“Монголын эзэнт улсын түүх” цуврал 5 боть зохиолын тухай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 19 секунд
“Монголын эзэнт улсын түүх” цуврал 5 боть зохиолын тухай

“Монголын эзэнт улсын түүх” цуврал 5 боть зохиолын тухай

ХIII-XIV зуунд Чингис хаан болон түүнийг залгамжлагч их хаад Ази, Европыг дамнасан асар уудам нутгийг байлдан дагуулж Номхон далайгаас Персийн булан хүртэлх олон улс орныг эрхшээлдээ оруулсан дэлхийн эзэнт гүрнийг байгуулсан билээ.

Монголын эзэнт гүрэн нь дэлхийн хуурай газрын тэн хагасаас илүүг эрхшээлдээ оруулж 200 гаруй жил оршин тогтнохдоо өрнө, дорнын олон орны эдийн засаг, соёлын солилцооны нэгдэлд тулгуурласан хөгжлийн шинэ эринийг нээж өгсөн бөгөөд тэр нь хүн төрөлхтний түүхэнд дахин давтагдаагүй юм.

Энэ талаар дэлхийн олон оронд сурвалж, судалгааны зохиолууд тасралтгүй хэвлэгдсээр байгаа бөгөөд Монгол улсын түүхч эрдэмтэд энэ сэдвээр цөөнгүй бүтээлийг туурвисан билээ. 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан ШУА-ийн Түүхийн хүрээлэнгээс “Их Монгол улс”, “Монголын Юань улс”, “Монголын Алтан ордны улс”, “Монголын Цагадайн улс”, “Монголын Эл хаант улс” хэмээх таван дэвтэр бүтээлийг уншигч олонд өргөн барьсан билээ. Тэдгээр бүтээл хэвлэгдэн гарсан цагаас хойш Монголын эзэнт улсын түүхийн талаар олон тооны судалгааны зохиол бүтээл, сурвалжууд хэвлэгдэн гарсан юм. Тиймээс ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Монголын эзэнт гүрний салбарын судлаачид, бусад түүхчдийн сүүлийн 10 гаруй жилийн жилийн турш хийгдсэн судалгаанд түшиглэн Монголын эзэнт гүрний бүрэн түүх 5 боть зохиолыг нэмж засварлах буюу шинээр туурвисан юм.

“Монголын эзэнт улсын түүх” цувралын тэргүүн боть “Их Монгол улс” бүтээлийг академич Ж.Болдбаатар, доктор Ц.Цэрэндорж, доктор, профессор С.Цолмон, доктор А.Пунсаг, доктор Ц.Энхчимэг нар хамтран бичив. Тус бүтээлд Хүннүгээс эхтэй монгол төрийн уламжлалд тулгуурлан байгуулагдсан Монголын ханлигаас эхлээд, Чингис хаан, Өгэдэй, Гүюг, Мөнх хааны үеийг хүртэлх Монгол улсын түүхийг багтаасан агаад сүүлийн үеийн түүх, археологийн судалгааны ололтыг аль болох ашиглахыг оролдсоны дээр, бичгийн сурвалжийн мэдээг аль болох дэлгэр эш татаж, баталгаа нотолгоо болгохыг хичээсэн болно.

“Монголын эзэнт улсын түүх” цувралын II боть “Монголын Юань улс” зохиолд Юань улсад төрийн төвлөрсөн эрхийг чангатгасан нь улс төр төдтйгүй, эдийн засгийн хувьд олон төрлийн аж ахуйг зэрэгцүүлэн хөгжүүлсэн тухай зэрэг нийгэм, эдийн засгийн түүхийн талаар тодорхой саналуудыг дэвшүүлсэн байна.

“Монголын эзэнт улсын түүх” цувралын III боть “Монголын Алтан Ордны улс” зохиолыг доктор С.Цолмон туурвисан. Алтан Ордны улсын талаар сүүлийн үед гарсан судалгааны үр дүн, олдвор, баримт зэрэгт тулгуурлан шинэ баримт материалд тулгуурлан авч үзсэн юм.

“Монголын эзэнт улсын түүх” цувралын IV боть “Монголын Цагадайн улс” зохиолыг доктор Ц.Энхчимэг бичсэн бөгөөд Дундад Азийн бүс нутагт Монголын эзэнт гүрний зүгээс хэрэгжүүлсэн бодлого, мөн түүний нөлөө нь Цагадайн хант улсын нутаг дэвсгэрт хэрхэн хэрэгжсэн, бүс нутгийн түүхэнд монголчуудын гүйцэтгэсэн үүрэг зэргийг авч үзсэн байна.

“Монголын эзэнт улсын түүх” цувралын V боть “Монголын Ил хант улс” зохиолыг доктор Л.Ганбат, А.Энхбат нар хамтран бичсэн юм. Зохиолд Ил хаадын зүгээс Бага Ази, Ойрхи дорнодын бүс нутагт явуулсан улс төрийн бодлого, үйл ажиллагаа, монголчуудын бүс нутагт үзүүлсэн нөлөөлөл, Бага Азийн бүс нутаг очсон монгол овог аймгийн түүх, соёлын талаар авч үзжээ.

Л.Оюун-Эрдэнэ: Цаашид хатуу хөл хорио тогтоохгүй, шаардлагатай бол хэсэгчилсэн хязгаарлалт тавина
Л.Оюун-Эрдэнэ: Цаашид хатуу хөл хорио тогтоохгүй, шаардлагатай бол хэсэгчилсэн хязгаарлалт тавина
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.