НУУЦЫН НУУЦ
Монгол бол нууцын орон. Ингэж хэлэхийн учир нь өдгөө болтол Монголоос нэг ч хааны шарил олдоогүй. Нэн эртний түүхт Мисир орон удтал хадгалагдсан шарилаар алдаршсан атал түүнээс ч дутахгүй түүхтэй талын Монголд өдгөө болтол их хааны нэг ч шарил олдоогүй. Ертөнцийнхний оюун санааг эрхшээсэн гэгддэг Чөлөөт чулуучдын нийгэмлэг II Тутмос хаанаас хойших ертөнцийн бүхий л мэдлэг оюуныг нэгтгэн шинэ нийгмийг цогцлоох зорилготой байгуулагдсан гэгддэг. Тэд шарилын улбаанд үндэслэжээ, гэтэл Монгол бол шарил үл олдох нутаг. Энэ нутагт өөр домог амьдардаг.
Эртний Хүн гүрний Модун шаньюйн шарилаас эхлээд Сяньбийн Таньшихауй, Түрэгийн Буман хаан, Чингэс хааны угсааны 36 хаан, саяхны ердөө 101 жилийн өмнөх тусгаар тогтнолын бэлэг тэмдэг Богд Жавзандамба хутагт, тэр ч байтугай коммунист хувьсгалын бэлгэ тэмдэг болсон жанжин Сүхбаатарын шарил ч энэ тал нутгаас олдоогүй юм. Шарилууд хаачив?
1990 онд Монголд ардчилсан хувьсгал ялж, хаалттай нийгмийн бүрхүүл задармагц Монголд эхлүүлсэн хамгийн цар хүрээтэй судалгаа нь "Чингэс хааны шарилыг олох" зорилготой "Гурван гол" экспедицийнх байв. Тэр цагаас эхэлсэн цуурай өдгөө ч замхраагүйгээр барахгүй улам тодорсоор. Саяхан америкчууд Чингэс хааны шарилыг хаана оршоосныг "оллоо" гэж байгаа нь юу л бол. Өмнө нь Киданы үеийн Өглөгчийн хэрмийн булшийг ингэж андуурсан тохиолдол бий. Нөгөө талаар хойд, өмнөд хөршийнхөн ч хааны бунхныг нээсээр л байна. Гэвч олдох ёсгүйг илтгэсэн түүхийн бичлэг зузаарсаар. "Чингэс хааныг Алтайн арлаж, Хэнтий өвөрлөж нутаглуулав" гэснийг эш болгож Орос, Хятадын эрдэмтэд өөрийн Алтайгаас байн байн бунхан "олсоор". Гэвч Хэнтийн өвөр багцаагаар Мөнгөнморьтоос урагших хэсгийг Алтай гэдэг байсныг саяхан л тодруулж, цуу шуугиан намжиж байх шиг. Тэр ч байтугай алдарт Ноён уулын булшийг судалсан Оросын эрдэмтэд уг булшнаас Хүн гүрний Хүн үндэстний шарил олоогүйгээ зарлаж, Хүн гүрэнд үйлчилж байсан Хятадын түшмэдүүдийн булш гэж үзжээ. Харин жинхэнэ эзэд нь хаана байна? Монголчууд "тэнгэрт" л гэж хэлдэг.
Хэрэв Чингэс хааны шарилыг олъё гэвэл ядаж цаг хугацааны хувьд хамгийн ойроор нь Лигдэн хааны шарилыг олоод мөшгөвөл болох мэт. Тэр ч байтугай Өгөдэйн угсааны сүүлийн хаан Галдан бошигтын шарилыг Энх-Амгалан хаан нэхээд авч чадаагүй. Данжила "Хааны шарилыг хайлуулсан, үнс нь энэ" гэж атга үнс л аваачсан байдаг.
Тулуйн угсааны сүүлийн хаан Лигдэний байтугай дөнгөж саяхны шашин төрийг хослуулан баригч Богд хааны шарил, тэр ч байтугай "Коммунист Монголын Ленин" гэгддэг Сүхбаатарын шарил ч газарт мөргүй, усанд чилмийгүй алга болжээ. Ердөө саяхан л Сүхбаатар жанжны шарилыг хөрсөнд шилжүүлэхээр болоход өөр хүний шарил гарч ирсэн гэдэг. Шарил хаачсан бэ? Монгол нууцын орон нь үнэн, харин хэн энэ нууцыг амилуулаад байна аа? Энэ л нууцын нууц бололтой. Монголын "түүхийн хаадын" шарил алга болсоор л. Энэ нууцыг тайлахын тулд одоо Х.Чойбалсан, Ю.Цэдэнбалын шарилыг нүд цавчилгүй манах хэрэг гарч байх шиг. Хэзээ нэгэн цагт тэр шарилууд ч алга болж магадгүй.
Энэ бол гайхалтай детектив санаа мэт боловч ийм нэгэн нууцын нууцыг мөрдөх хэрэг байна уу? Би бол мөрдмөөр л байдаг юм. Оросын эрдэмтэн Волков цөхөрсөндөө саяхан тун гайхалтай санаа гаргажээ. Ер нь ингэхэд Чингэсийн эзэнт гүрэн гэж байсан юм уу? Юу ч олдохгүй, археологиор батлагдахгүй байна шүү дээ? Бас ч сонин гаргалгаа шүү тийм ээ? Тэгээд ингэж асуумаар болж байгаа юм. Монголын сүүлийн хаан бүр алтан ургийн бус Жавзандамба хутагтын шарил олдохгүй байгаа нь Богд хаант Монгол Улс байгаагүй гэсэн үг үү? Түүний бүхий л үйл хэрэг яг үнэндээ оросуудын хараан дор л болсон шүү дээ? Харин "тэр" өөрөөр хэлбэл бодит бие нь хаачив?
Шарилаа нуулгах эрх? Энэ эрх Хүннүгийн үеэс эхэлж, Сүхбаатараар төгсөв үү? Эсвэл үргэлжлэх үү?
БОГД ХААНЫ ШАРИЛЫГ ХАЙСАН НЬ
Оныг нь тодорхой санахгүй ч 2002-2003 оны үест "нэг хүн" хэрэг болгож ирээд машиндаа дуудаж уулзсан билээ. Тэрээр Богд Жавзандамба хутагтын шарилыг хайж байгаагаа хэлээд мэдэх зүйл байна уу гэж асуусан юмдаг. Нэрийг нь мартсан ч саяхан интернэтээр хайлт хийгээд олсон нэрийг үзвэл Нямдаваа гэдэг хүн байж магадгүй байна. Яриан дунд шарил хайгч ганц нэг хүний нэр гарснаас санавал Гүнчин гэдэг нэр дурдагдаж байсан, бас л лавлаж үзвэл Гандан хийдийн "Бадам-Ёг" дацангийн лам Гүнчин-Иш гуай байж магадгүй байна. Бас олдсон нь"Гавж Диваасамбуу гуай ярихдаа: "Бид нар (Сэрээтэр ламыг хэлж байна) Богдыг орос хүний нэрээр оршуулсан тэр газарт очиж байсан. Гэхдээ тэр гэхийн тэмдэггүй л юм билээ" гэж ярьж байсан шүү" гэсэн байна.
Тухайн үед цуглуулсан мэдээллээр VIII Богдын занданшуулсан шарилын сураг 1940-өөд оны эхээс тасарчээ. Албан мэдээгээр Богд хаан 1924 оны 5 дугаар сарын 20-нд өвчнөөр таалал төгссөн. Онош нь Сүхбаатар жанжныхтай ойролцоо "хатгалгаагаар нас баржээ" Сүүлийн үед ил болж буй баримтаар төрийн эрхээс холдсон Хутагтыг ордны оточ нараар эмчлүүлэлгүй, орчин үеийн анагаах ухаанаар илааршуулахыг хэтэрхий их хичээснээс таалал төгссөн байна. Коммунизмын жилүүдэд "тэмбүүгээр үхсэн" гэх мэт онош ч амжилттай тархаж байсныг надаас дээших үеийнхэн бүгд мэднэ. "Сүхбаатар" кинонд жанжныг Богдын оточ амжилттай эмчилсэн тэр "сценар" яг үнэндээ Богд хаан дээр хэрэгжсэн байх.
1924 оны Үндсэн хуулийг батлахын өмнө хүрээний ба консулын бүлгэмийг үндэслэгч Ерөнхий сайд асан Д.Бодоо, МАН-ын дарга С.Данзан, Ерөнхий сайд асан Д.Чагдаржав, жанжин Д.Сүхбаатар бас Богд хаан нарын төрийн зүтгэлтнүүд үгүй болсон юм. Үүнээс жанжин Сүхбаатар ба Богд хааны шарил түүхийн нууцлаг нугачаанд орсон ба бусдыг нь хожмын түүхээс арчсан тул хөрстөд шингэжээ. Сүхбаатар жанжныг олны нүдэн дээр ёслон оршуулсан авч нас барсан шалтгааныг (хорлогдсон?) тодруулахаар хэдэнтээ хөнджээ. Эцэст нь нас барснаас нь хойш 70 жилийн хойно "хүний ёсоор" оршуулах болоход өөр хүний шарил гарчээ.
Харин хутагтын шарил бүр гайхалтай домог үлдээжээ. Одоохондоо шинжлэх ухаан батлаагүй тул "домог" л юм. Хутагтыг нас барсны хойно оршуулаагүй ба занданшуулан тахисан байна. Үндэсний Төв архиваас Л.Хантөгсийн олж түгээсэн баримт байна. Энэ нь "Хүрээний хамба номонхан Лувсанхаймчиг нарын бичиг. БНМАУ-ын Шүүх явдлын яамнаа өргөв. Мэдүүлэх учир. Эдүгээ Жавзандамба хутагтын шарилын сүм суваргыг эрхлэн үйлдүүлэхээр тусгай томилогдсон гүжир хамба Бумгарвуу нараас мэдүүлэн ирсэн нь "Өчүүхэн бид нар тушаасныг дагаж харьяат хутагтын шарилыг залах сүмийг үнэ хямд ба бололцохыг эрж Улаанбаатар хотын Баруун дамнуурчны мужаан иргэн Ван Шин Цэн хэмээх Мянган, Ву Хуа Гүн хэмээх Түмэнбаяр нарын хоёр пүүсэнд хоёр түм, таван мянган янчаан өгч үйлдүүлэхээр хэлэлцэн тогтсон зэрэг явдлыг Хятад, Монгол үсгийн гэрээ бичиг тодорхойлон байгуулж, мэдүүлэн хүргэхээр ирсний тулд, уул гэрээ бичиг хоёр хувийг бичиг дагалдуулан, БНМАУ-ын Шүүх явдлын яамнаа өргөн мэдүүлээд, гуйх нь толилон тогтоож, харилцан тэмдэглэх ажаамуу. Үүний тул өргөв. Монгол Ард Улсын 15 дугаар он (1925 он), таван сарын хорин зургаан. Хамбаномонхан хэмээжээ.
Энэ сүм нь хожим Гандан хийдийн номын сан болсон сүм гэнэ. 1938 онд хийдийг хааж, Оросын цэргийн хороо байрлахад хийдийг "цэвэрлэж" бурхан шүтээнийг гаргаж хаяхад хутагтын шарил ч хогонд оржээ. Тухайн үед Орос цэргүүд юу болохыг асуухад занданшуулсан шарил гэсэн тул ямар байдгийг үзэх гэж биеийг нь ороосон самбайг хайчилж үзэхэд шарил борц мэт, чийгтэй, хүрэн бор өнгөтэй байсан гэдэг. Энэ тухай дуулсан маршал Х.Чойбалсан цэргийн ангийн даргатай утсаар ярьж, Монголын түүхэнд хүндтэй хүний шарил тул тусгайлан хадгалахыг даалгажээ.
Үүний дараа хутагтын шарилыг оршуулах болсон байна. Ингэхдээ Валя нэрээр олны дунд элдэв шуугиангүй оршуулахаар шийджээ. "Валя" нь зарим хүмүүсийн санахаар Орос цэргийн хороон даргын, эсвэл Улаанбаатар дахь Оросын комендатын даргын нас барсан эхнэрийн нэр ажээ. Зарим хүн "Галя" ч гэдэг.
Хутагтын шарилыг Нарангийн энгэрт оршуулсан ба нураасан сүмийн, баганын ёроолыг хөрсөнд ялзрахаас сэргийлж хашсан 1,2 метр чулууг хөшөө болгож, нэр сийлсэн гэдэг. Харин хөшөөнд сийлсэн нэр нь Орос ёсоор овог ба эцгийн нэргүй ба Орос эмэгтэйн Валентина нэрийн богино дуудлага юм. "Галя" байлаа ч "Галина" л байхгүй юу. Оршуулгыг үзсэн хүмүүсийн ярихаар их олон хүн оролцсон нүсэр оршуулга болжээ. Монголчууд ингэж олноор оролцох болсон шалтгаан нь Орос эхнэрт талтайд бус харин хутагтын оршуулгад оролцсоных бололтой. Хутагтын шарилыг 1944 онд оршуулсан гэж ярьдаг нь үндэслэл муутай. 1938 онд хаасан Гандан хийдийн хурлыг 1944 дахин сэргээсэнтэй андуурсан хэрэг бололтой. Тэр жил АНУ-ын дэд Ерөнхийлөгч Монголд айлчилж, Гандан хийдийн хурал номтой танилцаад коммунистууд шажин шашин шүтэх эрх чөлөөг ард олондоо эдлүүлж байгаад итгэсэн байдаг.
Үүнээс хойш хутагтын шарилын талаархи яриа намжсан ба хожим Ардчилсан хувьсгалаас хойш шарилыг эрж хайж эхэлжээ. Дээрх ярианы дагуу хөшөөг олсон ч шарил олдоогүй байна. Монголчуудаар шарилыг ухуулсан ч байсангүй, тиймээс өөр шажинтнуудаар дөрвөн метр тойрогт тунельдэн ухсан ч бас л байсангүй. Харин ажигласнаар бол шарилын байсан газрыг метр гаруй ухсан тул хөрс нь зөөлөн байсан гэдэг.
Ингээд шарилын талаарх сураг ажиг тавьж, хүмүүсийн аман яриа цуглуулжээ. Эцэст нь хоёр хувилбарт тогтжээ. Нэг дэхь нь шавь нар нь шарилыг оршуулгын дараа нууцаар зөөж Шар хөвийн дөрөлж дээр хайлуулсан гэнэ. Нөгөө хувилбараар бол сайн цагийг хүргэхээр одоогийн "Өргөө" кинотеатрын орчим нуусан гэнэ. Гэхдээ булж нуусан байх учиргүй, учир нь хожим энэ орчмыг барилгажуулахад юу ч гараагүй билээ. "Өргөө" кино театраас уруудсан олны мэдэхээр "25 дугаар эмийн сан"-гийн гудамж нь уулын жалга юм. Одоо тэр орчимд "Хөгжил" хотхон, манайхны амьдардаг "Боловсрол" хотхон, өмнө нь хийд байгаад хожим "Петровис"-ын ШТС болсон газар бий. Учир шалтгаан, бэлгэдэлтэй сонгосон байж магадгүй тэмдэгт газар гэвэл яг энэ ШТС-ын өмнөхөн байрласан Шадар ван Чингүнжавын хөшөө босгосон газар л байж таарах гээд байна. Юм бүхэнд учир шалтгаан бий. Тусгаар тогнолын төлөө тэмцэгч сүүлчийн хүний хөшөө ба тусгаар тогтнолыг сэргээгчийн нууцлаг шарил? Ингээд миний мэдэх орос хэл дуусаж байна.
ЗАНДАНШУУЛАХ ТЕХНОЛОГИ
Монголд томоохон хутагт, хувилгаадыг занданшуулах технологи бас ч үгүй сүрхий хөгжсөн байжээ. Үүний нотолгоо нь өдгөө Нууцын сүмд буй Богдын багш Ёнзон хамба Балданчоймболын занданшуулсан шарил болой.
Зуу гаруй жилийн настай энэ занданшуулсан шарил Монгол технологиор бий болсон "муми" юм. Муми болгохдоо хүний бие дэх усыг гадагшлуулах нь чухал бололтой юм. Усыг гадагшлуулахдаа давсалдаг байжээ. Монголын хуурай сэрүүн уур амьсгалд давсыг ашиглах нь илүү үр дүнтэй ажээ. Мөн Түвдийн буюу ургамлын хандаар занданшуулах, Хятадын буюу мөнгөн усаар занданшуулах аргыг ч сонгон хэрэглэж байжээ. Ноён уулын булшнаас олдсон эд өлгийг удаан хадгалсан нөхцөл нь мөнгөн ус хэрэглэсэнд байсныг Оросын эрдэмтэд тогтоосон байна. Мөн шарилыг түргэн муудахаас сэргийлж үл исэлдүүлэгч буюу антиоксидантыг хэрэглэж байсан нь Монголд бол барагшуун байжээ. Давс, барагшууныг ашиглах нь Монгол-Түвд хосолмол арга бололтой.
Миний сонссоноор хүрээнд 5-7 занданшуулсан бурхан байсныг сүйтгэлийн үед устгасан бөгөөд өдгөө ямар ч учраар юм нэг үлдсэн байна. Сонссоноор бол бүр 1980-аад онд хүртэл нууцын сүмд МАХН-ын УТТ нууцаар цуглаж, нууцын ном хуруулдаг байсан гэлцэнэ.VIII Богдын шарил олдоогүй байна. Ганданд бас тавдугаар богдын, Дамбадаржаагийн хийдэд нэг занданшуулсан "амьд бурхан" байсан гэгдэнэ. 5-7 дахь нь аль хийдэд байсан нь тодорхой бус байна. Гэвч судлан сурвалжилбал Бурхан багшийн шүдийг "адууны шүд" хэмээн нууцалсантай адил олон арван нууцас ил гарах болов уу гэж бодно.
Хамбын овооны хэлмэгдэгсэд өөрсдийгөө илчилсний адил сайн цагийг хүлээсэн олон нууц илрэн гарах цаг ирж байж болзошгүй. Чухамдаа XX зууны эхээр Хүрээ Лхастай өрсөлдсөн шашны төв, эргэл мөргөлийн ариун газар, үлгэрлэвээс Мекка, Медин лугаа адил байсан агаад хутагтыг Европынхон "Амьд Будда" хэмээн нэрлэж, адал явдал хийгээд нууцыг хайгчид пиг чихээстэй байсан билээ. Өнөөгийн улаанбаатарчууд үүнийг санахгүй байх шиг. Санахгүй нь мэдэхгүй гэсэн үг биш буй за.
Zaluu.com