Нийслэлийн прокурорын газраас иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаачлагаараа оролцох оролцоог нэмэгдүүлэх, гэмт хэрэг, зөрчлийн улмаас төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг төлүүлэхэд анхаарч ажилладаг. Тухайлбал, 2020 оны эхний аравдугаар сарын байдлаар нийт 479 тэрбум 419 сая төгрөгийн хохирлыг гаргуулах асуудлыг шүүхээр шийдвэрлүүлжээ. Энэ талаар Нийслэлийн прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан ахлах прокурор Д.Цэцэгбадам “Салхитын мөнгөний ордыг төр өөрийн мэдэлд авсантай холбогдуулан Салхитын уурхайн агуулахад хадгалагдаж байгаа тоног төхөөрөмжийн өмчлөгчийг тогтоолгох иргэний шүүх хуралдаанд прокурор төрийг төлөөлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Шүүхээс прокурорын тайлбарын дагуу нийт 135 тэрбум төгрөгийн үнэ бүхий байгалийн баялаг, хөрөнгийг “Эрдэнэс Силвер ресурс” ХХК-нд олгож шийдвэрлэсэн байна. Мөн аж ахуйн нэгж байгууллагаас байгаль орчинд хор хохирол учруулсан хэд хэдэн хэрэг дээр прокурор нэхэмжлэл бичиж, шүүхээр шийдвэрлүүлсний дотор аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхдээ байгаль орчинд хохирол учруулсан 2 компаниас 486 сая, 1 иргэнээс 300 сая төгрөгийг гаргуулаад байна. Мөн иргэн Ж-ээс байгаль орчны нөхөн сэргээлтийн хохиролд 1,5 сая төгрөгийг гаргуулах, иргэн Б-ийн нэхэмжлэлтэй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад учирсан хохиролд 305 сая төгрөг гаргуулах зэрэг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор оролцож байна.
Төрийн байгууллага прокурорт хүсэлт гаргаснаар хохирлын асуудлаа шүүхээр шийдвэрлүүлэх боломж бүрддэг. Сангийн яам, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас Нийслэлийн прокурорын газарт ирүүлсэн хүсэлтийн дагуу татварын болон нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн өр төлбөртэй байгууллагуудын төлбөрийг гаргуулж, шийдвэрлүүлсэн. Дээрх байгууллагуудын хүсэлтийг үндэслэн Нийслэлийн прокурорын газраас иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нь оролцож нийт 142,5 сая төгрөгийн хохирлыг гаргуулсан. Тухайлбал дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийн өр болох 10,5 саяас 57,9 сая хүртлэх төгрөгийг нэр бүхий 5 компаниас тус тус гаргуулж, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, нийгмийн даатгалын санд оруулахаар шийдвэрлүүлсэн.
Сангийн яамны санхүүгийн хяналт, шалгалтаар илрүүлсэн төлбөр, зөрчлийн дагуу төрийн мөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулсан гэсэн үндэслэлээр зөрчлийг арилгуулахаар холбогдох байгууллагад ажил зохион байгуулах, хамтран ажиллах албан бичиг хүргүүлж, үүний үр дүнд нийт 64.4 сая төгрөгийг төлүүлж төрийн санд төвлөрүүлсэн байна. Мөн дутуу төлсөн татварт 2,0 тэрбум төгрөг, нөхөн татварт 406,9 сая төгрөгийг нэр бүхий хоёр аж ахуйн нэгжээс гаргуулахаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийн байгууллагын хүсэлтээр оролцож байна.
Мөн Төрийн банкны хүсэлтээр “Шинжиа Шинфа” ХХК-иас зээлийн гэрээний үүргийн дагуу 33 тэрбум төгрөгийг гаргуулах иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, улмаар гэмт хэргийн улмаас учирсан 20 тэрбум төгрөгийг төлүүлсэн. Одоо гэм хорын хохирлын асуудал дээр нь ажиллаж байна” гэв.