн төлөөлөлд алдсаар ирлээ. Бие даана гэдэг нь тойргийн ард иргэдийнхээ төлөөлөл байж, тэдний дуу хоолойг төрийн үйл ажиллагаанд оруулах хамгийн зөв шийдэл гэж би үздэг. 59-р тойргийн эрхэм сонгогч танд өөрийн мөрийн хөтөлбөрөө үндсэн 5 чухал, 9 эрхэм зүйлд багтаан танилцуулж байна.

5 чухал:

  1. Сэтгэлтэй, ёс зүйтэй цэвэр төр
  2. Хүн нийгмийн зэргэцээ хөгжил
  3. Макро эдийн засгий оновчтой байдал
  4. Засаглалд иргэдийн оролцоо, бизнесийн таатай орчин
  5. Байгаль орчин, тогтвортой хөгжлийг чухалжилж байна

9 эрхэмлэх зүйл:

  • Сэтгэлтэй, ёс зүйтэй цэвэр төрийг эрхэмлэнэ.
  • Таатай, тухтай, тайван амьдрах очныг эрхэмлэнэ.
  • Цэвэр тунгалаг, нээлттэй, сайн засаглалыг эрхэмлэнэ.
  • Тэгш боломж, шударга хуваарилалтыг эрхэмлэнэ.
  • Намын дарамт, талцал, хуваагдалгүй төрийн тогтолцоо, төрийн үйлчилгээг эрхэмлэнэ.
  • Бизнесын таатай орчныг эрхэмлэнэ.
  • Эрүүл Монгол хүн, эрүүл Монгол ирээдүйг эрхэмлэнэ.
  • Макро эдийн засгийн тогтвортой байдлыг эрхэмлэнэ.
  • Тогтвортой гэр бүл, хуримтлалтай өрхийг эрхэмлэнэ.

Миний мөрийн хөтөлбөрийн хамгийн чухал зүйл бол сэтгэлтэй, ёс зүйтэй цэвэр төрийн төлөө юм. Улс төрд орсон хүн хамгийн ёс зүйтэй байж бусдад үлгэр дуурайлал болох учиртай. Ёс зүйгүй, сэтгэл дутсан засаглал, иргэдийг хохироож, залхааж, үнэгүйдүүлж, дээр доорын ялгаа гаргадаг. Төрийн түшээд нь гадаадад эмчлүүлж түмэн олон нь хэдхэн эмнэлэгт чихэлдэж, эрүүлжих биш өвчлөөд гарах нь зөв ёс зүй биш ээ. Гадаадад боловсрол эзэмшсэнээ гайхуулж, гадны хуулийг хуулбарлаж, дотоодын боловсролоо дорд үзэж, гадуурхах нь зөв ёс зүй биш ээ. Бизнесийн том хүрээлэл төрд орж төрийн ажлыг бизнес болгож, хөрөнгө мөнгөө нууж хаах нь зөв ёс зүй биш ээ. Олон түмнийхээ итгэл сэтгэлийг дээдэлсэн, хүнээ сонсдог, хардаг, зовлон жаргалыг нь мэдэрдэг, тэднийхээ дунд нь байж, тэднийхээ эрх ашгийн төлөө ажиллах нь зөв ёс зүй юм.

            Та тойрогтоо яг ямар ажил хийж чадах вэ гэж иргэд сонгогчид асуух нь олонтой. Төрийн түшээ хүн аливаа асуудлыг томоор харж, улсын хэмжээнд бодлого боловсруулах учиртай. Гэвч өөрийн сонгогдсон тойргийнхоо өмнө тулгамдаж байгаа олон асуудлыг цаг алдалгүй түргэн шуурхай шийдвэрлэх талаар идэвхи санаачлагатай ажиллах нь зүйн хэрэг. Тухайлбал СБД-ийн иргэдийн нийтлэг эрх ашгийг хөндсөн газрын асуудал, өндөр настны халамж үйлчилгээ, ая тухтай амьдрах орчин хомсдож байгаа зэрэг шинэ шийдэл, шинэ арга барил шаардлагатай ажлууд анхаарал татдаг. СБД-ийн 1-6-р хороонд харьцангуй төлөвшсөн, нийгэмдээ тодорхой байр суурь эзэлсэн оюунлаг иргэд, айл өрх олон бий. Энэ ч үүднээс иргэдээс гарсан үнэтэй санал санаачлагуудад тулгуурлан асуудал бүрт нухацтай хандан хамтран шийдвэрлэж байх нь чухал санагдана. Төр, ард иргэдийн амин холбоо гэж үүнийг л хэлдэг. Иргэд ч бас үүнийг л хүсэн хүлээж байгаа гэдэгт би итгэдэг.

            Мөн Багануур дүүрэг бол уурхайчид зонхилсон, малчин айл өрх олонтой өөрийн гэсэн онцлогтой газар. Нийт ард иргэдийн өрхийн орлого тааруухан, жижиг дунд үйлдвэрлэл муу хөгжсөн, нийгмийн халамж үйлчилгээнд төдийлөн хамрагдаж чаддаггүй зэрэг шийдэх ёстой олон асуудлууд байдаг билээ.

            Бие даан нэр дэвшигч миний мөрийн хөтөлбөрийн амин сүнс бол хүн нийгмийн зэрэгцээ хөгжил юм. Нийгмийн хөгжил хүний хөгжлөөс шууд хамааралтай байдаг. Өнгөрсөн жилүүдэд зөвхөн эдийн засгийн том эргэлтээ харсан, уул уурхайд түшиглэсэн нийгмийн бодлого хэрэгжиснээр хүний хөгжил, хүнээ дээдэлсэн бодлого орхигдон алсарч, Монгол хүний үнэ цэнэ, нэр төр мананд бүрхэгдэн хөсөр орхигджээ.

Бие даагчийн хувьд иргэн таны санал бодол, захиас даалгавар хамгаас чухал, хамгийн үнэ цэнэтэй байж төрийн бодлогод заавал тусган хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр болох учиртай. Би эдийн засагч хүний хувьд, иргэний нийгмийн байгууллагад олон жил ажиллаж иргэдийн дуу хоолой болж явсны хувьд ужигран өвчилсөн эдийн засаг, улс төрийн дампуурлыг эдгээх арга зам байгааг олж харсан юм. Үүнд Багануурын иргэдийн өрхийн орлого, амьжиргааны түвшинг дээшлүүлэх чиглэлээр жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бага хүүтэй урт хугацааны зээлийн бодлого, цэцэрлэг, бага дунд сургуулийн хүртээмжийг сайжруулах, иргэдийн боловсрол, бизнесийн шинэ санаа, санаачилгаа бусадтайгаа хуваалцаж байдаг “Бизнес мэдээллийн төв”-үүдийг олноор бий болгох, малчин өрхүүд, өрх толгойлсон эмэгтэйчүүдийн нийгмийн халамжид онцгой анхаарч ажиллах болно.

Түүнчлэн иргэдийн улс төрийн эрхийг нэмэгдүүлэх, засаглалд иргэдийн оролцоог сайжруулна хэмээн мөрийн хөтөлбөртөө оруулсан. Миний хувьд ямар нэгэн нам эвсэл, эдийн засгийн бүлэглэлд хамаарагддаггүй учир иргэн таны санал бодол, хүсэл тэмүүлэл, санаачилга бүр бие даагч надаар дамжин төрийн бодлогод шууд тусгагдах болно. Энэ ч үүднээс иргэн таны төрийн жолоо атгалцах эрх дөрвөн жилд ганцхан удаа биш дөрвөн жилийн туршид хангагдаж байх юм.

Өнгөрсөн УИХ-д бие даагчид цөөхөн байсан хэдий ч тэд ард түмэнд мэдэгдэлгүй намын тохиролцоо, нууц хуувилдаанаар шийдэгдэх байсан олон асуудлуудыг ил гарган тавьж иргэдийг мэдээллээр хангаж байсныг та бүхэн санаж байгаа биз ээ. Энэ удаагийн сонгуульд бие даагчид олноор оролцож байгаа нь ч иргэдийн төлөөлөл төрд хэрхэн дутагдаж байсны илрэл билээ. Иргэн та бие даагчдыг аль болох олноор сонговол намын талцал хуваагдалд эмтэрсэн, улс төрийн хуйвалдаанд төөрсөн, эдийн засгийн бүлэглэлүүдэд нухлагдсан, иргэдээ хөсөр орхин алга болсон төрөө аварч үлдэх ганц боломж юм.

МАНАН-ийн хүчирхэг бүлэглэлийг устгахад, иргэдэд хаалттай төрийн төмөр хөшгийг нээж гэрэл гэгээ оруулахад, иргэдээ хардаг нүдтэй, сонсдог чихтэй төрийг бий болгоход бие даагчид чухал үүрэгтэй хэмээн би үздэг.

Дүр эсгэсэн ардчилал, намын утсан хүүхэлдэйнүүдээс ангижрах боломж та бидэнд байна. Хүнийхээ төлөө төрийн бодлого, иргэнээ дээдэлсэн нийгмийн тогтолцоог бид хүсч байна. Тийм ч учраас,

                        Хяналттай төсөв

                        Хариуцлагатай улс төр

                        Соёлтой нийгмийн төлөө эгэл жирийн бүсгүй би эрс шийдвэртэй алхам хийхээр улс төрийн босго даван нэрээ дэвшүүллээ.

Иргэн таны “цэвэр” дуу хоолой байх нь миний туйлын зорилго билээ.

Түмэн олны минь сонголт мэргэн байх болтугай.

Хүндэтгэсэн: УИХ-ын сонгуулийн 59-р тойрогт бие даан нэр дэвшигч                           Баатаржавын МӨНХСОЁЛ

Эх сурвалж: УИХ-ын сонгуулийн 59-р тойрогт бие даан нэр дэвшигч Б.Мөнхсоёлын штаб, Сонгуулийн тараах материалаас эш авлаа.

Халз барилдааны шагийн тасалбар 50 мянгад хүрчээ
Халз барилдааны шагийн тасалбар 50 мянгад хүрчээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.