Д.Оюунхорол цомхотголыг улс төрийн зорилготой хийснээ хүлээн зөвшөөрчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
8 минут 31 секунд
Д.Оюунхорол цомхотголыг улс төрийн зорилготой хийснээ хүлээн зөвшөөрчээ

Д.Оюунхорол цомхотголыг улс төрийн зорилготой хийснээ хүлээн зөвшөөрчээ

 

oyunhorol63484160020150406235524tsag.mn сайт төрийн албаныхнаа халаа сэлгээ, үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөх асуудлаар цуврал материал хүргэж байгаа билээ. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол салбартаа хийсэн халаа, сэлгээ маш их хэл ам дагуулж буй. Тиймээс энэ удаад  БОНХАЖЯ-ны хууль бусаар халагдсан гэх иргэдийн асуудлыг хөндөж байна.
Бүтцийн өөрчлөлт нэрээр цомхотгол хийсэн боловч 17 хүнийг халах сайдын хоёрдугаар сарын 27-нд гарсан тушаалд үндэслэл байхгүй гэнэ. Гэхдээ энэхүү 17 хүнээс 12 нь Захиргааны хэргийн шүүхэд хандаад байгаа бол үлдсэн хүмүүсийн заримыг албан тушаал бууруулж, ахлах мэргэжилтэн болгож өөр ажилд томилсон байна. Тэд бол усны сав газрын дарга нар. Улсын хэмжээнд усны сав газрын 29 захиргаа үйл ажиллагаа явуулж, өнгөрсөн жил гэхэд улсын төсөвт 33 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Харин өдгөө  усны сав газрууд хөл толгой нь олдохгүй бужигнаж байна.

 

Усны сав газрын 17 даргыг БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролын тушаалаар халсантай холбоотойгоор тэднээс байр суурийг нь тодрууллаа.  

 

М.Батцогт (Шишхэд голын сав газрын дарга асан): Д.Оюунхорол сайд улс төр хийснээ хүлээн зөвшөөрсөн
-2015 оны төсөвт хэмнэлт гаргахын тулд эхлээд төрийн албан хаагчдын 15 хувийг цомхтгож, хэмнэлт хий гэсэн. Тэгээд шинэ оны ажлын эхний өдөр ирээд л бид 1-3 ажилтнаа цомхтгосон. Гэтэл одоо биднийг хууль бусаар халчихлаа. Тэгсэн хэрнээ “Танд зургаан сарын цалинтай чинь тэнцэх хэмжээний тэтгэлэг олгоно” гээд байгаа. Дээр нь миний оронд томилогдсон хүнд цалин өгнө. Энэ тэгээд хэмнэлт мөн гэж үү. Харин ч мөнгө нь багтаж ядаад ажлаа хийж байсан хүнийг үндэслэлгүйгээр халаад, тэтгэмж өгөөд, оронд нь тавьсан хүндээ цалин олгоод, бүр нэмж 2-3 хүний орон тоо нэмэх тухай яриад байгаа юм биш үү. Шинээр томилогдсон хүмүүсийг дахин сургана, мэргэшүүлнэ гэхээр эдийн засаг, цаг хугацааны хувьд асар их үргүй зардал гарах нь ойлгомжтой. Бид өөр, илүү зүйл суралцаад ажлаа үргэжлүүлэх зардлаар шинэ ажилчдыг эхнээс нь бэлтгэнэ гэдэг хэмнэлт мөн гэж үү. Үүнээс гадна намууд, сайд нар “Боломж олдсон дээр нь дарга болоод үзье” гэдэг шиг нам солигдоход л төрийн байгууллагын ажилтан, албан хаагчдыг цомхтгож, халдаг үзэгдэл газар авлаа. Одоогоор шүүхэд хандаагүй байна. Д.Оюунхорол сайдтай уулзсан. Намайг мэргэжилтэн бол гэсэн. Одоогоор ээлжийнхээ амралтаа авсан байдалтай байж байна. Өөртэй нь уулзахад “Хоёр намууд тэгж тохиролцсон. Намын хүн байршуулах гэрээтэй. Улс төр хийсэн. Боломжоороо өөр ажил олж өгнө” гэж хэлсэн.

 

Г.Төрмөнх (Идэр голын сав газрын дарга асан): Төрийн албыг улс төржүүлж байна
-Төрийн албыг хэтэрхий улстөржүүлж, албан тушаалыг намын нүдээр харсан томилгоо гэж үзэж байгаа. Учир нь бидний оронд түр орлон гүйцэтгэгчээр тавигдсан хүмүүсийн олонх нь тухайн орон нутгийн ИХТ, намын идэвхтэй гишүүд, дарга. Зөвхөн биднийг хууль бусаар халаад зогсохгүй мэргэжилтнүүдийг маань халж, солих ажил эхэллээ. Тиймээс бид Төрийн албаны зөвлөл, Захиргааны хэргийн шүүх зэрэг холбогдох байгууллагуудад гомдол гаргаж, ийм шалтгаанаар ажлаасаа халагдсан бусад салбарын төрийн албан хаагчидтай нэгдэж, асуудлыг хөндөнө.

 

Д.Рэгзэн (Онги голын сав газрын дарга асан): Урьдчилж огт сануулалгүй халсан
-Ажлаас чөлөөлөх бол урьдчилан сануулах тухай Хөдөлмөрийн тухай хуульд байдаг. Гэтэл энэ тухай өмнө нь нэг ч удаа сануулаагүй. Өмнөх өдрийнх нь үдээс хойш над руу БОНХАЖЯ-наас нэг эмэгтэй утсаар ярьж “Маргааш санхүүгийн тооллого хийх комисс очно. Бэлтгэ гэсэн” Тэгээд өглөө нь иртэл тооллого энэ тэр хийсэн юмгүй, шууд л ажлаас халсан тушаал уншиж, орны хүнийг томилсон.

 

Э.Пүрэвжав (Хараа голын сав газрын дарга асан): Мэргэжилтэн бол гэсэн саналыг нь хүлээж аваагүй

-Алт зэрэг газрын баялаг усаа дагаж, ус руу ойртох тусмаа нөөц нь нэмэгдэж байдаг өвөрмөц тогтоцтой. Алт болон бусад баялгийг авахын тулд холбогдох хориглосон хуулийг өөрчлүүлэх ажлаа хүмүүс маш амжилттай хийсэн. Одоо түүнийг хамгаалж буй сав газрын захиргаадын хуучин удирдлагуудыг өөрийн хүнээр солих ажиллагаа эхэлж байна. Эхлээд удирдлагуудыг нь, дараа нь мэргэжилтнүүдийг нь халж, шинээр хүмүүс томилж эхэллээ. Ингэж хэлэх үндэслэл нь алтыг ялган авах хамгийн чухал түүхий эд нь ус. Усыг харин тооцоолж, хориг тавих газар нь Сав газрын захиргаад. Иймээс л улс төр хийгээд ашиг сонирхлын үүднээс ийм халаа, сэлгээг хууль зөрчин байж хийж эхэллээ. Сайдтай уулзсан. Хүчээр мэргэжилтэн бол гэж тулгасан. Би болохоор мэргэжилтэн болохгүй гээд Захиргааны хэргийн шүүхдээ хандсан. Одоогоор надтай нийлээд зургаан хүн хандаад байна. Ажлаас халагдсаны тэтгэмж өгөөгүй. Улсын төсөвт батлагдаагүй, хаанаас авах нь тодорхойгүй байгаа. Сангийн яамнаас тодруулахаар тодотгол орж байж болно гэсэн. Манайхны хэний ч дансан ямар ч тэтгэмжийн мөнгө ороогүй.

 

 Б.Цэцгээ (Ерөө голын сав газрын дарга асан): Миний хувьд нэр төрөө сэргээмээр байна
-Гэнэт яамны мэргэжилтнүүд олон хүний өмнө шууд халагдах тушаал уншиж, миний оронд түр орлох хүнээ танилцуулж байгаа юм. Ажлаас халагдсан үндэслэл, шалтгаан тайлбарлаагүй. Үүний цаана хүний нэр хүнд явж байна. Гэнэт халагдахаар “Энэ яагаад халагдчихав, авлига авсан юм биш биз” гэх мэт хүмүүсийн хандлага мэдрэгдэж байна. Төр аль ч салбарт бодлого хэрэгжүүлэхдээ оновчтой, зөв, хууль ёсны дагуу хийх ёстой. Сав газрын захиргаадын хувьд энэ удаад тийм байж чадсангүй. Тиймээс бид нэр төрөө сэргээлгэнэ, асуудлыг хуулийн дагуу шийдүүлнэ.
Ц.Дамдинсүрэн (Таац голын сав газрын дарга асан): Банкны зээлтэй хүмүүсийг гэнэт халсан нь төрийн бодлогын өнөөгийн дүр төрх
-Намайг мөн 16.00 цагийн үед нэг хүн залгаад “Маргааш тооллого хийнэ” гэж ярьсан. Тэгээд л бусдын адил тушаал уншсан. Энэ зөв дэс дараатай, үндэслэлтэй зүйл байсан бол миний хувьд хүлээн зөвшөөрнө. Гэтэл урьдчилан сануулсан зүйлгүй, гэнэтийн байдлаар, хууль, дүрэм, журам огт мэдэхгүй хүнтэй харилцаж байгаа мэтээр салбарын яам нь ийм үйлдэл гаргасанд гомдолтой байна. Манай мэргэжилтнүүдийг эхнээс нь халсан тухай мэдээлэл сая ирсэн. Хүний амьдрал хойно банкны зээлтэй гэх мэт асуудалтай л байж таарна. Гэтэл гэнэт халагдсаны мөнгө олгоно гээд л мэргэшсэн ажлаас нь халчихаж байгаа нь төрийн бодлогын өнөөгийн дүр төрхийг харууллаа.

 

Эх сурвалж: www.24tsag.mn

ХАА-г дэмжих зээлийн хүүд Засгийн газраас 10.65%-ийн дэмжлэг үзүүлэхээр боллоо
ХАА-г дэмжих зээлийн хүүд Засгийн газраас 10.65%-ийн дэмжлэг үзүүлэхээр боллоо
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.