Дэд сайдын 500 саяын “дэнчин” ба Ц.Сандуйн талаарх иргэдийн үг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 54 секунд
Дэд сайдын 500 саяын “дэнчин” ба Ц.Сандуйн талаарх иргэдийн үг

Дэд сайдын 500 саяын “дэнчин” ба Ц.Сандуйн талаарх иргэдийн үг

Шийдлийн Засгийн газарт ажиллах дэд сайдуудыг энэ долоо хоногт багтаан шийдвэрлэх бололтой. Үүнтэй зэрэгцээд  парламентад суудалтай намуудын дотор нэлээд хөл хөдөлгөөн ихтэй болжээ. Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээс зарим мэдээллийн хэрэгслүүдээр “Дэд сайдын ханш 500 сая төгрөгт хүрлээ” гэх  “бор шувуухайнууд”  дуу дуугаа авалцан хашгирсан нь  бас ихээхэн анхаарал татаж байна. Энэ нь нэг талаар дэд сайдын суудал горилогчдын авлигын өгөө авааны хэмжээ ийм түвшинд  хүрснийг хэлж буй хэрэг болов уу. Нөгөөтэйгүүр, улс төрийн авлига  өнөөдөр  дэндүү ил задгай, увайгүй болсныг харуулж байгаагаас зайлахгүй. Мөн улс төрийн хожоо хайгчид зориуд ийм цуурхал дэгдээж  өрсөлдөгчдөө намнах бохир арга болгож байж ч мэдэх юм. Гэхдээ дэд сайдад яригдаж байгаа зарим нөхдийн хувийн байдлыг харахад энэхүү 500 сая төгрөгийн авлигын дэнчин үнэний ортой ч байж магадгүй ажээ.

Дэд сайдын сэнтийд Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуйн нэр их тод яригдаж байна. Энэ эрхэм урьд нь Нийслэлийн газрын албанд 15 жил гаруй ажилласан нэгэн. Авлигын төсөөллийн индексээр газрын албад хамгийн их авлигатай салбараар байнга тооцогдож байгаа.  Ц.Сандуйг Нийслэлийн газрын албаны даргаар ажиллаж байсан он жилүүдэд  цэцэрлэг, эмнэлэг, сургуулийн газрууд бараг бүхэлдээ  ил далд хууль бус арилжаанд өртсөн нь нууц биш. Энэ тухай баримт дэлгэх хүн өнөөдөр  олон байгаа. Иймээс шударга иргэдийн зүгээс түүнийг “газрын дээрэмчин” хэмээн цоллосоор байна.  Хоёр жил гаруйхны өмнө нэг нөхөр цахим хуудсандаа “Эрхэм Сандуй та СБД-ийн XI хороололын 2 дугаар байрны өмнөх алга дарам газарт 12 давхар байр бариулахаар "Лежаси" ХХК-д өгсөн газрын зөвшөөрлөө эргэн харж, цэвдэгтэй газар, ямар булхайтай зүйл хийж байгааг ирж үзээсэй гэж хүсч байна. Хэрэв Та ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол дараа дараагийн "дэвших, дэвшүүлэх үйл явц" чинь тийм их дардан байхгүй байх шүү. Энэ барилгын ажил эхэлж байгаатай холбогдуулан энэ орчмын хүмүүс маших бухимдалтай, ямар ч тэмцэл хийхэд бэлэн байгаа шүү. Газрын тухай хууль, барилгын тухай хуулийн олон зүйл заалтыг зөрчин байж олгосон энэ зөвшөөрлөө эргэн харж үзээч гэж Танаас дахин дахин хүсмээр байна. Аргагүй бухимдахын эрхээр "Газрын луйварчин" гэж таныг нэрлэсэндээ хүлцэл өчье. Таныг хүндэтгэсэн  2-р байрны оршин суугч” гэж бичсэн байлаа.

Ер нь Ц.Сандуйтай холбоотой энэ мэт гомдол зөндөө бий. Туул голыг хамгаалах үндэсний холбооны тэргүүнЦ.Туяацэцэг мөн нэгэн хачирхалтай баримт хэлж байсан юм. Тэрбээр, 2007 онд УИХ-ын гишүүн асан Э.Мөнх-Очир Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа дүүргийнхээ Гачуурт тосгон буюу 22 дугаархороонынутагт Туул голын эрэг дээр Солонгосчуудад Гольфын талбайн зориулалтаар хууль бус газар олгосон байсан. Нийтдээ 50 га газар өгсөн юм билээ.  Уг компани  нь  “Туул ривер контри сайд” гэдэг Солонгосын  100 хувийн хөрөнгө  оруулалттай компани байв. Бид энэхүү газрыг хууль бусаар  олгосон гэдгийг  нь бүх талаар нотолж  шүүхэд өгсөн.  АТГ, шүүхээс ч хууль бус гэдгийг тогтоосон юм. “Туул ривер контри сайд” компани нь Монголд ямар ч бүртгэлгүй компани байлаа. Ийм компанид газар олгоход тухайн үед Нийслэлийн газрын албаны даргаар Ц.Сандуй ажиллаж байсан юм” гэж байв.

Э.Бат-Үүл хотын захирагч болмогцоо газрын наймааг таслан зогсоох, хууль бусаар олгогдсон газруудыг журамлах талаар нэлээд ажил хийжээ. Үүний дүнд хотын хуучин удирдлагууд нь аль  л өнгөтэй өөдтэй 240 хэсэгт 240 удаагийн захирамж гаргаж, 2400 орчим га газар олгосон болон газрын төлбөрт авах ёстой  280 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлсэн юм. Эдгээр зөрчлийн гол эзэд нь Нийслэлийн Засаг дарга байсан Г.Мөнхбаяр, Ц.Батбаяр, НИТХ-ын дарга асан Т.Билэгт, Нийслэлийн газрын албаны дарга асан Ц.Сандуй нар байжээ.

Ц.Сандуй иймэрхүү үл бүтэх явдалд олонтоо нэр холбогдсон ч хуулийн ямар нэг хариуцлага хүлээгээгүй нь бас сонирхол татаж байна. Энэ нь намын хамгаалалтаас гадна хуулийнхныг аргалж өнгөрүүлсэн уран аргынх нь “ид шид” болов уу. Гэхдээ ёс зүйн хариуцлага гэж юм байх л ёстой. Харамсалтай нь ийм жудаг бас л алга болжээ. Тиймээс мань эр одоо дэд сайд болно гээд шуугиан тариад яваа бололтой.

Манай урд хөрш, Хятадын төрийн тэргүүн  авлигын эсрэг хүчтэй ажиллаж байгааг манайхан анхаарч, сургамж, туршлага болгож чадахгүй байна. Саяхан тус улсын КН-ын нөлөө бүхий удирдчдын нэг, Аюулаас хамгаалах байгууллагыг олон жил толгойлсон Чо Юнь Каныг авлигын хэргээр баривчлалаа. Түүний талаар намын ахмад гишүүд нь бодитой мэдээлэл бичиж өгсөн бөгөөд түүнийх нь мөрөөр шалгаад үзэхэд яалт ч үгүй авлигын ноцтой хэрэг өдүүлсэн нь тогтоогджээ. Чо Юнь Каны гэрээс цагдаагийнхан 14.5 тэрбум долларын эд хөрөнгө хураагдсан байна. Харин манайд авлигын болоод ашиг сохирхолын зөрчилд удаа дараа сэжиглэгдэж, иргэдийн буримдлыг төрүүлсээр  яваа Ц.Сандуй мэтийн нөхдийн толгойг илээд л...Нөгөөдүүл нь бүр сүүлдээ дэд сайд майд болно гээд  тонгочиж яваа сурагтай.  

Б.Отгонбаяр

Эх сурвалж: Түмэн.мн

Хэргээс бултахыг оролдсон Б.Бямбаад 5 жил 6 сар хорих ял оноов
Хэргээс бултахыг оролдсон Б.Бямбаад 5 жил 6 сар хорих ял оноов
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.