БОНХАЖЯ-ны “Цэвэр орчин аян”-ы хүрээнд сэтгүүлчдийн дунд зарласан уралдааны шилдгүүд тодорч, шилдэг бүтээлийн эздийн шагналыг БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа нар өнөөдөр гардууллаа. Уралдаанд хот, хөдөөгийн сонин, вэб сайтын 17 сэтгүүлчийн 100 орчим бүтээл ирснийг салбарын мэргэжлийн багш нар, сэтгүүлчдээс бүрдсэн хөндлөнгийн шүүгчдээр шүүлгэж, дүнг гаргав. Уралдаанд телевиз, радиогийн бүтээл ирсэнгүй. Мөн шүүгчдийн шалгуураар нэгдүгээр байр эзлэх бүтээл байгаагүй бөгөөд хоёрдугаар байрт хоёр, гуравдугаар байрт гурав, тусгай байранд гурван сэтгүүлчийг тус тус шалгарууллаа. Шүүгчид уралдааныг дүгнэх шалгуур гаргаж, тухайн шалгуур тус бүрээр оноо өгч дүгнэжээ.
Ингээд онооны нийлбэрээр хоёрдугаар байрт “Монголын мэдээ” сонины сэтгүүлч Б.Өнөртогтох “Хөгжингүй орнууд хогоор мөнгө үйлдвэрлэж байна, харин манайд” зэрэг цуврал нийтлэлээрээ, www.24tsag.mn вэб сайтын сэтгүүлч Д.Идэржаргал “Менежмэнт үгүйлэгдэж байна: холивол хог, ялгавал мөнгө” зэрэг нийтлэлээрээ тус тус шалгарав. Гуравдугаар байрт хог хаягдлын асуудлаар зай талбайгаа харамгүй зориулж оролцсон “Улс төрийн тойм” сонины С.Туул, Т.Ундрал нар болон “Өнөөдөр” сонины Г.Нямдулам нар шалгарав. Тэд “Зоосны хоёр тал шиг гудамж буюу хотын иргэдийн соёл”, “Хог боловсруулах зөв менежмент үгүйлэгдэж байна”, “Улаанбаатар хотоос өдөрт 3500 тонн хаягдал гардаг”, “Хаягдлаар баялаг бүтээгчид” зэрэг цуврал нийтлэл, сурвалжлага бичсэн байна.
Харин тусгай байрт www.mnews.mn вэб сайтын сэтгүүлч Г.Батзориг “Хогонд дарлуулсан эрүүл мэнд” зэрэг нийтлэлээрээ, www.olloo.mn сайтын сэтгүүлч Б.Сансартуяа “10 жилийн дотор хогноосоо салж, Азийн цагаан дагина нэрээ эргүүлэн авья”, “Өглөөний сонин”-ы сэтгүүлч Ц.Баттуяа “20 дугаар байрны Балбар хогондоо” бүтээлээрээ тус тус шалгарав. Орон нутгийн сэтгүүлчдийн бүтээлээс Ховд аймгийн www.hovd.gov.mn вэб сайтад бүтээлээ нийтлүүлсэн сэтгүүлч Б.Баярмаа гуравдугаар байрын шагналын эзэн боллоо. Орон нутгийн сэтгүүлчдийн бүтээлүүд бусад байр эзлэх шалгуур хангасангүй. БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг , хог хаяхгүй байх олон нийтийн сэтгэхүйг төлөвшүүлэхэд хэвлэл мэдээллийнхний оролцоо чухал гэдэг талаасаа аян өрнүүлж, сэтгүүлчдийн дунд уралдаан зарлаж, шалгаруулсан нь зөв зүйтэй ажил болжээ гэв. Тиймээс энэ сэдвээр нэг удаа бичээд орхих биш, цаашдаа мэргэшин ажиллахын чухлыг сэтгүүлчдэд уриаллаа. Уралдааны шилдэг бүтээлүүдийг БОНХАЖЯ-ны www.mne.mn вэб сайтад цувралаар байршуулах юм гэж БОНХАЖЯ-ны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.